ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
«Бүх үндэстэнд гэрчлэл» болдог хэвлэлийн тавиур
2023 ОНЫ 4-Р САРЫН 1
Дэлгэрүүлэх ажлын маань нэг багаж болсон хэвлэлийн тавиур хэмээх хараа булаам хэрэгслийг бид сүүлийн 10 гаруй жил ашиглаж байна. Ном хэвлэлийн тавиур маань дэлхий даяар аль хэдийн танил болжээ. Загвар хийцийн хувьд өвөрмөц содон, хэрэглэхэд хялбар. «Дугуйтай тавиур маань энгийн даруу загвартай мөртлөө харахад гоёмсог, авч явахад ч амар» гэж Польшид амьдардаг Асенатагийн хэлсэнтэй та санал нийлэх байх.
Энэ багажийнхаа үүх түүхийг та сонирхож байв уу?
Боловсронгуй болсоор...
2001 онд Удирдах Зөвлөлийн зөвшөөрснөөр Франц дахь итгэл нэгтнүүд маань нийтэд дэлгэрүүлэх янз бүрийн аргыг туршиж үзсэний нэг нь хэвлэлийн тавиур юм. Нэлээд хэдэн загварыг туршив. Жишээлбэл, ном хэвлэлээ авч яван сурталчлахын тулд гар тээш, хүнсний дугуйтай цүнхийг бага зэрэг өөрчилж үзжээ. Франц салбар эцэст нь нэг загварыг стандарт болгон сонгосон юм. Үүнийг дэлгэрүүлэгчид маань олон жил хэрэглэж байгаа билээ.
Франц дахь ах дүүс маань нийтэд дэлгэрүүлэх туршилтынхаа үр дүнд сэтгэл хангалуун байлаа. Ингээд 2011 онд Удирдах Зөвлөл АНУ-ын Нью-Йорк хотод хэвлэлийн тавиур болон ширээ ашиглан нийтэд дэлгэрүүлэх туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хэвлэлийн тавиур нь авч явахад авсаархан зэрэг олон давуу талтайг хөтөлбөрт хамрагдсан эхлэгч нар мэдсэн юм. Үүний зэрэгцээ тэд загвар хийцийг нь сайжруулах тал дээр олон сайхан санаа гаргаж байлаа. Өмнөх нь модоор хийгдсэн учраас шатаар дээш доош авч явахад хэцүү байв. Тиймээс загварыг нь сайжруулж хөнгөн хэрнээ салхинд хийсэж унахааргүй болгон өөрчилжээ. Мөн дугуйг нь арай томруулж, зөөлөвчтэй болгосноор бартаатай замаар ч төвөггүй явдаг болсон. Түүнээс гадна хэвлэл хадгалах зориулалттай жижиг хайрцгийг ард нь нэмж хийсэн.
Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2012 онд Удирдах Зөвлөл хэвлэлийн тавиурыг дэлхий даяар хэрэглэх шийдвэр гаргажээ. Улмаар хөнгөн хэр нь сайн чанарын материалаар эдэлгээ сайтай тавиурыг их хэмжээгээр үйлдвэрлэх компани олсон юм.
Жил ирэх тусам тавиур маань улам бүр сайжирч байгаа билээ. Жишээлбэл 2015 он гэхэд л бороо уснаас хамгаалах тунгалаг хулдаасан нүүр бүхий бүтээлэгтэй болсон. Гүржид амьдардаг Динад энэ нь их таалагдсан бөгөөд «Тавиур маань хэвлэл хамгаалах өөрийн гэсэн “цувтай” боллоо шүү дээ» гэж хэлжээ. 2017 онд зарим хэлээрх постерыг соронзтой болгов. Польшид амьдардаг Томаш: «Өмнөх постеруудыг ойр ойрхон солих гэж бөөн юм болдог байсан. Харин соронзтой болсон чинь ёстой амар байна» гэж хэлжээ. 2019 онд эдэлгээг нь уртасгах үүднээс материалыг нь сайжруулж, үйлдвэрлэлтийг улам боловсронгуй болгосон.
Хэвлэлийн тавиурын зардал
Нэг л компани хэвлэлийн тавиурыг маань үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрд илгээдэг. Тээврийн болоод бусад зардал орохгүйгээр нэг тавиурын өртөг одоогийн байдлаар 43 ам.доллар бөгөөд дэлхий дахины хурлуудад 420 мянга гаруй хэвлэлийн тавиур илгээгээд байна. Үүнд нийт 16 сая гаруй ам.доллар зарцуулжээ.
Хандивын мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд хэвлэлийн тавиурыг бөөнөөр захиалдаг. Мөн түүнчлэн хурлууд эвдэрсэн тавиураа шинээр солихын оронд эд ангийг нь захиалж өөрсдөө засаж сэлбэх боломжтой болсон.
Гэрчлэл болсон нь
Дэлгэрүүлэгчид маань дугуйтай тавиуртаа хайртай. Ганад амьдардаг Мартина: «Ихэнхдээ бид хүмүүс рүү очиж дэлгэрүүлдэг. Харин тавиуртай дэлгэрүүлэхийн нэг гоё юм нь хүмүүс өөрсдөө бидэн рүү ирдэг. Бүр хажуугаар зүгээр өнгөрч байгаа хүмүүст ч гэрчлэл болдог» гэж хэлжээ.
Африкийн нэг улсад нэгэн эрэгтэй өөрийнх нь хэлээр гарсан хэвлэлийг тавиур дээрээс аваад явжээ. Долоо хоногийн дараа эргэж ирээд «Би нөгөө хэвлэлүүдээ бүгдийг нь уншсан. Их чухал юм бичжээ. Тосгонд байдаг гэрийнхэндээ үзүүлнэ» гэж хэлэв. Тосгон нь тэндээс 500 километр зайтай ажээ. Хоёр сарын дараа тэрбээр: «Манай тосгоныхон тэр хэвлэлүүдийг уншаад үнэхээр баярласан. Тэд нар бас Еховагийн Гэрч болмоор байна гэсэн. Гэхдээ асуух юм байна. Жишээлбэл баптисм хүртэхэд усанд шумбах хэрэгтэй гэсэн биз дээ? Гэтэл манай тосгонд гол байдаггүй. Тэгэхээр бид нар энд ирж баптисм хүртэх хэрэгтэй гэсэн үг үү?» гэж асуужээ. Дэлгэрүүлэгчид маань тэр хүнийг өөрийнх нь хэлээр ярьдаг эхлэгчтэй уулзуулсан байна. Түүнээс хойш тэрбээр тогтмол хичээл хийдэг болсон гэнэ.
«Бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглах» ажилд хэвлэлийн тавиур үр дүнтэй байгааг харах үнэхээр сайхан (Матай 24:14). Тавиур үйлдвэрлэх зардал хаанаас гардаг вэ? Дэлхий дахины үйл хэрэгт зориулж та бүхний өргөсөн хандиваас. Олон хүн donate.jw.org сайтаар хандив өргөдөг. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархъя.