Skip to content

Гарчиг руу орох

Япон салбарын шинэчлэн засварлах (зүүн), Ангол салбарыг өргөтгөх (баруун) томоохон төсөл хэрэгжиж буй нь

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Барилгын төслүүд Хаант төрийн үйл хэрэгт ямар хамаатай вэ?

Барилгын төслүүд Хаант төрийн үйл хэрэгт ямар хамаатай вэ?

2023 ОНЫ 10-Р САРЫН 20

 Хаант төрийн үйл хэргийг явуулахад барилга байгууламж зайлшгүй шаардлагатай болдог. Удирдах Зөвлөл хандивыг ийм ажилд дуртайяа зарцуулдаг. Жишээ нь, 2023 оны үйлчлэлийн жилд л гэхэд Еховагийн Гэрчүүдийн байгууллага дэлхийн олон улсад цуглааны болон чуулганы танхим худалдан авах, барих, засаж янзлахад 500 сая гаруй ам.доллар зарцуулсан. Үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрд байгаа хурлууд цуглааны танхимынхаа урсгал засварт хандиваа зориулдаг.

 Дэлгэрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах гол үйл ажиллагаа салбарын барилга байгууламжид явагддаг тул түүнийг барих, засаж янзлах зардлаа хандивын мөнгөнөөс гаргадаг. Салбарт хийгддэг ажлыг энгийн болгосноор зарим зардлаа хэмнэж түүнийгээ цуглаан, чуулганы танхим барих, өөрчлөн засварлах зэрэг зардалд нэмэрлэх боломж бүрдсэн юм. Тэгсэн хэдий ч салбарын барилгыг нүүлгэн шилжүүлэх, шинэчлэн засварлахад хөрөнгө мөнгө шаардлагатай хэвээр байна. Салбарын барилгын ажил үнэхээр чухал уу? Салбарууд дэлгэрүүлэх ажлыг урагшлуулахад хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ? Энэ талаар одоо ярилцъя.

Шинэчлэн засварлах ажил

 Манай ихэнх салбарын барилгууд 30–40 жил болсон. Байгууллагын барилга төлөвлөлтийг хариуцдаг хэлтэст ажилладаг Николас: «Сайн арчилж тордсон барилга ч цагийн аясаар элэгдэж хуучирдаг. Тиймээс шинэчлэн засварласнаар эдэлгээ даах хугацаа нь хамаагүй уртасдаг» гэжээ.

 Байгууллагын хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр Бетелийн барилга байгууламжийг ч өөрчлөх хэрэг гарч байна. Ихэнх салбарын барилга баригдсанаасаа хойш дэлгэрүүлэгчдийн тоо мэдэгдэхүйц өсжээ. Тиймээс салбарт ажиллах сайн дурын ажилчид ихээхэн хэрэгтэй болж байна. Үүнтэй уялдан, салбарын барилга байгууламжуудыг томсгох шаардлага гарсан.

 Эцсийн өдрүүдийн төгсгөлийн энэ цаг үед амь насанд аюултай байгалийн гамшиг улам бүр ихсэж байна (Лук 21:11). Аюулгүй байдал чухал учраас барилга байгууламжаа шинэчлэн засаж, өргөтгөхдөө барилгын сүүлийн үеийн техник технологийг хэрэглэдэг болсон. Ийнхүү Бетелийн ажилчдын аюулгүй байдлыг хангадаг. Мөн байгалийн гамшгийн үед салбарын байрыг тусламжийн ажил зохион байгуулах гол газар болгох боломжтой. Түүнчлэн ах дүүстээ дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийхэд нь тус дэм болох юм.

«Еховагийн ивээл»

 2023 оны үйлчлэлийн жилд Удирдах Зөвлөлийн удирдлагаар 43 салбарт томоохон хэмжээний барилгын төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь дэлхий дахин дахь нийт салбарын бараг тэн хагаст нь тодорхой хэмжээний барилгын ажил хийгдсэн гэсэн үг юм. Энэ ажлын ач тусыг илтгэсэн жишээг дурдъя.

 Ангол: Ангол салбарын гишүүн Мэтт: «Хаггаи 2:7-д гардаг зөгнөл биелэхийг ёстой нүдээрээ үзсэн дээ. Аравхан жилийн дотор дэлгэрүүлэгчдийн тоо 60% хүртэл өссөн. Үүнийг дагаад Бетелд ажиллах хүний тоог гурав дахин ихэсгэх шаардлага гарсан юм. Гэвч тийм олон хүнийг хүлээж авахад салбарын байр жижигдээд байлаа. Тиймээс байсан хэдэн бетелчид маань ачаалал ихтэй болж илүү цагаар ажиллахаас өөр аргагүй болсон» гэжээ.

Тав тухтай шинэ оффис (баруун)

 Салбарын байрыг томсгох асуудлыг шийдүүлэхээр хүмүүсийг томилж, тэд ажилдаа оров. Юун түрүүнд барилгаа өргөтгөх нь хамгийн зөв бөгөөд асуудлаа түргэн шийдэх арга гэж тэд үзжээ. Гэвч дахин сайтар нягталж үзсэний үндсэнд өргөтгөл нь төдийлөн оновчтой шийдэл биш гэдгийг ойлгов. Харин хандивыг ухаалаг зарцуулахын тулд ойролцоо газар өөр барилга худалдан авч, өргөтгөн шинэчлэхээр шийджээ. Мэтт: «Барилга худалдаж аваад засаж янзалъя гэсэн санал салбарын хороонд орж ирэхэд, анхнаасаа Бетелийн зориулалтаар бариагүй барилга манай үйл ажиллагаанд тохирох болов уу гэж санаа зовж байлаа. Тэгэхдээ барилгын ажил дууссаны дараа хамгийн тохиромжтой шийдэл байсныг бид ойлгосон. Ехова ч энэ шийдвэрийг ивээсэн» гэж ярьжээ.

Угсарч буулгахад хялбар сууцууд. Дэлгэрүүлэх ажлын өсөлттэй уялдуулан илүү олон ажилчдыг хүлээн авах боломжтой боллоо.

 Ангол салбарын хэрэгцээ цаашид ч өсөх болно. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд шинэ барилга худалдан авахын хажуугаар угсарч буулгахад хялбар сууц Бетелд байрлуулж, орон сууц түрээсэлдэг болсон.

Эмэгтэйчүүд барилгын ажилд баяр хөөртэй оролцдог (Ангол салбар).

 Япон: Салбарын гол барилгууд бараг дөчөөд жилийн өмнө баригдсан бөгөөд ихэнхэд нь «их засвар» хийгдээгүй. Барилга байгууламжаа засаж тордох ажилд ихээхэн хүчин чармайлт гаргадаг байсан ч зориулалтын хугацаанаасаа хэтэрч цагийн аясаар хуучирсан. Тиймээс барилга байгууламжаа засаж өргөтгөх томоохон хэмжээний барилгын төсөл хэрэгжүүлж байна.

 Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бетелийн амьдрал ч өөрчлөгдсөн. 2015 он хүртэл бетелийнхний хоолыг төв гал тогоонд хийдэг байсан учраас тэдний амьдардаг өрөөний гал тогоо их жижигхэн байсан. Одоо бетелчид ихэвчлэн өөрсдөө хоолоо хийдэг болсон. Барилгаа шинэчлэн засварлахдаа өрөөнүүдийг бетелчдэд хоол хийхэд тохиромжтой, тохилог гал тогоотой болгож өөрчилсөн. Японы Бетелд үйлчилдэг Күмико: «Өрөөндөө ийм гоё гал тогоотой болоод өмнөхөөсөө тухтай болсон, бас Бетелд гарч байгаа өөрчлөлтүүдэд дасахад амар байна» гэж ярьжээ.

Бетелчдэд тав тух нэмсэн шинэ гал тогоо (баруун)

 Дэлхий дахинаа явагдаж буй үйл хэрэгт Япон салбар чухал үүрэг гүйцэтгэдэг (Матай 28:19, 20). Библийг бүтнээр нь хэвлэдэг хоёр салбар байдгийн нэг нь Япон салбар юм. Тэндхийн хэвлэх тасагт ажиллаж байгаа ах дүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс цаасны үртэс, тоос соруулах төхөөрөмж суурилуулсан нь төслийн нэг хэсэг байсан. Үүнийг худалдан авч суурилуулахад ойролцоогоор 1 сая ам.долларын өртөг гарах ч ахан дүүсийнхээ итгэлийг бэхжүүлэх ном хэвлэл, ялангуяа, Библиэр нь таслахгүй байхад зайлшгүй шаардлагатай байлаа.

Хэвлэх үйлдвэрийн ажилчдын аюулгүй байдлыг хангасан цаасны үртэс, тоос сорох төхөөрөмж

 Барилгын ажлын үеэр Библийг зогсолтгүй хэвлэх нь нэн тэргүүний асуудал болоод байв. Япон салбарын хорооны гишүүн Трэй: «Библи маш олон хэлээр орчуулагдаж байгаа. Энэ хэрэгцээ шаардлагын улмаас бид барилгын ажлын үеэр ч Библи хэвлэх ажлаа зогсоогоогүй. Маш олон хүний, янз бүрийн хэлтсийнхний тусламжтайгаар хэвлэх ажил болон тоног төхөөрөмж суурилуулах ажлаа аль алиныг нь төлөвлөгөөний дагуу амжуулж чадлаа» гэжээ. 2023 оны 3–8-р сарын хооронд хэвлэх үйлдвэрт барилгын хамгийн нүсэр ажил явагдсан. Яг энэ хэцүү үеэр сард дунджаар 220 000 Библи хэвлэж байв. Илүү зардал гаргалгүйгээр бүх ажлаа хийж дуусгасан байна.

 Эрчим хүчний зардлаа хэмнэх нь энэ төслийн бас нэг зорилго байлаа. Нарны эрчим хүч хураагч суурилуулснаар жилд бараг 120 000 ам.доллар хэмнэх боломжтой болдог. Гурван давхар шилтэй вакум цонх тавьснаар цахилгааны зардал жилд бараг 10 000 ам.доллараар буурна. Эрчим хүчинд хэмнэлттэй эдгээр зүйлсийг авахад өртөг өндөртэй ч ашиглалтынх нь хугацаанд 3.5 сая гаруй ам.доллар хэмнэдэг гэсэн тооцоо гардаг аж. Бас ийм барилгууд байгальд ээлтэй.

Дулааны алдагдал багасгах 3 давхар шил бүхий вакум цонх

«Ажил ар араасаа ундарсаар»

 Дэлгэрүүлэх ажлын хэрэгцээтэй уялдуулан хийх ажил хэчнээн их байгаа нь дээрх хоёр салбарын жишээнээс харагдаж байна. Тийм ээ, ажил үнэхээр их байна. Байгууллагын барилга төлөвлөлт хариуцдаг хэлтэст ажилладаг Аарон: «Ажил ч ар араасаа ундарсаар бид ч хийсээр л байна» гэж хэлжээ. Энэ их ажлын ард яаж гардаг юм бол? Тэрээр цааш нь: «Өгөөмөр сэтгэлтэй ах дүүсийн маань өргөсөн хандивын ачаар энэ чухал ажлууд бүтдэг. Бас аж амьдралаа зохицуулаад барилгын ажилд оролцоход хэзээд бэлэн байдаг итгэл нэгтнүүддээ талархахгүй байхын аргагүй. Тэд маань энэ ажлыг эд хөрөнгөөрөө дэмжиж, гар бие оролцдог нь Ехова ивээж байгаагийн тодоос тод баталгаа юм» хэмээн өгүүлжээ (Дуулал 110:3).

 Барилгын төслүүд та бүхний donate.jw.org сайт болон бусад хэлбэрээр өргөдөг хандиваар санхүүждэг билээ. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ үргэлж талархдаг шүү.