ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛЪЯ
Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (1-р хэсэг)
Еховагийн Гэрчүүд хүмүүсийн асуултад хэрхэн хариулдгийг дараах харилцан яриагаар жишээ болгон сонирхуулъя. Еховагийн Гэрч Ганбаатар, Мөнх-Эрдэнэ гэдэг хүний гэрт иржээ гэж бодъё.
ОЙЛГОХЫН ТУЛД «ХАЙСААР» БАЙ
Ганбаатар: Мөнх-Эрдэнэ ах аа, тантай ингэж байнга Библийн тухай ярилцах надад сайхан байдаг. * Түрүүчийн удаа та Бурхны Хаанчлалын тухай асуусан. Еховагийн Гэрчүүд Хаанчлалыг 1914 оноос захирч эхэлсэн гэдэгт яагаад итгэдэг вэ? гэсэн шүү дээ.
Мөнх-Эрдэнэ: Бурхны Хаанчлал 1914 онд захирч эхэлсэн гэж танай нэг номоос уншсан юм л даа. Гэрчүүд та нар Библид бичигдсэн юманд л итгэдэг биз дээ?
Ганбаатар: Тийм ээ, бид Библид л итгэдэг.
Мөнх-Эрдэнэ: Би ер нь Библийг эхнээс нь дуустал уншиж байсан л даа. 1914 он гэж Библид байгаагүй. Онлайн Библи рүү орж, 1914 гэж бичээд хайсан ч олдоогүй.
Ганбаатар: Надад таныг магтаж сайшаах хоёр юм байна. Нэгдүгээрт, та Библийг бүгдийг нь уншсан байна. Энэ нь та Бурхны Үгийг их эрхэмлэдэг гэсэн үг.
Мөнх-Эрдэнэ: Тийм шүү. Библи шиг ном хаа ч байхгүй.
Ганбаатар: Яг үнэн. Хоёрдугаарт, та асуултынхаа хариуг Библиэс хайсан байна. Сайн ойлгохын тулд «хайдаг» байгаарай гэж Библид байдаг шүү дээ. * Хичээл зүтгэлтэй байгаа тань их сайн байна.
Мөнх-Эрдэнэ: Баярлалаа. Надад мэдэх хэрэгтэй юм их байна. Би 1914 оны тухай хэдэн материал үзсэн л дээ. Тэгээд энэ номоосоо жаахан юм мэдэж авсан. Нэг хаан том мод зүүдэлдэг. Тэр мод нь цавчигдаж унаснаа дахин ургаж байгаа тухай гардаг.
Ганбаатар: Тийм. Энэ зөгнөлийг «Даниел» номын 4-р бүлэгт бичсэн байдаг. Вавилоны хаан Небухаднезар зүүд зүүдэлсэн тухай гардаг.
Мөнх-Эрдэнэ: Тийм байсан. Би тэр зөгнөлийн тухай дахин дахин уншсан. Тэгсэн хэр нь Бурхны Хаанчлал, 1914 онтой ямар холбоотойг би ерөөсөө ойлгоогүй.
Ганбаатар: Үнэндээ бол, зөнч Даниел бичсэн зүйлийнхээ нарийн учрыг өөрөө ч ойлгоогүй!
Мөнх-Эрдэнэ: Тийм гэж үү?
Ганбаатар: Тийм ээ. Даниел 12:8-д «Харин би сонссон боловч ойлгож чадсангүй» гэж бичсэн байна.
Мөнх-Эрдэнэ: Тэгвэл миний ойлгохгүй байдаг ч аргагүй л юм байна.
Ганбаатар: «Даниел» номд бичсэн энэ зөгнөл ямар учиртайг тэр үед Бурхан хүмүүст мэдүүлэх арай болоогүй байсан. Тийм учраас Даниел ойлгоогүй. Харин одоо бол бид энэ зөгнөлийг сайн ойлгох боломжтой болсон.
Мөнх-Эрдэнэ: Яаж тэр вэ?
Даниел 12:9-т «Эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан» гэсэн байна. Тэгэхлээр энэ зөгнөлийн утга нь «эцсийн цагт» тайлагдах учиртай. Бид одоо яг тэр цаг үед амьдарч байна. Үүний нотолгоог удахгүй Библийн хичээлээрээ үзнэ. *
Ганбаатар: Дараагийнх нь зүйлд юу гэж бичсэнийг харъя.Мөнх-Эрдэнэ: Тэгвэл Даниел номын зөгнөл ямар учиртай юм бэ?
Ганбаатар: За, би танд тайлбарлая.
НЕБУХАДНЕЗАРЫН ЗҮҮД
Ганбаатар: Эхлээд Небухаднезар хаан юу зүүдэлснийг товч ярья. Дараа нь учрыг нь хэлж өгье.
Мөнх-Эрдэнэ: За, тэг.
Ганбаатар: Небухаднезар хаан тэнгэрт тулам өндөр, асар том мод зүүдэлдэг. Тэгтэл Бурхны элч модыг цавчин унагаж, хожуулыг нь л үлдээ гэж тушаадаг. «Долоон цаг үеийг» өнгөрөхөд мод дахин ургах учиртай байсан. * Энэ зөгнөл эхлээд Небухаднезарт биелсэн. Небухаднезар хаан тэнгэрт тулсан өндөр модтой зүйрлэм сүр хүчтэй байсан ч шалдаа буун «долоон цаг үеийг» өнгөрөөдөг. Тэгээд яасан билээ?
Мөнх-Эрдэнэ: Санахгүй байна.
Ганбаатар: Небухаднезар долоон жил эрүүл ухаангүй явсан. Тэр үедээ төр бариагүй. Гэхдээ долоон цаг үеийг өнгөрөхөд Небухаднезар эрүүл ухаантай болж, улс орноо дахин удирддаг. *
Мөнх-Эрдэнэ: Энийг ч ойлгож байна л даа. Гэхдээ энэ зөгнөл Бурхны Хаанчлал, 1914 онтой ямар холбоотой юм бэ?
Ганбаатар: Товчхон хэлбэл, энэ нь хоёр удаа биелэх ёстой зөгнөл л дөө. Небухаднезар хааны засаглал завсарлахад эхний удаа биелсэн. Хоёр дахь удаагаа Бурхны засаглал завсарлахад биелсэн. Тэгэхлээр энэ зөгнөлийн хоёр дахь биелэл нь Бурхны Хаанчлалд хамаатай гэсэн үг.
Мөнх-Эрдэнэ: Тэгээд энэ зөгнөлийн хоёр дахь биелэл нь Бурхны Хаанчлалд хамаатай гэж яаж мэдэж байгаа юм бэ?
Ганбаатар: Юу гэж зөгнөснийг нь харъя. Даниел 4:17-д «Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдөг» гэж бичсэн байна. «Хүн төрөлхтний хаанчлал» гэдэг үгийг анхаараарай.
Мөнх-Эрдэнэ: «Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирна» гэсэн байна.
Ганбаатар: Тийм. «Хамгийн Дээд Нэгэн» гэж хэнийг хэлсэн юм бол?
Мөнх-Эрдэнэ: Бурхныг л хэлсэн байлгүй.
Ганбаатар: Зүйтэй. Тэгэхлээр энэ зөгнөл зөвхөн Небухаднезарт хамаатай биш байх нь. «Хүн төрөлхтний хаанчлал» гэж бичсэн байгааг харахад хүн төрөлхтнийг захирах Бурхны Хаанчлалын тухай бас хэлсэн гэсэн үг. Даниел номд ерөнхийдөө юун тухай гардгийг мэдвэл бүр сайн ойлгоно.
Мөнх-Эрдэнэ: Юун тухай юм бэ?
ДАНИЕЛ НОМЫН ГОЛ СЭДЭВ
Ганбаатар: Даниел номд нэг сэдвийг олон удаа дурдсан байдаг. Есүс тэргүүтэй Бурхны Хаанчлал байгуулагдах тухай. Даниел номын хоёрдугаар бүлгийг нээгээрэй. Даниел 2:44-ийг унш даа.
Мөнх-Эрдэнэ: За, «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм».
Ганбаатар: Баярлалаа. Энд Бурхны Хаанчлалын тухай хэлсэн болов уу?
Мөнх-Эрдэнэ: Мэдэхгүй байна аа.
Ганбаатар: Хаанчлал «мөнхөд байна» гэсэн байна. Тэгвэл Бурхны Хаанчлал биш, хүний засгийн газар мөнхөд оршино гэж байх уу?
Мөнх-Эрдэнэ: Байхгүй л дээ.
Ганбаатар: Бурхны Хаанчлалын тухай гардаг өөр нэг зүйлийг «Даниел» номоос үзье. Даниел 7:13, 14. Ирээдүйн удирдагчийн талаар энэ зүйлд «түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» гэсэн байна. Энд та бид хоёрын яриад байгаа ямар үгийг бичсэн байна вэ?
Мөнх-Эрдэнэ: Хаанчлал.
Ганбаатар: Зүйтэй. Энэ нь зүгээр нэг засгийн газартай адилгүй. Энэ Хаанчлал «бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтнийг» захирна гэснийг анхаараарай. Өөрөөр хэлбэл, энэ хаанчлал дэлхийг бүхэлд нь захирна гэсэн үг.
Мөнх-Эрдэнэ: Тийм байна. Би энэ зүйлийг ийм утгатай гэж ерөөсөө бодоогүй юм байна.
Ганбаатар: Зөгнөлд цааш нь юу гэж бичсэнийг үзье. «Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» гэсэн байна. Энэ зүйл бидний түрүүчийн уншсан Даниел 2:44-тэй төстэй байгаа биз?
Мөнх-Эрдэнэ: Тийм байна.
Ганбаатар: За, ярилцсан зүйлээ жаахан давтъя. «Даниел» номын 4-р бүлэгт гардаг зөгнөл «Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирна» гэдгийг харуулдаг. Тэгэхлээр энэ зөгнөл ганцхан Небухаднезарт биш, илүү өргөн хүрээнд биелнэ гэсэн үг. «Даниел» номд ерөнхийдөө, Бурхны Хүү тэргүүтэй Хаанчлал байгуулагдсан тухай гардаг. «Даниел» номын 4-р бүлэгт гардаг зөгнөл Бурхны Хаанчлалд хамаатай гэж дүгнэх нь зүйд нийцнэ биз дээ?
Мөнх-Эрдэнэ: Тийм байна. Тэгвэл 1914 онтой ямар хамаатай юм бэ?
«ДОЛООН ЦАГ ҮЕИЙГ ӨНГӨРҮҮЛЭГ»
Ганбаатар: Небухаднезар хааны тухай дахиад ярилцъя. Зөгнөлд гардаг мод энэ хааныг төлөөлж байсан. Мод цавчигдан унаад долоон цаг үеийг өнгөрүүлнэ гэдэг нь хаан тэр хугацаанд эрүүл ухаанаа алдан төр барихаа болино гэсэн үг. Долоо цаг үе өнгөрөхөд Небухаднезар хаан эргээд эрүүл ухаантай болж хаан ширээндээ суудаг. Ингэж энэ зөгнөл эхний удаа биелсэн. Бурхны засаглал хэсэг хугацаанд завсарласнаар зөгнөл хоёр дахь удаагаа биелсэн. Гэхдээ ингэж завсарласан нь Бурхнаас болсон юм биш.
Мөнх-Эрдэнэ: Тэгвэл яасан гэсэн үг вэ?
Ганбаатар: Эрт үед Иерусалимд хаанчилж байсан израилийн хаад «Еховагийн сэнтийд» суудаг байсан. * Тэд Бурхныг төлөөлөн ард түмнийг нь захирч байсан. Эдгээр хаад захирч байсан нь Бурхан захирч байсан гэсэн үг. Аажимдаа, ихэнх хаад Бурханд дуулгаваргүй болж ард түмэн нь тэдний муу жишээг дагасан. Израильчууд дуулгаваргүй зангаасаа болж, МЭӨ 607 онд вавилончуудад эзлэгддэг. Тэр цагаас хойш Иерусалимд ямар ч хаан Еховаг төлөөлөн захираагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан захирахаа түр больсон гэсэн үг юм. Одоо та ойлгож байна уу?
Мөнх-Эрдэнэ: Ойлгож байна.
Ганбаатар: МЭӨ 607 онд долоон цаг үе эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ үеэс эхлэн Бурхны засаглал завсарласан. Долоон цаг үеийн эцэст Бурхан өөрийгөө төлөөлүүлэн шинэ удирдагчийг, тэнгэрт томилох учиртай байсан. Ингэж «Даниел» номд бичигдсэн бусад зөгнөл биелэх юм. Тэгэхлээр долоон цаг үе хэзээ дууссан бэ? гэсэн чухал асуулт гарч ирж байна. Энэ асуултын хариуг олчихвол Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн нь тодорхой болно.
Мөнх-Эрдэнэ: Ойлгомжтой. 1914 онд долоон цаг үе дууссан гэдэг бил үү?
Ганбаатар: Яг зөв! Та сайн ойлгосон байна.
Мөнх-Эрдэнэ: Гэхдээ 1914 он гэж яаж тооцож гаргаад байгаа юм бэ?
Ганбаатар: Есүсийн хэлснээр бол, өөрийг нь дэлхий дээр үйлчилж байх үед долоо цаг үе хараахан дуусаагүй байсан. * Долоон цаг үе гэдэг нь их урт хугацаа. Есүсийг дэлхийд ирэхээс олон зуун жилийн өмнө эхэлсэн. Тэнгэрт амилснаас нь хойш ч үргэлжилж байсан. Даниелын зөгнөл яаж биелэх нь «төгсгөлийн цаг үе» хүртэл тодорхойгүй байсан гэдгийг санаарай. * Сонирхолтой нь, 1800-гаад оны сүүлчээр Библийг нямбай судалдаг хүмүүс эдгээр болон бусад зөгнөлийг сонирхон, нарийн судлах болсон. Тэд долоон цаг үеийг 1914 онд дуусна гэж ойлгодог болсон. Бурхны Хаанчлал 1914 онд тэнгэрт байгуулагдсаныг дэлхий дахиныг хамарсан том үйл явдлууд харуулах учиртай байсан. Тэр жил төгсгөлийн цаг үе буюу эцсийн өдрүүд эхэлсэн. Ингээд яриад байвал өнөөдөртөө дуусахгүй байх.
Мөнх-Эрдэнэ: Тийм байна. Би энэ тухай дахин нэг уншаад сайн ойлгох хэрэгтэй юм байна.
Ганбаатар: Санаа зоволтгүй. Би бас энэ зөгнөл ямар учиртайг, яаж биелэхийг шууд ойлгоогүй. Ямар ч байсан, Хаанчлалын талаарх Еховагийн Гэрчүүд бидний үзэл баримтлал Библийн үндэстэй болохыг та ойлгосон байх аа.
Мөнх-Эрдэнэ: Тийм. Би угаасаа Библид үндэслэж ярьдаг та нарыг биширдэг.
Ганбаатар: Та бас сурч мэдсэн зүйлээ Библитэй тулгаж хардаг шүү дээ. Би өнөөдөртөө дуусахгүй их юм ярьсан байх. Танд асуух юм байгаа байлгүй. Бид сая МЭӨ 607 онд долоон цаг үе эхэлснийг бас Бурхны Хаанчлалд хамаатайг олж мэдлээ. Тэгвэл долоон цаг үе яг 1914 онд дууссан гэдгийг яаж мэдэх вэ? *
Мөнх-Эрдэнэ: Харин би энэ асуултын хариуг мэдмээр байна.
Ганбаатар: Долоон цаг үе яг хэдий хэрийн хугацаа вэ гэдгийг ойлгоход Библи бидэнд тусална. Энэ тухай дараа ярилцъя. *
Мөнх-Эрдэнэ: Тэгье.
Танд Библийн холбогдолтой ямар нэг асуулт байдаг уу? Та Еховагийн Гэрчүүдийг юунд итгэдэг юм бол гэж боддог уу? Дараа Гэрчүүдтэй уулзахдаа нэрэлхэлгүй асуугаарай. Тэд таны асуултад дуртайяа хариулна.
^ Еховагийн Гэрчүүд Библийг системтэй, үнэ төлбөргүй заадаг.
^ Сургаалт үгс 2:3–5.
^ Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 9-р бүлгээс үзнэ үү.
^ Даниел 4:13–17.
^ Даниел 4:20–36.
^ Шастирын дээд 29:23.
^ Есүс «харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно» гэж эцсийн өдрүүдийн тухай зөгнөжээ (Лук 21:24). Есүсийг дэлхийд байхад ч Бурхны засаглал завсарлаж байсан бөгөөд энэ нь эцсийн өдрүүд хүртэл үргэлжлэх байв.
^ Даниел 12:9.
^ Долоон цаг үе хэр удаан үргэлжлэхийг харуулсан Библийн зүйлүүдийг дараагийн өгүүллээр авч үзнэ.