Skip to content

Гарчиг руу орох

Байгалийн гамшиг ийм их болоод байгаагийн учир юу вэ?

Байгалийн гамшиг ийм их болоод байгаагийн учир юу вэ?

СҮҮЛИЙН үед байгалийн гамшгийн тухай их сонсдох болжээ. Урьдынхаас олон хүн янз бүрийн гамшигт өртөж байна. Байгалийн гамшгийн талаар судалгаа хийдэг Бельгийн нэгэн байгууллагын тооцоогоор 2010 онд л гэхэд 373 гамшиг болж, хамгийн багаар бодоход 296 000 хүн амь насаа алджээ.

Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн гамшгийн тоо ч мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, 1975–1999 онд жил бүр 300 орчим гамшиг тохиолдсон бол 2000–2010 онд жил бүр дунджаар 400 орчим гамшиг болсон байна. Та ч бас «Ямар учраас байгалийн гамшиг сүүлийн үед ихсэж байна вэ?» гэж бодож байж болох юм.

Хүмүүс байгалийн гамшгийг «Бурхнаас ирдэг» гэдэг боловч үнэндээ тийм биш ээ. Олон хүнд гарз хохирол учруулдаг гамшгийг Бурхан учруулдаггүй. Гэхдээ өнөө үед гамшиг болохыг Библид зөгнөсөн байдаг. Жишээлбэл, Матай 24:7, 8-д «Энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм» хэмээсэн Есүсийн үгийг бичсэн байдаг. Есүс эдгээр үйл явдлын талаар яагаад зөгнөсөн бэ? Эдгээр үйл явдал ямар учиртай вэ?

«Үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» гэсэн асуултад хариулахдаа Бурхны Хүү Есүс ийн зөгнөсөн (Матай 24:3). Тэрбээр олон янзын үйл явдал, тэр дундаа гамшиг болохыг хэлжээ. Цааш нь «Эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй» гэсэн чухал үг хэлсэн (Лук 21:31). Тэгэхлээр, байгалийн гамшиг болж байгаа нь нарийн учиртай байх нь. Эдгээр үйл явдал том өөрчлөлт гарах цаг тун ойрхон байгааг харуулдаг.

Байгалийн гамшиг болоход нөлөөлдөг хүчин зүйлүүд

Хэрэв Бурхан байгалийн гамшиг учруулдаггүй юм бол хэн учруулдаг юм бэ эсвэл юунаас болдог юм бэ гэж олон хүн асуудаг. «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэсэн Библийн чухал үнэнийг мэдэх юм бол энэ асуултын хариуг ойлгоно (1 Иохан 5:19). Библийн энэ тайлбараас хүний ертөнц дэх зовлон зүдгүүрийн буруутан нь Бурхан бус, харин ихэнхдээ түүний дайсан буюу «муу нэгэн» гэдгийг мэдэж болно. Библийн өөр нэг зүйлд тэр дайсныг «диавол» гэсэн байдаг (Илчлэлт 12:9, 12).

Аминч хүсэлдээ дийлдсэн Бурхны дайсан хүмүүсийг юман чинээ боддоггүй. Бүх ертөнцийг гартаа оруулсан тэрбээр өнөөгийн нийгэмд аминч үзлээ хөөрөгддөг. «Эцсийн өдрүүдэд» «хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай» болно гэсэн Библийн зөгнөл үүнийг баталдаг (2 Тимот 3:1, 2). Тэгэхлээр, Диавол хүмүүсийн энэ мэтийн увайгүй занд тулгуурлан хөгждөг тогтолцоог дэлхий дахинд байгуулсан нь гайхах хэрэг биш ээ. Диаволын өөгшүүлдэг аминч үзэл, шунахай зангийн балгаар хүмүүс гай зовлонд унах нь их байдаг.

Өнөөгийн шунахай тогтолцоо байгалийн гамшиг тохиолддог болсонтой ямар холбоотой вэ? НҮБ-аас гаргасан байгалийн гамшгийн талаарх нэгэн мэдэгдэлд «Хүмүүс үер усны аюултай газар бөөнөөрөө суурьших нь их байдаг. Түүнээс гадна, ой мод устаж, намагтай газар багасаж байгаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Хүний үйлдлээс болж ... хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарч байгаагийн уршгаар дэлхийн цаг агаар өөрчлөгдөж, далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь ноцтой аюул учруулж байна» гэж тэмдэглэжээ. «Хүний үйлдэл» гэдгийг ихэнхдээ эдийн засгийн хөгжил гэж тайлбарладаг ч үнэндээ бол өнөөгийн ертөнцөд нэвт шингэсэн аминч үзэл, шунахай зангийн илрэл юм.

Тэгээд ч шинжээчид хүний хайхрамжгүй үйлдлээс болж орчин үед гамшгаас учрах хохирол эрс нэмэгдсэн гэж үзэж байна. Үнэн хэрэгтээ хүмүүс байгалийн гамшгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг тогтолцоог дэмжин Диаволын гар хөл болдог.

Тэгэхлээр, олон гамшиг хүний хайхрамжгүй үйлдлээс үүдэлтэй нь тодорхой байна. Заримдаа гамшиг хаана болсноос шалтгаалан хохирлын хэмжээ өөр өөр байдаг. Тухайлбал, ёс журамгүй хүмүүсийн булхай үйлдлээс болж, эсвэл өнөөгийн нийгмийн шинж болсон санхүүгийн болон нийгмийн тэгш бус байдлын улмаас аюултай газар нутагт арга буюу амьдардаг хүмүүс олноороо өртсөнөөс гамшгаас учрах хохирлын хэмжээ зарим газар харьцангуй их байдаг. Гэхдээ хүмүүс дандаа хэн нэгний буруугаас болж гамшигт нэрвэгддэг юм биш ээ. Учир нь «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдлоор» бас гамшигт өртдөг (Номлогчийн үгс 9:11, ШЕ).

Ямар ч шалтгаантай бай, байгалийн гамшигт өртлөө гэхэд яах хэрэгтэй вэ? Гамшиг тохиолдоход хор хохирлыг нь багасгахын тулд юу хийж болохыг үзье.