Уншигчдын асуулт
Хэн «одыг» илгээсэн бэ?
▪ Та гурван хаан буюу мэргэн хүн тэжээлийн тэвшинд байгаа дөнгөж мэндэлсэн Есүсийг харахаар ирснийг дүрсэлсэн зураг юм уу жүжиг үзэж байсан уу? Олны мэдэх тэр түүхт гардгаар, Бурхан нэгэн «од» илгээж тэр гурвыг Бетлехем дэх малын саравч руу хөтөлдөг. Зарим хүүхэд гурван хааны нэрийг Мелхиор, Гаспар, Балтазар гэж цээжээрээ мэддэг. Гэхдээ энэ түүх Библид бичсэнтэй тохирдог уу? Үгүй. Библид бичсэнээс хэдэн зүйл дээр зөрдөг.
Нэгдүгээрт, тэд ямар хүмүүс байсан бэ? Грек хэлээрх Библийн эх бичигт тэднийг хаан ч гээгүй, мэргэн хүн ч гээгүй. Тэд зурхайч буюу тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөнд үндэслэн мэргэ төлөг буулгадаг хүмүүс байсан бололтой. Тэдний нэрийг, хэдүүлээ байсныг Библид тодорхой бичээгүй.
Хоёрдугаарт, тэд хэзээ ирсэн бэ? Есүсийг тэжээлийн тэвшинд байхад нь бус, түүнээс хойно иржээ. Евангели бичигч Матай: «[Тэд] гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг харсан» гэж тэмдэглэснийг анхааръя (Матай 2:11). Тэд «гэрт» орсон гэхлээр Иосеф Мариа хоёр малын саравчинд хоноглож байсан үе биш байж таарна. Бас хүүхэд малын тэвшинд бус, «эх Мариагийн хамт» байсан.
Гуравдугаарт, зурхайчдыг газарчлах «одыг» хэн илгээсэн бэ? Шашны удирдагчид Бурхныг илгээсэн гэдэг. Гэхдээ үнэхээр Бурхан илгээсэн үү? «Од» зурхайчдыг шууд Бетлехем рүү бус, харин Иерусалимд байсан Херод хаан руу газарчилсныг бодъё. Атаархуу сэтгэлтэй, хэрцгий хаан Есүсийн төрснийг тэднээс дуулаад зогсохгүй «иудейчүүдийн Хаан» болно гэдгийг мэдээд хүүг ихэд үзэн ядав (Матай 2:2). Тэгээд заль зохиож, өөрөө ч бас хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байгаа учир яг хаана байгааг нь мэдэгдэхийг зурхайчдаас хүсдэг. Дараа нь «од» зурхайчдыг Иосеф Мариа хоёрын гэрт авчирдаг. Бурхан хэрэг явдалд оролцоогүй бол зурхайчдын хийсэн хэрэг хүүг үхэлд хүргэх байлаа. Бурхан ч арга хэмжээ авсан. Зурхайчдыг хэлсэн ёсоор нь хариу дуулгаагүйд уурлан хорссон Херод хаан Бетлехем болон ойр орчмын нутгийн хоёр болоод түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөх тушаал буулгадаг (Матай 2:16).
Хожим нь Ехова Есүсийг «Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж хэлсэн байдаг (Матай 3:17). Халамжит, шударга тэр Эцэг ид шид, далдын хүчтэй холбоотой бүхнийг Хуулиараа хориглодог атлаа зурхайчдыг элчээ болгон илгээнэ гэж үү? (Дэд хууль 18:10). Тэр зурхайчдаар нутгийн хамгийн аюултай, эрх мэдэлтэй хаан Херодод уур хилэнг нь бадраах мэдээ хүргүүлэхээр «одоор» газарчлуулах байсан гэж үү? Тэгээд юу ч хийж чадахгүй балчир хүүгийнхээ байгаа газрыг мэдэгдэх гэж «одыг» ч, зурхайчдыг ч ашиглах байсан уу?
Нэгэн жанжин хамгийн сайн цэрэгтээ дайсны нутагт нэвтрэх аюултай даалгавар өгчээ гэж бодъё. Тэгээд хаана явааг нь дайсанд мэдэгдэх үү? Мэдээж үгүй! Үүнтэй адилаар, Ехова Хүүгээ энэ аюултай ертөнц рүү илгээсэн. Тэгээд Хүү нь амиа хамгаалах чадваргүй нялх байхад хорон санаат Херод хаанд барьж өгнө гэж үү? Яалаа гэж!
Тэгвэл «од» буюу од мэт зүйлийг хэн илгээсэн бэ? Хэн Есүсийг бага балчирт нь хөнөөж, дэлхий дээр гүйцэтгэх үүрэгт ажлыг нь нураахыг хамгийн их хүсэж байсан бэ? Хэн хүмүүсийг мэхэлж, худал хуурмаг явдал, хүчирхийлэл, алан хядлагыг дэвэргэдэг вэ? «Худалч бөгөөд худал хуурмагийн эцэг», «эхнээсээ алуурчин байсан» Сатан Диавол гэдгийг Есүс өөрөө илчилсэн (Иохан 8:44).