Skip to content

Гарчиг руу орох

Эцсийн өдрүүдэд найз нөхрөө зөв сонгох нь

Эцсийн өдрүүдэд найз нөхрөө зөв сонгох нь

«Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» (1 КОР. 15:33).

ДУУ: 25, 20

1. Бид ямар цаг үед амьдарч байна вэ?

БИД «хэцүү цагт» амьдарч байна. Библид «эцсийн өдрүүд» гэж нэрлэдэг энэ үе 1914 оноос эхэлснээр дэлхийн нөхцөл байдал урьд хожид байгаагүйгээр муудсан (2 Тим. 3:1–5). Цаашдаа улам муудах нь тодорхой. Яагаад гэвэл «Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэсэн зөгнөл Библид байдаг (2 Тим. 3:13).

2. Хүмүүс юунд баясаж зугаацдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

2 Зугаа цэнгэлийн тухай бодоод үзье. Зодоон цохион, садар самуун явдал, ид шид, сүнс чөтгөртэй холбоотой зүйл үздэг, хийдэг хүн олон. Интернет, телевизийн хөтөлбөр, кино, ном зохиол, сонин сэтгүүлд хүчирхийлэл, садар самуун явдлыг сайн сайхан зүйл мэтээр их харуулдаг. Урьд нь зохисгүйд тооцогддог байсан үйл хэргийг өнөөдөр зарим газар хуулиар зөвшөөрдөг болсон. Харин энэ нь Бурхны таалалд хэзээ ч нийцэхгүй (Ром 1:28–32-ыг уншина уу).

3. Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдардаг хүмүүсийг олон хүн юу гэж үздэг вэ?

3 Есүсийн эртний дагалдагчид Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталж амьдардаг байсан учраас бузар булай зугаа цэнгэлээс хол байжээ. Үүнээс нь болоод хүмүүс тэднийг дооглож тохуурхан, хавчиж хяхдаг байв. Элч Петр: «Энэ бүхэнд тэд та нарыг өөрсөдтэй нь хамт дураараа дургих явдалд холбогдоогүйд гайхширч, муу хэлдэг» хэмээн христиануудад бичжээ (1 Петр 4:4). Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдардаг өнөөгийн христианууд ч муу хэлэгддэг. «Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» (2 Тим. 3:12).

«МУУ НӨХӨР САЙН ЗУРШЛУУДЫГ ЭВДДЭГ»

4. Яагаад ертөнцийг хайрлаж болохгүй вэ?

4 Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг хүсдэг хүн «ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг» хайрлах ёсгүй (1 Иохан 2:15, 16-г уншина уу). Дэлхий ертөнц «энэ үеийн бурхан» Сатан Диаволын мэдэлд байдаг. Сатан хүмүүсийг хууран мэхлэхдээ шашин, улс төр, худалдааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигладаг (2 Кор. 4:4; 1 Иох. 5:19). Бид ертөнцийн нөлөөнд автахгүйн тулд муу нөхдөөс хол байх учиртай. «Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”» гэж Бурхны Үгэнд анхааруулсан байдаг (1 Кор. 15:33).

5, 6. Ямар хүнтэй нөхөрлөж болохгүй вэ? Яагаад?

5 Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүй, сайн зуршлуудаа эвдэхгүй байя гэвэл муу юм хийдэг хүмүүстэй дотносон нөхөрлөж болохгүй. Тийм хүмүүсийн тоонд итгэгч бус хүнээс гадна Еховаг шүтдэг гэдэг атлаа хууль тушаалыг нь санаатайгаар зөрчдөг хүн орно. Хэрэв ноцтой нүгэл үйлдээд гэмшихгүй бол тэдэнтэй найзалж нөхөрлөөд байлгүй холбоогоо таслах хэрэгтэй (Ром 16:17, 18).

6 Бурхны хууль тушаалыг үл тоомсорлодог хүмүүстэй нийлдэг бол тэдэнд таалагдах гээд дуртай зүйлийг нь хийдэг болж магадгүй. Жишээлбэл садар самуун явдалтай хүмүүстэй байнга хамт байвал тэдэн шиг болно. Яг ийм явдал Бурханд өөрийгөө зориулсан зарим христианд тохиолджээ. Хийсэн хэрэгтээ гэмшээгүй нь хурлаас хасагдсан байна (1 Кор. 5:11–13). Хэрэв тэд гэмшихгүй бол Петрийн хэлсэн шиг болж мэднэ (2 Петр 2:20–22-ыг уншина уу).

7. Ямар хүнтэй нөхөрлөх ёстой вэ?

7 Бид Бурхны хуулийг сахидаггүй хүмүүст ч сайхан сэтгэлээр хандах ёстой. Гэхдээ тэдэнтэй байнга хамт байх юм уу дотны найзууд болох ёсгүй. Тэгэхлээр ганц бие христиануудын тухайд баптисм хүртээгүй, Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээг үл хүндэтгэдэг хүнтэй үерхэж болохгүй нь тодорхой байна. Еховагийн сайшаалыг алдсанаас Библийн зарчмыг баримталдаггүй хүмүүст ад үзэгдэх нь хавьгүй дээр. Еховагийн хүсэл тааллын дагуу явдаг хүнтэй л дотносон нөхөрлөх учиртай. Есүс: «Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм» гэж хэлжээ (Марк 3:35).

8. Эртний израильчууд муу хүмүүстэй нөхөрлөсөн нь ямар уршигтай байсан бэ?

8 Израильчууд муу хүмүүстэй нөхөрлөөд горыг нь амсжээ. Ехова тэднийг Египетийн дарлалаас чөлөөлж, Амласан газарт аваачихдаа тэндхийн оршин суугчдад хэрхэн хандахыг анхааруулан ийн хэлжээ. «Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал. Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил» (Ег. 23:24, 25). Гэвч израильчуудын ихэнх нь Бурхны зааврыг дагахаа больсон (Дуу. 106:35–39). Тэд Бурханд үнэнч бус болсон учир Есүс: «Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» гэж хэлсэн (Мат. 23:38). Ехова Израилийг голж, шинээр үүсэн байгуулагдсан христиан хурлыг ивээх болжээ (Үйлс 2:1–4).

УНШИХ, ҮЗЭХ ЗҮЙЛЭЭ АНХААР

9. Энэ ертөнцийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад аюултай вэ?

9 Энэ ертөнцийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ихэнх материал Еховатай тогтоосон харьцаанд сэв суулгах аюултай байдаг. Тэдгээр нь Еховад болон амлалтад нь итгүүлэх зорилгоор гардаггүй. Харин Сатаны бузар муу үзэл бодлыг шингээсэн байдаг. Тиймд бид «ертөнцийн шунал» хөдөлгөх зүйлийг үзэж, сонсож, уншихгүйн тулд туйлын болгоомжтой байх хэрэгтэй (Тит 2:12).

10. Сатаны ертөнцийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл яах вэ?

10 Удахгүй Сатаны ертөнц устгагдахад бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг завхруулах материалууд ч үгүй болно. Бурхны Үгэнд «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж бий (1 Иох. 2:17). Дуулалч бас үүнтэй төстэй үг хэлжээ. «Бузар мууг үйлдэгчид таслагдана, харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана». Энэ нь хэр удаан үргэлжлэх вэ? «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуу. 37:9, 11, 29).

11. Бурхан ард түмэндээ шим тэжээлтэй сүнслэг хоолыг хэрхэн өгдөг вэ?

11 Эцсийн өдрүүдэд Еховагийн байгууллагаас гаргаж буй материал мөнхийн амь руу хөтөлдгөөрөө Сатаны ертөнцийнхөөс ялгаатай. Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» хэмээн Еховад залбирсан байдаг (Иох. 17:3). Тэнгэрийн Эцэг маань шим тэжээлтэй сүнслэг хоолыг байгууллагаараа дамжуулан элбэг дэлбэг өгдөг. Үүнд жинхэнэ шүтлэгийг хөхүүлэн дэмждэг сэтгүүл, товхимол, ном, видео, Вэб хуудаснууд орно. Бурхны байгууллага бас дэлхий дахинд буй 110 000 гаруй хурлын төлөө цуглаан, чуулганыг тогтмол зохион явуулдаг. Тэр үеэр бид Библид үндэслэсэн материал судалж, Бурханд болон амлалтад нь улам их итгэдэг (Евр. 10:24, 25).

«ЗӨВХӨН ЭЗЭН ДОТОР» ГЭРЛЭ

12. «Зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн Библийн зөвлөгөөг тайлбарлана уу.

12 Гэрлэх бодолтой явдаг ганц бие христианууд найз нөхрөө анхаарах нь бүр ч чухал. Бурхны Үгэнд «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?» гэж бий (2 Кор. 6:14). Амьдралын ханиа хайж буй христиануудад «Зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэж Библи зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, Еховад өөрийгөө зориулсан, баптисм хүртсэн, Библийн сургаалын дагуу амьдардаг хүнтэй л гэрлэх хэрэгтэй (1 Кор. 7:39). Итгэл нэгтэнтэйгээ гэрлэвэл Еховад үнэнч байхад туслах ханьтай болно гэсэн үг.

13. Бурхан израильчуудад гэрлэлтийн талаар ямар тушаал өгсөн бэ?

13 Үйлчлэгчдэд нь юу хамгийн сайн гэдгийг Ехова мэддэг учраас «зөвхөн Эзэн дотор» гэрлэхийг тушаадаг. Эртний үйлчлэгчдэдээ ч ийм тушаал өгч байжээ. Жишээ авъя. Израильчуудын эргэн тойронд Еховаг шүтдэггүй үндэстнүүд аж төрдөг байв. Тэр үед Ехова ард түмэндээ Мосегоор дамжуулан ийн тушаажээ. «Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно» (Д.хууль 7:3, 4).

14, 15. Соломон Еховагийн тушаалыг яаж үл тоомсорлосон бэ?

14 Давидын хүү Соломон төр бариад удаагүй байхдаа мэргэн ухаан гуйж залбирчээ. Бурхан ч залбиралд нь хариулсан. Ингээд Соломон хөгжин цэцэглэсэн улсын ухаант мэргэн хаан хэмээн алдаршжээ. Шебагийн хатан хаан: «Би ирж энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртлээ итгээгүй байлаа. Гэтэл миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. Үнэндээ таны мэргэн ухаан, хөгжил цэцэглэлт миний сонсож дуулснаас үлэмж их ажээ» хэмээн дуу алджээ (Х.дээд 10:7). Гэвч Соломон бас муу жишээ үлдээсэн. Бурхны тушаалыг үл тоомсорлон итгэгч бус хүнтэй гэрлэвэл юу болдгийг Соломоны түүх харуулдаг (Ном. 4:13).

15 Соломон Еховагаас их ивээл хүртсэн ч хуурамч бурхад шүтдэг харь үндэстнүүдтэй гэрлэж болохгүй гэсэн тушаалд нь хайхрамжгүй хандсан. Тэрбээр «харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа». Соломоны тухай Сударт бичихдээ «Долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан» гэжээ. Энэ нь ямар үр дагаварт хүргэсэн бэ? Соломоныг хөгшрөхөд харь үндэстэн эхнэрүүд нь «түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн. ... Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэх» болжээ (Х.дээд 11:1–6). Муу хүмүүстэй нөхөрлөсний гайгаар мэргэн ухаанаа алдаж, жинхэнэ шүтлэгээс нүүр буруулсан. Еховаг хайрладаггүй хүнтэй гэрлэх тухай бодох нь хэчнээн аюултай вэ!

16. Итгэгч бус ханьтай христиануудад зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

16 Итгэгч бус ханьтай хүн Бурхныг шүтдэг болбол яах вэ? Библид «Эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана» гэсэн зөвлөгөө байдаг (1 Петр 3:1). Энэ зөвлөгөөг христиан эхнэрүүдэд өгсөн боловч итгэгч бус эхнэртэй христиан нөхрүүдэд бас хамаатай. Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээний дагуу амьдар, сайн хань бай гэж Библи тодорхой хэлдэг. Нөхөр юм уу эхнэрээ Бурхны хуулийн дагуу өөрчлөгдөхийг анзаарсан хань нь үнэнийг хүлээж авах нь олонтоо.

ЕХОВАГ ХАЙРЛАДАГ ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛӨ

17, 18. Ноа болон нэгдүгээр зууны христианууд тухайн үеийн ертөнц устгагдах үед яагаад эсэн мэнд үлдсэн бэ?

17 Муу нөхөд Еховад дуулгаваргүй болгодог бол, сайн нөхөд Еховад үнэнч байхад тусалдаг. Ноагийн тухай авч үзье. Тэр үед «дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон» байв (Эх. 6:5). Тийм болохоор Бурхан тэднийг бузар муу ертөнцтэй нь хамт дэлхийг хамарсан үерээр устгахаар шийджээ. Харин Ноа тэр хүмүүсээс тэс ондоо байлаа. «Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. Тэрээр Бурхантай хамт явсан» гэж Библид бичжээ (Эх. 6:7–10).

18 Ноа Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөж явсангүй. Харин Бурхны өгсөн даалгаврыг ягштал биелүүлэн эхнэр, хүүхдүүд, бэрүүдтэйгээ хамт хөвөгч авдар хийж байлаа. Үүний зэрэгцээ «зөвт байдлыг тунхаглагч» болсон (2 Петр 2:5). Гэр бүлээрээ дотно байж, Бурханд таалагдах зүйлийг байнга хийж байсан учраас тэднийхэн Усан галаваар эсэн мэнд үлдсэн. Еховад дуулгавартай байж, муу нөхдөөс хол явсан Ноагийн гэрийнхэнд бид талархах учиртай. Яагаад гэвэл бид бүгдээрээ тэдний үр удам билээ. Нэгдүгээр зууны христианууд бас Еховаг хайрладаггүй хүмүүсээс хол явж, үнэнч, дуулгавартай байсан учраас МЭ 70 онд Иерусалим устгагдах үеэр эсэн мэнд үлдсэн (Лук 21:20–22).

Үнэнч итгэл нэгтнүүдтэйгээ дотно байдаг бол шинэ ертөнцийг төсөөлөхөд хялбар (19-р догол мөрийг үзнэ үү)

19. Бурхны сайшаалыг олъё гэвэл яах ёстой вэ?

19 Еховагийн үйлчлэгч бид Ноа болон түүний гэрийнхэн, нэгдүгээр зууны христиануудыг дууриах хэрэгтэй. Сатаны бузар муу ертөнцөөс тусгаар байж, олон сая үнэнч итгэл нэгтнүүдийнхээ дундаас сайн нөхөд хайх учиртай. Бурхны өгсөн мэргэн ухаанаар удирдуулдаг хүмүүстэй дотносон нөхөрлөдөг бол өнөөгийн хэцүү үед «итгэл дотроо бат зогсож» чадна (1 Кор. 16:13; Сур. 13:20). Бас өмнө маань ямар гайхалтай ирээдүй байгааг бодоод үз дээ! Эцсийн энэ өдрүүдэд хэнтэй, юутай нөхөрлөж байгаагаа анхаардаг бол бузар муу ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд даваад, Еховагийн байгуулах шинэ ертөнцөд амьдарна!