Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

«Ехова үнэнийг мэдүүлэх гээд та нарыг Францад авчирсан байна»

«Ехова үнэнийг мэдүүлэх гээд та нарыг Францад авчирсан байна»

АНТУАН СКАЛЕКИЙН үнэнч нөхөр нь одой морь байлаа. Жаал хүү морьтойгоо уурхайд ажиллана. Хоёр найз 500 метрийн гүнд харанхуй хонгилоор нүүрс ачин гэлдэрдэг байв. Аав нь уурхайн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан болохоор Антуан ажиллахаас өөр аргагүй болжээ. Өдөрт 9 цаг борви бохис хийлгүй зүтгэдэг байв. Нэг удаа гэнэтийн нуралтад Антуан амиа алдах шахжээ.

Польш уурхайчдын багажнууд. Сан лэ Ноблэгийн дэргэдэх Дешийн уурхай. Антуан энд ажилладаг байжээ

Францад 1920-оос 1930-аад онд польш хүүхдүүд олноороо төржээ. Тэдний нэг нь Антуан юм. Польшийн цагаачид Францад ирэх болсны учир юу юм бол? Польш улс дэлхийн І дайны дараа дахин тусгаар тогтнолоо олоход хүн амын хэт өсөлт тус улсын тулгамдсан асуудал болжээ. Гэтэл тэр үед Франц улс сая гаруй эрчүүдээ дайнд алдан, нүүрсний уурхайд ажиллах хүн хүчээр дутаж байв. Ингээд хоёр улс 1919 оны 9 дүгээр сард цагаачлалын гэрээ байгуулжээ. Францад очсон польш иргэдийн тоо 1931 он гэхэд 507 800-д хүрсэн байна. Польшууд хойд хэсэгт байдаг уурхайн бүс нутагт суурьшжээ.

Хөдөлмөрч польшууд Францад ирэхдээ өвөрмөц соёл, ёс заншил, итгэл үнэмшлээ ч орхисонгүй. Одоо 90 гарч яваа Антуан: «Өвөө Ёосеф маань Ариун Судрын тухай ярихдаа их сүсэглэн биширдэг байж билээ. Төрсөн эцгээсээ сурсан юм гэсэн» гэж дурсаж байна. Польш уурхайчид нутагтаа дадаж сурснаараа ням гариг бүр хамгийн гоё хувцсаа өмсөөд сүмд явдаг байв. Шашин шүтлэггүй францууд тэднийг хараад муу хэлцгээнэ.

Францад суурьшсан польшууд Нор Пад Калэ гэдэг газар Библи Судлаачидтай анх уулзжээ. Энэ нутагт 1904 оноос сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж ирсэн аж. «Харуулын цамхаг» сэтгүүлийн сар бүрийн дугаарыг польш хэлээр 1915 оноос, «Алтан үе» (одоогийн «Сэрцгээ!») сэтгүүлийг 1925 оноос хэвлэх болсон байна. Эдгээр сэтгүүл болон «Бурхны ятга» номд бичсэн Библийн үндэстэй тайлбарыг хүлээн зөвшөөрдөг гэр бүл олон байсан.

Антуаны гэрийнхэн нэг хамаатнаасаа Библи Судлаачдын тухай мэдэж авчээ. Тэр хамаатан нь 1924 онд цуглаанд анх суусан гэдэг. Библи Судлаачид тэр онд Брюэ-ан-Артоа хотод польш хэлээр анхны чуулган зохиожээ. Сар хүрэхгүйн дараа байгууллагын төвийн төлөөлөгч Жозеф Рутерфорд ирж илтгэл тавихад 2 000 хүн ирж сонсжээ. Ихэнх нь польшууд байв. Ийм олон хүнийг хараад сэтгэл нь хөдөлсөн Рутерфорд ах: «Ехова үнэнийг мэдүүлэх гээд та нарыг Францад авчирсан байна. Одоо та нар болон та нарын хүүхдүүд француудад туслах ёстой! Дэлгэрүүлэх ажлыг өргөн цар хүрээтэй хийх хэрэгтэй байна. Энэ ажлыг хийх хүмүүсийг Ехова өгнө» гэжээ.

Ехова Бурхан үнэхээр өгчээ. Польш христианууд уурхайд нөр их хөдөлмөрлөдөг шигээ дэлгэрүүлэх ажилд сэтгэл зүрхээ зориулдаг байлаа. Зарим нь үнэлж баршгүй мэдлэгээ элэг нэгтнүүдтэйгээ хуваалцахаар нутаг буцжээ. Польш даяар сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхээр Францаас явсан тэр хүмүүсийн тоонд Теофил Пиасковски, Шчепан Косиаки, Ян Забуда нар ордог.

Францад үлдээд итгэл нэгтнүүдтэйгээ идэвхтэй дэлгэрүүлдэг польшууд ч олон байв. 1926 онд Сан лэ Ноблэд болсон чуулганд польш хэлний хэсэгт 1 000 хүн, франц хэлний хэсэгт 300 хүн суужээ. «[1926 онд] 332 польш ах дүүс баптисм хүртэж, Еховад өөрийгөө зориулснаа харуулсан» гэж 1929 оны «Жил тутмын ном»-д бичжээ. Дэлхийн ІІ дайн дэгдэхээс өмнө Францад 84 хурал байсны 32 нь польш хэлний хурал байлаа.

Франц дахь польш Гэрчүүд чуулганд явж байгаа нь. «Еховагийн Гэрчүүд» гэж бичсэн байна

1947 онд Еховагийн олон Гэрч Польшийн засгийн газрын урилгыг хүлээн авч нутаг буцжээ. Гэхдээ франц итгэл нэгтнүүдтэйгээ идэвх зүтгэлтэй үйлчилснийх нь үр дүн гарч дэлгэрүүлэгчдийн тоо тэр жилдээ 10 хувиар өссөн байна. 1948–1950 оны хооронд 20, 23, тэр байтугай 40 хувь болтлоо өсжээ! Шинэ дэлгэрүүлэгчдийн чадварыг сайжруулахын тулд Франц дахь салбар 1948 онд анхны дүүргийн харгалзагчдыг томилов. Таван хүн томилогдсоны дөрөв нь польш хүн байлаа. Антуан Скалеки тэдний нэг юм.

Франц дахь Еховагийн Гэрчүүдийн дунд польш овогтой хүн одоо ч өдий төдий бий. Тэд бол уурхайд хичээнгүйлэн ажиллаж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог байсан хүмүүсийн үр удам юм. Орчин үед бас Францад цагаачилж ирээд Еховатай танилцаж буй хүмүүс олон. Өөр улс орноос Францад ирээд Гэрч болсон хүмүүсийн зарим нь нутаг буцдаг байхад, зарим нь шинэ газраа суурьшдаг. Аль нь ч байлаа гэсэн Хаанчлалын тухай мэдээ тунхагладаг байсан тэдгээр польшуудын мөрөөр явж байна (Франц дахь манай архиваас).