Та «сайн ажил» хийхийг «эрмэлздэг» үү?
ФЕРНАНДО * ихэд сандрав. Хоёр ахлагч уулзана гэнэ. Ахлагчид сүүлийн үед дүүргийн харгалзагчийн эргэлт болгоны дараа Фернандотой уулзаж, хариуцлагатай үүрэг хүлээхийн тулд ямар шаардлага хангах ёстойг нь хэлж өгдөг болсон ажээ. Фернандо сүүлдээ ахлагчаар томилогдох эсэхдээ эргэлзэх боллоо. Дүүргийн харгалзагч саяхан тэдний хуралд эргэлт хийжээ. Энэ удаа ахлагчид юу гэж хэлэх бол?
Хоёр ахлагч Фернандотой уулзаж ярилцав. 1 Тимот 3:1-ийг уншуулаад ахлагчаар томилогдсоныг нь хэлэхэд Фернандо итгэж ядан «Та сая юу гэсэн бэ?» хэмээн асуужээ. Ахлагчийг хэлсэн үгээ давтахад Фернандогийн царайд мишээл тодров. Ахлагчаар томилогдсоныг нь цуглаан дээр зарлахад хурлынхан нь баярлажээ.
Ахлагч болохыг хүсэх нь буруу юу? Буруу биш ээ. 1 Тимот 3:1-д «Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна» гэж байдаг. Зохих шаардлага хангахын тулд энэ зөвлөгөөг даган ахиж дэвшиж буй эрчүүд олон бий. Үүний үрээр мянга мянган чадварлаг ахлагч, туслах үйлчлэгч ах дүүсийнхээ төлөө үйлчилдэг. Хурлын гишүүдийн тоо нэмэгдэж байгаа учир хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүд их хэрэгтэй байна. Тэгвэл ахлагч болохыг «эрмэлзэх» гэдэг нь юу гэсэн үг вэ? Фернандогийн адилаар, хэзээ ахлагч болох бол гэж байнга бодохын хэрэг байна уу?
«ЭРМЭЛЗЭНЭ» ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?
Библид гардаг «эрмэлзэх» гэж орчуулсан грек үйл үг нь маш их хүсэх, гараа сунгах гэсэн утгатай. Шүлс асгаруулам жимс ургасан байхыг харвал тэр жимсийг авах гээд гараа байдгаараа сунгана биз дээ? Харин «эрмэлзэх» гэдэг нь ахлагч болохын төлөө улайран хөөцөлдөхийн нэр биш юм. Яагаад тэр вэ? Ахлагч болохыг
чин сэтгэлээсээ хүсдэг хүн эрх мэдэлтэй болохыг бус, «сайн ажлыг хүсдэг» байх ёстой.«Сайн ажлыг хүсдэг» хүн ямар байх ёстойг 1 Тимот 3:2–7 болон Тит 1:5–9-т бичсэн байдаг. Олон жил ахлагчаар үйлчилж байгаа Рэймонд: «Ахлагч хүн, хүнийхээ хувьд ямар хүн бэ гэдэг нь хамгийн чухал гэж би боддог. Илтгэл тавих, заах чадвартай байх хэрэгтэй ч гэм зэмгүй, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой буюу найрсаг, дөлгөөн байх нь бүр ч чухал» гэжээ.
Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэг хүмүүс бузар булай, худал хуурмаг юм хийдэггүй. Ийнхүү гэм зэмгүй гэдгээ баталдаг. Бас биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээдэг, дөлгөөн зантай учраас хурлынхан нь дуртайяа захирагдаж, бэрхшээл тулгарсан үедээ тэдэнд ханддаг. Найрсаг зантай тэд хүүхэд залуучууд болон Гэрч болоод удаагүй хүмүүсийг урамшуулан зоригжуулдаг. Өвчин хуучтай, өндөр настай хүмүүст тусалж, сэтгэлийн дэм өгдөг. Үүгээрээ «сайнд дуртайгаа» баталдаг. Гэхдээ хурдхан шиг ахлагч болъё гэж бодоод ингэдэг юм биш. Харин бусдын сайн сайхны төлөө энэ бүхнийг хийдэг. *
Ахлагчид хариуцлагатай үүрэг хүлээхийг хүсдэг хүнд урам хайрлах юм уу зөвлөгөө өгдөг. Гэхдээ Библийн шаардлагыг хангах эсэх нь тухайн хүнээс шалтгаалдаг. Туршлагатай ахлагч Хенри: «Та ахлагч болохыг эрмэлзэж байгаа бол шаардлага хангахын тулд хамаг чадлаараа хичээгээрэй» гээд Номлогчийн үгс 9:10-ыг иш татан «“Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгээрэй”. Ахлагчийн өгсөн ямар ч даалгаврыг чин сэтгэлээсээ биелүүлээрэй. Шал цэвэрлэх гэх зэргийн ямар ч ажлыг дуртайяа хийж байгаарай. Тэгвэл ахлагчид таны хичээл зүтгэлтэй байгааг ажиглана» гэжээ. Та ахлагчаар үйлчлэхийг хүсдэг бол христиан хүний хийх ёстой бүх үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцоорой. Нэр алдарт дурлахын оронд үргэлж даруу байгаарай (Мат. 23:8–12).
БУРУУ БОДОЛ, ЗОХИСГҮЙ ҮЙЛСЭЭ ЗАСААРАЙ
Зарим хүн ахлагч болох хүсэлтээ битүү цухуйлгах юм уу ахлагчдад өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийг оролддог. Гэтэл зарим нь ахлагчдыг зөвлөгөө өгөхөд дургүйцдэг. Тиймээс дараах асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. «Би өөрийнхөө эрх ашгийн төлөө ахлагч болохыг хүсдэг үү? Эсвэл Еховагийн хоньдыг хариулахыг хүсдэг үү?».
«Хонин сүрэгтээ үлгэр дуурайл» болох нь ахлагч хүний хангавал зохих бас нэг шаардлага юм (1 Петр 5:1–3). Хурлынхандаа үлгэр дууриал үзүүлдэг хүн ахлагч ч бай, үгүй ч бай зальжин арга хэрэглэдэггүй. Бас үргэлж тэвчээртэй байдаг. Ахлагч болно гэдэг бол өө сэв, алдаа дутагдлаасаа гайхамшгаар сална гэсэн үг биш (Тоол. 12:3; Дуу. 106:32, 33). Ер нь хүн өөрийнхөө дутагдлыг анзаарахгүй байхад, бусад хүн анзаарчихдаг талтай (1 Кор. 4:4). Тиймээс ахлагчид таныг гэсэндээ Библид үндэслэсэн зөвлөгөө өгвөл дургүйцэлгүй хүлээж аваад ажил хэрэг болгоорой.
ТА УДААН ХҮЛЭЭЖ БАЙНА УУ?
Ахлагчаар томилогдохоо их удаан хүлээж байгаа юм шиг зарим хүнд санагддаг. Танд бас тэгж санагддаг бол хааяа бачимддаг уу? «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол биелсэн хүсэл амийн мод болой» гэсэн сургаал үг байдаг шүү дээ (Сур. 13:12).
Үнэндээ, хүн тавьсан зорилгодоо хүрэхгүй болохоороо шаналдаг. Абрахам үүнийг биеэрээ үзсэн. Ехова Абрахамыг хүүтэй болгож өгөхөө амлажээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч Абрахам Сара хоёрт хүүхэд төрсөнгүй (Эх. 12:1–3, 7). Өтөл буурал болсон хойноо тэрбээр: «Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй. ... Та надад ганц ч үр заяагаагүй» хэмээн хэлжээ. Тэгэхэд нь Бурхан амласнаа заавал биелүүлнэ гэдгээ хэлэн түүнийг тайвшруулсан. Гэсэн ч түүнээс хойш дор хаяж 14 жил өнгөрчээ (Эх. 15:2–4; 16:16; 21:5).
Абрахам Еховагийн амлалт биелэхийг хүлээнгээ баяр хөөрөө алдсан уу? Үгүй. Бурхны амлалтад огтхон ч эргэлзээгүй. Харин ч биелнэ гэдэгт үргэлж итгэж байсан. Элч Паул: «Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ» хэмээн бичжээ (Евр. 6:15). Төгс хүчит Бурхан үнэнч үйлчлэгчээ төсөөлж байгаагүйгээр нь ивээжээ. Абрахамаас юунд суралцах вэ?
Та ахлагчаар үйлчлэхийг олон жил хүссэн хэр нь одоо ч томилогдоогүй бол баяр баясгалангаа бүү алдаарай. Ехова Бурхандаа үргэлж итгэж найдаарай. Ахиж дэвшихэд нь олон эрэгтэйд тусалсан Уорен: «Хүн алхам алхмаар ахисаар ахлагч болох шаардлага хангадаг. Даалгавраа хэрхэн биелүүлж, биеэ яаж авч явдгаас авьяас чадвар, үзэл бодол нь бага багаар илэрдэг. Зарим хүн ахлагч л болчихвол амжилтад хүрлээ гэж боддог. Ингэж бодох нь буруу. Яагаад гэвэл үүнээс өөр юм бодохоо больдог. Та Еховад үнэнч байдаг бол хаана ч байсан, юу ч хийсэн жинхэнэ ёсоор амжилт гаргаж байна гэсэн үг» гэжээ.
Нэг Гэрч эрэгтэй арав гаруй жил хүлээсний эцэст ахлагч болжээ. Тэрбээр «Езекиел» номын нэгдүгээр бүлгээс юу сурснаа тайлбарлан «Ехова тэнгэрийн байгууллага гэдэг тэргээ хүссэн хурдаараа жолооддог. Тиймээс хамгийн чухал нь Еховагийн товлосон цаг юм. Ахлагч болох тухайд гэвэл миний хүсэл тийм ч чухал биш. Надад хэзээ, юу хэрэгтэйг Ехова л илүү сайн мэднэ» хэмээн хэлжээ.
Хэрэв та хэзээ нэгэн цагт ахлагч болно гэж боддог бол хурлынхаа сайн сайхны төлөө хувь нэмэр оруулаарай. Цаг хугацаа өнгөрч өгөхгүй байгаа мэт санагдвал шантарч цөхрөлгүй, тэвчээртэй байгаарай. Дээр дурдсан Рэймонд: «Нэг юмыг хэт их хүсвэл сэтгэл хангалуун байж чадахгүй. Нэг л юмаа байнга бодож санааширдаг хүн Еховад үйлчлэхийн баяр баясгаланг мэдэрдэггүй» гэж хэлжээ. Та Бурхны сүнсний үр жимсийг сайн «ургуулаарай». Ялангуяа тэвчээртэй байж сураарай. Библиэ судалж, Бурхантай улам дотносоорой. Сайн мэдээг идэвхтэй тунхаглаж, сонирхсон хүмүүст Библийн хичээл заагаарай. Гэр бүлийн хичээл хийх, дэлгэрүүлэх, цуглаанд очиход нь эхнэр хүүхдээ удирдан чиглүүлээрэй. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт байх боломж бүрийг алдалгүй ашиглаарай. Тавьсан зорилгодоо хүрэх гэж зогсолтгүй урагшилдаг бол Еховад баяр баясгалантай үйлчилнэ.
Хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлзэн өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийж байгаа бол Ехова таныг сургаж байна гэсэн үг. Үүнийг ивээл гэж бодоорой. Ехова ч, байгууллага нь ч ахлагч болохыг эрмэлздэг эрчүүдийн урмыг хугалж баяр баясгаланг нь үгүй болгохыг хүсдэггүй. Чин сэтгэлээсээ үйлчилдэг бүх хүнийг Бурхан ивээж, тусалж дэмждэг. Еховагийн ямар ч ивээл зовлон дагуулдаггүйг битгий мартаарай (Сур. 10:22).
Та ахлагч болох хүсэл эрмэлзэлтэй болоод багагүй хугацаа өнгөрсөн бол Еховатай улам дотносохын тулд одоо ч чадах бүхнээ хийгээрэй. Ахлагч хүнд байвал зохих зан чанарыг төлөвшүүлж, хуралдаа хувь нэмэр оруулж, гэр бүлийнхнээ анхаарч халамжилдаг бол Ехова таны сайн үйлсийг хэзээ ч мартахгүй. Та ямар ч томилолт авсан Еховад үргэлж баяр хөөртэй үйлчилж байгаарай.
^ Энэ өгүүлэлд гарсан хүмүүсийн нэрийг өөрчлөв.
^ Энэ өгүүллээр ярилцаж буй зарчим туслах үйлчлэгч болохыг хүсдэг хүмүүст ч хамаатай. Туслах үйлчлэгчийн хангах ёстой шаардлагыг 1 Тимот 3:8–10, 12, 13-т бичсэн байдаг.