Skip to content

Гарчиг руу орох

«Та нар бол Миний гэрч»

«Та нар бол Миний гэрч»

«“Та нар бол Миний гэрч нар” гэж [Ехова] айлдаж байна» (ИС. 43:10).

1, 2. а) Ямар хүнийг гэрч гэдэг вэ? Дэлхий дахины мэдээллийн хэрэгслүүд ямар чухал үнэнийг хүмүүст мэдүүлдэггүй вэ? б) Ехова яагаад мэдээллийн хэрэгсэлд түшиглэдэггүй вэ?

 ЯМАР хүнийг гэрч гэдэг вэ? Нэгэн тольд «Үйл явдлыг нүдээрээ үзсэн, болсон явдлын талаар мэдээлэл өгдөг хүнийг» гэрч гэж тодорхойлжээ. Өмнөд Африкийн Питермарицбург хотод «Гэрч» гэдэг нэртэй сонин 160 гаруй жил хэвлэгдэж байна. Дэлхий дахинд болж буй үйл явдлыг үнэн зөв мэдээлэх зорилготой учир ийн нэрлэжээ. Уг сониныг үндэслэгч редактор «үнэнийг, зөвхөн үнэнийг, хөдөлшгүй үнэнийг» хэлнэ гэсэн ам тангараг өгсөн байдаг.

2 Гэвч дэлхий дахины мэдээллийн хэрэгслүүд хүн төрөлхтний түүхийн чухал чухал баримтыг үл тоомсорлох юм уу мушгин гуйвуулдаг нь харамсалтай. Ялангуяа, Бурхны тухай үнэнийг хэлдэггүй. Гэхдээ орчлонт ертөнцийн төгс хүчит Захирагч Ехова мэдээллийн хэрэгсэлд түшиглэдэггүй. Тэрбээр зөнч Езекиелээр «Үндэстнүүд Намайг [Ехова] мөн гэдгийг мэдэх болно» хэмээн хэлүүлжээ (Езе. 39:7). Дэлхий даяар өөрийнх нь тухай ярьдаг найман сая орчим Гэрч Еховад бий. Хүн төрөлхтний төлөө юу хийсэн, юу хийж байгаа, юу хийхийг нь Гэрчүүд тунхагладаг. Исаиа 43:10-т «“Та нар бол Миний гэрч нар” гэж [Ехова] айлдаж байна. “Та нар бол Миний зарц нар”» гэж байдаг. Бид дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарч Еховагийн Гэрчүүд гэдгээ баталдаг.

3, 4. а) Библи Судлаачид хэзээ шинэ нэртэй болсон бэ? Тэдэнд ямар санагдсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Одоо ямар асуултуудыг авч үзэх вэ?

3 Еховагийн Гэрч гэж дуудуулна гэдэг үнэхээр агуу завшаан билээ. Учир нь «Үеүдийн Хаан» Ехова: «Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм» хэмээн айлджээ (1 Тим. 1:17; Ег. 3:15; Номлогчийн үгс 2:16-тай харьцуулна уу). Библи Судлаачид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон. Дараа нь олон хүн баярлаж талархсанаа илэрхийлэн захидал бичсэнийг «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтэлж байжээ. Канадын нэгэн хурлаас ирсэн захидалд «“Еховагийн Гэрчүүд” гэдэг нэртэй болсон тухай сайхан мэдээ сонсоод сэтгэл их хөдөлж, шинэ нэрийнхээ дагуу амьдрахаар бат шийдлээ» гэжээ.

4 Еховагийн Гэрч гэж дуудуулах завшаанаа үнэлж эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ? Ехова биднийг Гэрчээ гэж дууддагийн учрыг «Исаиа» номоос та тайлбарлаж чадах уу?

БУРХНЫ ЭРТНИЙ ГЭРЧҮҮД

5, 6. а) Израиль эцэг эхчүүд Еховагийн талаар хэрхэн гэрчилдэг байсан бэ? б) Ехова тэдэнд өөр ямар тушаал өгсөн бэ? Энэ нь өнөөгийн эцэг эхчүүдэд хамаатай гэхийн учир юу вэ?

5 Ехова израиль үндэстнийг гэрчээ болгон сонгожээ. Тийм болохоор израиль хүн бүр Бурхны талаар гэрчлэх үүрэгтэй байв (Ис. 43:10). Эцэг эхчүүд Еховаг хэрхэн гэрчилдэг байсан бэ? Бурхан эрт үед юу хийснийг хүүхдүүддээ заах ёстой байсан. Жишээ нь, Дээгүүр өнгөрөх баярын талаар хүүхдүүддээ заахыг Ехова эцэг эхчүүдэд тушаан «Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл» хэмээжээ (Ег. 12:26, 27). Цөлд очиж Еховаг шүтье гэсэн израильчуудын хүсэлтийг фараон хүлээж авалгүй «[Ехова] гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би [Еховаг] мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй» гэж хариулсныг эцэг эхчүүд үр хүүхдэдээ ярьж өгдөг байжээ (Ег. 5:2). Фараоны энэ асуултад Ехова хариулж Төгс хүчит Нэгэн гэдгээ бүх хүнд хэрхэн харуулсныг бас ярьдаг байв. Ехова Египетэд арван гамшиг учруулж, Улаан тэнгисийн дэргэд израильчуудыг Египетийн цэргүүдээс аварчээ. Еховаг жинхэнэ Бурхан бөгөөд амласнаа ямагт биелүүлдгийг израильчууд нүдээрээ үзсэн.

6 Израильчууд Еховаг гэрчлэхийг завшаан гэж үздэг байжээ. Тийм учраас Бурхан ямар гайхамшигтай үйлс бүтээснийг үр хүүхдэдээ төдийгүй зарц нь болсон харь үндэстний хүмүүст хэлж ярьдаг байсан нь эргэлзээгүй. Түүнчлэн израиль эцэг эхчүүд цэвэр ариун байхыг буюу Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахыг хүүхдүүддээ зааж сургах үүрэгтэй байлаа. Ехова: «Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой» хэмээжээ (Лев. 19:2; Д.хууль 6:6, 7). Тэд өнөөгийн эцэг эхчүүдэд дууриавал зохих сайхан жишээ үлдээсэн. Бурхны агуу нэрийг алдаршуулж амьдрахыг эцэг эхчүүд үр хүүхдэдээ зааж сургах учиртай! (Сургаалт үгс 1:8; Ефес 6:4-ийг уншина уу).

Үр хүүхдэдээ Еховагийн тухай хэлж ярьдаг бол нэрийг нь алдаршуулна (5, 6-р догол мөрийг үзнэ үү)

7. а) Израильчуудыг Еховад дуулгавартай байх үед эргэн тойрных нь үндэстнүүд яадаг байсан бэ? б) Ехова Бурхныг төлөөлдөг хүн бүр яах ёстой вэ?

7 Израильчуудыг дуулгавартай байх үед Бурхан ивээж, хамгаалдаг байв. Эргэн тойрных нь үндэстнүүд үүнийг хараад айдаг байжээ (Д.хууль 28:10). Гэвч түүхийг нь үзвэл израильчууд их төлөв дуулгаваргүй загнаж, хүний бүтээсэн шүтээнийг тахин шүтдэг болсон нь харамсалтай. Ийм явдал олон удаа давтагджээ. Түүгээр ч зогсохгүй, канаанчуудын бурхад шиг харгис хэрцгий болж, хүүхдээрээ тахил өргөж, ядуусыг дарлан мөлждөг байв. Энэ түүх бидэнд сургамжтай. Хамгийн Ариун Нэгнийг төлөөлдөг бид үргэлж цэвэр ариун амьдрах учиртай.

«ҮЗЭГТҮН, БИ ШИНЭ ЗҮЙЛ ХИЙНЭ»

8. Ехова Исаиад ямар даалгавар өгсөн бэ? Исаиа яасан бэ?

8 Ехова Иерусалимыг устгаж, оршин суугчдыг нь өөр үндэстэнд олзлуулах гэж байгаагаа Исаиагаар хэлүүлжээ. Бас «шинэ зүйл» хийж, ард түмнээ гайхамшгаар чөлөөлөхөө зөгнөсөн (Ис. 43:19). «Исаиа» номын эхний зургаан бүлэгт Иерусалим болон эргэн тойрных нь хотууд сүйрэх тухай сэрэмжлүүлгийг голлон бичсэн байдаг. Ехова хүний зүрхийг нэвт шувт хардаг. Тийм болохоор ард түмэн нь сэрэмжлүүлгийг анхаарахгүй гэдгийг мэдэж байсан ч тэдэнд энэ тухай тунхагласаар байхыг тушаасан. Үүнийг сонсоод Исаиа ихэд цочирджээ. Тэгээд израильчууд гэмшихгүй хэр удахыг Бурхнаас асуудаг. Бурхан юу гэж хариулсан бэ? «Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ» гэжээ (Исаиа 6:8–11-ийг уншина уу).

9. а) Иерусалимын тухай Исаиагийн зөгнөл хэзээ биелсэн бэ? б) Өнөөдөр бид ямар сэрэмжлүүлгийг анхаарах ёстой вэ?

9 Исаиа сүйрлийн тухай сэрэмжлүүлэх даалгаврыг Уззиагийн засаглалын сүүлчийн жил буюу МЭӨ 778 оны үед авчээ. Тэгээд Хезекиагийн засаглалын үе буюу МЭӨ 732 оныг дуустал, дор хаяж 46 жил энэ даалгаврыг биелүүлсэн юм. Түүнээс хойших 125 жилийн хугацаанд ч Ехова зөнчдөөрөө дамжуулан ард түмэндээ сэрэмжлүүлсээр байсан бөгөөд МЭӨ 607 онд Иерусалим устгагдсан билээ. Ирээдүйд юу тохиолдохыг Бурхан ард түмэндээ их эртнээс сануулж байжээ. Өнөө үед ч Ехова ирээдүйд юу болохыг үйлчлэгчдээрээ хэлүүлсээр байна. Сатаны засаглал удахгүй устгагдаж, Есүс Христийн Мянган жилийн засаглал эхэлнэ гэдгийг «Харуулын цамхаг» сэтгүүл анхны дугаараасаа эхлэн 135 жилийн турш уншигчдад сануулж ирсэн (Илч. 20:1–3, 6).

10, 11. Вавилонд байсан израильчууд Исаиагийн ямар зөгнөл биелэхийг үзсэн бэ?

10 Вавилонд дагаар орсон дуулгавартай иудейчүүд Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давжээ (Иер. 27:11, 12). Түүнээс хойш 70 жилийн дараа Бурхны ард түмэн Исаиагийн бас нэг зөгнөл биелэхийг нүдээрээ үзсэн. Тэрбээр: «Израилийн ариун Нэгэн, та нарыг Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн, тэднийг ... буулгана [«дааман хаалгануудын бүх түгжээг мултална», ШЕ]”» гэжээ (Ис. 43:14).

11 Зөгнөсөн ёсоор, МЭӨ 539 оны 10 дугаар сарын нэгэн шөнө дэлхийг донсолгосон үйл явдал болсон юм. Вавилоны хааныг ноёд түшмэдийнхээ хамт Иерусалимын сүмийн ариун хундагаар дарс уун, бурхдаа магтаж байтал Корешоор удирдуулсан Меде Персийн цэргүүд Вавилоныг эзлэн авчээ. МЭӨ 538 юм уу 537 оны үед Кореш иудейчүүдийг нутагт нь буцааж, Бурхны сүмийг Иерусалимд сэргээн босгох зарлиг буулгасан. Ехова ард түмнээ Иерусалим руу буцах замд нь тэжээж, хамгаалсан. Энэ бүхэн Исаиагийн зөгнөсний дагуу болжээ. Бурхан тэднийг «Миний алдрыг тунхаглах» «Миний бий болгосон ард түмэн» гэсэн байдаг (Ис. 43:21; 44:26–28). Нэгэн цагт өөр үндэстэнд олзлогдсон энэ хүмүүс Иерусалим дахь Еховагийн сүмийг сэргээн босгосон юм. Еховаг амласнаа ямагт биелүүлдэг цорын ганц жинхэнэ Бурхан болохыг тэд нүдээрээ үзжээ.

12, 13. а) Сүмийг сэргээн босгох ажилд израильчуудаас гадна хэн оролцсон бэ? б) «Өөр хонинууд» ямар завшаан эдэлдэг вэ? Тэд юуг тэсэн ядан хүлээдэг вэ?

12 Сүмийг сэргээн босгохоор буцаж ирсэн израильчуудтай хамт өөр үндэстний олон мянган хүн Еховаг шүтэх болжээ. Хожим нь бүр ч олон хүн жинхэнэ шүтлэгт нэгдсэн (Езр. 2:58, 64, 65; Ест. 8:17). Орчин үед «өөр хонинуудын» нэг хэсэг болох «үй олон хүн» «Бурханы Израилийг» бүрдүүлдэг тослогдсон христиануудтай хамт Еховаг шүтэж байна (Илч. 7:9, 10; Иох. 10:16, ШГ; Гал. 6:16). Тослогдогсод болон өөр хонинуудын аль аль нь Еховагийн Гэрчүүд хэмээн дуудуулах хүндтэй завшаан эдэлдэг.

13 Христийн Мянган жилийн засаглалын үед үй олон хүн үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баяслаар цалгина. Тэд Сатаны ертөнцийн эцсийн өдрүүдэд Еховагийн Гэрч байх ямар байсныг амилсан хүмүүст ярина. Тэр сайхан цагийг үзье гэвэл одоо цэвэр ариун амьдрахыг хичээх учиртай. Бид Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг ч өдөр бүр алдаа гаргадаг. Тиймд Еховагаас өдөр бүр уучлалт гуйх хэрэгтэй. Цэвэр ариун амьдарсаар байвал Еховаг төлөөлөх завшаанаа эрхэмлэдэг гэсэн үг (1 Иохан 1:8, 9-ийг уншина уу).

БУРХНЫ НЭРИЙН УТГА

14. Ехова гэдэг нэр ямар утгатай вэ?

14 Еховагийн Гэрч гэж дуудуулах завшаанаа улам их үнэлж эрхэмлэе гэвэл Ехова гэдэг нэрийн утгыг сайн мэдэх хэрэгтэй. Еврей хэлний үйл үгнээс гаралтай энэ нэрийг «болох» гэж орчуулж болдог. Тэгэхлээр Ехова гэдэг нэрийг «Тэр болгодог» гэсэн утгатай хэмээн ойлгох нь зүйтэй. Бүхнийг Бүтээгч, санаа зорилгоо Биелүүлэгч Еховад энэ нэр яг тохирдог. Хүсэл таалал, санаа зорилгоо биелүүлэхэд нь хэн ч, юу ч, тэр битгий хэл Сатан ч саад болж чадахгүй.

15. Мосед хэлсэн үгнээс нь Еховагийн нэрийн талаар юу мэдэж болох вэ? ( «Гүнзгий утгатай нэр» гэсэн хавсралтыг үзнэ үү).

15 Ехова нэрийнхээ утгыг Мосед илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Ард түмнээ Египетээс удирдан гаргуулахаар Мосег илгээхдээ «Би юу л болмоор байна, тийм болно» гэжээ. Тэгээд «“Би болно” намайг та нар луу илгээв гэж израильчуудад хэл» хэмээн тушаажээ (Ег. 3:14, ШЕ). Тэгэхлээр Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч үед, юу ч болж чаддаг ажээ. Боол байсан израильчуудын Аврагч, Хамгаалагч, Удирдагч, Тэжээгч нь болж хэрэгтэй бүхнээр нь хангасан.

ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭХ НЬ

16, 17. а) Бурхны нэрээр дуудуулах завшаанаа үнэлж эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

16 Өнөө үед ч Ехова биднийг амьд явахад хэрэгтэй, бат итгэлтэй байхад шаардлагатай бүхнээр ханган нэрийнхээ утгыг баталж байна. Нэрийнх нь утгаас Бурхны талаар өөр нэг зүйлийг мэдэж болно. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд бүтээлээ юу болгохыг хүснэ, тийм болгож чаддаг. Жишээлбэл, Гэрчүүдээрээ дэлгэрүүлэх ажил хийлгэдэг. Үүнийг эргэцүүлэн боддог бол нэрийнх нь утгын дагуу амьдрах хүсэл бадарна. Норвегид 70 жил идэвхтэй үйлчилж буй 84 настай Коорэ: «Мөнхийн Хаан Еховад үйлчилж, ариун нэрээр нь дуудуулдаг хүмүүсийн тоонд багтдагаа нэр төрийн хэрэг гэж боддог. Библийн үнэнийг ярьж тайлбарлахад хүмүүс ойлгоод, баярласандаа нүд нь гэрэлтэж байгааг харах шиг сайхан юм байхгүй. Жишээ нь, Христийн золиос гэж юу болох, үүний ачаар амар тайван, зөв шударга байдал ноёлох шинэ ертөнцөд хэрхэн мөнх амьдрахыг заахлаар жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун болдог» хэмээн ярьсан юм.

17 Бурхныг мэдэх хүсэлтэй хүмүүсийг олох нь зарим газар улам бүр амаргүй болж байна. Гэхдээ та сайн мэдээнд нааштай ханддаг хүн олоод, Еховагийн нэрийг заахлаараа Коорэ шиг баярладаг биз дээ? Тэгвэл Еховаг гэрчлэхийн зэрэгцээ Есүсийг гэрчлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Энэ асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ.