Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг —Микронезид

Тэд сайн дураараа үйлчилдэг —Микронезид

КЕТРИН Америкийн Нэгдсэн Улсад төрж өсөөд 16-тайдаа баптисм хүртэж Еховагийн Гэрч болжээ. Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог байсан ч тэдний нутагт Хаанчлалын тухай сайн мэдээг нааштай хүлээж авдаг хүн тун ховор байлаа. Үнэнийг мэдүүлж өгөх хүн явуулаач гэж Бурханд залбирсан хүмүүсийн тухай уншаад тийм хүнийг олох юмсан гэж Кетрин боддог байжээ. Гэвч нэг ч удаа таарч байсангүй.

Кетрин нутагтаа дэлгэрүүлээд хэдэн жил өнгөрсний дараа, хүмүүс нь сайн мэдээнд илүү нааштай ханддаг газар нүүж очих тухай бодох болов. Гэхдээ чадах болов уу гэж айж байлаа. Кетрин амьдралдаа ганцхан удаа, ердөө хоёр 7 хоногийн хугацаагаар гэрээсээ хол явж үзжээ. Тэр үед гэрээ өдөр бүр санадаг байсан гэнэ. Гэлээ ч Еховаг хайдаг хүмүүст туслахын баяр хөөрийг эдлэх юмсан гэсэн чин хүсэл нь тэр айдсыг ялжээ. Очиж болох хэдэн газрыг бодож үзээд Гуам дахь салбарт захидал бичив. Хэрэгтэй мэдээллээ ч хүлээж авлаа. Ингээд 2007 оны 7 дугаар сард Номхон далайн бүс нутагт байдаг Сайпан гэдэг арал руу 26 настайдаа нүүжээ. Гэрээс нь 10 000 километр зайтай орших энэ арал руу нүүж очоод ямар үр дүнд хүрсэн бол?

ЗАЛБИРЛЫН ХАРИУ

Кетрин шинэ хуралд ирээд удаагүй байхдаа 40 гаруй настай Дорис гэдэг эмэгтэйтэй таарч, Библийн хичээл заах болжээ. «Библийн сургаал» номын эхний гурван бүлгийг судалсны дараа нэг зүйлд санаа зовж эхлэв. Ийм сайн суралцагч надаас болоод хичээлээ хийхээ больчих вий гэж айжээ. Тэрбээр: «Библийн хичээл тогтмол зааж үзээгүй болохоор Дорисыг илүү туршлагатай, нас ойролцоо хүнд өгсөн нь дээр гэж бодсон» хэмээн ярив. Кетрин залбирч, суралцагчдаа тохирох багш олоход туслахыг Еховагаас гуйжээ. Тэгээд энэ тухайгаа Дорист хэлэхээр шийдэв.

Кетрин: «Намайг ам нээхээс өмнө Дорис өөртөө тулгарсан бэрхшээлийн талаар яримаар байгаагаа хэлсэн юм. Яриаг нь сонссоныхоо дараа надад бас адилхан бэрхшээл тулгарч байсныг, Ехова яаж тусалсныг ярилаа. Үүнийг сонсоод Дорис их баярласан» гэлээ. «Ехова надад туслуулахаар чамайг явуулжээ. Чамайг анх ирдэг тэр өдөр би Библиэ уншаад нэлээд хэдэн цаг болчихсон байсан юм. Библийг ойлгуулж өгөх хүн явуулаач гэж Бурхнаас гуйгаад уйлаад сууж байтал чи манай хаалгыг тогшсон. Чи бол миний залбирлын хариу!» гэж Дорис Кетринд хэлэх нь тэр. Сэтгэл хөдөлгөм энэ агшинг дурсах бүрдээ Кетрин нулимс унагадаг ажээ. Тэрбээр: «Дорисын хэлсэн үг миний залбирлын хариу байсан. Намайг хичээлээ үргэлжлүүлэн зааж чадна гэдгийг Ехова ингэж мэдүүлж өгсөн» хэмээн ярив.

Дорис 2010 онд баптисм хүртжээ. Одоо хэд хэдэн хүнтэй Библийн хичээл хийж байна. Кетрин: «Чин сэтгэлтэй хүнд Еховагийн үйлчлэгч болоход нь туслах юмсан гэж олон жил мөрөөдсөн. Хүсэл минь биелсэнд би маш их баяртай байдаг» гэлээ. Кетрин одоо Номхон далайн Косраэ арал дээр тусгай эхлэгчээр баяр хөөртэй үйлчилж байна.

БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ НЬ

Орон орноос ирсэн, 19–79 насны 100 гаруй Гэрч Микронезийн бүс нутагт дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилж байна. Тэд ямар сэтгэгдэлтэй явдгийг Эрикагийн үг тод томруун харуулдаг. 2006 онд 19 настайдаа Гуамд нүүж очсон тэрбээр: «Хүмүүс нь үнэнээр цангаж байдаг газар дэлгэрүүлэх ч гоё шүү! Ийм газар үйлчлэх боломж олгосон Еховадаа маш их талархаж байна. Би амьдралын хамгийн сайн замыг сонгосон» гэжээ. Одоо Эрика Маршаллын арлуудын Ибай гэдэг арал дээр тусгай эхлэгчээр баяр хөөртэй үйлчилж байна. Гадаадад үйлчлэхэд хэцүү юм ч бий. Юу хэцүү байдгийг үзье. Бас Микронезид нүүж очсон хүмүүс бэрхшээлээ хэрхэн давсныг сонирхъё.

(Баруун) Эрика

Шинэ амьдралд дасах нь. 2007 онд Саймон 22-тойдоо Англиас Палау аралд нүүж очжээ. Энд авдаг цалин нутагтаа ажиллаад авдаг цалингийн хаана нь ч хүрэхгүйг шууд ойлгожээ. «Би өмнө нь хүссэн болгоноо худалдаж авдаг байсан. Харин энд ирээд яг хэрэгтэй юмаа л авч сурсан. Юу авахаа сайн боддог болсон. Аль дэлгүүрээс авбал хамгийн ашигтайг харьцуулж үздэг. Юм эвдэрлээ гэхэд хаяхын оронд засуулахыг боддог» гэж ярьсан юм. Эгэл бор амьдралаас юу сурсан тухайгаа Саймон: «Хүнд юу зайлшгүй хэрэгтэйг мэдэж авсан. Бага мөнгөөр амьдарч сурсан. Ехова санаа тавьдгийг би олон удаа үзсэн. Энд үйлчилсэн долоон жилийн хугацаанд идэх хоолгүй, хонох газаргүй байж үзээгүй» гэлээ. Хаанчлалын төлөө энгийн амьдардаг хүмүүсийг Ехова хэрэгтэй бүхнээр нь хангадаг ажээ (Мат. 6:32, 33).

Гэрээ санах нь. Эрика: «Би гэрийнхэнтэйгээ их дотно болохоор тэднийгээ санаад дэлгэрүүлэх ажлаа хийж чадахгүй байх вий гэхээс санаа зовж байсан» хэмээн ярилаа. Өөрийгөө хэрхэн бэлдсэн бол? «Гэрээ санахын зовлонг давах тухай бичсэн өгүүллүүдийг нүүхээсээ өмнө “Харуулын цамхаг” сэтгүүлээс уншсан. Сэтгэл зүйн бэлтгэлтэй болоход үнэхээр тустай байсан. Нэг өгүүлэлд, ээж нь охиндоо “Ехова чамд надаас илүү санаа тавина” гэж зоригжуулсан тухай бичсэн байсан. Тэр үг надад их тус болсон» гэж Эрика ярьсан юм. Ханна болон түүний нөхөр Патрик Маршаллын арлуудын Мажуро гэдэг газар үйлчилдэг. Ханна хурлынхаа ах дүүст анхаарлаа хандуулдаг учир гэрээ санахын зовлонгоо мартдаг гэнэ. Тэрбээр: «Ехова бидэнд ийм олон ах дүү өгсөнд үргэлж баярлаж явдаг. Яагаад гэвэл тэд бас миний гэр бүл. Тэд маань санаа тавьдаггүй бол би дэлгэрүүлэгч хэрэгтэй газар хэзээ ч үйлчилж чадахгүй байх байсан» гэж ярив.

(Зүүн) Саймон

Ганцаардах нь. «Гадаадад очихлоор бараг бүх юм өөр байдаг» гэж Саймон ярьсан юм. Тэрбээр: «Онигоо яриад хүмүүсийг инээлгэдэг байсан үеэ заримдаа үгүйлдэг» гэлээ. Эрика: «Эхэндээ би их ганцаарддаг байлаа. Гэхдээ тийм үед ямар зорилгоор нүүж ирснээ боддог байсан. Өөрийнхөө төлөө биш, Еховагийн төлөө илүү ихийг хийх гэж ирсэн шүү дээ» гээд цааш нь «Яваандаа би олон сайхан найзтай болсон. Би тэдэндээ хайртай» гэж ярьсан юм. Саймон палау хэл сурах гэж их хичээжээ. Үүнийхээ ачаар «өргөнөөр нээлттэй» болж тэндхийн ах дүүстэйгээ дотноссон байна (2 Кор. 6:13). Хэлийг нь сурах гэж хичээж байгаа түүнийг итгэл нэгтнүүд нь их хайрладаг болжээ. Шинээр очсон хүмүүс болон нутгийн ах дүүс мөр зэрэгцэн үйлчлээд бие биетэйгээ нөхөрлөхийн баяр хөөр амсдаг. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар сайн дураараа үйлчлэхээр очсон хүмүүс өөр ямар ивээл хүртдэг вэ?

«ӨГӨӨМРӨӨР ХУРААНА»

Элч Паул: «Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана» хэмээн бичсэн байдаг (2 Кор. 9:6). Энэ зарчим үйлчлэлээ өргөжүүлдэг хүмүүст онцгой хамаатай. Микронезид үйлчилж байгаа итгэл нэгтнүүд маань юуг «өгөөмрөөр хураадаг» вэ?

Патрик Ханна хоёр

Хүмүүстэй Библийн хичээл эхэлж, тэдний сүнслэгээр өсөж байгааг харах боломж Микронезид их байдаг.Патрик Ханна хоёр 320 хүн оршин суудаг Ангаур гэдэг бяцхан аралд очиж дэлгэрүүлжээ. Хоёр сар дэлгэрүүлсний дараа өрх толгойлсон нэг эмэгтэйтэй таарсан аж. Тэр эмэгтэй шууд л Библийн хичээл хийхээр болов. Үнэнийг шимтэн судалсаар амьдралаа эрс өөрчилжээ. Ханна: «Хичээлээ дуусгаад дугуйгаар харих болгондоо Патрик бид хоёр бие бие рүүгээ инээмсэглээд “Баярлалаа, Ехова!” гэдэг байсан» гэж дурсав. «Ехова энэ эмэгтэйг хэн нэгнээр дамжуулан татах байсан нь тодорхой. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүж ирсэн болохоор л биднийг Ехова ийм сайн хүнтэй уулзуулж, үнэнийг мэдүүлэх боломж олгосон. Энэ бол бид хоёрын хүртсэн нэг том ивээл!» хэмээн үргэлжлүүлэн ярилаа. Эрика: «Еховаг мэдэхэд нь хүмүүст туслахлаар үгээр хэлэхийн аргагүй баяр хөөр эдэлдэг!» гэв.

ТА ХЭРЭГЦЭЭТЭЙ ГАЗАР ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар олон байна. Та тийм газар очиж үйлчлэх боломжтой юу? Хаанчлалын төлөө илүү ихийг хийх хүслийг минь оргилуулж өгөөч гэж Еховагаас гуйгаарай. Энэ талаар хурлынхаа ахлагчид болон дүүргийн харгалзагчтай ярилцаарай. Эсвэл дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилж үзсэн хүмүүсээс зөвлөгөө аваарай. Та нэгэнт төлөвлөж эхэлсэн бол тухайн газрыг хариуцдаг салбарт захидал бичиж, хэрэгтэй мэдээллээ аваарай. * Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар сайн дураараа үйлчилж, «өгөөмрөөр хураахын» баяр жаргалыг эдэлж буй хөгшин залуу, ганц бие, гэр бүлтэй олон мянган христианы эгнээнд нэгдэж болохгүй нь юу билээ?

^ 2011 оны 8-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 6-р хуудсанд «Та “Македонид” очиж чадах уу?» гэсэн өгүүлэл нийтэлсэн (англи).