Skip to content

Гарчиг руу орох

Дэлгэрүүлэхдээ Алтан дүрмийг баримталцгаая

Дэлгэрүүлэхдээ Алтан дүрмийг баримталцгаая

«Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» (МАТ. 7:12).

1. Дэлгэрүүлж явахдаа хүмүүст хэрхэн хандах нь хэр чухал бэ? Тайлбарлана уу (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

 ФИЖИД амьдардаг гэр бүлийн хоёр Христийн нас барсныг дурсах цуглааны урилга тараах аянд оролцож явжээ. Нэг эмэгтэйтэй гэрийнх нь гадаа ярьж зогстол бороо орж эхлэх нь тэр. Мөнөөх хоёр тэр эмэгтэйд нэг шүхрээ өгөөд нөгөөгөө дундаа барьжээ. Үүнд сэтгэл нь хөдөлсөн эмэгтэй Дурсах цуглаанд очихоор шийдсэн байна. Гэрчүүд ирээд юу ярьсныг бараг санадаггүй ч сайхан сэтгэл гаргасныг нь мартдаггүй гэж тэрбээр хожим нь дурсжээ. Эхнэр нөхөр хоёр Алтан дүрэм гэгддэг зарчмыг баримталсан учир ийм сайхан үр дүнд хүрсэн аж.

2. Алтан дүрэм гэж юу вэ? Хэрхэн дагах вэ?

2 Алтан дүрэм гэж юу вэ? Энэ бол Есүсийн өгсөн заавар юм. Тэрбээр: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» хэмээн хэлжээ (Мат. 7:12). Энэ дүрмийг хэрхэн дагах вэ? Дараах хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, «Би энэ хүний оронд байсан бол надад хэрхэн хандаасай гэж хүсэх бол?» хэмээн өөрөөсөө асуугаарай. Хоёрдугаарт, нөгөө хүндээ тэгж хандахын тулд чадах бүхнээ хийгээрэй (1 Кор. 10:24).

3, 4. а) Зөвхөн итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа л Алтан дүрмийг баримтлах учиртай юу? Тайлбарлана уу. б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Бид итгэл нэгтэнтэйгээ харьцахдаа Алтан дүрмийг баримталдаг. Гэхдээ зөвхөн тэдэнд хандахдаа л дагах ёстой гэж Есүс хэлээгүй. Ямар ч хүнтэй, тэр байтугай дайсантайгаа хэрхэн харьцахыг заахдаа Алтан дүрмийг хэлж өгсөн (Лук 6:27, 28, 31, 35-ыг уншина уу). Хэрэв дайсандаа хандахдаа энэ дүрмийг баримтлах ёстой юм бол дэлгэрүүлэхдээ баримтлах ёстой нь бүр ч ойлгомжтой. Учир нь олон хүн сайн мэдээг нааштай хүлээн авч, «мөнх амьтай» болно шүү дээ! (Үйлс 13:48).

4 Дэлгэрүүлэх ажилд оролцохдоо дараах асуултуудыг бодож явцгаая. «Би хэнд, хаана дэлгэрүүлж байгаа билээ? Хэзээ, яаж дэлгэрүүлэх ёстой билээ?». Эдгээр асуултыг авч үзвэл дэлгэрүүлж байгаа хүнээ бодож, уян хатан байна (1 Кор. 9:19–23).

ХЭНД ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙГАА БИЛЭЭ?

5. Өөрөөсөө юу гэж асуух вэ?

5 Бид хүн нэг бүрийг хүндэлж харьцдаг. Тэдний амьдрал ахуй, зовлон бэрхшээл харилцан адилгүй (Ш.дэд 6:29). Та дэлгэрүүлэхдээ өөрөөсөө «Би энэ хүний оронд байсан бол надад хэрхэн хандаасай гэж хүсэх бол? Намайг танихгүй байж өөрийнхөөрөө дүгнээд, шүүмжлээд байвал надад сайхан санагдах уу? Эсвэл намайг таньж мэдээсэй гэж хүсэх үү?» хэмээн асуугаарай. Эдгээр асуултыг бодож үзвэл тухайн хүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлж харьцана.

6, 7. Уурлаж бухимдсан хүнтэй таарвал яах хэрэгтэй вэ?

6 Библид «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй ... байг» гэсэн байдаг. Бид энэ зөвлөгөөг дагах гэж чадлаараа хичээдэг (Кол. 4:6). Гэхдээ төгс бус учир хожим амаа барих юм заримдаа хэлчихдэг (Иак. 3:2). Сэтгэл санаа тавгүй үед хэн нэгэнтэй таагүй харьцлаа гэхэд намайг ойлгоосой, угийн бүдүүлэг, хувиа хичээсэн хүн гэж битгий дүгнээсэй гэж хүсдэг. Бидэнтэй бүдүүлэг харьцсан хүмүүс ч ингэж бодож байж болох юм. Хэн ч өөрийнхөө талаар бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэггүй шүү дээ.

7 Уурлаж бухимдсан хүнтэй таарвал ямар бүдүүлэг хүн бэ гэж бодохын оронд яагаад ингэснийг нь ойлгохыг хичээж болохгүй нь юу билээ? Ажил, сургууль дээрээ дарамттай байдаг юм болов уу? Эсвэл хүнд өвчин туссан юм болов уу? Анх уулзахад ширүүн авирлаж байсан хүмүүс Гэрчүүдийн эелдэг, хүндэтгэлтэй харьцахыг хараад зөөлөрч, сайн мэдээг нааштай хүлээж авах нь олонтаа (Сур. 15:1; 1 Петр 3:15).

8. Хаанчлалын тухай мэдээг хүн болгонд дэлгэрүүлэх ёстойн учир юу вэ?

8 Бид янз бүрийн хүнд дэлгэрүүлдэг. Сүүлийн хэдэн жилийн дотор «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библи хүнийг өөрчилдөг» гэдэг буланд 60 гаруй Гэрчийн намтар нийтлэгдсэн. Тэдний дунд хулгайч, архичин, дээрмийн бүлгийн гишүүн, хар тамхинд донтогсод байсан. Улс төрчид, шашны удирдагчид, өндөр албан тушаалын хойноос улайран хөөцөлддөг хүмүүс ч байв. Зарим нь завхай явдалтай байжээ. Гэхдээ тэд бүгдээрээ Библи судалж амьдралаа өөрчлөн Гэрч болцгоосон. Тиймээс бид хүнийг гаднаас нь хараад Хаанчлалын сайн мэдээг хэзээ ч хүлээж авахгүй юм байна гэж дүгнэх ёсгүй (1 Коринт 6:9–11-ийг уншина уу). Ямар ч хүн үнэний зам дээр гарч зогсох боломжтой (1 Кор. 9:22).

ХААНА ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙГАА БИЛЭЭ?

9. Бусдын өмч хөрөнгөнд хандахдаа эзнийг нь хүндлэх ёстойн учир юу вэ?

9 Бид хүмүүстэй хаана уулздаг билээ? Ихэнхдээ гэрт нь очиж дэлгэрүүлдэг (Мат. 10:11–13). Ер нь, хүмүүс өмч хөрөнгөнд маань хандахдаа биднийг хүндэлбэл таатай санагддаг. Бид гэр орондоо тайван амгалан, аюулгүй аж төрөхийг хүсдэг. Бусад хүн ч мөн ялгаагүй. Тиймээс дэлгэрүүлэгч бид бусдын гэр орон, хувийн өмчид хандахдаа эзнийг нь хүндлэх ёстой (Үйлс 5:42).

10. Дэлгэрүүлж явахдаа бусдын дургүйг хүргэхээс хэрхэн зайлсхийх вэ?

10 Гэмт хэрэг хаа сайгүй гарах болсон өнөө үед хүмүүс таньж мэдэхгүй хүнээс болгоомжилдог (2 Тим. 3:1–5). Тиймээс бид айлаар дэлгэрүүлэхдээ хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх хэрэгтэй. Жишээ нь, айлын хаалга тогшлоо гэж бодъё. Хаалга тайлж өгөхгүй бол дурангаар нь шагайх, хаалгыг нь чагнах зэргээр хүн байгаа эсэхийг мэдэх гэж оролдож болох юм. Тэгвэл айлын хүнд ямар санагдах бол? Хөрш нь харвал юу гэж бодох вэ? Бид аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийг хүсдэг нь зүйн хэрэг (Үйлс 10:42). Бурхны тухай мэдүүлэхийг маш их хүсээд сайхан сэтгэл өвөрлөн яваа (Ром 1:14, 15). Гэхдээ бид бусдын дургүйг хүргэхээс зайлсхийж, ухаалаг байх учиртай. Элч Паул: «Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй» хэмээн бичсэн байдаг (2 Кор. 6:3). Биеэ зөв авч яван бусдын гэр орон, өмч хөрөнгөнд хандахдаа эзнийг нь хүндэлбэл тэд үнэнийг сонирхдог болж юуны магад (1 Петр 2:12-ыг уншина уу).

Бусдын гэр орон, өмч хөрөнгөнд хандахдаа эзнийг нь хүндэлдэг байя (10-р догол мөрийг үзнэ үү)

ХЭЗЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ БИЛЭЭ?

11. Хүмүүс цаг завыг маань харгалзан үзэхэд бид яагаад баярладаг вэ?

11 Христианууд бидний ихэнх нь завгүй байдаг. Бүх юмаа амжуулахын тулд цагийн хуваарь гаргаж, түүнийгээ ягштал мөрдөхийг хичээдэг (Еф. 5:16; Флп. 1:10). Ямар нэгэн юм төлөвлөж байтал гэнэт саад гарвал цухалдах нь бий. Ухаалаг байж цаг завыг маань харгалзан үздэг хүнд бид баярладаг. Тэгвэл бусдын цаг завыг бодолцоход Алтан дүрэм хэрхэн туслах вэ?

12. Айлаар дэлгэрүүлэхэд хамгийн тохиромжтой цагийг яаж мэдэх вэ?

12 Айлаар дэлгэрүүлэх хамгийн тохиромжтой цагийг мэдэх хэрэгтэй. «Хэсгийн маань хүмүүс хэдийд голдуу гэртээ байдаг вэ? Тэд ямар үед нааштай хүлээж авах бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд тэр үед нь очихын тулд цагийн хуваариа зохицуулаарай. Зарим улсад оройн цагаар айлаар дэлгэрүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Танай нутагт бас тийм бол тэр үеэр дэлгэрүүлэхээр хуваарь гаргаж болно шүү дээ (1 Коринт 10:24-ийг уншина уу). Хэсгийнхээ хүмүүсийн хамгийн тохиромжтой гэсэн цагт дэлгэрүүлэх гэж чадах бүхнээ хийдэг бол Ехова ивээх нь дамжиггүй.

13. Гэрийн эзнийг хүндэлж байгаагаа хэрхэн харуулах вэ?

13 Гэрийн эзнийг хүндэлж байгаагаа хэрхэн харуулах вэ? Нааштай хандсан хүнтэй таарвал сайтар гэрчлэх хэрэгтэй боловч хэтэрхий удаан ярьж болохгүй. Айлын хүн яг тэр цагаар ямар нэг чухал юм хийхээр төлөвлөсөн байж болох шүү дээ. Завгүй гэж хэлбэл удаан саатуулахгүй гэдгээ хэлээд, амласандаа хүрээрэй (Мат. 5:37). Ярианыхаа төгсгөлд хэзээ дахин уулзвал тохиромжтой болохыг асуугаарай. Зарим дэлгэрүүлэгч: «Ирэхээсээ өмнө утсаар ярих юм уу мессеж бичье» гэж хэлдэг. Хэсгийнхээ хүмүүсийг бодоод цагийн хуваариа гаргадаг бол «өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг» байсан Паулыг дууриаж байгаа хэрэг мөн (1 Кор. 10:33).

ХЭРХЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ БИЛЭЭ?

14-16. а) Ямар хэргээр яваагаа айлын хүнд тайлбарлах нь яагаад чухал бэ? Жишээ хэлнэ үү. б) Нэгэн явуулын харгалзагч ямар аргыг үр дүнтэй болохыг туршлагаасаа ойлгосон бэ?

14 Нэг өдөр танихгүй хүн тан руу утасдаад ямар хоолонд дуртай вэ гэж асуулаа гэж бодъё. «Энэ юун хүн бэ? Надаас юу хүсээд байгаа юм бол?» гэж бодогдох байх. Боловсон зан гаргаж тэр хүнтэй хэсэг зуур ярих байх л даа. Гэхдээ удаан ярихыг хүсэхгүй болов уу. Уг нь тэр хүн эхлээд өөрийгөө танилцуулж, чухал мэдээлэл өгөхөөр зөв зохистой хооллолтын газраас ярьж байгаагаа хэлсэн бол шал өөр хэрэг. Тэгвэл та анхааралтай сонсох биз ээ. Ер нь, шулуухан мөртлөө эелдэг харьцдаг хүнтэй ярих амар байдаг. Дэлгэрүүлэхдээ яаж ийм байх вэ?

15 Ямар хэргээр яваагаа айлын хүнд шууд хэлэх нь олон газар түгээмэл байдаг. Маш чухал мэдээ хүмүүст хүргэдэг маань үнэн. Гэхдээ өөрийгөө танилцуулаагүй хэрнээ шууд л «Та дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой байсан бол юу хийх байсан бэ?» гэж асууж байна гээд төсөөл дөө. Уг нь айлын хүний үзэл бодлыг мэдэж, тэр сэдвээр Библид үндэслэн ярилцах гэсэндээ ингэж асуусан. Гэвч тэр хүн: «Энэ юун хүн бэ? Яагаад ийм юм асуугаад байгаа юм бол? Ер нь юу болоод байгаа юм бэ?» гэж бодох биз ээ. Бидний зорилго бол айлын хүнийг айлгаж ичээлгүй халуун яриа өрнүүлэх явдал юм (Флп. 2:3, 4). Тэгвэл яаж энэ зорилгодоо хүрэх вэ?

16 Дараах арга үр дүнтэй болохыг нэгэн явуулын харгалзагч туршлагаасаа ойлгожээ. Юуны түрүүнд мэндлээд, «Бид өнөөдөр танай энэ хавийн хүмүүст үүнийг тарааж байгаа юм аа. Олон хүний сонирхдог зургаан асуулт энд бий» гэж хэлэн «Үнэнийг мэдмээр байна уу?» танилцуулгыг өгнө. Ирсэн зорилгыг маань сонсохлоороо ихэнх хүн тайвширдаг болохоор яриагаа үргэлжлүүлэхэд амар болдог ажээ. Дараа нь, «Та энэ асуултуудыг бодож байв уу?» гэж асуудаг байна. Аль нэг асуултыг сонговол энэ талаар Библид юу гэж бичсэн байдгийг танилцуулгаас үзүүлнэ. Хэрэв сонгохгүй бол айлын хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд өөрөө аль нэг асуултыг сонгоод яриагаа үргэлжлүүлдэг байна. Яриа өрнүүлэх олон янзын арга байдаг. Зарим нутагт мэнд усаа мэдэлцэлгүй шууд ярьж эхэлбэл соёлгүйд тооцогддог. Тухайн хэсгийн онцлогт тохируулан оршил үгээ өөрчлөх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэвэл хүмүүс бидний хүргэдэг мэдээг сонсохдоо дуртай байна.

ДЭЛГЭРҮҮЛЭХДЭЭ АЛТАН ДҮРМИЙГ БАРИМТАЛДАГ БАЙЦГААЯ

17. Дэлгэрүүлэхдээ Алтан дүрмийг хэрхэн баримтлах вэ?

17 Дэлгэрүүлэхдээ Алтан дүрмийг хэрхэн баримтлахыг энэ өгүүллээр үзлээ. Бид хүн нэг бүрийг хүндэлж харьцах хэрэгтэй. Бас биеэ зөв авч яван бусдын гэр орон, өмч хөрөнгөнд хандахдаа эзнийг нь хүндлэх учиртай. Хүмүүсийн хамгийн тохиромжтой гэсэн цагт дэлгэрүүлэх гэж чадах бүхнээ хийх нь чухал. Хэсгийнхээ онцлогт тохируулан оршил үгээ өөрчлөх нь ухаалаг юм.

18. Өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ бусдад хандах нь ямар ач тустай вэ?

18 Өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ бусдад хандах нь их ач тустай. Эелдэг байж хүмүүсийг боддог бол Библийн зарчмыг хэрэгжүүлдгээ харуулж тэнгэрийн Эцгээ алдаршуулна (Мат. 5:16). Хүмүүсийг хүндэлж харьцдаг бол олон хүн үнэнийг мэдэхийг хүсэх байх (1 Тим. 4:16). Бидний хүргэдэг Хаанчлалын мэдээг хүмүүс хүлээж авах ч бай, үгүй ч бай, бид «үйлчлэлээ гүйцээж» байгаа гэдгээ мэдээд сэтгэл хангалуун байдаг (2 Тим. 4:5). «Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмыг хийдэг» гэж бичсэн Паулыг дууриацгаая (1 Кор. 9:23). Дэлгэрүүлэх ажилдаа Алтан дүрмийг үргэлж баримталцгаая.