«Ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй ... байгтун»!
«Ах дүү нар аа, ... бид та нараас гуйж байна. ... Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй ... байгтун» (2 ТЕС. 2:1, 2).
1, 2. Хууран мэхлэх явдал газар авсны учир юу вэ? Еховагийн Гэрчүүдийн талаар буруу ташаа мэдээ хэрхэн тардаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
ӨНӨӨГИЙН нийгэмд бусдыг хуурч мэхлэх, луйвардах явдал газар авчээ. Энэ нь ч гайхаад байх зүйл биш юм. Сатан Диаволыг Библид гарамгай мэхлэгч, энэ ертөнцийн захирагч гэж тодорхой бичсэн байдаг (1 Тим. 2:14; 1 Иох. 5:19). Ёс бус тогтолцооны төгсгөл ойртож, «өөрт нь богинохон хугацаа» үлдсэн тул Сатан улам ихээр уурлан хорсож байна (Илч. 12:12). Тиймээс Диаволын гар хөл бологчид илүү олон хүнийг, ялангуяа Еховагийн үйлчлэгчдийг хуурч мэхлэх гэж оролдох нь гарцаагүй.
2 Сонины тэргүүн өгүүлэл, телевизийн нэвтрүүлэг, Интернетийн Вэб хуудас гээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Еховагийн үйлчлэгчид болон тэдний итгэл үнэмшлийн талаар буруу ташаа, тэр байтугай ор үндэсгүй худал мэдээ цацах нь бий. Зарим хүн ийм юманд шууд итгээд уурлах, зэвүүцэх зэргээр сэтгэл санаа нь тавгүйтдэг.
3. Яавал мэхлэгдэхгүй вэ?
3 Сатаны заль мэхэнд унахгүй байхад тус болох багаж өгсөнд нь Еховад талархаад баршгүй. Библи хэмээх энэ багаж нь «залруулахад ... тустай» (2 Тим. 3:16). Нэгдүгээр зууны Тесалоникийн христиануудад бичсэн элч Паулын захидлаас үзэхэд зарим христиан худал хуурмаг зүйлд итгэж үнэмшсэн аж. Паул тэдэнд «Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй ... байгтун» хэмээн хайрын үүднээс зөвлөжээ (2 Тес. 2:1, 2). Эндээс бид юу ойлгох хэрэгтэй вэ? Паулын зөвлөгөөг хэрхэн ажил хэрэг болгох вэ?
ЦАГАА ОЛСОН СЭРЭМЖЛҮҮЛЭГ
4. Еховагийн өдрийн талаар Паул Тесалоникийн христиануудад ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Бид яавал сэрэмжтэй байх вэ?
4 Паул Тесалоник дахь хуралд бичсэн эхний захидалдаа Еховагийн өдрийн тухай сэрэмжлүүлжээ. Тэрбээр христиан ах дүүсээ «харанхуй дотор» бүү байгаасай, бэлтгэлээ сайн базаагаасай гэж хүсдэг байв. Тийм ч учраас тэднийг «гэрлийн хөвгүүд» гээд, «Сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» хэмээн уриалжээ (1 Тесалоник 5:1–6-г уншина уу). Эдүгээ бид хуурамч шашны ертөнц буюу Агуу их Вавилон устгагдах цагийг хүлээж байна. Энэ үйл явдал Еховагийн агуу өдөр эхэлсний тэмдэг байх юм. Ехова санаа зорилгоо хэрхэн хэрэгжүүлэхийг бид мэддэг. Бас сэргэг байхад тустай, цагаа олсон сануулгыг хурлаар дамжуулан тогтмол авдаг. Дахин дахин өгдөг эдгээр сэрэмжлүүлгийг анхаарвал Бурхандаа тууштай үйлчилж, «ухаан бодлоороо ... ганхаж дайвахгүй» (2 Тес. 2:2).
5, 6. а) Паул Тесалоникийн христиануудад илгээсэн хоёр дахь захидалдаа юун тухай бичсэн бэ? б) Есүс удахгүй юу хийх вэ? Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
5 Паул Тесалоникийн христиануудад эхний захидлаа илгээгээд удаагүй байхдаа хоёр дахь захидлаа бичжээ. Эзэн Есүс Еховагийн шүүх ажиллагааг явуулахаар ирж, «Бурханыг мэддэггүй ба ... сайн мэдээг дагадаггүй хүмүүсийг» устгах үед болох гай гамшгийн тухай уг захидалд онцлон тэмдэглэжээ (2 Тес. 1:6–8). Хурлын зарим гишүүн «Эзэний өдөр ирчихлээ» хэмээн итгээд «үймүүлэгдсэнийг» захидлынхаа хоёрдугаар бүлэгт бичсэн байна (2 Тесалоник 2:1, 2-ыг уншина уу). Ехова санаа зорилгоо хэрхэн хэрэгжүүлэхийг эртний христианууд тодорхой мэддэггүй байсан. Паул хүртэл зөгнөлийн талаар «Бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс юм нь ирэх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно» гэж бичжээ (1 Кор. 13:9, 10). Гэлээ ч христианууд Паул, Петр болон тухайн үеийн үнэнч ах дүүсийнхээ бичсэн Бурхны сэрэмжлүүлгийг анхаарсан учир итгэл үнэмшлээсээ няцаагүй юм.
6 Паул тэдний буруу бодлыг засахын тулд Еховагийн өдрөөс өмнө тэрс явдал гарч, «ёс бусын хүн» бий болохыг Бурхны ариун сүнсээр удирдуулан бичсэн. * Дараа нь товлосон цаг болоход Эзэн Есүс хууран мэхлэгч бүхний «төгсгөлийг нь авчирна». Тэд «үнэний хайрыг хүлээн аваагүй» учраас шийтгэл хүртэх болсныг Паул тайлбарлажээ (2 Тес. 2:3, 8–10). Тиймээс дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би үнэнийг хэр зэрэг эрхэмлэдэг вэ? Дэлхий дахинд буй Бурхны үйлчлэгчдэд зориулан гаргадаг „Харуулын цамхаг“ сэтгүүл болон бусад ном хэвлэлд нийтлэгдсэн Библийн сургаалын талаарх шинэ тайлбарыг судалж, цаг үеэсээ хоцролгүй явдаг уу?».
НАЙЗ НӨХРӨӨ ЗӨВ СОНГО
7, 8. а) Эртний христиануудад ямар аюул учирч байсан бэ? б) Өнөөдөр жинхэнэ христианууд ямар онцгой аюулаас зайлсхийх хэрэгтэй вэ?
7 Христиануудад тулгарч болзошгүй аюул нь зөвхөн тэрслэгчид болон тэдний сургаал биш гэдэг нь мэдээжийн хэрэг. Паул Тимотод «Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс» гээд цааш нь «Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» гэж бичсэн байдаг (1 Тим. 6:10). «Махан биеийн үйлс» ч бас нэг аюул юм (Гал. 5:19–21).
8 Гэхдээ Паул Тесалоникийн христиануудыг тэрслэгчдийн аюулаас онцлон сэрэмжлүүлсэн нь ямар учиртайг та ойлгож байгаа биз ээ. Тэрбээр тэрслэгчдийг «хуурамч элч нар» гэж нэрлэсэн. Тийм хүмүүс «гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татдаг» байжээ (2 Кор. 11:4, 13; Үйлс 20:30). Ефес хотын христианууд «муу хүмүүсийг тэсвэрлэж» чадаагүйнхээ төлөө Есүсээс магтаал хүртсэн байдаг. Тэд хуурамч элч нар буюу үнэн чанартаа мэхлэгчдийг «шалгасан» аж (Илч. 2:2). Элч Паул Тесалоникийн хурлынханд явуулсан хоёр дахь захидалдаа «Ах дүү нар аа, ... эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг бидний Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна» гэж бичин, ямар хүнээс зайлсхийх хэрэгтэйг сануулсан. Сонирхолтой нь, энэ үгийг бичиж байхдаа ажил хийх хүсэлгүй христианы тухай бодож байжээ (2 Тес. 3:6, 10). Ажилгүй, залхуу хүмүүсээс хол байх ёстой юм бол тэрслэгч болсон хүмүүсээс бүр ч хол байх ёстой биз дээ? Тэрслэгчтэй нөхөрлөх нь өнөөдөр ч туйлын аюултай. Бид тэднээс хол байх шаардлагатай (Сур. 13:20).
9. Хэн нэг хүн Библид тайлбарлаагүй зүйлийн талаар таамаг дэвшүүлэх юм уу ахлагчдын талаар муу хэлбэл яагаад болгоомжлох ёстой вэ?
9 Агуу их гай гамшгаар ёс бус тогтолцоо устгагдах цаг улам ойртож байгаа учир нэгдүгээр зуунд Бурхны өгсөн анхааруулга өнөөдөр онцгой ач холбогдолтой. «Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай» гэсэн зөвлөгөөг бид дагахыг хичээдэг. Эс тэгвээс тэнгэрт болон дэлхий дээр мөнх амьдрах найдвараа алдана (2 Кор. 6:1). Цуглаанд явдаг хүмүүсийн дотор Библид тайлбарлаагүй зүйлийн талаар таамаг дэвшүүлэх юм уу ахлагчдын талаар муу хэлдэг хүн байж магадгүй. Тийм хүнд уруу татагдахаас болгоомжлох хэрэгтэй (2 Тес. 3:13–15).
«УЛАМЖЛАЛУУДЫГ БАРИМТАЛ»
10. Тесалоникийн христиануудын баримтлах шаардлагатай байсан «уламжлалууд» гэж юу вэ?
10 «Бат зогсож», сурсан зүйлээ баримталж явахыг Паул Тесалоникийн ах дүүстээ уриалжээ (2 Тесалоник 2:15-ыг уншина уу). Тэдэнд заасан «уламжлалууд» гэдэг нь юу байсан бэ? Хуурамч шашны ёс заншил байгаагүй нь тодорхой. Харин Есүсээс хүлээж авсан болон ариун сүнсний удирдлагаар Паул нарын бичсэн сургаал байжээ. Паул Коринт дахь хурлын итгэл нэгтнүүдээ магтсан. Үүнийхээ учрыг тайлбарлан: «Та нар бүх зүйл дээр намайг санаж, та нарт би хэрхэн дамжуулж өгсөнчлөн тэдгээр уламжлалыг чанд сахидаг» гэжээ (1 Кор. 11:2). Ийм сургаал баттай эх сурвалжаас ирдэг учир найдвартай.
11. Христиан хүн хэрхэн мэхлэгддэг вэ?
11 Христиан хүн хэрхэн итгэл үнэмшлээсээ няцаж, Еховад үнэнч бус болдгийг Паул еврейчүүдэд бичсэн захидалдаа дурджээ (Еврей 2:1; 3:12-ыг уншина уу). Тэрбээр «урсаад явах», «салах» гэдэг үг хэрэглэсэн. Голын эргээс аяндаа урсаад явж байгаа завь эхлээд анзаарагдахгүй. Хөвөн хөвсөөр эргээс бүр холддог. Нөгөө талаар, хүн өөрөө завийг түлхэж эргээс холдуулж болно. Худал зүйлд үнэмшин, Бурхны тухай үнэнд итгэхээ больдог хүнд чухамдаа дээрх хоёр жишээний аль нэг нь тохиолддог.
12. Орчин үед сүнслэг байдалд маань юу аюул учруулдаг вэ?
12 Тесалоникийн зарим христиан тийнхүү мэхлэгдэж байсан бололтой. Орчин үед ийм аюул байдаг болов уу? Цаг барах зүйл өнөөдөр их болжээ. Жишээ нь, олон нийтийн сүлжээгээр харьцах, цахим шуудан унших, хариу бичих, дуртай юмаа хийх, спортын мэдээ үзэх зэрэгт хэр их цаг зарцуулдгаа бодоод үзээрэй. Эдгээрийн аль нь ч христиан хүний анхаарлыг сарниулж, идэвх зүтгэлийг нь сулруулдаг талтай. Үүнээс болоод чин сэтгэлээсээ залбирах, Библи судлах, цуглаанд явах, сайн мэдээ дэлгэрүүлэх цаг багасна. «Ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй» байхад юу туслах вэ?
«ГАНХАЖ ДАЙВАХГҮЙН» ТУЛД
13. Зөгнөсөн ёсоор, хүмүүс ямар болсон бэ? Бат итгэлтэй байхад юу тус болох вэ?
13 Ямар цаг үед амьдарч байгаагаа байнга санах нь амин чухал. Бас, одоо бол «эцсийн өдрүүд» гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүстэй нөхөрлөх нь аюултайг ухамсарлах ёстой. Энэ цаг үеийн талаар элч Петр: «Элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд „Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ“ хэмээнэ» гэж бичжээ (2 Петр 3:3, 4). Бурхны Үгийг өдөр бүр уншиж, тогтмол судалдаг бол «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагаа санана. Библид зөгнөсөн тэрс явдал олон зуун жилийн өмнө бий болж, өнөөг хүртэл байсаар байна. «Ёс бусын хүн» одоо ч байгаа бөгөөд Бурхны үйлчлэгчдийг эсэргүүцдэг. Энэ бүхнийг тооцож үзвэл, Еховагийн өдөр тун ойрхон байгааг үргэлж санан, сонор сэрэмжтэй байх нь юу юунаас илүү чухал болоод байна (Зеф. 1:7).
14. Бурханд үйлчлээд завгүй байвал ямар ач тустай вэ?
14 Сонор сэрэмжтэй байж, «ухаан бодлоороо ... ганхаж дайвахгүй» байх гол арга нь Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох явдал юм. Хурлын Тэргүүн Христ Есүс шавь бэлдэх, заасан бүхнийг нь хэлж дамжуулах тушаалыг дагалдагчдадаа өгсөн нь үнэн хэрэгтээ тэднийг хамгаалах гэснийх аж (Мат. 28:19, 20). Энэ тушаалыг биелүүлэхийн тулд бид дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох ёстой. Тесалоникийн христианууд дэлгэрүүлэх, заах ажлаа үүрэг төдий үзэж, хайнга хийдэг байсан болов уу? Паулын хэлснийг үзвэл тийм биш байсан. Паул тэдэнд «Сүнсийг [«сүнсний галыг», ШЕ] бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил» гэж зөвлөжээ (1 Тес. 5:19, 20). Бид үнэхээр гайхалтай «эш үзүүллэгийг» судалж, түүнийгээ хүмүүст хэлж өгдөг билээ!
15. Гэр бүлийн хичээлээрээ юунд бэлдэж болох вэ?
15 Бид сайн мэдээ дэлгэрүүлэх чадвараа сайжруулахыг хүсдэг. Ингэхийн тулд зарим итгэл нэгтэн маань Гэр бүлийн Библийн хичээлийнхээ хэдэн минутыг дэлгэрүүлэх ажилд бэлдэж дасгал сургууль хийхэд зориулдаг. Жишээ нь, сонирхсон хүнтэй давтан уулзахад бэлдэж болох юм. «Ямар сэдвээр яривал илүү ихийг мэдэх хүсэл тухайн хүнд төрөх бол? Хэзээ очсон нь дээр вэ?» гэх зэрэг асуултыг бодвол сайн. Түүнчлэн Гэр бүлийн хичээлийнхээ тодорхой хугацааг цуглаанд бэлдэхэд зориулдаг айл цөөнгүй бий. Танайх тэдний нэг үү? Цуглаанд оролцож хариулахын хэрээр итгэл бэхжиж, «ухаан бодлоороо ... ганхаж дайвахгүй» байх хүчтэй болдог (Дуу. 35:18). Тийм ээ, Библид тайлбарлаагүй зүйлийг өөрийнхөөрөө тааж бодохгүй, эргэлзэхгүй байхад гэр бүлийн хичээл тус болдог.
16. Тослогдсон христианууд юуны ачаар «ухаан бодлоороо ... ганхаж дайвахгүй» байх урам зоригтой болдог вэ?
16 Ехова ард түмнээ ивээж, Библийн зөгнөлийг улам тодорхой ойлгуулж ирснийг бодохлоор ямар гайхалтай шагнал өмнө маань байгааг ойлгож болно. Тослогдогсод тэнгэрт очиж, Христтэй хамт байх цагаа тэсэн ядан хүлээдэг. Үүнийхээ ачаар «ухаан бодлоороо ... ганхаж дайвахгүй» байх урам зоригтой болдог! Тесалоникийн христиануудад бичсэн Паулын үг тэдэнд бас хамаатай. Паул: «Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан ... сонгосон ажээ» гэж бичсэн байдаг (2 Тес. 2:13).
17. Та 2 Тесалоник 3:1–5-аас урам сэргээх ямар санаа олсон бэ?
17 Дэлхий дээр мөнх амьдрах цагаа тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс, тослогдогсдын нэгэн адил, «ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвахгүй» байхын төлөө хамаг чадлаараа хичээх учиртай. Та дэлхий дээр амьдрах найдвартай бол Тесалоник дахь тослогдсон итгэл нэгтнүүддээ бичсэн Паулын үгийг үргэлж санаж яваарай (2 Тесалоник 3:1–5-ыг уншина уу). Хайрын үүднээс ийм үг хэлсэнд нь бид бүгдээрээ талархах учиртай. Библид тайлбарлаагүй зүйлийг тааж бодох, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлд итгэхгүй байхад Тесалоникийн христиануудад бичсэн захидлууд тустай. Төгсгөл улам ойртсон энэ үед ийм чухал сэрэмжлүүлэг авдагтаа бид маш их талархдаг.
^ Үйлс 20:29, 30-д Паулын бичсэн сэрэмжлүүлэг байдаг. Тэнд «Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс» христиан хурал дотроос гарах тухай бичжээ. Яваандаа, удирдах үүрэг хүлээдэг хүмүүс болон хурлын гишүүдийн хооронд ялгаа зааг бий болсныг түүх баталдаг. «Ёс бусын хүн» бол христ шашны ертөнцийн удирдагчид гэдэг нь МЭ III зуун гэхэд тодорхой болсон («Харуулын цамхаг» сэтгүүлийн 1990 оны 2-р сарын 1-ний дугаарын 10–14-р хуудсыг үзнэ үү (англи)).