Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Филиппинд

Тэд сайн дураараа үйлчилдэг—Филиппинд

ГРЕГОРИО Марилу хоёр 10 шахам жилийн өмнө Манилад амьдарч байхдаа 30-аад настай байв. Өдөржин ажиллахын зэрэгцээ эхлэгчээр үйлчилнэ гэдэг гэр бүлийн хоёрт амаргүй ч амжуулаад л байдаг байж. Яваандаа эхнэр Марилу нь ажилладаг банкныхаа менежер болжээ. Тэрбээр: «Нөхөр бид хоёр боломжийн ажилтай учраас тансаг амьдардаг байсан» гэж ярив. Цалин мөнгө ихтэй болсон болохоор Манилагаас зүүн тийш 19 километрт байдаг нэг аятайхан газар, мөрөөдөж явсан байшингаа барихаар шийджээ. Тэгээд арван жилийн хугацаанд төлбөрөө сар сараар хийх болзолтойгоор барилгын гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан байна.

«ЕХОВАГИЙН ЮМНААС ХУМСЛААД БАЙХ ШИГ Л САНАГДСАН»

Марилу: «Шинэ ажил маань их цаг, хүч шаардаж байсан учраас Бурхны ажилд идэвх муутай оролцдог боллоо. Цаг заваа Еховад үйлчлэхийн төлөө зориулна гэж амлачихаад түүнийгээ биелүүлэхгүй болохоор Еховагийн юмнаас хумслаад байх шиг л санагдсан» гэлээ. Энэ байдалдаа санаа зовсон Грегорио Марилу хоёр юуны төлөө амьдарч байгаагаа нэг өдөр тухтай суугаад ярилцжээ. Грегорио: «Бид хоёр амьдралаа өөрчлөхийг хүссэн ч яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Яавал Еховад илүү их үйлчлэхээ ярилцав. Ялангуяа хүүхэдгүй болохоор энэ боломжоо бүрэн ашиглая гэж бодсон. Тэгээд удирдлага заавар гуйж Еховад залбирсан юм» гэв.

Тэр үед дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар очиж үйлчлэх талаар нэлээд хэдэн илтгэл сонсжээ. Грегорио: «Тэр илтгэлүүдийг сонсоод Ехова залбиралд маань хариулж байгааг ойлгосон» хэмээн ярив. Зориг гаргаж зөв шийдэхэд итгэл хэрэгтэй байв. Тиймд бат итгэлтэй болгож өгөхийг Еховагаас гуйжээ. Байшин баригдаад эхэлчихсэн нь нэг том саад байлаа. Гурван жилийн төлбөрөө аль хэдийн төлсөн аж. Тэд яасан бол? Марилу: «Гэрээгээ цуцалбал төлсөн бүх мөнгөө алдах байв. Овоо их мөнгө байсан. Гэвч бид Еховагийн хүслийг нэгдүгээрт тавих уу, өөрийнхөө хүслийг нэгдүгээрт тавих уу гэдгээ шийдэх боломж олдлоо гэж бодсон» гэлээ. Ололт амжилтаа «хог гэж үзсэн» элч Паулыг санаад байрны гэрээгээ цуцалж, ажлаасаа гараад, ихэнх эд хогшлоо зарж, Манилагаас өмнө зүгт 480 километрт байдаг Палаван арлын нэг бөглүү тосгонд нүүж очжээ (Флп. 3:8).

«НУУЦАД СУРАЛЦСАН»

Грегорио Марилу хоёр нүүхээсээ өмнө энгийн даруухан амьдарч сурахыг хичээсэн ч шинэ газар амьдрал ямар байхыг очиж үзээд л мэджээ. «Үнэхээр гайхсан. Гэрэл цахилгаангүй, тав тухгүй. Будаа агшаагч залгаад л хоолоо хийчихдэг байсан бол, энд ирээд мод хагалж, гал түлдэг болсон. Дэлгүүр хэсэж, ресторанд хооллодог байсан хотын амьдралаа их үгүйлсэн» хэмээн Марилу ярьж байна. Гэхдээ л ямар зорилгоор ирснээ санахыг хичээдэг байлаа. Удалгүй шинэ амьдралдаа дасжээ. Марилу: «Одоо би байгалийн сайхныг ажиглах, ялангуяа од харах дуртай болсон. Хамгийн гол нь сайн мэдээг маань сонссон хүмүүсийн жаргалтай царайг харах үнэхээр сайхан. Бид энд үйлчлээд сэтгэл хангалуун байхын нууцад суралцаж байна» гэв (Флп. 4:12).

«Хурал өргөжин тэлж байгааг харахын баяр жаргалыг юутай ч харьцуулшгүй. Амьдрал маань илүү их утга учиртай болсон»—Грегорио Марилу хоёр

Грегорио: «Анх энд ирэхэд дөрөвхөн Гэрч байсан. Би 7 хоног бүр илтгэл тавьж, Хаанчлалын дууг гитар дээр тоглодог боллоо. Тэд бөөн баяр болж хамт дуулдаг байсан» хэмээн ярив. Тэр жижигхэн бүлэг жилийн дотор 24 дэлгэрүүлэгчтэй хурал болтлоо өсжээ. Грегорио: «Манай хурлынхан үнэхээр халуун сэтгэлтэй хүмүүс. Бид тэдэндээ хайртай!» гэлээ. Тэд алс бөглүү энэ газар үйлчилсэн зургаан жилээ дурсаж: «Хурал өргөжин тэлж байгааг харахын баяр жаргалыг юутай ч харьцуулшгүй. Амьдрал маань илүү их утга учиртай болсон» гэж ярьсан юм.

«ЕХОВА САЙН ГЭДГИЙГ АМСАЖ ҮЗЭЖ БАЙНА!»

Филиппинд дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар олон бий. 3 000 орчим Гэрч тийм газар нүүж очжээ. 500 орчим нь ганц бие эмэгтэйчүүд. Тэдний нэг нь Карен юм.

Карен

Одоо 20 гаруй настай энэ бүсгүй Кагаяны Баггао гэдэг газар төрж өсжээ. Бүр арван хэдтэй байхаасаа л үйлчлэлээ өргөжүүлэх талаар боддог байж. Тэрбээр: «Цаг хугацаа бага үлдсэнийг, бүх хүнд Хаанчлалын тухай мэдээ дуулгах ёстойг ойлгоод дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэх хүсэлтэй болсон» гэлээ. Гэрийнхнийх нь зарим нь түүнийг хөдөө үйлчлэхийн оронд дээд боловсролтой бол гэж ятгажээ. Гэсэн ч Карен Еховагаас удирдлага заавар гуйж залбирдаг байв. Бас алслагдсан хэсэгт үйлчилдэг хүмүүстэй ярилцдаг байлаа. Тэгээд 18-тайдаа Баггаогоос 64 километр зайтай оршдог тосгонд нүүж очжээ.

Карены очсон жижигхэн хурал Номхон далайн эрэг дагуух уулархаг нутгийг хариуцдаг аж. «Бид Баггаогоос гараад, олон уул давж, 30 гаруй удаа гол горхи гаталж явсаар 3 хоногийн дараа шинэ хуралдаа очсон» гэж Карен дурсав. Тэгээд цааш нь «Зарим суралцагчийндаа очих гэж 6 цаг алхдаг. Шөнө нь тэндээ хоноод, маргааш нь гэр лүүгээ харихдаа бас л 6 цаг явган явдаг» гэлээ. Ингэж их явахлаар заримдаа хөл нь өвддөг ажээ. Карен: «Гэхдээ би доод тал нь 18 хичээлтэй. Ехова сайн гэдгийг амсаж үзэж байна!» хэмээн инээмсэглэн ярилаа (Дуу. 34:8).

«БИ ЕХОВАД НАЙДАЖ СУРСАН»

Сүүки

АНУ-д амьдардаг байсан 40 гарч яваа Сүүки гэдэг ганц бие эмэгтэй ямар учраас Филиппинд нүүж ирсэн юм бол? 2011 онд дүүргийн чуулганд суугаад гэр бүлийн хоёрын ярилцлагыг сонсжээ. Тэд дэлгэрүүлэх ажилд туслахын тулд хамаг юмаа зараад Мексикт нүүж очсон аж. «Тэр ярилцлагыг сонсоод шинэ зорилгын тухай бодож эхэлсэн» гэж Сүүки ярьсан юм. Энэтхэг гаралтай тэрбээр Филиппинд амьдардаг пунжаби хүмүүст тусламж их хэрэгтэй байгааг дуулаад тийшээ явахаар шийджээ. Ямар нэгэн саад тулгарсан болов уу?

Сүүки: «Юугаа үлдээгээд, юугаа зарахаа шийдэх нь бодсоноос ч илүү хэцүү байсан. Бас өөрийн гэсэн гэр орондоо 13 жил тав тухтай амьдраад сурчихсан надад айлын хажуу өрөөнд түр суух нь амаргүй байсан. Гэсэн ч энэ нь энгийн даруу амьдрах сургууль болсон» гэлээ. Тэгвэл Филиппинд очсоны дараа юу хэцүү санагдсан бол? «Хорхой шавьжнаас айх, гэрээ санах нь үнэхээр хэцүү байсан» гэв. Гэхдээ л их ивээл хүртжээ. Тэрбээр: «Еховад урьдынхаасаа улам их найдаж сурсан!» гээд цааш нь «„Та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг ... шалга“ гэж Ехова хэлдэг шүү дээ Энэ үг ёстой үнэн юм билээ. Нэг хүн надад „Та хэзээ дахиж ирэх вэ? Асуух юм их байна“ гэж хэлэхэд сүнслэгээр өлсөж яваа хүмүүст туслах боломжтойгоо мэдээд би маш их баярласан!» хэмээн инээмсэглэн өгүүлэв (Мал. 3:10). «Үнэнийг хэлэхэд, нүүе гэж шийдэх ч амархан байгаагүй. Гэхдээ нүүсний дараа Ехова надад санаа тавьж байгаа нь тодорхой байсан учир сэтгэл их хөдөлсөн» гэж ярьсан юм.

«АЙДСАА ЯЛСАН»

Одоо 30 хол давсан Симе гэдэг Гэрч эрэгтэйн тухай ярилцъя. Тэрбээр цалин сайтай ажил хийхээр Ойрх Дорнодын нэг оронд очжээ. Тэнд байхдаа дүүргийн харгалзагчийн хэлсэн үг, Удирдах Зөвлөлийн гишүүний тавьсан илтгэлийг сонсоод Еховаг эн тэргүүнд тавих хүсэлтэй болжээ. Гэвч ажлаасаа гарна гэж бодохлоор аймшигтай байсан гэнэ. Тэглээ ч гэсэн Филиппиндээ буцаж иржээ. Симе одоо эхнэр Хайдитайгаа хамт Филиппиний өмнөд хэсэгт орших Давао дел Сурт үйлчилж байна. Энэ нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй муж юм. «Ажлаа алдана гэсэн айдсаа ялж, Еховаг нэгдүгээрт тавьснаа эргээд бодохлоор үнэхээр баярладаг. Хамгийн сайн юмаа Еховад өгөхөөс илүү сайхан юм амьдралд байхгүй!» гэж Симе ярьж байна.

Симе Хайди хоёр

«МАШ ИХ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ!»

Рамило Жульет хоёр 30 гарч яваа эхлэгчид юм. Гэрээс нь 30 километрт байдаг хуралд тусламж хэрэгтэйг дуулаад сайн дураараа тусалдаг болсон аж. Долоо хоног бүр цуглаан, дэлгэрүүлэх ажилд оролцохоор мотоциклоо унаад нартай, бороотой өдрийг үл хайхран явдаг байна. Донсолгоотой зам, дүүжин гүүрээр явах хэцүү ч үйлчлэлээ өргөжүүлж байгаадаа баяртай байдаг ажээ. Рамило: «Эхнэр бид хоёр Библийн 11 хичээлтэй! Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэхэд янз бүрийн юмаа золиосолдог ч маш их сэтгэл хангалуун байдаг!» гэж ярилаа (1 Кор. 15:58).

Жульет Рамило хоёр

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй хөдөө орон нутагт юм уу хилийн чанадад үйлчлэх талаар та илүү ихийг мэдмээр байна уу? Тэгвэл дүүргийн харгалзагчтайгаа ярилцаарай. Түүнчлэн «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 7-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Тэд сайн дураараа үйлчилдэг—Эквадорт» хэмээх өгүүллийн хавсралт болон 2011 оны 8-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 6-р хуудсанд нийтлэгдсэн «Та „Македонид“ очиж чадах уу?» (англи) гэсэн өгүүллийг уншаарай.