Та боломж алдалгүй дэлгэрүүлдэг үү?
АНУ-ын Сан Франциско хотын амьдралыг харуулсан «Худалдааны гудамжаар аялсан нь» гэдэг нэртэй дуугүй кино XX зууны эхээр гарч, үзэгчдийн хүртээл болжээ. Кино бүтээгчид гар камерыг тээврийн хэрэгслийн урд байрлуулаад, хөл ихтэй гудамжаар явж зураг авсан аж. Уг кинонд сүйх тэрэг, тухайн үеийн автомашинууд, дэлгүүр хэсэж яваа хүмүүс, сонин зарж байгаа жаалууд гардаг.
1906 оны дөрөвдүгээр сард кино хальснаа буусан хотын тэр хэсэг хэдхэн хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 18-нд газар хөдлөлт, гал түймэрт сүйдэж, олон хүн амиа алдсан нь зүрх шимшрэм явдал байсан юм. Кинонд гарч байсан хүмүүсийн зарим нь хэдхэн хоногийн дараа үхэж үрэгдэнэ гэдгээ төсөөлөө ч үгүй биз ээ. Кино бүтээгчдийн нэгний садан төрөл Скот Майлз: «Өөрт нь юу тохиолдох гэж байгааг тэр хүмүүс мэдээ ч үгүй явж байгаа нь киноноос харагддаг. Үнэхээр өрөвдмөөр» гэжээ.
Удахгүй аймшигт үйл явдал болно гэж бодохлоор бид ч бас хүмүүсийг өөрийн эрхгүй өрөвддөг. Учир нь өнөөгийн тогтолцоо сүйрэх гэж байгааг ихэнх хүн анзаарах сөхөөгүй амьдарч байна. Гэхдээ энэ гамшиг гэв гэнэт болдог газар хөдлөлттэй адилгүй. Еховагийн шүүх өдрийн талаар хүмүүст хэлж сануулах боломж бидэнд бага боловч бий. Та айлаар дэлгэрүүлэх ажилд 7 хоног бүр оролцдог байх. Хүмүүсийг сэрэмжлүүлэхийн тулд өөр юу хийх боломжтой вэ?
ЕСҮС ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ЯМАГТ БЭЛЭН БАЙСАН
Есүс хаа явсан газраа дэлгэрүүлдэг байсан нь дууриавал зохих жишээ болдог. Тэрбээр замд тааралдсан татвар хураагч, худгаас ус авч байгаа эмэгтэй гээд уулзсан хүн болгондоо дэлгэрүүлдэг байв (Лук 19:1–5; Иох. 4:5–10, 21–24). Тэр байтугай хэсэг амаръя гэж бодож байсан ч хүмүүст зааж сургахын тулд төлөвлөгөөгөө өөрчилдөг байсан. Өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн боломж бүрийг алдалгүй дэлгэрүүлдэг байжээ (Марк 6:30–34). Сайн мэдээг хүргэхэд сэтгэл зүрхээ зориулж, олдсон боломжийг алддаггүй байсан Есүсийг өнөөгийн дэлгэрүүлэгчид хэрхэн дууриах вэ?
ТЭД БОЛОМЖИЙГ АЛДДАГГҮЙ
Мелика харуул хамгаалалттай орон сууцанд амьдардаг. Тэдний байранд гадаадын оюутан
олон байдаг гэнэ. Гар утасных нь дугаарыг бичсэн жагсаалт гэж байхгүй, хаягийн лавлахад нэрс нь байдаггүй учраас Мелика боломжийг алдалгүй ашиглахын тулд орц юм уу цахилгаан шатанд тааралдсан хүмүүстэй Библийн тухай яриа өрнүүлдэг байна. «Би үүнийг дэлгэрүүлэх хэсгээ гэж үздэг» гэж Мелика хэлсэн. Янз бүрийн хэлээр гарсан манай байгууллагын ном хэвлэлийг байнга авч явдаг учир олон хүнд танилцуулга, сэтгүүл өгчээ. Бас jw.org Вэб сайт руу яаж орохыг зааж өгдөг гэнэ. Тэгээд нэлээд хэдэн Библийн хичээлтэй болсон байна.Соня бас дэлгэрүүлэх боломж хайдаг ажээ. Эмнэлэгт ажилладаг тэрбээр ажлынхандаа сайтар гэрчлэх зорилго тавьжээ. Эхлээд тухайн хүнд юу хэрэгтэй, юу сонирхдогийг мэдэж аваад, дараа нь үдийн завсарлагаанаар Библийн тухай хувьчлан ярилцахыг хичээдэг. Ийм аргаар Библийн хоёр хичээлтэй болжээ. Бас эмчид үзүүлэх цагаа хүлээж суугаа өвчтөнүүдэд ажлынхаа завсар чөлөөгөөр дэлгэрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ
1906 оны газар хөдлөлтийн үеэр амьд үлдсэн нэг хүн тэр явдлыг «аль ч муж, хотод болж байгаагүй хамгийн аймшигтай гамшиг» гэж нэрлэжээ. Гэвч «Бурханыг мэддэггүй» хүмүүсээс өшөө авах өдөр ямар ч гамшгаас илүү аймшигтай байх болно (2 Тес. 1:8). Хүмүүс бодол санаа, зүрх сэтгэлээ өөрчлөөд, Гэрчүүдийнх нь хүргэж буй сэрэмжлүүлгийг анхаараасай гэж Ехова маш их хүсдэг (2 Петр 3:9; Илч. 14:6, 7).
Та уулзсан хүн болгондоо дэлгэрүүлэх гэж хичээдэг үү?
Эгзэгтэй цаг үед амьдарч байгааг нь хүмүүст ойлгуулж, Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавихад нь туслах боломж танд бий (Зеф. 2:2, 3). Та ажлынхан, айл хөршийнхөн гээд тааралдсан хүн болгондоо дэлгэрүүлэх гэж хичээдэг үү? Анхааруулга сэрэмжлүүлэг өгөхийн тулд өөр юу хийж чадах вэ?