Skip to content

Гарчиг руу орох

«Би та нартай ... хамт байх болно»

«Би та нартай ... хамт байх болно»

«Би та нартай ... хамт байх болно»

«Олон хүн нааш цааш яван, [«жинхэнэ», ШЕ] мэдлэг өсөн нэмэгдэнэ» (ДАН. 12:4).

ХАРИУЛНА УУ

Орчин үед хүмүүс яаж «жинхэнэ мэдлэгтэй» болж байна вэ?

Үнэнийг хүлээж авагсдын тоо яаж «олон» болсон бэ?

Үнэн зөв мэдлэг хэрхэн «өсөн нэмэгдсэн» бэ?

1, 2. а) Есүс харьяат албатуудтайгаа өнөөдөр хамт байгаа, ирээдүйд хамт байна гэдгийг хаанаас мэдэх вэ? б) Даниел 12:4-т бичсэнээр Библийг нямбай судлахын ач холбогдол юу вэ?

 ТА өөрийгөө диваажинд байгаагаар төсөөл дөө. Өглөө сэрэх бүрдээ сайхан амарчихсан, шинэ өдрийг баяр хөөртэй угтана. Өвдөж шаналах юмгүй, тамирдаж ядрахын зовлонгүй. Харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэх, амтлахын жаргалыг эдлэхийн дээдээр эдэлнэ. Ажилдаа дуртай, ажиллах эрч хүчтэй, найз нөхөд олонтой, санаа зовох юмгүй. Бурхны Хаанчлал дэлхийг захирах цагт та энэ бүх ивээлийг хүртэнэ. Хаан Есүс Христ харьяат албатуудаа ийнхүү ивээж, Еховагийн тухай мэдлэг олгоно.

2 Тэр цагт Бурхан үнэнч үйлчлэгчидтэйгээ хамт байж дэлхий даяар боловсрол олгох ажил хийхэд нь тусална. Ехова Бурхан болон түүний Хүү Есүс Христ олон зууны туршид үнэнч үйлчлэгчидтэйгээ хамт байсаар ирсэн билээ. Есүс тэнгэрт гарахынхаа өмнө үнэнч шавь нартаа «Би та нартай ... хамт байх болно» хэмээн амлажээ. Тийнхүү цаашид ч тэдэнд туслах аж (Матай 28:19, 20-ийг уншина уу). Энэ амлалтад баттай итгэхийн тулд 2 500 гаруй жилийн өмнө зөнч Даниелын, Вавилонд байхдаа бичсэн нэг зөгнөлийг дэлгэрэнгүй авч үзье. Зөнч Даниел бидний амьдарч буй «төгсгөлийн цаг үеийн» (ШЕ) талаар «Олон хүн нааш цааш яван, [«жинхэнэ», ШЕ] мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж бичжээ (Дан. 12:4). «Нааш цааш явах» гэж орчуулсан еврей үг нь нягтлан судлах гэсэн утгатай. Ийнхүү нааш цааш явдаг буюу Библийг нямбай судалдаг хүмүүс ивээл хүртэн Бурхны Үгийн жинхэнэ буюу үнэн зөв мэдлэгтэй болох ажээ. Түүнчлэн, «жинхэнэ мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс үнэнийг ойлгож, хүлээж аваад, түүнийгээ бусдад заана гэсэн үг. Бас газар газрын хүмүүс тийм мэдлэг эзэмших боломжтой болохыг хэлжээ. Энэ зөгнөл хэрхэн биелж байгааг судалбал Есүс өнөөдөр шавь нартайгаа хамт байгааг, Ехова амласан бүхнээ заавал биелүүлэхийг ойлгоно.

ЧИН СЭТГЭЛТЭЙ ХРИСТИАНУУД «ЖИНХЭНЭ МЭДЛЭГ» ЭЗЭМШСЭН НЬ

3. Элч нарыг нас барсны дараа юу болсон бэ?

3 Элч нарыг нас барсны дараа, зөгнөсөн ёсоор, христиануудын дунд тэрслэх явдал гарч, улмаар гал авалцах мэт тархжээ (Үйлс 20:28–30; 2 Тес. 2:1–3). Түүнээс хойш Библийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс байтугай өөрийгөө христиан гэж нэрийдэгчид хүртэл олон зууны турш «жинхэнэ мэдлэг» олж авч чадаагүй. Христ шашны ертөнцийн удирдагчид Библид итгэдэг гэдэг ч Бурхныг гутаан доромжилдог «чөтгөрүүдийн номлол» буюу шашны хуурамч сургаал заадаг байсан (1 Тим. 4:1). Үүнээс болоод ихэнх хүн Бурхныг мэдэж чадаагүй. Бурхан бол Гурвал, хүн үхэшгүй мөнхийн сүнстэй, зарим хүний сүнс галт тамд мөнх зовдог гэх мэтийн тэрс сургаал заалгасаар иржээ.

4. 1870-аад онд хэсэг христиан «жинхэнэ мэдлэг» олж авахын тулд юу хийсэн бэ?

4 Харин 1870-аад онд буюу «эцсийн өдрүүд» эхлэхээс 40-өөд жилийн өмнө АНУ-ын Пеннсилванид чин сэтгэлтэй хэсэг христиан цугларч «жинхэнэ мэдлэг» олж авахын тулд Библийг нямбай судалж эхэлжээ (2 Тим. 3:1). Жинхэнэ мэдлэг «ухаант хүмүүс, мэргэд» гэгчдээс нууцлагдсан гэж Есүс хэлсэн байдаг. Харин эдгээр Библи Судлаачаас нууцлагдаагүй юм (Мат. 11:25). Тэд Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг даруу хүмүүс байсан учир залбирч байгаад Библийг анхааралтай уншиж, шүүн хэлэлцэж, эргэцүүлэн боддог байв. Мөн тэрчлэн Библийн зүйлүүдийг харьцуулж, өөр хүмүүсийн судалгааны материалыг судалж үзжээ. Тэд олон зууны туршид нууц байсан Библийн үнэнийг аажим аажмаар ойлгох болсон.

5. «Эртний сургаал» хэмээх цуврал танилцуулгын зорилго юу байсан бэ?

5 Библи Судлаачид жинхэнэ мэдлэгтэй болсондоо баярласан ч бардамнаагүй, шинэ юм тунхаглаж байна гэж сайрхаагүй (1 Кор. 8:1). Харин ч Библийн үнэнийг хүмүүст мэдүүлэх үүднээс «Эртний сургаал» нэртэй цуврал танилцуулга хэвлэн гаргасан. Цувралын эхний дугаарт, эдгээр нэмэлт материалыг Библи судлахад туслах гарын авлага болно гэж бичжээ. Үүний дүнд хүмүүс хуурамч шашнаас гаралтай бүх ёс заншлаас ангижран, Есүс болон элч нарын заадаг байсан эртний сургаалыг мэдэж авах учиртай байлаа («Эртний сургаал» № 1, 1889 оны 4 дүгээр сар, х. 32).

6, 7. а) 1870-аад оноос бид ямар сургаалыг ойлгож эхэлсэн бэ? б) Та ямар ямар сургаалыг ойлгож авсандаа баярладаг вэ?

6 Еховагийн Гэрчүүд 1870-аад оноос хойш олон чухал сургаалыг ойлгож мэдэх болсон. * Эдгээр нь шашин судлаачдын маргадаг улиг болсон онолын асуудал биш юм. Харин амьдралыг утга учиртай болгодог, баяр хөөр, итгэл найдвараар бялхаадаг, эрх чөлөө эдлүүлдэг сэтгэл хөдөлгөм үнэн юм. Үүний ачаар бид хайрын сэтгэлтэй Ехова гэдэг Бурхантай танилцаж, санаа зорилгыг нь мэдэж авсан. Бас Есүс ямар үүрэгтэйг, яагаад дэлхийд ирсэн, ямар учраас нас барсан, одоо юу хийж байгааг ойлгодог болсон. Бурхан муу муухайг яагаад хүлцэн тэвчдэг, бид яагаад үхдэг, яаж залбирах ёстой, яавал жаргалтай болохыг эдгээр чухал сургаал илчилж өгсөн.

7 Хэдэн мянган жилийн турш «битүүмжлэгдсэн» ч эцсийн энэ өдрүүдэд биелж байгаа зөгнөлүүдийн утгыг бид ойлгодог болсон (Дан. 12:9). Эдгээр зөгнөлийн ихэнх нь Евангели болон «Илчлэлт» номд байдаг. Ехова бидний нүдэнд үл үзэгдэх үйл явдлыг, тухайлбал, Есүс хаан ширээнд заларсан, тэнгэрт дайн болсон, Сатан дэлхий рүү хаягдсаныг илчилсэн (Илч. 12:7–12). Бас бидний нүдний өмнө болж буй үйл явдлын учир холбогдлыг ойлгуулж байна. Тиймээс дайн, газар хөдлөлт, тахал, хоол хүнсний хомсдолын шалтгаан болон хүмүүс яагаад муу юм хийж, цаг үеийг улам «хэцүү» болгоод байгааг бид мэддэг (2 Тим. 3:1–5; Лук 21:10, 11).

8. Үнэнийг ойлгодог болсон маань хэний ач гавьяа вэ?

8 Есүс шавь нартаа «Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм» гэж хэлжээ (Лук 10:23, 24). Тийм зүйлийг нүдээрээ үзэж, чихээрээ сонсож чаддаг маань Ехова Бурхны ач юм. «Туслагч» буюу Бурхны ариун сүнс Есүсийн дагалдагчдыг «бүх үнэн уруу» удирддагт талархаад баршгүй! (Иохан 16:7, 13-ыг уншина уу). «Жинхэнэ мэдлэгээ» ямагт нандигнан эрхэмлэхийн зэрэгцээ хүмүүстэй хуваалцаж явцгаая!

«ОЛОН ХҮН» «ЖИНХЭНЭ МЭДЛЭГИЙГ» ХҮЛЭЭЖ АВНА

9. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1881 оны 4-р сарын дугаарт ямар уриалга гарсан бэ?

9 «Харуулын цамхаг» сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарснаас хойш хоёр жил ч болоогүй байхад «1 000 дэлгэрүүлэгч хэрэгтэй байна» гэсэн гарчигтай өгүүлэл 1881 оны 4 дүгээр сарын дугаарт нийтлэгджээ. Уг өгүүлэлд хэдэн цаг юм уу бүтэн өдөр дэлгэрүүлэх ажил хийж, ном түгээгч буюу одоогийнхоор эхлэгч болохыг уриалсан уриалга гарчээ. Бурхныг хайрладаг боловч үнэн зөв мэдлэггүй чин сэтгэлтэй хүмүүсийг том, жижиг хотуудаас чадал боломжоороо хайж олоод, Библид байдаг Бурхны тухай үнэнийг зааж өгөхийг тэднээс хүссэн байлаа.

10. Бүрэн цагаар дэлгэрүүлэхийг уриалахад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

10 Уг уриалгаас харахад, Библи Судлаачид жинхэнэ христиануудын хийх ёстой амин чухал ажил нь сайн мэдээ дэлгэрүүлэх явдал гэдгийг ойлгож байжээ. Тэр үед Библи Судлаачдын цуглаанд хэдхэн зуун хүн л очдог байсан болохоор уриалгыг хүлээж авах хүн тэдний бодсон шиг олон байгаагүй. Гэлээ ч танилцуулга, сэтгүүл уншсан олон хүн үнэнийг олсноо ойлгож, улмаар бусдад туслахыг хүссэн. Жишээлбэл, Библи Судлаачдын гаргасан товхимол болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн нэг дугаарыг уншсан Англи улсын Лондон хотын нэгэн уншигч: «Бурхны хийлгэх гээд байгаа энэ сайхан ажлыг хиймээр байна. Юуг, яаж дэлгэрүүлэхийг зааж өгөөч» гэж 1882 онд бичжээ.

11, 12. а) Ном түгээгчид ямар зорилготой байсан бэ? б) Тэд хурлыг яаж үүсгэн байгуулдаг байсан бэ?

11 1885 он гэхэд 300 орчим Библи Судлаач ном түгээгчээр үйлчилж байжээ. Бүрэн цагаар үйлчилдэг тэдний зорилго өнөөгийн биднийхтэй адил, Есүс Христийн шавь бэлдэх явдал байсан. Гэхдээ арга нь өөр байлаа. Өнөөдөр бид хүмүүсийн гэрт очиж хүн нэг бүртэй Библийн хичээл хийдэг. Дараа нь цуглаанд урьдаг. Харин тэр үед дэлгэрүүлэгчид хүмүүст ном тарааж, сонирхсон хүмүүсийг нэг дор цуглуулаад Библи заадаг байв. Ийнхүү ном түгээгчид «анги» буюу хурал зохион байгуулдаг байлаа.

12 Жишээ нь, 1907 онд хэсэг ном түгээгчид «Шинэ мянганы эхлэл» («Судрыг судлах нь» гэж бас нэрлэдэг байсан) цуврал номтой болсон хүмүүсийг хайж нэг хотоор явжээ. Тэгээд сонирхсон хүмүүсийн нэгний гэрт ням гаригт болох цуглаанд урьсан байна. Товлосон өдөр нь болоход Бурхны эрин зууны төлөвлөгөө гэсэн сэдвээр ном түгээгч эрэгтэй өдөржин ярьжээ. Дараагийнх нь ням гаригт цуглаанд тогтмол явахыг уриалсан тухай «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ. 1911 онд Библи Судлаачид шавь бэлдэх өөр арга туршсан. Явуулын 58 тусгай үйлчлэгч АНУ, Канадаар явж лекц уншжээ. Тэгээд лекцэнд ирэгсдийн дотроос сонирхсон хүмүүсийн нэр, хаягийг бичиж аваад, тэднийг бүлэг болгон хуваасан байна. Тэр бүлгүүд айлд цугладаг болжээ. Ийм маягаар «анги» буюу хурлуудыг үүсгэн байгуулсан. 1914 он гэхэд Библи Судлаачид дэлхий даяар 1 200 хуралтай болсон юм.

13. Дэлгэрүүлэх ажлын юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ?

13 Өнөөдөр дэлхий дахинд 109 400 орчим хурал, 895 800-аад эхлэгч байна. Бараг найман сая хүн «жинхэнэ мэдлэгийг» хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлж байна (Исаиа 60:22-ыг уншина уу). * Энэ бол үнэхээр гайхалтай өсөлт юм. Учир нь Есүс өөрийнх нь нэрээс болж олон хүн шавь нарыг нь үзэн ядах болно гэж зөгнөсөн. Дагалдагчдыг нь хавчиж, шоронд хийж, тэр байтугай хөнөөнө гэж бас хэлсэн (Лук 21:12–17). Сатан, чөтгөрүүд, хүмүүс дэлгэрүүлэх ажлыг зогсоохыг оролддог ч Еховагийн ард түмэн шавь бэлдэх даалгавраа амжилттай биелүүлж гайхалтай үр дүнд хүрээд байна. Өнөөдөр тэд «дэлхий даяар» буюу халуун орны ширэнгэн ой, тундрийн хүйтэн бүс, уул нуруу, говь цөл, хот суурин, хөдөө тосгодоор явж дэлгэрүүлж байна (Мат. 24:14). Бурхан туслаагүй бол ийм их амжилт гаргахгүй байх байсан.

ЖИНХЭНЭ МЭДЛЭГ «ӨСӨН НЭМЭГДЭНЭ»

14. «Жинхэнэ мэдлэг өсөн нэмэгдэхэд» манай ном хэвлэл ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

14 «Жинхэнэ мэдлэг өсөн нэмэгдэж» байгаа нь олон хүн сайн мэдээ тунхаглаж байгаатай холбоотой. Мөн ном хэвлэл ч их үүрэг гүйцэтгэж байна. Библи Судлаачид 1879 оны 7 дугаар сард «Харуулын цамхаг» сэтгүүлийн анхны дугаарыг «Сионы Харуулын цамхаг ба Христийн залран буйг тунхаглагч» гэсэн нэртэйгээр гаргаж, англи хэлээр 6 000 хувийг хэвлэлийн компаниар хэвлүүлжээ. 27 настай Чарлз Тейз Расселл эрхлэгчээр нь сонгогдон, мэдлэг туршлагатай таван хүний хамт өгүүлэл бичдэг байсан. Эдүгээ «Харуулын цамхаг» сэтгүүлийг 195 хэлээр, 42 182 000 хувь хэвлэж байна. Энэ бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан сэтгүүл юм. Тархалтаараа үүний дараа ордог «Сэрцгээ!» сэтгүүл нь 84 хэлээр 41 042 000 хувь хэвлэгдэж уншигчдын гар дээр очдог. Мөн Библи болон Библид үндэслэсэн ном жил бүр 100 сая орчим хувь хэвлэгддэг.

15. Манай хэвлэх ажил хэрхэн санхүүждэг вэ?

15 Энэ нүсэр ажил сайн дурын хандиваар санхүүждэг (Матай 10:8-ыг уншина уу). Энэ нь хэвлэх үйлдвэрийн ажлыг ойлгодог хүмүүст үнэхээр гайхалтай санагддаг. Учир нь тэд хэвлэх машин, цаас, хор болон бусад материалын үнэ өртгийг мэддэг. Бетелийн хэвлэх үйлдвэрийн эд материал худалдаж авах ажил эрхэлдэг нэг Гэрч эрэгтэй: «Манай хэвлэх үйлдвэрийг үзэхээр ирсэн бизнесменүүд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ийм төхөөрөмжийг сайн дурын хандиваар авч чаддагийг маань мэдээд их гайхсан. Бас Бетелд шижигнэсэн залуус ажиллаж байгааг хараад биширсэн» хэмээн ярьжээ.

«ДЭЛХИЙ ЭЗЭНИЙ МЭДЛЭГЭЭР БЯЛХАНА»

16. Ехова «жинхэнэ мэдлэгийг» олны хүртээл болгож байгаагийн учир юу вэ?

16 Ехова «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» учраас «жинхэнэ мэдлэг» олны хүртээл болж байна (1 Тим. 2:3, 4). Тэрбээр хүмүүст үнэнийг мэдүүлэхийг хүсдэг. Тэгснээр тэд таалалд нь нийцүүлэн шүтэж, ивээлийг нь хүртэх юм. Ехова дэлгэрүүлэх ажлын үрээр үнэнч тослогдогсдыг цуглуулсан. Мөн дэлхийд мөнх амьдрах «үй олон хүнийг» «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» цуглуулж байна (Илч. 7:9).

17. Жинхэнэ Бурхныг шүтэгчдийн тоо нэмэгдсэн нь юуны баталгаа вэ?

17 Өнгөрсөн 130 жилийн хугацаанд жинхэнэ шүтлэгийг дэмжигчдийн тоо дэлхий дахинд өсөн нэмэгдсэн. Энэ нь Бурхан болон түүний томилсон хаан Есүс Христ дэлхий дэх ард түмэнтэйгээ хамт байн, тэднийгээ удирдаж, зохион байгуулж, хамгаалж, зааж сургаж байгаагийн баталгаа юм. Түүнчлэн Ехова ирээдүйн тухай амлалтаа заавал биелүүлнэ гэдгийг нотлон харуулдаг. «Далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» (Ис. 11:9). Тэр цагт хүн төрөлхтөн ямар их ивээл хүртэх бол оо!

[Зүүлт]

^ «Еховагийн Гэрчүүд ба амьд итгэл, 1-р хэсэг. Харанхуйгаас»; «Еховагийн Гэрчүүд ба амьд итгэл, 2-р хэсэг. Гэрэл гэрэлтэг» хэмээх баримтат киног үзвэл илүү ихийг мэдэж авна.

[Догол мөрийн асуулт]

[6-р хуудасны зураг]

Библи Судлаачид Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг даруу хүмүүс байв

[7-р хуудасны зураг]

Ехова «жинхэнэ мэдлэг» түгээх үйлсэд сэтгэл зүтгэл гаргаж байгааг тань үнэлдэг