Skip to content

Гарчиг руу орох

Ехова гэрийнхнээ нэгтгэдэг

Ехова гэрийнхнээ нэгтгэдэг

Ехова гэрийнхнээ нэгтгэдэг

«Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» (ЕФ. 4:3).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

Бурхан ямар зорилгоор бэлтгэл ажил хийж байгаа вэ?

«Сүнсний нэгдлийг хадгалахын» тулд яах хэрэгтэй вэ?

«Нэг нэгнээ энэрдэг» байхын тулд яах хэрэгтэй вэ?

1, 2. Ехова дэлхий болон хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготой вэ?

 ГЭР БҮЛ. Энэ үгийг сонсоод та юу бодож байна вэ? Элэгсэг дотно харилцаатай, зол жаргалтай хүмүүсийг бодож байна уу? Нэг зорилго өвөрлөн хамтдаа зүтгэх талаар бодож байна уу? Өсөж торних, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж болох аюулгүй орчин таны санаанд бууж байна уу? Хэрэв та сайхан гэр бүлтэй бол ингэж бодох байх. Ехова гэр бүлийг бий болгосон билээ (Еф. 3:14, 15). Тэрбээр тэнгэр, газар дээрх бүх бүтээлээ айх аюулгүй, эв нэгдэлтэй, бие биедээ итгэдэг нэгэн гэр бүл болгох зорилготой байв.

2 Адам Ева хоёр нүгэл үйлдээд Бурхны гэр бүлийн гишүүн байхаа больсон. Гэвч Бурхан санаа зорилгоо өөрчлөөгүй. Тэрбээр анхны хосын үр удмаар диваажин дэлхийг дүүргэнэ (Эх. 1:28; Ис. 45:18). Санаа зорилгоо биелүүлэхийн төлөө шаардлагатай бүхнийг хийж байна. Эв нэгдлийн тухай өгүүлдэг «Ефес» номд Ехова ямар бэлтгэл хийж байгааг бичсэн байдаг. Тэндээс зарим зүйлийг авч үзээд, бүтээлүүдээ нэгтгэх гэсэн Еховагийн санаа зорилгод нийцүүлж юу хийх хэрэгтэйг ярилцъя.

ЕХОВА САНАА ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

3. Ефес 1:10-т бичсэнээр, Бурхан товлосон цагтаа юу хийж эхэлсэн бэ? Бэлтгэл ажлынх нь эхний шат хэзээ эхэлсэн бэ?

3 Ехова санаа зорилготойгоо уялдуулан үйл хэргээ явуулдаг. Тэрбээр оюун ухаант бүх бүтээлээ нэгтгэх гэсэн санаа зорилгоо биелүүлэх бэлтгэл ажлаа товлосон цагтаа эхэлсэн (Ефес 1:8–10-ыг уншина уу). Энэ бэлтгэл ажил хоёр үе шаттай. Эхний шатанд Ехова тослогдогсдыг тэнгэрийн амьдралд бэлтгэх ажээ. Тэд тэнгэрт очоод Есүс Христийн удирдлага дор үргэлжлүүлэн ажиллана. Христтэй хамт тэнгэрээс захирах хүмүүсийг МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн цуглуулснаар энэ үе шат эхэлсэн (Үйлс 2:1–4). Бурхан тослогдогсдыг Христийн золиосны үндсэн дээр зөвт хэмээн тунхаглаж, мөнх амьдрах зохистойд тооцох болсон. Тэд ч «Бурханы хүүхдүүд» болж үрчлэгдсэнээ мэддэг (Ром 3:23, 24; 5:1; 8:15–17).

4, 5. Хоёрдугаар шатны бэлтгэл ажил нь юу вэ?

4 Мессиагийн Хаанчлалын удирдлага дор диваажин дэлхийд амьдрах хүмүүсийг бэлдэх нь хоёр дахь шатанд хийх ажил юм. «Үй олон хүн» Диваажингийн анхны оршин суугчид байна (Илч. 7:9, 13–17; 21:1–5). Нас барсан олон тэрбум хүн Христийн Мянган жилийн засаглалын үед амилж, «үй олон хүнтэй» хамт амьдарна (Илч. 20:12, 13). Бид тийм олон хүнтэй эв нэгдэлтэй амьдарна гээд төсөөл дөө! Мянган жилийн эцэст «газар дээрх ... юмс» эцсийн удаа соригдоно. Үнэнчээ баталсан хүмүүс Бурханд үрчлэгдэж дэлхий дэх «хүүхдүүд» нь болно (Ром 8:21; Илч. 20:7, 8).

5 Эдүгээ Ехова тослогдогсдыг тэнгэрт, өөр хонинуудыг диваажин дэлхийд амьдруулахаар бэлтгэж байна. Бурхантай хамтран ажиллаж, бэлтгэл ажилд нь оролцохын тулд бид дор бүрнээ юу хийх ёстой вэ?

«СҮНСНИЙ НЭГДЛИЙГ ХАДГАЛ»

6. Христианууд хамтдаа цуглах ёстойг ямар ямар зүйлээс мэдэж болох вэ?

6 Христианууд «хамтран цуглах» ёстойг Библид бичсэн байдаг (1 Кор. 14:23; Евр. 10:24, 25). Гэхдээ «хамтран цуглах» гэдгийг зах юм уу спортын ордонд цугладагтай адилтгаж болохгүй. Нэг газар цуглаж, хамт цаг өнгөрөөгөөд зогсохгүй, Еховагийн заавар зөвлөгөөг дагаж, ариун сүнсээр удирдуулан өөрчлөгддөг бол жинхэнэ утгаар эв нэгдэлтэй болно.

7. «Сүнсний нэгдлийг хадгал» гэсэн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

7 Ехова үйлчлэгчдээ Христийн золиосны үндсэн дээр зөвт хэмээн тунхаглаж, тослогдогсдыг хөвгүүдээ, өөр хонинуудыг анд нөхдөө гэж үзэх болсон. Гэвч энэ тогтолцоонд амьдарч байсан цагт бусадтай үл ойлголцох явдал хэн хэнд маань тохиолдсоор байх болно (Ром 5:9; Иак. 2:23). Тийм бишсэн бол Бурхан бидэнд «бие биеэ хүлцэн тэвч» гэсэн зөвлөгөө өгөх байсан гэж үү? Итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байхын тулд яах ёстой вэ? «Аливаа төлөв даруу байдал» болон «дөлгөөн сэтгэлийг» илэрхийлж сурах хэрэгтэй. Өөр юу хийхийг Паул хэлэхдээ «Амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэж уриалсан (Ефес 4:1–3-ыг уншина уу). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх нэг арга нь Бурхны сүнсээр удирдуулж, сүнсний үр жимсийг ургуулах явдал юм. Ариун сүнсний үр жимс хүмүүсийн хооронд гарсан ан цавыг бөглөж битүүлдэг. Харин махан биеийн үйлс хүмүүсийг хагалан бутаргадаг.

8. Махан биеийн үйлс хүмүүсийг хэрхэн хагалан бутаргадаг вэ?

8 «Махан биеийн үйлс» хүмүүсийг яаж хагалан бутаргадаг вэ? (Галат 5:19–21-ийг уншина уу). Завхайрал, садар самуун явдлын гайгаар хүн Еховагаас, хурлаас салдаг. Эцэг эх үр хүүхэд хагацлын зовлон амсаж, эхнэр нөхөр салж сарнидаг. Бузар байдал бол Еховатай болон ард түмэнтэй нь эвтэй байхад саад болдог зүйл юм. Наах гэж байгаа хоёр юмны нэг нь бохир бол сайн наалддаггүй биз дээ? Тачаангуй байдалтай бол Бурхны хуулийг үл тоомсорлодгийн илрэл болно. Махан биеийн бусад үйлс ч хүмүүсийг нэг нэгнээс нь болон Бурхнаас салгадаг. Ехова ийм үйлсийг үзэн яддаг.

9. «Амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээдэг» эсэхээ хэрхэн шалгаж болох вэ?

9 Тэгэхлээр бид дор бүрнээ дараах асуултыг бодох хэрэгтэй. «Би „Амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг“ хэр их хичээдэг вэ? Итгэл нэгтэнтэйгээ муудалцвал яадаг вэ? Хүмүүст зарлаад, өөрийнхөө талд орох хүнийг хайдаг уу? Эвлэрэх гэж өөрөө хичээхийн оронд ахлагчид эвлэрүүлж өгөх байх гэж хүлээдэг үү? Гомдлын шалтгааныг сөхөж ярилцаагүй нь дээр гэж бодоод тэр хүнээс дөлж явдаг уу?». Хэрэв ийм байдаг бол бүхнийг нэг гэр бүл болгон нэгтгэж, Христээр удирдуулах гэсэн Еховагийн санаа зорилгыг дэмждэг гэж хэлж болох уу?

10, 11. а) Ах дүүтэйгээ эвтэй байх нь хэр зэрэг чухал бэ? б) Эв нэгдэлтэй байж, Еховагийн ивээлийг хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

10 Есүс: «Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. ... Аль болохоор түргэн сайдах хэрэгтэй» хэмээн айлджээ (Мат. 5:23–25). Иаков: «Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм» гэж бичсэн байдаг (Иак. 3:17, 18). Үргэлж зөв юм хийе гэвэл бусадтай эвтэй найртай байх ёстой гэсэн үг.

11 Жишээ болгон дараах зүйлийг бодъё. Дайнд сүйдсэн орнууд газрынхаа гуравны нэгийг боловсруулж чаддаггүй. Энэ нь тэсрэх бөмбөгийг газар булсантай холбоотой аж. Бөмбөг дэлбэрэхэд тариаланчид тариа ногоо тарих газраасаа хагацдаг. Тиймээс тосгонд амьдрах аргагүй болдог. Мөн хотод хоол хүнс хомсддог. Энэ жишээний адилаар, ах дүүтэйгээ эвтэй байхад саад болдог тэсрэх бөмбөг шиг зантай бол сүнслэгээр өсөж чадахгүй. Харин ах дүүгээ дор нь уучилдаг, тэдэнд сайн юм хийдэг бол үргэлж эв нэгдэлтэй байж, Еховагийн ивээлийг хүртэнэ.

12. Эв нэгдэлтэй байхад ахлагчид хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?

12 Эв нэгдэлтэй байхад ахлагчид бас хувь нэмэр оруулдаг. Тэд «итгэл[ийн] ... нэгдэлтэй» байхад маань туслах үүрэгтэй (Еф. 4:13). Ахлагчид хамт үйлчлэх явцдаа бидний дутагдлыг олж хараад Бурхны Үгэнд үндэслэсэн зөвлөгөө өгдөг. Үүний ачаар бид «шинэ хүнийг өөртөө өмсөн» христиан зан чанарыг илэрхийлж сурдаг (Еф. 4:22–24). Тэднийг зөвлөгөө өгөхөд та юу гэж боддог вэ? Ехова Хүүгийнхээ захирах шинэ ертөнцийн амьдралд таныг бэлтгэж байна гэдгийг ойлгодог уу? Ахлагчид аа, та нар ийм зорилгоор бусдад зааж зөвлөдөг үү? (Гал. 6:1).

«НЭГ НЭГНЭЭ ЭНЭР»

13. Ефес 4:25–32-т байдаг зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол ямар үр дагавартай вэ?

13 Ефес 4:25–29-д бидний зайлсхийх ёстой үйл хэргийг дурдсан байдаг. Бид худал хэлэх, уурлах, залхуурах, зохисгүй юм ярих ёсгүй. Харин хүнд тус болох сэтгэл сэргээм үг хэлж байх учиртай. Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол Бурхны сүнсийг «гомдооно». Учир нь ариун сүнс бол хүмүүсийг эв нэгдэлтэй байлгадаг хүч юм (Еф. 4:30). Бас Паулын бичсэн дараах үгийг хэрэгжүүлэх нь амар тайван, эв нэгдэлтэй байхад зайлшгүй хэрэгтэй. Тэрбээр: «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» хэмээн бичжээ (Еф. 4:31, 32).

14. а) Паул «нэг нэгнээ энэрэхийг» зөвлөсний учир юу вэ? б) Бусдыг энэрдэг байхын тулд яах хэрэгтэй вэ?

14 Бид тэр бүр энэрэнгүй байж чаддаггүй учраас Паул «нэг нэгнээ энэрэхийг» зөвлөжээ. Иймээс бид илүү их энэрч сурах хэрэгтэй. Бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавин, сэтгэл санааг нь ойлгож сурах нь хэчнээн чухал бэ! (Флп. 2:4). Заримдаа хүмүүсийг хөгжөөх гээд ч юм уу, сүрхий хүн болж харагдах гээд ямар нэг юм яримаар санагдаж болох юм. Ярихаасаа өмнө боддог бол бусдад энэрэнгүй хандаж чадна.

ХАЙРЛАЖ, ХҮНДЭТГЭЖ СУРАХ НЬ

15. Ефес 5:28-д бичсэнээр нөхрүүд Христийн жишээг хэрхэн дагах учиртай вэ?

15 Библид Христ хуралтай хэрхэн харьцдагийг нөхөр эхнэр хоёр хоорондоо хэрхэн харьцдагтай зүйрлэсэн байдаг. Нөхрүүд эхнэрээ захирч, хайрлан халамжлах учиртайгаа, эхнэрүүд нөхөртөө захирагдах ёстойгоо Христийн жишээнээс ойлгодог (Еф. 5:22–33). Паул: «Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой» гэж бичихдээ «тиймээс» гэж эхэлсэн нь ямар учиртай вэ? (Еф. 5:28). Тэрбээр энэ үгийг хэлэхийн өмнө Есүс хурлыг яаж хайрласныг бичихдээ «Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсөн ... Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэсэн» гэжээ. Тэгэхлээр нөхөр хүн Еховатай сайн харьцаатай байхад нь гэрийнхэндээ туслах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлдэг бол бүхнийг Христ тэргүүтэй нэгэн гэр бүлд нэгтгэх гэсэн Еховагийн санаа зорилгыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа хэрэг юм.

16. Эцэг эхчүүд Еховагаас авсан үүргээ биелүүлдэг бол үр дүн нь ямар байх вэ?

16 Эцэг эхчүүд Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлж яваагаа санах хэрэгтэй. Өнөөдөр «үл хайрлагчид» олширсон нь харамсалтай (2 Тим. 3:1, 3). Олон аавууд үүрэг хариуцлагаасаа бултдаг. Үүнээс болоод хүүхэд хохирдог. Паул христиан эцгүүдэд «Хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» хэмээн зөвлөсөн (Еф. 6:4). Хүүхдүүд хүнийг хайрлахыг, эрх мэдэлтэй хүнийг хүндэтгэхийг эхлээд эцэг эхээсээ сурдаг. Эдгээрийг үр хүүхдэдээ зааж сургадаг бол бүхнийг нэгтгэх гэсэн Еховагийн санаа зорилгыг дэмжиж байгаа хэрэг юм. Гэр орноо хайраар бялхсан газар болгож, уур хилэнг зайлуулж, элдэв муухай үг хэлдэггүй бол хүүхдүүд хайр илэрхийлэх, эрх мэдэлтнийг хүндэтгэхэд суралцана. Ийнхүү тэднийг Бурхны шинэ ертөнцийн амьдралд бэлтгэнэ.

17. Диаволыг эсэргүүцэхэд бидэнд юу шаардлагатай вэ?

17 Орчлонт ертөнцийн амар тайвныг хамгийн анх эвдэн бусниулсан Диавол гэгч этгээд Бурханд үйлчлэхийг маань болиулахын төлөө чадах бүхнээ хийх нь ойлгомжтой. Гэр бүл салах явдал газар авч, гэрлэхгүйгээр хамтран амьдрах нь хэвийн үзэгдэл болж, ижил хүйстнүүдийн гэрлэхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Сатаны зорилгод яв цав нийцдэг. Харин бид өнөөгийн нийгмийн иймэрхүү хандлагад автдаггүй, үйл хэргийг нь дагадаггүй. Бидний үлгэр дууриал бол Христ юм (Еф. 4:17–21). Тиймээс, Диавол болон чөтгөрүүдийг тууштай эсэргүүцэхийн тулд «Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх» ёстой (Ефес 6:10–13-ыг уншина уу).

«ХАЙР ДОТОР ЯВ»

18. Эв нэгдэлтэй байхын нууц нь юу вэ?

18 Эв нэгдэлтэй байхын нууц нь хайр юм. Бидний зүрх сэтгэл «нэг Эзэн», «нэг Бурхан» болон итгэл нэгтнүүдээ хайрлах хайраар бялхаж байдаг. Тийм учраас, бид «амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахаар» эргэлт буцалтгүй шийдсэн (Еф. 4:3–6). Есүс тийм хайрын тухай ингэж залбирчээ. «Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор бай[хын] ... тулд билээ. Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм» (Иох. 17:20, 21, 26).

19. Та яахаар шийдсэн бэ?

19 Бид төгс бус болохоороо зарим зан авираа засах нь амаргүй байдаг. Гэвч бусдыг хайрлах сэтгэлтэй бол дуулалчийн адилаар «Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» гэж залбирах хүсэл төрнө (Дуу. 86:11). Хайртай Эцэг, сүнслэг ах дүү нараас маань салгах гэж оролддог Диаволыг шийдвэртэй эсэргүүцэцгээе. Гэр бүл дотроо ч, дэлгэрүүлэх ажлаа хийхдээ ч, итгэл нэгтнүүдийнхээ дунд ч «хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болж», «хайр дотор явахын» төлөө чадах бүхнээ хийцгээе (Еф. 5:1, 2).

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Өргөлөө тахилын ширээний дэргэд орхиод, ах дүүтэйгээ эвлэрэхээр явж байгаа нь

[31-р хуудасны зураг]

Эцэг эхчүүд ээ, бусдыг хүндлэхийг хүүхдэдээ заагаарай