Skip to content

Гарчиг руу орох

Сайхан сэтгэл хүнийг уяраадаг

Сайхан сэтгэл хүнийг уяраадаг

Сайхан сэтгэл хүнийг уяраадаг

НИДЕРЛАНДАД амьдардаг Жорже, Манон гэдэг хоёр Гэрчийг Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхээр очиход нэгэн настай эмэгтэй тун таагүй угтжээ. Тэр эмэгтэй хоёр ч удаа гэрлэсэн боловч нөхрүүд нь нас барсан аж. Бас хүүгээ алдаж, өөрөө үе мөчний хүнд өвчнөөс болоод шаналж явааг хоёр Гэрч мэджээ. Хэсэг ярилцсаны дараа эмэгтэй бага зэрэг тайвширсан хэдий ч өнөөх л янзаараа хүйтэн харьцаж байв.

Тэглээ ч гэсэн Жорже, энэ хүн дээр буцаж очоод цэцгийн баглаа өгье гэж Манонд хэлжээ. Учир нь тэр эмэгтэй үнэхээр их ганцаардаж, зовж шаналдаг юм шиг санагдсан аж. Цэцэг аваад очиход Риэ ихэд гайхан баярлажээ. Гэвч энэ удаа тэднийг гэртээ хүлээж авах боломжгүй байсан тул дараа уулзахаар болов. Жорже Манон хоёр товлосон өдрөө хүрч очоод хаалгыг нь тогшиход тайлж өгсөнгүй. Дараа нь хэд хэд очсон ч уулзаж чадаагүй тул зориуд зугтаж байна гэж бодов.

Нэг өдөр Риэг гэртээ байхад нь Жорже уулзаж чаджээ. Риэ амласандаа хүрээгүйдээ уучлалт гуйж, эмнэлэгт хэвтсэнээ хэлээд, «Та нарыг явсны дараа миний юу хийснийг та төсөөлөхгүй байх. Би Библи уншдаг болсон!» гэж хэлжээ. Сайхан ярилцсаны эцэст Библийн хичээл эхэлсэн байна.

Риэ ууртай, яхир хүн байснаа, Библи судлаад баяр баясгалантай, сайхан ааштай болж өөрчлөгдсөн. Гэрээс гарч чадахгүй ч өөрийг нь эргэж ирсэн хүмүүст шинэхэн итгэл үнэмшлээ хэлж ярьдаг болжээ. Биеийн байдлаас болоод цуглаанд тогтмол очиж чаддаггүй байв. Гэхдээ итгэл нэгтнүүд нь эргэж тойрохоор ирэхэд маш их баярладаг байлаа. 82 нас хүрсэн өдрөө дүүргийн чуулганд сууж, Бурханд өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулан баптисм хүртжээ.

Риэг нас барснаас хойш хэдэн сарын дараа өөрийнх нь бичсэн шүлэг олджээ. Уг шүлэгт өндөр насалж ганцаардахын зовлонг дүрсэлж, сайхан сэтгэл ямар чухал болохыг онцолсон байв. «Тэр шүлгийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. Бид Еховагийн ачаар түүнд сайхан сэтгэл гаргасандаа үнэхээр баярладаг» гэж Манон ярьсан юм.

Тийм ээ, бид Еховагийн адилаар хүнийг хайрлаж, нинжин сэтгэлээр ханддаг (Еф. 5:1, 2). Хэрэв «бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталж», «нинжин сэтгэл» гаргавал дэлгэрүүлэх ажил маань үр дүнд хүрнэ (2 Кор. 6:4, 6).