Бурхны сүнсээр удирдуулдаг байсан эрт цагийн үнэнч хүмүүс
Бурхны сүнсээр удирдуулдаг байсан эрт цагийн үнэнч хүмүүс
«Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв» (ИС. 48:16).
1, 2. Бат итгэлтэй байхад юу туслах вэ? Эрт цагийн үнэнч хүмүүс бидэнд хэрхэн урам хайрладаг вэ?
АБЕЛААС эхлээд олон хүн Бурханд итгэж ирсэн ч «бүх хүн итгэлтэй биш» байсан (2 Тес. 3:2). Ер нь хүн яагаад Бурханд итгэдэг вэ? Итгэл үнэмшилтэй болоход юу тус болдог вэ? Бурхны Үгийг сонсохоос ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг (Ром 10:17). Итгэл бол Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг юм (Гал. 5:22, 23). Тиймээс бид ариун сүнсний хүчээр бат итгэлтэй байж чадна.
2 Хүн угаасаа итгэл үнэмшилтэй төрдөггүй. Бат итгэлтэй байхын жишээ үзүүлсэн Бурхны эртний үнэнч үйлчлэгчид «бидэнтэй адилхан жирийн» хүмүүс байсан (Иак. 5:17). Тэд бусдын л адил эргэлзэж тээнэгэлздэг, айж түгшдэг, ядарч сульддаг ч бэрх цагт Бурхны сүнсээр «хүчирхэг болгогдож» байжээ (Евр. 11:34). Еховагийн сүнс тэдэнд хэрхэн нөлөөлж байсныг авч үзвэл итгэлийг маань шалгасан ийм хэцүү үед ч Бурхандаа үнэнч үйлчлэх урам зоригтой болно.
Бурхны сүнс Мосег хүчтэй, чадвартай болгосон
3-5. а) Мосег үүргээ биелүүлэхэд ариун сүнс тусалсан гэхийн учир юу вэ? б) Ехова үйлчлэгчдэдээ ариун сүнс өгдөг талаар Мосегийн түүхээс юу мэдэж болох вэ?
3 Мосе МЭӨ 1513 онд амьдарч байсан «ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа» (Тоол. 12:3). Ехова түүнд Израилийн ард түмний төлөө зүтгэх хариуцлагатай үүрэг оноожээ. Бурхны сүнс түүнийг зөгнөх, шүүх, бичих, удирдах, гайхамшиг үйлдэх хүчтэй, чадвартай болгосон (Исаиа 63:11–14-ийг уншина уу). Гэтэл нэгэн удаа Мосе хэтэрхий хүнд ачаа үүрч байна хэмээн гомдолложээ (Тоол. 11:14, 15). Ехова ачааг нь хөнгөлөхийн тулд түүний «дээр буй Сүнснээс» авч 70 хүнд өгсөн (Тоол. 11:16, 17). Дэндүү хүнд юм шиг санагдсан тэр ачааг ганц Мосе ч, түүнд туслахаар томилогдсон 70 хүн ч дагнаж үүрээгүй.
4 Даалгавраа биелүүлэхэд нь Бурхан Мосед тусалж ариун сүнс хангалттай өгчээ. 70 ахлагчаар туслуулах болсны дараа ч ариун сүнс өгсөөр байсан. Тиймээс үүрэг даалгавраа биелүүлэхэд нь Мосе болон 70 ахлагчийн хэн хэнд нь ариун сүнс хүрэлцээтэй байсан. Ехова бидний нөхцөл боломжид тохируулан, ариун сүнсээ шаардлагатай хэмжээгээр өгдөг. «Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг» (Иох. 3:34).
5 Одоо танд сорилт тулгараад хэцүү байна уу? Үүрэг хариуцлага тань нэмэгдээд цаг хүрэлцэхгүй байна уу? Гэр бүлээ тэжээх, сүнслэг хэрэгцээг нь хангах гэж ядаж явахад юмны үнэ нэмэгдээд, эрүүл мэнд муудаад зовж байна уу? Хуралд хүлээдэг үүрэг тань хүнд байна уу? Юу ч тохиолдсон давж гарах хүч тэнхээг Бурхан ариун сүнсээрээ өгнө гэдэгт итгээрэй (Ром 15:13).
Ариун сүнс Безалелыг чадвартай болгосон
6-8. а) Бурхны сүнс Безалел Охолиаб хоёрыг ямар чадвартай болгосон бэ? б) Безалел Охолиаб хоёр Бурхны сүнсээр удирдуулж байсны баталгаа юу вэ? в) Безалелын жишээ бидэнд урам хайрладаг гэхийн учир юу вэ?
6 Мосегийн үед амьдарч байсан Безалелд тохиолдсон явдал ариун сүнс хэр их нөлөөтэйг харуулдаг (Египетээс гарсан нь 35:30–35-ыг уншина уу). Ехова Безалелд мөргөлийн асрын тавилга хийх ажлыг хариуцуулжээ. Ур дүй шаардсан ийм ажил хийх мэдлэг, чадвар түүнд байсан болов уу? Байсан байж болох юм. Гэхдээ саяхныг хүртэл Египетэд тоосго цохиж байсан (Ег. 1:13, 14). Тэгвэл шинээр хүлээж авсан ажлаа хэрхэн гүйцэтгэх бол? Ехова «түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь ... аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм». Безалел Охолиаб хоёр угийн авьяастай байсан байж магадгүй. Гэхдээ тэд ариун сүнсний хүчээр бүр их ур чадвартай болсон. Тэр хоёр маш сайн сурсан нь лавтай. Учир нь үүргээ биелүүлээд зогсохгүй бусдад юу хийхийг нь заадаг байв. Үнэхээр Бурхан заах чадварыг тэдэнд өгчээ.
7 Безалел Охолиаб хоёрын хийсэн бүтээл эдэлгээ сайтай байсан нь Бурхны сүнсээр удирдуулж байсны бас нэг баталгаа юм. Бараг 500 жил өнгөрсөн ч хүмүүс тэдний урласан тавилгыг хэрэглэж байжээ (Ш.дэд 1:2–6). Орчин үеийн уран бүтээлчид хийж туурвисан зүйлдээ гарын үсэг зурах юм уу, таних тэмдэг тавьдаг. Харин Безалел Охолиаб хоёр өөрсдийгөө бус, Еховаг алдаршуулсан (Ег. 36:1, 2).
8 Өнөө үед онцгой чадвар шаардсан, зүрх алдам үүрэг даалгавар бидэнд оногдож болох юм. Жишээлбэл: барилга барих, ном хэвлэх, чуулган зохион байгуулах, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх ажлыг удирдах, цус хэрэглэх талаар Библид юу гэж бичсэнийг эмч, мэргэжилтнүүдэд тайлбарлах хэрэг гардаг. Ийм ажлыг мэдлэг чадвартай хүмүүс хийх нь байдаг ч дийлэнхдээ тусгай мэргэжил эзэмшээгүй хүмүүс сайн дураараа хийдэг. Хичээл зүтгэлтэй тэднийг ажлаа сайн хийхэд нь Бурхны сүнс тусалдаг. Танд даалгавар өгөхөд хийж чадахгүй гэж өөрийгөө голоод айж байсан уу? Еховагийн сүнс таны мэдлэг чадварыг сайжруулж, ямар ч даалгаврыг биелүүлэхэд тусална гэдгийг бүү мартаарай.
Иошуа Бурхны сүнсний тусламжтайгаар амжилт олсон нь
9. Египетээс гарсных нь дараа израильчуудад юу тохиолдсон бэ? Ямар асуулт гарч ирсэн бэ?
9 Бурхны сүнс Мосе Безалел нарын үед амьдарч байсан бас нэг хүнийг удирджээ. Бурхны ард түмнийг Египетийн боолчлолоос чөлөөлөгдөөд удаагүй байтал амалекчууд ямар ч шалтгаангүйгээр довтолдог. Дайн тулаан гэдгийг мэдэхгүй израильчууд өөрсдийгөө хамгаалан анх удаа дайтахад хүрчээ (Ег. 13:17; 17:8). Тэднийг хэн удирдах бол?
10. Иошуагаар удирдуулсан Израилийн цэргүүд ялсны учир юу вэ?
10 Иошуа сонгогдов. Боол байхдаа тоосго цохиж, цөлд манна түүж байсан түүнд цэрэг удирдах туршлага гэхээр юм байсангүй. Харин өвөө Елишама нь ефраим овгийн удирдагч бөгөөд гурван овгоос бүрдсэн 108 100 цэрэгтэй ангийг (нэг тугийнхныг) захирдаг байсан (Тоол. 2:18, 24; Ш.дээд 7:26, 27). Гэсэн хэдий ч Ехова Елишама болон түүний хүү Нуныг бус, харин Иошуаг цэргийн удирдагчаар томилж, дайснаа дарах зааврыг Мосегоор өгүүлсэн. Тулалдаан бараг өдөржин үргэлжилжээ. Иошуа чин сэтгэлээсээ дуулгавартай байж, Бурхны ариун сүнсээр удирдуулсны ачаар Израиль ялсан (Ег. 17:9–13).
11. Бурханд үйлчлэхдээ амжилт олъё гэвэл Иошуаг хэрхэн дууриах вэ?
11 «Мэргэн ухааны сүнсээр дүүрэн болсон» Иошуа хожим нь Мосег залгамжилжээ (Д.хууль 34:9). Ариун сүнс түүнд Мосегийн адилаар зөгнөх, гайхамшиг үйлдэх чадвар өгөөгүй ч Канаан нутгийг эзлэн авах тулалдаануудад Израилийг удирдахад нь тусалсан. Бурханд үйлчлэхэд заримдаа туршлага дутуу, чадал хүрэхгүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ Бурханд Иошуа шиг дуулгавартай байж, зааврыг нь биелүүлбэл амжилт олох нь гарцаагүй (Иош. 1:7–9).
«ЭЗЭНий сүнс Гидеон дээр буув»
12-14. а) Израилийн 300-хан дайчин Мидианы нүсэр армийг бут цохисон нь юуны баталгаа вэ? б) Ехова Гидеонтой хамт байгаагаа хэрхэн баталсан бэ? в) Бурхан бидэнтэй хамт байгаагаа хэрхэн баталдаг вэ?
12 Иошуаг нас барсны дараа ч Ехова үнэнч үйлчлэгчдээ сүнсээрээ тэнхрүүлж байсан. «Шүүгчид» ном «буурайгаас хүчирхэг болгогдсон» хүмүүсийн түүхээр баян (Евр. 11:34). Тэдний нэг нь Гидеон юм. Израилийн төлөө тулалдахад нь Бурхан түүнд ариун сүнсээрээ тусалжээ (Шүү. 6:34). Мидианчууд Гидеоны цэргээс 4 дахин олон байсан. Гэтэл Ехова израильчуудыг хэтэрхий олон байна гэж үзээд цэргээ цөөлөхийг Гидеонд хоёр ч удаа тушаадаг. Ингээд Израилийн цэрэг дайсны цэргээс 450 дахин цөөн болсон (Шүү. 7:2–8; 8:10). Энэ нь Еховагийн таалалд нийцжээ. Израильчууд тулалдаанд ялбал өөрсдийн хүч чадал, мэргэн ухаанаар дайснаа дарсан гэж бардамнах аргагүй болсон.
13 Гидеоны цэргүүд тулалдахад бэлэн болжээ. Та өөрийгөө тэр цөөхөн цэргийн нэг гээд бод доо. Зарим нь айж хулчийгаад, нөгөө нэг хэсэг нь сонор сэрэмж алдаад хасагдчихсан байгаа шүү дээ. Та тайван байж чадах уу? Эсвэл юу болж дуусах бол гэж түгших үү? Гидеоны яасныг тааварлах хэрэггүй. Тэрбээр Еховагийн хэлсэн бүгдийг хийсэн (Шүүгчид 7:9–14-ийг уншина уу). Хамт байгаагаа батлаач гэж Гидеоныг гуйхад Ехова зэмлээгүй (Шүү. 6:36–40). Харин ч Гидеоны итгэлийг бэхжүүлсэн.
14 Еховагийн аврах хүч хязгааргүй. Тэрбээр ард түмнээ ямар ч хүнд байдлаас гаргаж чадна. Арчаагүй мэт харагдах хүнээр ч туслуулах нь бий. Заримдаа хүн хүч дутах юм уу арга мухардах үе бидэнд байдаг. Бурхан Гидеонтой хамт байгаагаа баталж гайхамшиг үйлдсэн. Харин орчин үед бидэнтэй хамт байгаагаа баталж, ариун сүнсээр удирдуулдаг хурлаар болон Үгээрээ удирдамж заавар өгдөг (Ром 8:31, 32). Хайрын үүднээс өгсөн амлалтыг нь бодохлоор Ехова бидэнд заавал тусална гэсэн итгэл төрдөг!
«ЭЗЭНий сүнс Иефтагийн дээр бууж ирэв»
15, 16. Иефтагийн охин зөв хандлагатай байсны учир юу вэ? Энэ түүх эцэг эхчүүдэд юу хэлж өгдөг вэ?
15 Өөр жишээ авч үзье. Израильчуудыг аммончуудтай тулалдах болоход Еховагийн сүнс «Иефтагийн дээр бууж ирсэн». Иефта Еховаг алдаршуулсан ялалт байгуулахыг ихэд хүсжээ. Тийм учраас, аммончуудыг гарт нь өгвөл гэртээ буцаж очих үед хамгийн түрүүнд угтан гарч ирэх хүнийг Еховад өгнө гэж тангараглажээ. Тэгээд дайснаа дараад гэртээ иртэл охин нь түүнийг угтахаар гүйн гарч ирэв (Шүү. 11:29–31, 34). Ийм юм болно гэж Иефта огт бодоогүй юү? Цорын ганц хүүхэдтэй гэдгээ тооцож үзсэн нь лавтай. Тэрбээр охиноо Шилод байдаг Еховагийн ариун газарт үйлчлүүлэхээр өгч, тангарагласнаа биелүүлдэг. Охин нь Еховагийн үнэнч үйлчлэгч байсан учраас эцгээ бүрэн дэмжиж, амласнаа биелүүлэх ёстойг нь хүлээн зөвшөөрсөн (Шүүгчид 11:36-г уншина уу). Еховагийн сүнс аав охин хоёрт тусалжээ.
16 Иефтагийн охин Еховагийн төлөө өөрийгөө золиослоход бэлэн байсны учир юу вэ? Бурханд үнэнч, хичээл зүтгэлтэй эцгээ ажиглаад бат итгэлтэй болсон нь эргэлзээгүй. Эцэг эхчүүд ээ, та нарыг хүүхдүүд чинь ажиглаж байдаг юм шүү. Хэлж ярьдаг зүйлдээ хэр зэрэг итгэлтэй байдгийг гаргасан шийдвэр тань харуулах болно. Үр хүүхэд тань та нарын чин сэтгэлээсээ залбирахыг сонсож, үг сургаалд тань чих тавьж, Еховад бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэхийн төлөө ямар их хичээл зүтгэл гаргаж байгааг ажигладаг. Энэ бүхэн танай хүүхдийг Еховад үйлчлэх чин хүсэлтэй болгох биз ээ. Тэгвэл та нар баярлахгүй гэж үү?
«ЭЗЭНий Сүнс [Самсон] дээр хүчтэйгээр бууж ирсэн»
17. Бурхны сүнсний тусламжтайгаар Самсон юу хийсэн бэ?
17 Бас нэг жишээ авъя. Израилийг филистчүүдээс аврахаар «ЭЗЭНий Сүнс [Самсоныг] хөдөлгөж эхлэв» (Шүү. 13:24, 25). Бурхан Самсоныг хэнтэй ч зүйрлэмгүй, ер бусын их хүчтэй болгосон. Филистчүүд Самсоныг барьж өгөхийг израильчуудаас шаардахад «ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав» (Шүү. 15:14). Хожим нь Самсон мунхаглан буруу шийдвэр гаргаж, бяр чадалгүй болсон ч «итгэлээр» хүчирхэг үйлс бүтээсэн (Евр. 11:32–34; Шүү. 16:18–21, 28–30). Тухайн үеийн онцлогоос шалтгаалан Еховагийн сүнс Самсонд ер бусын аргаар тусалж байсан. Самсоны түүх бидэнд асар их урам хайрладаг.
18, 19. а) Самсонд тохиолдсон явдлаас харахад юунд итгэлтэй байж болох вэ? б) Энэ өгүүллээр үзсэн үнэнч хүмүүсийн жишээ танд ямар ач тустай вэ?
18 Самсонд тусалж байсан тэр л ариун сүнсэнд бид ч найддаг. Тийм учраас, Есүсийн дагалдагчдадаа өгсөн тушаал буюу «гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэх» даалгаврыг биелүүлэхэд ариун сүнс тусална гэж найддаг (Үйлс 10:42). Энэ ажлыг хийхэд өөрт байхгүй ур чадвар шаардагддаг. Ехова биднээр хариуцуулсан өргөн цар хүрээтэй ажлыг хийлгэхдээ сүнсээрээ хүч өгдөгт нь талархаад баршгүй! Бид даалгавраа зөнч Исаиагийн адилаар гүйцэтгэдэг. «Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв» гэж тэрбээр хэлжээ (Ис. 48:16). Ехова, Мосе Безалел Иошуа нарын ур чадварыг сайжруулсан шигээ бидний чадварыг сайжруулна гэж итгэдэг учир бид ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг. Гидеон Иефта Самсон нарын адилаар бидэнд ч бас хүч тэнхээ хайрлана гэдэгт итгэж, «Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг» эзэмшдэг (Еф. 6:17, 18). Саадыг давахад тусална гэж Еховад найддаг бол бяр чадалтай Самсоны адил сүнслэгээр бяр чадалтай болно.
19 Ехова жинхэнэ шүтлэгийн төлөө эр зориг гаргадаг хүмүүсийг ивээдэг нь тодорхой байна. Бурхны ариун сүнсээр дуртайяа удирдуулбал итгэл бэхэжнэ. Христиан грек сударт ч бас тийм сайхан жишээ үзүүлсэн хүмүүсийн тухай бичсэн байдаг. Ехова МЭ 33 оны Пентекостын өдрөөс өмнө болон түүнээс хойш нэгдүгээр зууны үнэнч үйлчлэгчдээ ариун сүнсээрээ хэрхэн удирдаж байсныг дараагийн өгүүллээр үзнэ.
Ариун сүнс . . .
• Мосед . . .
• Безалелд . . .
• Иошуад . . .
• Гидеонд . . .
• Иефтад . . .
• Самсонд . . .
тусалсан нь танд яагаад урамтай санагдсан бэ?
[Догол мөрийн асуулт]
[22-р хуудасны товчлол]
Бурхны сүнс Самсоныг бяр чадалтай болгосон шигээ биднийг сүнслэгээр бяр чадалтай болгодог
[21-р хуудасны зураг]
Эцэг эхчүүд ээ, хүүхдүүд тань та нарыг хараад Еховад үйлчлэх хүсэлтэй болно