Skip to content

Гарчиг руу орох

Амар тайвныг мөшгөцгөөе

Амар тайвныг мөшгөцгөөе

Амар тайвныг мөшгөцгөөе

«Амар тайванг тогтоодог ... зүйлсийн хойноос мөшгөцгөөе» (РОМ 14:19).

1, 2. Еховагийн ард түмэн амар тайван байдгийн учир юу вэ?

 ЖИНХЭНЭ ёсоор амар тайван амьдарч буй хүмүүсийг өнөөгийн ертөнцөөс олоход бэрх. Хэл соёл, үндэс угсаа нэгтэй хүмүүс хүртэл шашин шүтлэг, улс төр, нийгмийн гарал үүслээрээ хуваагдсан байдаг. Харин Еховагийн ард түмэн «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» бүрддэг атлаа амар тайван, эв нэгдэлтэй амьдардаг (Илч. 7:9).

2 Амар тайван байдаг маань олон шалтгаантай. Бидний төлөө амиа золиосолсон Есүст итгэсний үрээр «Бурхантай эвлэрсэн» маань хамгийн гол шалтгаан юм (Ром 5:1; Еф. 1:7). Түүнчлэн жинхэнэ Бурхан үнэнч үйлчлэгчдэдээ ариун сүнсээ өгдөг. Тэр сүнсний үр жимсний нэг хэсэг нь амар тайван юм (Гал. 5:22). Эв нэгдэлтэй, амар тайван байдгийн бас нэг шалтгаан нь бид «ертөнцийнх биш» (Иох. 15:19). Өөрөөр хэлбэл, улс төрийн үйл хэрэг, дайн дажинд оролцдоггүй. Библид бичсэнээр, Еховагийн ард түмэн «илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтдаг» (Ис. 2:4).

3. Яавал эв нэгдэлтэй байх вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Эв нэгдэлтэй, амар тайван байна гэдэг нь ах дүүдээ муу юм хийхгүй байх төдий юм биш. Христианууд бид яс үндэс, хэл соёлоороо ялгаатай ч «бие биеэ хайрладаг» (Иох. 15:17). Эв нэгдлийг хүсдэг бид «бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлддэг» (Гал. 6:10). Амар тайван ноёлсон энэхүү сүнслэг диваажин маань хайрлан хамгаалбал зохих зүйлийн нэг юм. Тиймээс, хурал дотор амар тайвныг хэрхэн мөшгөж болохыг одоо үзэцгээе.

Бүдэрсэн бол

4. Хүн гомдоосон бол амар тайвныг хэрхэн мөшгөх вэ?

4 Шавь Иаков: «Бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн ... төгс хүн байна» хэмээн бичжээ (Иак. 3:2). Тиймээс итгэл нэгтнүүдийн хооронд үл ойлголцол, санал зөрөлдөөн гарах үе байдаг (Флп. 4:2, 3). Гэхдээ асуудлаа шийдэж, хурлын амар тайван байдлыг хадгалах хэрэгтэй. Жишээ нь хэн нэгнийг гомдоосон бол ямар зөвлөгөөг дагах нь зүйтэй вэ? (Матай 5:23, 24-ийг уншина уу).

5. Хүнд гомдсон бол амар тайвныг хэрхэн мөшгөх вэ?

5 Хэрэв шалихгүй юмнаас болж хэн нэгэнд гомдсон бол яах вэ? Ирж, уучлал гуйхыг нь хүлээх үү? 1 Коринт 13:5-д: «[Хайр] муутай тооцоо хийдэггүй» гэж байдаг. Тэгэхлээр, тухайн хүнийг уучилж, тэр асуудлыг мартвал амар тайвныг мөшгөж байна гэсэн үг (Колоссай 3:13-ыг уншина уу). Өдөр тутмын аахар шаахар асуудлыг ийм аргаар шийдвэл итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байна. Мөн зөв юм хийсэндээ өөрөө ч сэтгэл амар байх болно. «Гэм бурууг харахгүй өнгөрөх нь ... алдар суу билээ» хэмээсэн цэцэн үг байдаг (Сур. 19:11).

6. Биднийг гомдоосон хүнийг уучлахад хэцүү бол яах хэрэгтэй вэ?

6 Гэтэл гомдлоо мартаж чадахгүй бол яах вэ? Хүмүүст яриад явах нь ухаалаг хэрэг биш. Хурлын амар тайвныг алдагдуулна. Асуудлаа тайван замаар хэрхэн шийдэх вэ? Матай 18:15-д: «Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг» гэж байдаг. Ер нь Матай 18:15–17-д ноцтой нүгэл үйлдсэн хүнд яаж хандах ёстойг бичсэн байдаг ч 15-р зүйлийн зарчмыг дээрх тохиолдолд хэрэгжүүлж болно. Энэ зарчмын дагуу, тухайн хүнтэй ганцаарчлан уулзаж, эвлэрэхийг хичээх хэрэгтэй. *

7. Маргаанаа түргэн шийдвэрлэх хэрэгтэйн учир юу вэ?

7 Элч Паул: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» гэж бичжээ (Еф. 4:26, 27). Мөн Есүс: «Арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй» гэж хэлсэн байдаг (Мат. 5:25). Ах дүүтэйгээ эв нэгдэлтэй байя гэвэл асуудлаа түргэн шийдэх хэрэгтэй. Яагаад? Шархыг цэвэрлэж, боохгүй бол идээлдгийн адил маргаанаа дор нь шийдвэрлэхгүй бол улам даамжирч хурцадна. Бардам зан гаргах, атаархах, эд мөнгийг илүү чухал гэж үзэхгүй байцгаая. Эдгээр нь маргааныг шийдвэрлэхэд саад болдог (Иак. 4:1–6).

Маргаан олон хүнийг хамарвал

8, 9. а) I зууны Ромын христиануудын дунд үзэл бодлын ямар зөрчил гарсан бэ? б) Паул тэдэнд юу гэж зөвлөсөн бэ?

8 Заримдаа зөвхөн хоёр ч биш, нилээд хэдэн хүний дунд маргаан гардаг. Ийм явдал Ромын христиан хуралд тохиолдож байжээ. Иудей, иудей биш христианууд маргалдсан аж. Зарим христиан, мөс чанар нь «сул» буюу хэт мэдрэг нэгнээ илэрхий басамжилж байсан. Үнэндээ бол тэд бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож, зүй бусаар буруутгаж байжээ. Паул Ромын христиануудад ямар зөвлөгөө өгсөн бэ? (Ром 14:1–6).

9 Паул маргалдагч талуудад зөвлөгөө өгчээ. Тэрбээр Мосегийн хуулийг сахихаа больсон христиануудад итгэл нэгтнүүдээ басамжлахгүй байхыг захисан (Ром 14:2, 10). Хэрэв тийнхүү басамжлах аваас Хуулиар хориглосон хоол хүнс иддэггүй тэр хүмүүс бүдэрч болохоор байлаа. Паул тэдэнд: «Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа» хэмээн зөвлөөд, «Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн» гэж бичжээ (Ром 14:14, 15, 20, 21). Харин асуудалд уян хатан ханддаг нэгнээ үнэнч бус гэж шүүмжлэхгүй байхыг мөс чанар нь хэт мэдрэг христиануудад зөвлөсөн (Ром 14:13). Тэрбээр: «Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод» хэмээн бичжээ (Ром 12:3). Тэгээд аль алинд нь: «Амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе» гэж уриалжээ (Ром 14:19).

10. Маргаанаа шийдвэрлэхийн тулд Ромын христиануудын адилаар яах шаардлагатай вэ?

10 Ромын христианууд Паулын зөвлөгөөг хүлээж аваад, өөрсдийгөө засаж залруулсан биз ээ. Хэрэв бид даруу байж, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл маргаанаа шийдэж чадна. Ром дахь христиануудын адилаар, өнөөдөр ч хуралд маргаан гарвал, маргаанд оролцсон хүмүүс «бие биетэйгээ эвтэй байхын» тулд өөрчлөгдөх шаардлагатай (Марк 9:50).

Тусламж хүсвэл

11. Итгэл нэгтэнтэйгээ ам муруйсан христиан тусламж хүсвэл ахлагч яах хэрэгтэй вэ?

11 Гэр бүлийнхэн юм уу итгэл нэгтэнтэйгээ ам муруйсан христиан тусламж хүсвэл ахлагч яах хэрэгтэй вэ? Сургаалт үгс 21:13-т: «Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно» гэж байдаг. Ер нь ахлагч хүн бусдыг сонсдог. Гэхдээ «Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг» гэсэн сургаал үг бас бий (Сур. 18:17). Ахлагч уриалагханаар сонсох ёстой боловч гомдол мэдүүлсэн хүний талд орохоос болгоомжлох учиртай. Хэлэх үгийг нь сонссоныхоо дараа нөгөө хүнтэйгээ уулзсан эсэхийг нь лавладаг. Түүнчлэн, гомдсон хүн итгэл нэгтэнтэйгээ эвлэрэхийн тулд ямар ямар алхам хийх хэрэгтэйг Библиэс авч үздэг.

12. Гомдлыг сонссон даруйдаа яаран дүгнэх нь аюултайг харуулах жишээ хэлнэ үү.

12 Гомдлыг сонссон даруйдаа яаран дүгнэх нь аюултайг Библид бичсэн гурван түүх харуулдаг. Эхнийх нь Потифарт тохиолджээ. Иосеф хүчиндэхийг завдсан хэмээх эхнэрийнхээ худал үгэнд үнэмшсэн Потифар ихэд уурлан Иосефыг шоронд хийсэн (Эх. 39:19, 20). Хоёр дахь нь Давидын жишээ юм. Мефибошетын зарц Зиба Давидад эзнийгээ гүтгэн, дайснуудад нь тусалсан мэтээр ярьдаг. Тэгэхэд нь Давид хаан итгээд: «Үзэгтүн, Мефибошетын хамаг юмс нь чинийх» гэж яаран хариулдаг (2 Сам. 16:4; 19:25–27). Гурав дахь нь Артаксеркс хаанд тохиолдсон явдал юм. Иудейчүүд Иерусалимын хэрмийг сэргээн барьж, Персийн эзэнт гүрний эсрэг бослого гаргах гэж байна гэсэн хуурамч мэдээнд Артаксеркс хаан итгэж, барилгын ажлыг зогсоох зарлиг буулгадаг. Үүний улмаас иудейчүүд Бурхны сүмийг сэргээн барих ажлаа үргэлжлүүлэх аргагүй болсон (Езр. 4:11–13, 23, 24). Ахлагчид Тимотод өгсөн Паулын зөвлөгөөний дагуу, тухайн хэрэг явдлыг сайн мэдэхээсээ өмнө шийдвэр гаргахгүй байх нь ухаалаг хэрэг юм (1 Тимот 5:21-ийг уншина уу).

13, 14. а) Итгэл нэгтнүүдийн маань хооронд маргаан гарлаа гэхэд юуг бодож үзэх хэрэгтэй вэ? б) Ахлагчид юуны тусламжтайгаар маргааныг зөв шийдвэрлэдэг вэ?

13 Библид: «Хэрэв хэн нэгэн хүн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэр хүн мэдэх ёстойгоо мэдээгүй л байна» гэж бичжээ (1 Кор. 8:2). Хоёр хүний хооронд гарсан маргааны талаар тодорхой ойлголттой болсон ч нарийн ширийн асуудлыг мэдэж байгаа юу, тэр хүмүүсийг сайн мэддэг бил үү гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Ахлагчид маргааныг шийдвэрлэхдээ худал хуурмаг, заль мэх, цуу үгэнд хууртахгүй байх нь туйлын чухал. Бурхны томилсон Шүүгч Есүс Христ зөв шударгаар шүүдэг. Тэрбээр «Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй» (Ис. 11:3, 4). Харин ч Еховагийн сүнсээр удирдуулдаг. Ахлагчид бас Бурхны ариун сүнсээр удирдуулах ёстой.

14 Итгэл нэгтнүүдийнхээ маргааныг шийдвэрлэхийн өмнө ахлагчид Еховагийн сүнсийг гуйн залбирч, «итгэмжит ухаалаг боолын» ном хэвлэл болон Бурхны Үгнээс удирдамж заавар авах хэрэгтэй (Мат. 24:45).

Юуны түрүүнд Бурхантай эвтэй байх нь

15. Итгэл нэгтнээ нүгэл үйлдсэн гэдгийг мэдсэн бол ахлагчдад хэзээ мэдэгдэх ёстой вэ?

15 Христианууд бид амар тайвныг мөшгөх ёстой. Гэхдээ Библид: «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван» гэж байдаг (Иак. 3:17). Энд бичсэнээр, эхлээд ариун байх буюу Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахиж, хууль тушаалыг нь дагах ёстой. Христиан хүн итгэл нэгтнээ ноцтой нүгэл үйлдсэн гэж мэдвэл ахлагчдад хэл гэж ятгах учиртай (1 Кор. 6:9, 10; Иак. 5:14–16). Хэрэв ахлагчдад хэлэхгүй бол өөрөө очиж мэдэгдэх шаардлагатай. Нүгэл үйлдсэн хүнтэй түнжин хагарахгүй гээд дуугүй өнгөрвөл нүглийнх нь хамсаатан болно (Лев. 5:1; Сургаалт үгс 29:24-ийг уншина уу).

16. Иорам хаантай эвтэй байх гэж буулт хийгээгүй Иехүгээс юу сурч болох вэ?

16 Иехү зөв юм хийхийг нүгэл үйлдсэн хүнтэй эвтэй байхаас илүү чухалд үзжээ. Бурхан Ахаб хааны гэрийнхнийг шүүлгэхээр Иехүг илгээдэг. Ахаб Иезебел нарын хүү, хорон санаат Иорам хаан тэргээ унан, Иехүтэй уулзахаар ирж, «Иехү, амар амгалан уу?» гэж асуудаг. Тэгэхэд нь Иехү: «Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ?» хэмээн хариулжээ (Х.дэд 9:22). Тэгээд Иорамын зүрхийг нэвт харвасан. Ахлагчид Иехүгийн жишээг дууриан, нүглээ гэмшдэггүй хүнтэй эвтэй байх гэж буулт хийлгүй, хурлаас хасдаг. Үүний дүнд хурлын гишүүд бүхэлдээ Бурхантай эв найрамдалтай хэвээрээ байдаг (1 Кор. 5:1, 2, 11–13).

17. Амар тайван, эв нэгдэлтэй байхын тулд христиан бүр яах хэрэгтэй вэ?

17 Христиануудын хооронд гардаг маргаан ихэнхдээ ноцтой нүгэл биш байдаг. Тэгэхлээр ах дүүгээ хайрлан, алдаа дутагдлыг нь мартах нь хэчнээн сайн бэ! Бурхны Үгэнд: «Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг. Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотны анд нөхдийг салгадаг» гэж бий (Сур. 17:9). Бид бүгдээрээ энэ үгийг дагавал хурлынхантайгаа ч эв нэгдэлтэй, Еховатай ч сайн харьцаатай байна (Мат. 6:14, 15).

Амар тайвныг мөшгөвөл ивээл хүртэнэ

18, 19. Амар тайвныг мөшгөвөл ямар ямар ивээл хүртэх вэ?

18 «Амар тайванг тогтоодог ... зүйлсийн хойноос мөшгөвөл» ямар ивээл хүртэх вэ? Еховатай ойр дотно байна. Сүнслэг диваажингаа амар тайван, эв нэгдэлтэй байлгана. Итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байдаг учир «амар тайвны сайн мэдээ» дэлгэрүүлж явахдаа ч хүмүүстэй эвтэй байж чаддаг (Еф. 6:15). «Буруудахад тэвчээртэй байж», «бүх хүнд эелдэг зөөлөн хандаж» сурдаг (2 Тим. 2:24).

19 Түүнчлэн, «зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» гэдгийг санаарай (Үйлс 24:15). Энэ зөгнөл биелэхийн цагт янз бүрийн ааш араншин, гарал үүсэлтэй олон сая хүн амилна. Бүр «дэлхийн суурь» буюу хүний түүхийн эхэн үед амьдарч байсан хүмүүс амилна гээд бод доо! (Лук 11:50, 51). Тэр хүмүүст эв найртай, амар тайван байхыг заах нь үнэхээр их завшаан юм. Одоо олж авч байгаа мэдлэг маань тэр үед хэрэг болно!

[Зүүлт]

^ Гүтгэлэг, залилан гэх мэтийн ноцтой хэргийг шийдэхдээ Библийн ямар зарчим баримтлахыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1999 оны 10 дугаар сарын 1-ний дугаарын 19–22-р хуудаснаас үзнэ үү.

Давтах асуулт

• Хүн гомдоосон бол амар тайвныг хэрхэн мөшгөх вэ?

• Хүнд гомдсон бол амар тайвныг хэрхэн мөшгөх вэ?

• Гомдол мэдүүлсэн хүний талд орох нь яагаад ухаалаг бус вэ?

• Нүгэл үйлдсэн хүнтэй эвтэй байснаас, зөв юм хийх нь илүү чухал гэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Бусдыг чин сэтгэлээсээ уучилдаг хүнийг Ехова хайрладаг