Skip to content

Гарчиг руу орох

Бурхны мэргэн ухаан ямар гүн гүнзгий вэ!

Бурхны мэргэн ухаан ямар гүн гүнзгий вэ!

Бурхны мэргэн ухаан ямар гүн гүнзгий вэ!

«Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?» (РОМ 11:33).

1. Баптисм хүртсэн христиан хүн юуг хамгийн том завшаанд үздэг вэ?

 ТАНЫ хувьд хамгийн завшаантай хэрэг юу байсан бэ? Та хуралд үүрэг даалгавар авч байснаа эсвэл ажил, сургууль дээрээ шагнал авч байснаа санаж болох юм. Гэхдээ баптисм хүртсэн христиан хүн цорын ганц жинхэнэ Бурхан Еховатай дотно харьцаа тогтоох боломжтой болсноо хамгийн том завшаанд үздэг. Еховатай дотно харьцаа тогтоосныхоо ачаар бид «Түүгээр танигдсан» билээ (1 Кор. 8:3; Гал. 4:9).

2. Еховаг таньж мэдэх, түүгээр танигдахыг агуу завшаан гэж үзэхийн учир юу вэ?

2 Еховаг таньж мэдэх, түүгээр танигдахыг агуу завшаан гэж үзэхийн учир юу вэ? Учир нь Ехова орчлонт ертөнц дэх хамгийн агуу Нэгэн бөгөөд хайртай хүмүүсээ хамгаалдаг. Зөнч Нахум: «ЭЗЭН бол сайн. Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг» гэж Бурхнаар удирдуулан бичжээ (Нах. 1:7; Дуу. 1:6). Тэгээд ч мөнх амьдрах эсэх маань жинхэнэ Бурхан болон түүний Хүү Есүс Христийг таньж мэдэх эсэхээс шалтгаална (Иох. 17:3).

3. Бурхныг таньж мэдэх гэж яахыг хэлдэг вэ?

3 Бурхныг таньж мэдэх гэдэг нэрийг нь мэдэхээс илүү өргөн хүрээтэй. Бид Бурхантай анд нөхрийн харьцаа тогтоож, юунд дуртай, юунд дургүйг нь мэдэж авах хэрэгтэй. Тэр мэдлэгийнхээ дагуу амьдрах нь Бурхантай дотно харьцаа тогтоосноо харуулах нэг чухал арга юм (1 Иох. 2:4). Гэхдээ Еховаг үнэхээр сайн мэдье гэвэл илүү ихийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Бурхны юу хийснийг төдийгүй яаж, яагаад хийснийг нь мэдэх учиртай. Еховагийн санаа зорилгыг хэдийчинээ сайн ойлгоно, мэргэн ухааных нь гүн гүнзгийг төдийчинээ бишрэх сэтгэл төрнө (Ром 11:33).

Ехова бол санаа зорилготой Бурхан

4, 5. а) Библид хэрэглэсэн «зорилго» гэдэг үгээр юуг хэлдэг вэ? б) Зорилгодоо хүрэх арга нэгээс олон байж болохыг жишээгээр тайлбарлана уу.

4 Ехова бол санаа зорилготой Бурхан бөгөөд түүнийг «мөнхийн зорилготой» гэж Библид бичсэн байдаг (Еф. 3:10, 11). Библид хэрэглэсэн «зорилго» гэдэг үгээр олон янзын аргаар хүрч болдог тодорхой зорилгыг хэлдэг аж.

5 Үүнийг ойлгохын тулд жишээ татъя. Тодорхой нэг газар очихыг хүсэж байгаа хүний хувьд тэр газраа хүрэх нь түүний зорилго болно. Ямар унаагаар, аль замаар явах тухайд хэд хэдэн хувилбар гаргаж болох юм. Тэгээд замд гартал цаг агаар гэнэт муудах, зам бөглөрөх, зам хаасан байх гэх мэтийн гэнэтийн саад тулгарахад өөр замаар явахад хүрч мэднэ. Замаа өөрчлөх гэх мэтийн шаардлага гарсан ч, эцсийн эцэст, зорьсон газраа хүрэхэд зорилго нь биелнэ шүү дээ.

6. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд хэрхэн уян хатан хандсан бэ?

6 Дээрхтэй адилаар, Ехова ч мөнхийн зорилгоо биелүүлэхийн тулд уян хатан ханддаг. Оюун ухаант бүтээл нь сонгох эрх чөлөө эдэлдгийг харгалзан үзэж зорилгодоо хүрэх аргаа өөрчлөхөд бэлэн байдаг. Жишээ нь, Ехова анхны хосод: «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» гэж хэлсэн байсан (Эх. 1:28). Тэгвэл Еден цэцэрлэгт самуун дэгдсэнээс болоод энэ зорилго нь биелэх аргагүй болсон уу? Яалаа гэж! Ехова үүссэн нөхцөл байдалд тохируулан яаралтай арга хэмжээ авч, өөр «замаар» явсан. Самуун этгээдүүдийн тарьсан хор уршгийг арилгах «үр» бий болгохоо амласан (Эх. 3:15; Евр. 2:14–17; 1 Иох. 3:8).

7. Египетээс гарсан нь 3:14-т байдаг, Еховагийн хэлсэн үгнээс юу мэдэж болох вэ?

7 Ехова санаа зорилгоо биелүүлэх явцдаа, нөхцөл байдалд тухай бүрд нь дасан зохицож чаддаг нь өөрийнхөө тухай хэлсэн үгнээс нь харагддаг. Мосе Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлэхэд ямар саад учирч болохыг хэлэхэд нь Ехова: «Би бол „Би байдаг“ ... Израилийн хөвгүүдэд чи „Би байдаг“ намайг та нар уруу илгээв гэж хэл» хэмээн түүнийг зоригжуулдаг (Ег. 3:14). Еврей хэлээр «Би бол „Би байдаг“» гэдэг нь Ехова санаа зорилгоо бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд юу л болохыг хүснэ, тийм болж чаддаг гэсэн санаа илэрхийлдэг аж. Тийм ээ, Ехова хэрэгтэй бүхнийг хийж чаддаг! Элч Паул энэ чадварыг нь «Ром» номын 11-р бүлэгт бэлгэдлийн чидун модны жишээ татан уран тод дүрсэлжээ. Энэ жишээг дэлгэрэнгүй авч үзэх нь тэнгэрт гарах найдвартай христианууд болон дэлхийд амьдрах найдвартай христиануудын аль алинд нь Еховагийн хэчнээн мэргэн ухаантайг илүү сайн ойлгоход тус болно.

Амласан Үрийн талаарх Еховагийн санаа зорилго

8, 9. а) Ямар дөрвөн зүйлийг мэдвэл чидун модны жишээг ойлгоход хялбар байх вэ? б) Одоо ямар асуултыг ярилцах вэ? Үүнээс Еховагийн ямар чанарыг мэдэж болох вэ?

8 Ехова амласан үрийн талаарх санаа зорилгоо биелүүлэхийн тулд ямар дөрвөн алхам хийснийг авч үзвэл чидун модны жишээг ойлгоход дөхөм болно. Нэгдүгээрт, Абрахамын үрээр дамжуулан «дэлхийн бүх үндэстэн»ивээл хүртэхийг Ехова амласан (Эх. 22:17, 18). Хоёрдугаарт, Абрахамын үр удам болсон израиль үндэстэнд «тахилч нарынхаанчлалыг» бүрдүүлэх завшаан олгосон (Ег. 19:5, 6). Гуравдугаарт, израильчуудын ихэнх нь Мессиаг хүлээн зөвшөөрөөгүй учир «тахилч нарын хаанчлалыг» бий болгохын тулд өөр арга хэмжээ авсан (Мат. 21:43; Ром 9:27–29). Дөрөвдүгээрт, Есүсийг Абрахамын «үрийн» гол хэсэг болгосны зэрэгцээ уг «үрийн» хэсэг болох завшааныг өөр хүмүүст бас олгосон (Гал. 3:16, 29).

9 Энэ дөрвөн зүйлд тулгуурлаад, «Илчлэлт» номд бичсэн 144 000 хүн бол Есүстэй хамт тэнгэрт хаан, тахилчаар үйлчлэх хүмүүс гэдгийг бид ойлгодог (Илч. 14:1–4). Тэднийг бас «Израилийн хөвгүүд» гэдэг (Илч. 7:4–8). Тэгэхлээр, тэд бүгдээрээ израиль үндэстэн буюу иудей хүн байх ёстой гэсэн үг үү? Энэ асуултын хариу Ехова санаа зорилго биелүүлэхдээ уян хатан ханддагийг харуулдаг. Ром дахь христиануудад бичсэн элч Паулын захидал дээрх асуултын хариуг олоход тусална.

«Тахилч нарын хаанчлал»

10. Израиль үндэстэнд ямар хосгүй завшаан олдсон бэ?

10 Дээр дурдсанчлан, израиль үндэстэн «тахилч нарын хаанчлал, ариун үндэстнийг» бүрдүүлэх хосгүй завшаантай байсан (Ром 9:4, 5-ыг уншина уу). Гэхдээ тэд «Үрийг» ирэхэд яасан бол? Абрахамын үрийн туслах хэсэг болох сүнслэг Израилийн бүрэн бүрэлдэхүүн буюу 144 000 гишүүнийг израильчууд дангаараа бүрдүүлсэн болов уу?

11, 12. а) Тэнгэрийн Хаанчлалын бүрэлдэхүүнд орох хүмүүсийг хэзээ сонгож эхэлсэн бэ? Тэр үеийн ихэнх иудейчүүд яасан бэ? б) Ехова Абрахамын үрийн хэсэг болох хүмүүсийн тоог хэрхэн гүйцээсэн бэ?

11 Ром 11:7–10-ыг уншина уу. Нэгдүгээр зууны иудейчүүдийн ихэнх нь Есүсийг үгүйсгэсэн. Тиймээс тэд өөр хэнд ч олдоогүй, Абрахамын үрийг бүрдүүлэх хосгүй завшаанаа алджээ. Гэхдээ «тахилч нарын хаанчлалын» бүрэлдэхүүнд орох хүмүүсийг МЭ 33 оны Пентекостын өдөр сонгож эхлэхэд Есүсийг хүлээн зөвшөөрсөн, чин сэтгэлтэй иудейчүүд байсан. Тэд хэдхэн мянгуулаа байсан учир бүхэл бүтэн израиль үндэстэнтэй харьцуулбал ердөө л «үлдэгсэд» байв (Ром 11:5).

12 Тэгвэл Ехова Абрахамын үрийн туслах хэсэг болох хүмүүсийн тоог хэрхэн «дүүрэн» болгох буюу гүйцээсэн бэ? (Ром 11:12, 25). Энэ асуултад элч Паул ингэж хариулжээ. «Энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь [махан биеийн] Израилиас байгаа нь бүгд [сүнслэг] Израиль биш. Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд [Абрахамын үрийн хэсэг] гэсэн үг биш. ... Махан биеийн хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд нь үр ... гэж тооцогддог» (Ром 9:6–8). Тэгэхлээр, Ехова үрийн талаарх санаа зорилгоо биелүүлэхдээ Абрахамын удмаас гаралтай хүмүүсийг л хамруулна гэсэн явцуу шаардлага тавиагүй байх нь ээ.

Бэлгэдлийн чидун мод

13. а) Чидун мод, б) үндэс нь, в) их бие нь, г) мөчрүүд нь юуг бэлгэддэг вэ?

13 Элч Паул Абрахамын үрийн хэсэг болох хүмүүсийг бэлгэдлийн чидун модны мөчрүүдтэй зүйрлэжээ (Ром 11:21). * Энэхүү таримал чидун мод нь Абрахамтай байгуулсан гэрээнд хамаатай Бурхны санаа зорилгын биеллийг бэлгэддэг. Уг модны үндэс нь ариун бөгөөд сүнслэг Израильд амь өгөгч Еховаг төлөөлдөг (Ис. 10:20; Ром 11:16). Модны их бие нь Абрахамын үрийн гол хэсэг болох Есүсийг төлөөлдөг. Мөчрүүд нь Абрахамын үрийн туслах хэсгийг бүрдүүлдэг хүмүүсийг бүхэлд нь бэлгэддэг.

14, 15. Таримал чидун модноос «тастагдсан» нь хэн бэ? «Залгагдсан» нь хэн бэ?

14 Чидун модны жишээнд гардаг «тастагдсан» мөчрүүд нь Есүсийг үгүйсгэсэн иудейчүүдийг төлөөлдөг (Ром 11:17). Тэр иудейчүүд Абрахамын үрийн хэсэг болох завшаанаа алдсан. Тэгвэл хэн тэднийг орлох байсан бэ? Абрахамын үр удам гэдгээрээ бардамнадаг байсан израильчуудын хувьд энэ асуултын хариу ухаан санаанд нь багтамгүй зүйл байв. Гэхдээ Баптисм хүртээгч Иохан, Ехова хүсвэл чулуунуудыг хүртэл Абрахамын хүүхдүүд болгож чадна хэмээн тэднийг сэрэмжлүүлж байсан билээ (Лук 3:8).

15 Тэгвэл Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд яасан бэ? Таримал чидун модноос тастагдсан мөчрүүдийг нөхөхийн тулд зэрлэг чидун модны мөчрүүдийг залгасан гэж Паул бичжээ (Ром 11:17, 18-ыг уншина уу). Тэгэхлээр, сүнсээр тослогдсон, харь үндэстэн христиануудыг, жишээлбэл, Ром дахь хурлын гишүүдийг бэлгэдлийн чидун модонд залгагдсан мөчрүүдтэй зүйрлэж болно. Тийнхүү тэд Абрахамын үрийн хэсэг болов. Уг нь, тэд тэр тусгай гэрээнд багтах завшаангүй, зэрлэг чидун модны мөчир мэт байсан боловч Ехова тэдэнд сүнслэг иудейчүүд болох боломж олгосон (Ром 2:28, 29).

16. Сүнслэг шинэ үндэстэнд ямар өөрчлөлт гарсныг элч Петр хэрхэн тайлбарласан бэ?

16 Энэ өөрчлөлтийг элч Петр ийн тайлбарлажээ. Тэрбээр: «Тиймээс итгэгч та нарт [харь үндэстэн христиануудыг багтаадаг сүнслэг Израиль] ... энэ [Есүс Христ] нь үнэт. Харин үл итгэгчдэд „Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов“ гээд „Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм“ гэжээ. ... Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна» хэмээн бичжээ (1 Петр 2:7–10).

17. Еховаг санаанд оромгүй арга хэмжээ авсан гэхийн учир юу вэ?

17 Ехова олон хүний огт бодоогүй юмыг хийсэн аж. Үүнийг Паул «[мөн] чанарын эсрэг» хэмээсэн нь ер бусын гэж тайлбарласан хэрэг байв (Ром. 11:24). Яаж ийм юм болсон бэ? Ер нь, зэрлэг модны мөчрийг таримал модонд залгаж ургуулах нь жирийн бус, бараг байж боломгүй мэт санагдахаар боловч нэгдүгээр зууны тариаланчид ийм арга үнэхээр хэрэглэдэг байжээ. * Үүнтэй адилаар, Ехова ер бусын зүйл хийсэн. Иудейчүүдийн бодлоор бол, харь үндэстнүүд зохистой үр жимс ургуулж чадахааргүй байв. Гэвч Ехова тэднийг Хаанчлалын үр жимс ургуулах «үндэстний» хэсэг болгожээ (Мат. 21:43). Хөвч хөндүүлээгүй, харь үндэстнүүдийн дундаас анх христиан болсон Корнелыг МЭ 36 онд тосолсон тэр үеэс хөвч хөндүүлээгүй, иудей бус хүмүүс бэлгэдлийн чидун модонд залгагдах боломжтой болсон (Үйлс 10:44–48 *).

18. Абрахамын үрийн хэсэг болох боломж МЭ 36 оноос хойш иудейчүүдэд байсан уу?

18 Тэгвэл иудейчүүд Абрахамын үрийн хэсэг болох завшаанаа МЭ 36 оноос бүрмөсөн алджээ гэсэн үг үү? Үгүй ээ. Паул: «Хэрэв тэд [иудейчүүд] итгэлгүй байдалдаа цаашид байхгүй бол бас л залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. Хэрэв та зэрлэг чидуны модноос тастагдсан бөгөөд [мөн] чанарынх нь эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэгэх тусмаа байгалийнх нь байгалийнхаа модонд залгагдах биш үү?» хэмээн тайлбарласан (Ром 11:23, 24). *

«Бүх Израиль аврагдах болно»

19, 20. Ехова санаа зорилгоо хэрхэн биелүүлж байна вэ?

19 Тийм ээ, «Бурханы Израилийн» талаарх санаа зорилгоо Ехова гайхалтай биелүүлж байна (Гал. 6:16). Паулын хэлснээр, «бүх Израиль аврагдах болно» (Ром 11:26). Еховагийн товлосон цагт, «бүх Израиль» буюу сүнслэг Израиль бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнгэрт хаан, тахилчаар үйлчилнэ. Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд юу ч саад болж чадахгүй!

20 Зөгнөл ёсоор, Абрахамын «үр» буюу Есүс Христ болон 144 000 хүн «дэлхийн бүх үндэстэнд» ивээл хүртээнэ (Эх. 22:18). Ийнхүү Бурхны бүх ард түмэн энэ арга хэмжээний ач тусыг хүртэнэ. Еховаг мөнхийн зорилгоо хэрхэн биелүүлж байгааг нь эргэцүүлэн бодохлоор «Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ!» хэмээн өөрийн эрхгүй биширдэг (Ром 11:33).

[Зүүлт]

^ Израиль үндэстэн хэдийгээр хаантай, тахилчтай байсан боловч «тахилч нарын хаанчлал» биш байсан. Мосегийн Хуулиар, Израилийн хаад тахилч болох эрхгүй байв. Тэгэхлээр, тэр чидун мод израиль үндэстнийг бэлгэдсэн байж таарахгүй. Харин Ехова «тахилч нарын хаанчлалыг» бий болгох санаа зорилгоо сүнслэг Израильд хамааруулан биелүүлж байгааг Паул уг жишээгээр онцлон тэмдэглэжээ. Энэ өгүүллээр «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1983 оны 8-р сарын 15-ны дугаарын 14–19-р хуудаст нийтэлсэн материалыг шинээр тайлбарлав (англи).

^  «Зэрлэг чидуны мөчрийг залгадгийн учир» гэдэг хавсралтыг үзнэ үү.

^ Энэ нь сүнслэг шинэ үндэстний бүрэлдэхүүнд багтах боломжийг зөвхөн иудейчүүдэд олгосон байсан гурван жил хагасын хугацаа дуусахад болсон явдал юм. Энэ явдлыг далан «долоо хоногийн» тухай зөгнөлд бичсэн байв (Дан. 9:27).

^ Сонирхолтой нь, Ром 11:24-т таримал модыг «сайн» буюу «зорилгодоо ихэд тохирсон» гэж тодорхойлсон грек хэлний угтвар байдаг.

Давтах асуулт

• Ехова санаа зорилгоо хэрхэн биелүүлдгээс нь юу мэдэж болох вэ?

«Ром» номын 11-р бүлэгт гардаг

чидун мод...

үндэс нь...

их бие нь...

мөчрүүд нь юуг бэлгэддэг вэ?

• Мөчир залгаж ургуулахыг «[мөн] чанарын эсрэг» гэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[24-р хуудасны хавсралт/​Зураг]

 Зэрлэг чидуны мөчрийг залгадгийн учир

▪ МЭ І зуунд Ромын цэрэг, тариаланч Луций Юний Модерат Колумелла гэдэг хүн хөдөө нутгийн амьдрал, газар тариалангийн сэдвээр 12 ном бичиж алдаршжээ.

Тэрбээр тав дахь номдоо: «Чидун мод тарих нь жимс ургаасай гэж хүсэхтэй л ижил. Бордох нь жимс ургуулаарай гэж гуйхтай адил. Харин модондоо мөчир залгаж ургуулдаг хүн ургац заавал авдаг» хэмээсэн эртний зүйр үгийг бичжээ.

Түүнчлэн, харахад саглайтал сайхан ургасан атлаа жимс ургуулдаггүй модыг арчлахдаа дараах арга хэрэглэхийг зөвлөжээ. Тэрбээр: «Модонд сүв гаргаад, түүндээ зэрлэг чидунаас авсан ногоон мөчрийг сайтар бэхлэн тогтооно. Энэ нь тэр модны жимс ургуулах чадварыг сайжруулж байгаа хэрэг юм. Үүний ачаар, ургацын гарц нэмэгддэг» хэмээжээ.

[23-р хуудасны зураг]

Та бэлгэдлийн чидун модны жишээг ойлгодог уу?