Еховагийн үйлчлэгчид буурь суурьтай
Еховагийн үйлчлэгчид буурь суурьтай
«Илүү чухал юм нь юу болохыг магадал» (ФЛП. 1:10, ШЕ).
1, 2. Олон хүн юунаас болоод амьдралд хайнга ханддаг вэ? Ямар ямар асуулт урган гарч байна вэ?
ХҮНИЙ түүхэн дэх хамгийн их зовлонтой цаг үед та бид амьдарч байна. Еховатай дотно биш хүмүүсийн хувьд энэ «хэцүү цагийг» давна гэдэг бараг л боломжгүй (2 Тим. 3:1–5). Бэрхшээлээ давахад нь тэдэнд туслах хэн ч байдаггүй болохоор бүрмөсөн шийдвэрлэж чаддаггүй. Амьдралын эрээн барааныг мартах гэсэндээ зугаа цэнгэлээр өөрийгөө сатааруулдаг хүн олон.
2 Хүмүүс амьдралд тулгарах бэрхшээлийг давахын тулд зугаацаж цэнгэхийг урьтал болгодог. Христианууд бид болгоомжтой байхгүй бол тэдэн шиг болох тун амархан. Яавал ийм урхинд орохгүй байх вэ? Амарч зугаацаж огт болохгүй гэсэн үг үү? Үүрэг хариуцлагаа ч ухамсарладаг, зугаацаж цэнгэж ч чаддаг ухаалаг христиан байя гэвэл яах вэ? Аливаа асуудалд хандахдаа буурь суурьтай байдаг ч туйлшрахгүйн тулд Библийн ямар ямар зарчмыг удирдлага болгох вэ?
Зугаа цэнгэлийг хайрладаг ертөнцөд буурь суурьтай байх нь
3, 4. Ухаалаг байхын чухлыг Библид хэрхэн онцлон тэмдэглэдэг вэ?
3 Энэ ертөнц «зугаа цэнгэлийг хайрлахыг» чухалд үздэг (2 Тим. 3:4). Зугаа цэнгэлийн хойноос улайран хөөцөлдөх энэ үзэл бидний сүнслэг байдалд аюул учруулдаг (Сур. 21:17). Тиймээс элч Паул Титэд бичсэн захидалдаа ухаалаг байхыг зөвлөсөн нь учиртай юм. Энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл амьдралд хөнгөн хуумгай ханддаг ертөнцийн нөлөөнд автахгүй байж чадна (Тит 2:2–8-ыг уншина уу).
4 Зугаа цэнгэлийг хойш нь тавьж, амьдралын чухал асуудлыг үе үе эргэцүүлэн бодож байх нь хэчнээн ухаалаг болохыг хэдэн зууны тэртээ Соломон хаан бичсэн байдаг (Ном. 3:4; 7:2–4). Амьдрал охор богино учраас аврагдахын тулд бид хамаг чадлаараа «хичээх» ёстой (Лук 13:24). Ингэхдээ «илүү чухал юм нь юу болохыг магадалж» байх хэрэгтэй (Флп. 1:10, ШЕ). Өөрөөр хэлбэл, христиан амьдралынхаа бүх хүрээг онцгой анхаарах ёстой.
5. Христиануудын буурь суурьтай нь юунаас харагддаг вэ?
5 Жишээ нь, христианууд Ехова Есүс хоёрыг дууриаж, ажилдаа хариуцлагатай ханддаг (Иох. 5:17). Үүнийхээ ачаар, найдвартай, ажилсаг хүмүүс гэгдэн хүндэтгэл хүлээх нь олонтаа. Ялангуяа, өрхийн тэргүүнүүд гэр бүлээ тэжээхийн тулд нөр их хөдөлмөрлөх ёстойгоо ойлгодог. Тэгээд ч гэр бүлээ тэжээхгүй бол «итгэлийг үгүйсгэх» буюу Еховаг үл тоосон хэрэг болно! (1 Тим. 5:8).
Еховаг шүтэхдээ буурь суурьтай, баяр хөөртэй байх нь
6. Шүтлэгтээ буурь суурьтай хандах ёстойг хаанаас мэдэж болох вэ?
6 Ехова үйлчлэгчдээсээ шүтлэгийн асуудалд бүү хайнга хандаасай гэж хүсдэг. Израильчууд Еховаг шүтэхээ больсны уршгаар гашуун зовлон амсаж байсан (Иош. 23:12, 13). Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид жинхэнэ шүтлэгийг гажууд сургаал номлол, буруу үзэл бодлоор бузарлахгүйн тулд тууштай тэмцэх хэрэгтэй байсан (2 Иох. 7–11; Илч. 2:14–16). Орчин үед ч жинхэнэ христианууд шүтлэгтээ буурь суурьтай ханддаг (1 Тим. 6:20).
7. Паул дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн бэлддэг байсан бэ?
7 Дэлгэрүүлэх ажил хийдэг маань баяр баясгалантай байдгийн нэг шалтгаан юм. Гэхдээ үргэлж баяр хөөртэй үйлчилье гэвэл дэлгэрүүлэх ажилдаа буурь суурьтай хандаж, урьдчилан бэлдэх хэрэгтэй. Паул өөрөөр нь заалгадаг хүмүүст хэрхэн санаа тавьдаг тухайгаа: «Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа. Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмыг хийдэг» гэж тайлбарлажээ (1 Кор. 9:22, 23). Паул хүмүүст үнэнийг мэдэхэд нь туслан баяр хөөр эдэлдэг байсан бөгөөд хүн тус бүрийн онцлогийг харгалзан үзэж, ухаалаг ханддаг байжээ. Үүний ачаар, тэднийгээ Еховаг шүтэх хүсэл эрмэлзэлтэй болгосон.
8. а) Бид хүмүүст Бурхны Үгийг заахдаа хэрхэн хандах ёстой вэ? б) Библийн хичээл заахлаар баяр хөөртэй болдгийн учир юу вэ?
8 Паул дэлгэрүүлэх ажлыг хэр зэрэг чухал гэж үздэг байсан бол? Еховагийн ч төлөө, сайн мэдээг сонсох хүмүүсийн ч төлөө «боол» мэт үйлчлэхэд бэлэн байсан (Ром 12:11; 1 Кор. 9:19). Тэгвэл бид Библийн хичээл заах, цуглаан удирдах, Гэр бүлийн хичээл хийх зэргээр хүмүүст Бурхны Үгийг заахдаа хариуцлагатай хандах ёстойгоо ухамсарладаг уу? Библийн хичээл тогтмол заах нь хүнд ачаа мэт санагдаж магадгүй. Бусдад туслахын тулд өөртөө зориулах цагаа хугаслах хэрэг гардаг. Гэхдээ Есүсийн: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» гэж хэлсэн үгийг ойлгодог маань ийм л үед харагдахгүй гэж үү? (Үйлс 20:35). Аврагдах арга замыг хүмүүст заах ажилд гар бие оролцвол өөр ямар ч ажил хийгээд олж авдаггүй тийм баяр баясгалан эдэлдэг.
9, 10. а) Буурь суурьтай байна гэдэг нь алжаасан биеэ амрааж, зугаацан цэнгэж болохгүй гэсэн үг үү? Тайлбарлана уу. б) Ахлагч хүн ямар байвал итгэл нэгтнүүдээ урамшуулж, нөхөрсөг байж чадах вэ?
9 Буурь суурьтай байна гэдэг нь алжаасан биеэ амрааж, зугаацан цэнгэж болохгүй гэсэн үг биш ээ. Есүс зааж сургах ажилд ч, амарч зугаацан, хүмүүстэй дотносон нөхөрлөх тухайд ч цаг зав гаргахын төгс жишээ үзүүлжээ (Лук 5:27–29; Иох. 12:1, 2). Хүйтэн хөндий байхыг ч буурь суурьтай гэхгүй. Есүс хатуу ширүүн, хүйтэн хөндий хүн байсан бол хэн ч түүнтэй дотносохгүй байх байсан. Хүүхдүүд хүртэл түүний дэргэд байхдаа биеэ барьдаггүй байсан шүү дээ (Марк 10:13–16). Яавал Есүс шиг ухаалаг байх вэ?
10 Өөртөө өндөр шаардлага тавьдаг нэг ахлагч бусдаас хэзээ ч ихийг шаарддаггүйг итгэл нэгтэн нь ярьжээ. Таныг тэр ахлагчтай адил гэж хэлж болох уу? Бусдад зохих шаардлага тавих нь буруу биш. Жишээ нь эцэг эх нь хүрч болох зорилго тавихыг зөвлөн, түүндээ хүрэхэд нь туслахад хүүхдүүд дуртай байдаг. Түүнтэй адилаар, ахлагчид хурлынхандаа сүнслэгээр өсөхийг уриалахын зэрэгцээ чухам яавал өсөхийг тодорхой зааж зөвлөж болох юм. Түүнээс гадна, ахлагч хүн өөрийгөө дээгүүр тавьдаггүй, дүн нуруутай байдаг бол итгэл нэгтнүүдтэйгээ дотносож, тэднээрээ хүрээлүүлнэ (Ром 12:3). Нэг Гэрч эмэгтэй: «Ахлагч хүн бүх юмыг тоглоом шоглоом болгоод байвал зохисгүй л дээ. Гэхдээ бас дандаа албархаг байдаг бол тийм хүнтэй үг солиход ч хэцүү болно» гэж хэлжээ. Өөр нэг эмэгтэй «хэтэрхий буурь суурьтай байдаг» ахлагчдаас «айж сүрддэг» тухайгаа хэлсэн байна. «Жаргалтай Бурхан» Еховаг шүтдэг хэн бүхний амсаж эдэлдэг тэр баяр баясгаланг ахлагчид унтраах учиргүй (1 Тим. 1:11, ШЕ).
Хуралд үүрэг хүлээх нь
11. Хуралд үүрэг хүлээхийг «эрмэлздэг» хүн яах хэрэгтэй вэ?
11 Паул илүү хариуцлагатай үүрэг хүлээдэг болохыг христиан эрчүүдэд уриалсан. Гэвч энэ нь хувийн хүслээ хангах зорилго өвөрлөхийг хэлсэн хэрэг биш байв. Тэрбээр: «Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл тэр сайн ажлыг хүсдэг хүн байна» гэж бичжээ (1 Тим. 3:1). Хуралд үүрэг хүлээхийг «эрмэлздэг» христиан эрэгтэй итгэл нэгтнүүддээ үйлчлэхэд хэрэгтэй зан чанартай болохыг чин сэтгэлээсээ хүсэх учиртай. Хэрэв христиан эрэгтэй баптисм хүртээд наад зах нь нэг жил болсон, 1 Тимот 3:8–13 болон Тит 2:6–8-д байдаг Библийн шаардлагыг зохих хэмжээгээр хангаж байвал хурлынх нь хариуцлагатай эрчүүд түүнийг туслах үйлчлэгчээр томилуулах санал дэвшүүлж болох юм. Тит 2:6-д «ухаалаг бай[х]» учиртайг тодорхой бичсэн байдгийг онцлон үзье.
12, 13. Христиан хөвгүүд үүрэг хүлээхийг эрмэлздэгээ хэрхэн харуулж болох вэ?
12 Христиан хөвгүүд та нар Еховаг шүтэх асуудалд буурь суурьтай ханддаг уу? Хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэг болох хэд хэдэн арга зам бий. Дэлгэрүүлэх ажлынхаа чанарыг сайжруулах нь нэг арга юм. Та нар зөвхөн үеийнхэнтэйгээ бус, өөрөөсөө дүү эсвэл насаар ахмад итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлдэг үү? Библи судлах хүсэлтэй хүн олохыг хичээдэг үү? Цуглаанаар өгдөг зөвлөгөөг Библийн хичээл заахдаа хэрэгжүүлбэл ур чадвар тань сайжирна. Түүнээс гадна, Еховагийн тухай сурч мэдэж байгаа хүнийг ойлгодог болно. Суралцагч тань өөрчлөгдөх хэрэгтэйгээ ухаараад ирэхийн цагт Библийн зарчмыг хэрэгжүүлэхэд нь тэвчээртэйгээр, эвийг нь олоод тусалж сурна.
13 Христиан хөвгүүд та нар өөрсдийгөө дайчлан хурлынхаа өндөр настай итгэл нэгтнүүдэд туслахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Мөн Хаанчлалын танхимаа өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахад идэвх санаачилга гаргах нь зүйтэй. Хэрэв та нар чадах бүхнээрээ туслахыг чин сэтгэлээсээ хичээдэг бол үйлчлэлдээ буурь суурьтай ханддагаа батлан харуулна. Тимотын адилаар, бас хурлын төлөө санаа тавьж сурна (Филиппой 2:19–22-ыг уншина уу).
14. Христиан хөвгүүдийг үүрэг хүлээж чадах эсэхийг нь яаж шалгах вэ?
14 Ахлагчид та бүхэн, «идэр насныхаа дур хүслүүдээс зугтдаг», «зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөхийн» зэрэгцээ өөр олон сайхан зан чанартай болох гэж хичээж яваа хөвгүүдэд тодорхой ажил хариуцуулж байгаарай (2 Тим. 2:22). Хуралд хамаатай ажил онооход үүрэг хүлээж чадах эсэх нь «шалгагдана». Ингэснээр «ахиц дэвшил [нь] илэрхий» болно (1 Тим. 3:10; 4:15).
Хуралд болон гэр бүлдээ буурь суурьтай байх нь
15. 1 Тимот 5:1, 2-т бичсэнээр, буурь суурьтай хүний нэг шинж юу вэ?
15 Буурь суурьтай хүний нэг шинж нь ах дүүсээ хүндэтгэх явдал юм. Паул Тимотод бусдыг хүндэтгэх тухай юу гэж зөвлөснийг авч үзье (1 Тимот 5:1, 2-ыг уншина уу). Энэ нь эсрэг хүйсийн хүнтэй харьцахад онцгой хамаатай. Эмэгтэй хүнийг, ялангуяа эхнэрээ хүндэтгэдэг байсан Иовыг дууриавал зохино. Тэрбээр эмэгтэй хүнийг тачаадан харахгүй байхыг онцгой анхаардаг байсан (Иов 31:1). Сүнслэг ах дүүсээ хүндэтгэдэг хүн сээтэгнэх юм уу тэднийг эвгүй байдалд оруулах ямар ч юм хийдэггүй. Ялангуяа, гэрлэх зорилгоор үерхэж буй хоёр хүний хувьд бие биеэ хүндэтгэх нь чухал. Буурь суурьтай христиан хүн хэзээ ч бусдын сэтгэлээр тоглохгүй (Сур. 12:22).
16. Өнөөгийн нийгэмд нөхөр болон эцэг хүний үүргийг хэрхэн үздэг вэ? Харин Библид юу гэж байдаг вэ?
16 Христиан хүн хянамгай байхгүй бол гэр бүлдээ хүлээдэг, Бурхнаас оноосон үүрэгт буурь суурьтай хандахаа болих аюултай. Сатаны ертөнц нөхөр, эцэг хүнийг тоглоом шоглоомын бай болгодог. Орчин үед телевизийн нэвтрүүлэг, кино жүжиг, ном зохиол зэрэгт өрхийн тэргүүнийг элэг доог болсон, үнэ хүндгүй хүний дүрээр л харуулдаг болжээ. Гэтэл Бурхан нөхөр хүнд «эмэгтэй хүний тэргүүний» үүрэг оноож, ихээхэн хариуцлага хүлээлгэдгийг Библид бичсэн байдаг (1 Кор. 11:3).
17. Гэр бүлийн Библийн хичээл гэдэг арга хэмжээг дэмжих нь гэр бүлд хүлээсэн үүрэгтээ буурь суурьтай ханддагийг харуулдаг гэхийн учрыг тайлбарлана уу.
17 Нөхөр хүн гэр бүлийнхнийгээ хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангадаг хэр нь сүнслэг хэрэгцээг нь анхаардаггүй бол ухаалаг бус болно (Д.хууль 6:6, 7). Хуралд нэмэлт үүрэг хүлээхийг эрмэлздэг өрхийн тэргүүн «хүүхдүүдээ ... Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл[дэг]», «ухаалаг» хүн байх учиртай (Еф. 6:4; Тит 1:6, 8). Иймд өөрөөсөө: «Би гэр бүлийнхээ хичээлд цаг зав тогтмол гаргадаг бил үү?» гэж асуугаарай. Зарим эхнэрүүд нөхрөө сүнслэг үйл хэрэгт ч гэр бүлээ тэргүүлж байхыг гуйх нь холгүй байдаг. Нөхөр хүн бүр энэ үүргээ хэрхэн үздэгээ нягтлан шалгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, христиан эхнэрүүд Гэр бүлийн Библийн хичээл гэдэг арга хэмжээг дэмжиж, амжилттай явуулахын тулд нөхөртэйгөө гар нийлж ажиллах хэрэгтэй.
18. Хүүхдүүд яавал амьдралын чухал асуудалд буурь суурьтай хандаж сурах вэ?
18 Хүүхдүүд бас амьдралын чухал асуудалд буурь суурьтай хандаж сурах хэрэгтэй (Ном. 12:1). Хүүхдээр нас, биед нь тохирсон гэрийн ажил хийлгэж, ажил хөдөлмөрт сургахад буруу юм байхгүй (Гаш. 3:27). Давид багадаа хонь хариулж сурчээ. Бас дуу зохиож, хөгжим тоглож сурсныхаа ачаар хожим нь Израилийн хаанд үйлчлэх болжээ (1 Сам. 16:11, 12, 18–21). Хүүхэд юм хойно Давид тоглож нааддаг байсан байж таарна. Гэхдээ үүнийхээ хажуугаар өөр олон юм сурч, хожим нь Еховаг алдаршуулахад тэр бүхнээ зориулсан. Хонь хариулж сурсан нь Израилийн ард түмнийг тэвчээртэй удирдахад нь тус болжээ. Хүүхэд багачууд аа, та нар Бүтээгчдээ үйлчлэн, ирээдүйд үүрэг хүлээхдээ бэлдэж хэр их зүйлийг сурч байна вэ?
Дүн нуруутай байх нь
19, 20. Та дүн нуруутай байж, шүтлэгтээ буурь суурьтай хандахын тулд яая гэж бодож байна вэ?
19 Дүн нуруутай хүн хэтэрхий буурь суурьтай болох гэж туйлширдаггүй. «Хэт шударга» болохоос сэрэмжлэх хэрэгтэй (Ном. 7:16). Гэр орондоо, ажил дээрээ, итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхдаа хааяа алиа хошин зан гаргах нь хурцадмал байдлыг намжаадаг. Гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд гишүүн бүр бие биеэ хэтэрхий шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй. Христиан хурлын гишүүд бие биетэйгээ ярьж хөөрөхдөө, христиан эрчүүд хурлынхандаа зааж сургахдаа сэтгэл сэргээм, ашиг тустай зүйлийг ярихыг хичээдэг бол хурлын гишүүд бүгдээрээ хамтдаа хөгжилдөж, хамт байхын сайхныг мэдэрнэ (2 Кор. 13:10; Еф. 4:29).
20 Өнөөгийн ертөнц Еховаг тоодоггүй, хууль тушаалыг нь анхаарч үздэггүй. Харин Еховагийн ард түмэн Бурхандаа үнэнч, дуулгавартай байхыг ихэд чухалчилдаг. Еховаг шүтэх асуудалд буурь суурьтай ханддаг хүмүүсийн эгнээнд багтдаг маань хэчнээн сайхан хэрэг вэ! Ахуй амьдрал, шүтлэг мөргөлд буурь суурьтай хандаж байцгаая.
Хариулна уу
• Амьдралыг үзэх ертөнцийнхний хөнгөн хуумгай үзэлд автах ёсгүйн учир юу вэ?
• Дэлгэрүүлэх ажилдаа буурь суурьтай хандаж, Бурхандаа баяр хөөртэй үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
• Буурь суурьтай христиан хүн хүлээсэн үүрэгтээ хэрхэн ханддаг вэ?
• Итгэл нэгтнүүд болон гэр бүлийн гишүүдээ хүндэтгэх нь яагаад чухал бэ? Тайлбарлана уу.
[Догол мөрийн асуулт]
[12-р хуудасны зураг]
Нөхөр хүн гэр бүлийнхнийхээ бодит болоод сүнслэг хэрэгцээг хангах ёстой