«Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм»
«Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм»
«Та нар удирдагчид гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм» (МАТ. 23:10).
1. Еховагийн Гэрчүүд хэнийг Удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад?
ХРИСТ шашны ертөнцийн олон сүм хийд Ромын пап, Үнэн алдартны хамба гэх мэтийн хүмүүн удирдагчтай. Харин Еховагийн Гэрчүүдэд хүмүүн удирдагч гэж байдаггүй. Тэд хүнийг дагадаггүй, хүнд шавь ордоггүй нь Еховагийн: «Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно» хэмээн Хүүгийнхээ тухай айлдсаныг сахидгийнх юм (Ис. 55:4). Дэлхий дахинд буй тослогдогсод болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» Еховагийн өгсөн удирдагчаас өөр хэнийг ч удирдагчаа болгохыг хүсдэггүй (Иох. 10:16, ШГ). Тэд Есүсийн: «Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм» хэмээн хэлсэнтэй санал нэг байдаг (Мат. 23:10).
Израилийн жонон тэнгэр элч
2, 3. Бурхны Хүү израильчуудын төлөө юу хийж байсан бэ?
2 Христиан хурлын суурь тавигдахаас хэдэн зууны өмнө Ехова Израилийн ард түмнийг нэгэн тэнгэр элчээр удирдуулж байжээ. Тэрбээр израильчуудыг Египетээс хөтлөн гаргасныхаа дараа: «Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна. Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй» гэжээ (Ег. 23:20, 21). Еховагийн нэрийг дотроо байлгадаг тэр тэнгэр элчийг Бурхны ууган Хүү байсан гэж үзэх нь зүйд нийцнэ.
3 Бурхны Хүү хүн болж төрөхөөсөө өмнө Михаел гэдэг нэртэй байжээ. «Даниел» номд Михаелыг Даниелын ард түмний «жонон» гэсэн байдаг (Дан. 10:21). Түүнээс бүр өмнө Израилийн хэрэг явдалд Михаел оролцож явсан тухай шавь Иуда бичжээ. Сатан Мосег нас барсны дараа цогцсыг нь израильчуудаар шүтүүлэх гэсэн ч юм уу, ямар нэг байдлаар хувийн зорилгодоо ашиглахыг оролдсон бололтой. Тэгэхэд нь Михаел саад болжээ. Иуда: «Тэргүүн тэнгэр элч Михаел диаволтай сөргөлдөж Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин „Эзэн чамайг буруушааг“ гэж хэлжээ» хэмээн бичсэн байдаг (Иуда 9). Энэ явдлаас хойш удалгүй израильчууд Иерихо хотыг бүслэх болжээ. Тэгэхэд «ЭЗЭНий дайчдын жанжин» ирж, Иошуад үзэгдэн, Бурхан тусална гэж батлан хэлдэг. Тэр жанжин нь Михаел байсан нь тодорхой (Иошуа 5:13–15-ыг уншина уу). Нэгэн удаа жонон чөтгөр зөнч Даниелд чухал мэдээ хүргэж явсан тэнгэр элчид саад болох гэжээ. Тэгэхэд нь Михаел мөнөөх тэнгэр элчид туслахаар очсон (Дан. 10:5–7, 12–14).
Зөгнөсөн Удирдагч ирсэн нь
4. Мессиагийн ирэх талаар ямар зөгнөл байдаг вэ?
4 Энэ явдлаас өмнө Ехова зөнч Даниел руу тэнгэр элч Габриелыг илгээн, «Жонон [«Удирдагч», ШЕ] Мессиа» ирэх тухай зөгнөл хэлүүлдэг (Дан. 9:21–25). * Зөгнөсөн ёсоор, МЭ 29 оны намар Есүс Иохан руу очиж баптисм хүртжээ. Тэгэхэд ариун сүнс Есүс дээр буусанд тэрбээр Тослогдсон Нэгэн, Христ буюу Мессиа болсон (Мат. 3:13–17; Иох. 1:29–34; Гал. 4:4). Ийнхүү хэнтэй ч харьцуулшгүй Удирдагч болжээ.
5. Есүс дэлхийд үйлчлэх хугацаандаа Удирдагчийн үүргээ хэрхэн гүйцэтгэсэн бэ?
5 Есүс дэлхий дэх үйлчлэлээ эхлэхдээ л «Удирдагч Мессиа» болохоо батлан харуулсан. Хэдхэн өдрийн дотор шавь нараа цуглуулж, анхны гайхамшгаа үйлджээ (Иох. 1:35–2:11). Шавь нарынхаа хамт Палестин нутгаар хөндлөн гулд явж, Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглаж байлаа (Лук 8:1). Тэднийг дэлгэрүүлэх ажилд сургахын зэрэгцээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд манлайлан оролцож, сайхан жишээ үзүүлж явжээ (Лук 9:1–6). Энэ нь өнөөгийн христиан ахлагчдын дууриавал зохих жишээ юм.
6. Христ Хоньчин, Удирдагч гэдгээ хэрхэн баталсан бэ?
6 Есүс удирдагч байхын өөр нэг талыг онцлохдоо өөрийгөө халамжит хоньчинтой зүйрлэсэн байдаг. Ойрх Дорнодын хоньчид хонио бэлчээхдээ урд нь гарч дагуулан явдаг ажээ. У. М. Томсон нэгэн бүтээлдээ: «Хоньчин хүн хоньдынхоо урд гарч бэлчээр лүү нь залдаг төдийгүй өвс ус сайтай, аюулгүй газар хайж явдаг. ... Хонин сүргээ таягаараа залан ногоон бэлчээр лүү хөтөлж, араатан амьтдаас хамгаалдаг» хэмээн тэмдэглэжээ («The Land and the Book»). Есүс жинхэнэ Хоньчин, жинхэнэ Удирдагч гэдгээ батлан: «Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм» гэж хэлжээ (Иох. 10:11, 27). Хэлсэн ёсоороо хоньдынхоо төлөө амиа тахил болгон өргөсөн. Харин Ехова түүнийг амилуулан, «баруун гарынхаа Захирагч [«Удирдагч», ШГ], мөн Аврагчаар өргөмжилсөн»(Үйлс 5:31; Евр. 13:20).
Христиан хурлын Харгалзагч
7. Есүс христиан хурлыг хэрхэн харгалздаг вэ?
7 Дахин амилсан Есүс тэнгэрт гарахынхаа өмнөхөн шавь нартаа: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн» хэмээн хэлсэн (Мат. 28:18). Ехова шавь нарыг үнэний зам дээр бат зогсоохын тулд ариун сүнсээ Есүст өгчээ (Иох. 15:26). Есүс түүнийг нь МЭ 33 оны Пентекостын өдөр тэдэн дээр цутгасан (Үйлс 2:33). Энэ үйл явдал дэлхий дээр христиан хурал үүсэн байгуулагдсаны тэмдэг болжээ. Ехова тэр хурлыг тэнгэрээс удирдуулахаар Хүүгээ томилсон (Ефес 1:22; Колоссай 1:13, 18-ыг уншина уу). Есүс хурлаа Еховагийн ариун сүнсээр удирддаг. Бас «[өөрт нь] захирагддаг» тэнгэр элчүүд түүнд үйлчилдэг (1 Петр 3:22).
8. I зуунд Христ шавь нараа хэнээр удирдуулдаг байсан бэ? Өнөөдөр хэнээр удирдуулдаг вэ?
8 Түүнчлэн, Есүс христиан хуралд ариун сүнсний хүчээр «хүн бэлгүүд» өгч, заримыг нь «хоньчин ба багш» болгожээ (Ефес 4:8, ШЕ, 11). Элч Паул христиан харгалзагчдад: «Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» хэмээн уриалжээ (Үйлс 20:28). Анх христиан хурал үүсэн байгуулагдахад бүх харгалзагч нь сүнсээр тослогдсон эрчүүд байв. Иерусалим дахь хурлын элч нар болон ахлагчид удирдах зөвлөлийг бүрдүүлдэг байжээ. Христ энэхүү удирдах зөвлөлөөр дамжуулан дэлхий дэх тослогдсон «ах дүүсээ» бүхэлд нь удирддаг байсан (Евр. 2:11; Үйлс 16:4, 5). Өнөөгийн эцсийн өдрүүдэд Христ «хамаг эзэмшил хөрөнгө» буюу дэлхий дээр байгаа, Хаанчлалтай холбоотой бүхнээ «итгэмжит, ухаалаг боол» болон түүний төлөөлөгч болох тослогдсон эрчүүдээс бүрддэг Удирдах Зөвлөлд хариуцуулсан (Мат. 24:45–47). Тослогдогсод болон тэдний хамтран зүтгэгч өөр хонинууд орчин үеийн Удирдах Зөвлөлөөр удирдуулдгаа Удирдагч Христэд захирагдаж байгаа хэрэг гэж ойлгодог.
Христ дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн нь
9, 10. Христ Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг хэрхэн удирдсан бэ?
9 Дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг Есүс бүр анхнаас нь биечлэн удирдаж байжээ. Тэрбээр Хаанчлалын тухай сайн мэдээг хүн төрөлхтөнд хүргэх талаар нарийн заавар өгчээ. Дэлхий дээр үйлчилж байхдаа элч нартаа: «Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч. Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч. Та нар явахдаа „Тэнгэрийн хаанчлал ойрхон байна“ гэж тунхаглагтун» хэмээн зааварлажээ (Мат. 10:5–7). Элч нар уг зааврыг дагаж, ялангуяа МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш иудейчүүдэд болон Еховаг шүтдэг бусад үндэстний хүмүүст идэвхтэй дэлгэрүүлсэн (Үйлс 2:4, 5, 10, 11; 5:42; 6:7).
10 Хожим нь Есүс Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг ариун сүнсний хүчээр өргөжүүлэн, самаричуудад, дараа нь иудей биш хүмүүст сайн мэдээ хүргүүлсэн (Үйлс 8:5, 6, 14–17; 10:19–22, 44, 45). Харь үндэстнүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Тарсын Саулд христиан болох хүсэл төрүүлжээ. Есүс өөрийн шавь Ананиад заавар өгч: «Бос, „Шулуун“ хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. ... Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав» гэжээ (Үйлс 9:3–6, 10, 11, 15). Тэр хүн нь элч Паул болсон (1 Тим. 2:7).
11. Христ дэлгэрүүлэх ажлыг ариун сүнсний хүчээр хэрхэн өргөжүүлсэн бэ?
11 Хаанчлалын тухай мэдээг иудей биш үндэстнүүдэд тунхаглах ажлыг өргөжүүлэх цаг болоход ариун сүнс Паулыг удирдан, Бага Азид, дараа нь Европ руу миссионерийн аялалд явуулсан. Лук: «Тэднийг [Сирийн Антиох дахь хурлын христиан зөнчид болон багш нарыг] Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс: „Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун“ гэв. Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ» хэмээн «Үйлс» номд тэмдэглэжээ (Үйлс 13:2, 3). Есүс Тарсын Саулыг харь үндэстнүүдийн өмнө өөрийнх нь нэрийг үүрэх «сонгогдсон сав» болгохоор өөрөө дуудсан. Тийнхүү гэрчлэх ажлыг эрчимжүүлснээр хурлын Удирдагч гэдгээ баталсан. Есүс ариун сүнсний хүчээр энэ ажлыг удирдан явуулж байсныг Паулын миссионерийн хоёр дахь аялал тов тодорхой харуулжээ. Библид бичсэнээр «Есүсийн Сүнс» Паул болон түүний нөхдийг удирдсан. Өөрөөр хэлбэл, Есүс ариун сүнсний тусламжтайгаар тэдний хэзээ, хаашаа явахыг зааж, үзэгдэл үзүүлэн, Европ руу явах чиг өгчээ (Үйлс 16:6–10-ыг уншина уу).
Есүс хурлаа удирддаг
12, 13. Христ хурал болгоноо нарийн ажигладаг нь «Илчлэлт» номоос хэрхэн харагддаг вэ?
12 Есүс МЭ I зууны тослогдсон дагалдагчдынхаа хурлуудад юу болж байгааг нарийн ажиглаж байв. Хурал бүрийн сүнслэг байдлыг нэгд нэгэнгүй мэдэж байсан нь «Илчлэлт» номын 2, 3 дугаар бүлгээс тодорхой харагддаг. Тэрбээр Бага Азийн долоон хурлыг нэрээр нь дуудсан байдаг (Илч. 1:11). Гэхдээ тухайн үеийн бусад хурлын сүнслэг байдлыг ч маш сайн мэддэг байсан гэж үзэх бүрэн үндэс бий (Илчлэлт 2:23-ыг уншина уу).
13 Есүс тэдгээр хурлын заримыг тэвчээртэй байн, сорилтыг үнэнчээр даван, үгийг нь дуулгавартай сахин, тэрс явдлыг үл тэвчсэнийх нь төлөө магтан сайшаасан байдаг (Илч. 2:2, 9, 13, 19; 3:8). Нөгөө талаар, өөрийг нь хайрлах хайраа хөргөсөн бөгөөд шүтээн шүтэх, садар самуун үйлдэх болон бүлэглэн хуваагдах явдлыг хүлцэн өнгөрүүлсэн зарим хуралд хатуу сануулга өгсөн (Илч. 2:4, 14, 15, 20; 3:15, 16). Зарим нэгийг нь тийнхүү зэмлэсэн хэдий ч үнэхээр хайр халамжтай харгалзагч байсан тул: «Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш» хэмээн айлджээ (Илч. 3:19). Есүс тэнгэрт гарсан хойноо ч дэлхий дэх хурлаа ариун сүнсээр удирддаг байсан. Тэдгээр хурлуудад бичсэн захидлынхаа төгсгөлд: «Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун» гэжээ (Илч. 3:22).
14-16. а) Есүс Еховагийн ард түмний зоригт Удирдагч гэдгээ хэрхэн баталсан бэ? б) Есүс «үеийн төгсгөл хүртэл» шавь нартайгаа «хамт» байгаагийн үр дүн юу вэ? в) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
14 Тэнгэр элч Михаел (Есүс) Израилийн зоригт Удирдагч болохоо батлан харуулсныг ярилцлаа. Тэрбээр нэгдүгээр зуунд шавь нарынхаа зоригт Удирдагч, халамжит Хоньчин нь байсан. Дэлхий дээр үйлчилж байхдаа дэлгэрүүлэх ажлыг биечлэн удирдаж, дахин амилсныхаа дараа ч Хаанчлалын тухай сайн мэдээ түгээх ажлыг хариуцлагатайгаар удирдаж байсан.
15 Эцэст нь Есүс гэрчлэх ажлыг ариун сүнсний хүчээр дэлхийн хязгаар хүртэл өргөжүүлэх учиртай байлаа. Тэрбээр тэнгэр өөд явахынхаа өмнө шавь нартаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээн хэлжээ (Үйлс 1:8; 1 Петр 1:12-ыг уншина уу). Гэрчлэх ажлыг нэгдүгээр зуунд Христийн удирдлагаар өргөн далайцтай хийжээ (Кол. 1:23).
16 Энэ ажил төгсгөлийн цаг үед ч үргэлжлэхийг Есүс өөрөө хэлсэн. Бүх үндэстэнд дэлгэрүүлж, шавь бэлдэхийг дагалдагчдадаа даалгасны дараа: «Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» хэмээн амлажээ (Мат. 28:19, 20). Христ 1914 онд хааны эрх мэдлийг хүлээн авсан цагаасаа эхлэн шавь нартайгаа үргэлж «хамт» байж, тэднийг идэвхтэй удирдаж байна. 1914 оноос одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг нь дараагийн өгүүллээр үзнэ.
[Зүүлт]
^ Энэ зөгнөлийн талаар «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 198–199-р хуудасны хавсралтаас дэлгэрэнгүй үзнэ үү.
Давтах асуулт
• Бурхны Хүү Израилийн идэвхтэй Удирдагч гэдгээ хэрхэн баталсан бэ?
• Христ дэлхий дэх хурлаа хэрхэн удирддаг вэ?
• Христ сайн мэдээ түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрхэн удирддаг вэ?
• Христ хурал бүрийн сүнслэг байдлыг анхааралтай ажигладгийг юу харуулдаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[21-р хуудасны зураг]
«Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна»
[23-р хуудасны зураг]
Христ урьдын адил «хүн бэлгүүдээр» хоньдоо хариулуулдаг