Skip to content

Гарчиг руу орох

Есүс Бурхны зөвийг баталдаг

Есүс Бурхны зөвийг баталдаг

Есүс Бурхны зөвийг баталдаг

«Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан [Христийг] эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь ... Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан» (РОМ 3:25).

1, 2. а) Хүн төрөлхтний нөхцөл байдлын талаар Библи юу хэлж өгдөг вэ? б) Энэ өгүүллээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ЕДЕН цэцэрлэгт дэгдсэн самуун явдлын тухай Библийн түүхийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Бид бүгдээрээ Адамын нүглийн үр дагаврыг амсдаг. Энэ тухай Библид: «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» хэмээн бичжээ (Ром 5:12). Бид зөв юм хийхийг хэчнээн хичээдэг ч алдаа гаргадаг. Тиймээс бидэнд Бурхны өршөөл зайлшгүй хэрэгтэй. Элч Паул хүртэл: «Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!» хэмээн харууссан байдаг (Ром 7:19, 24).

2 Бид бүгдээрээ нүгэлтэй төрдөг учир дараах асуултыг бодож үзэх нь зүйтэй. Назарын Есүс ямар учраас нүгэл өвлөлгүй төрсөн бэ? Яагаад баптисм хүртсэн бэ? Есүс дэлхийд амьдрах хугацаандаа Еховагийн зөвийг хэрхэн баталсан бэ? Хамгийн гол нь Христ үхлээрээ юуг гүйцэлдүүлсэн бэ?

Бурхныг буруутгасан нь

3. Сатан Еваг хэрхэн мэхэлсэн бэ?

3 Анхны хүн Адам Ева хоёр «диавол ба Сатан гэгддэг эртний могойд» захирагдахаар болж, Бурхны хэмжээгүй эрх мэдлээс татгалзсан нь мунхаг хэрэг болсон юм (Илч. 12:9). Энэ явдал хэрхэн болж өнгөрснийг ярилцъя. Сатан Ехова Бурхны удирдан захирах арга зөв эсэх тухай асуудал хөнджээ. Тэрбээр Евагаас: «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» хэмээн асуусан нь үүнийг баталдаг. Ганц л модноос жимс идэж болохгүй, идвэл үхнэ хэмээсэн Бурхны тодорхой тушаалыг Ева давтан хэлдэг. Тэгэхэд нь Сатан Бурхныг худал хэлсэн хэмээн гүтгэж, «Та нар ерөөсөө үхэхгүй» гэжээ. Бурхан ямар нэг сайн юм нууж байгаа бөгөөд тэр жимснээс идвэл ёс суртахууны хувьд хэнээс ч хараат бус Бурхан шиг болно гэдэгт Еваг итгүүлж дөнгөсөн ​(Эх. 3:1–5).

4. Хүн төрөлхтөн Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг Сатаны гарт хэрхэн орсон бэ?

4 Угтаа бол Сатан хүн төрөлхтнийг Бурхнаас хамааралгүй явбал илүү жаргалтай болно гэсэн санаа хэлсэн аж. Адам Бурхныг хэмжээгүй эрхт Эзэн байх нь зөв зүйтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн оронд эхнэрийнхээ үгэнд орж, хориотой жимснээс бас иджээ. Тийнхүү Еховад зөв хэмээн тооцогдохоо больж, биднийг нүгэл, үхлийн хүнд буулганд оруулсан. Үүний зэрэгцээ хүн төрөлхтнийг Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг, «энэ орчлонгийн бурхан» болох Сатаны гарт өгсөн (2 Кор. 4:4, ШГ; Ром 7:14).

5. а) Ехова хэлсэн үгэндээ яаж хүрсэн бэ? б) Бурхан Адам Ева хоёрын үр удамд ямар найдвар төрүүлсэн бэ?

5 Ехова хэлсэн үгэндээ хүрч Адам Ева хоёрт үхлийн ял оноосон (Эх. 3:16–19). Гэлээ ч санаа зорилго нь бүтэлгүйтээгүй. Тэгэх ч учиргүй! Ехова, Адам Ева хоёрт ял оноохдоо ирээдүйн үр удамд нь итгэл найдвар өгч, «үр» (ШЕ) бий болгохоо мэдэгдсэн. Тэр амласан Үр нь Сатанд өсгийгөө няцлуулах боловч эдгэрээд, Сатаны «толгойг няцлах» байлаа (Эх. 3:15). Библид: «Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ» хэмээн Есүс Христийн тухай бичиж, дээрх зүйлийг нарийн тайлбарладаг (1 Иох. 3:8). Харин Есүс биеэ авч явах байдал хийгээд үхлээрээ Еховагийн зөвийг хэрхэн баталсан бэ?

Есүсийн хүртсэн баптисмын утга учир

6. Есүс Адамын нүглийг өвлөөгүй гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

6 Есүс нас бие гүйцсэн хүн болж байж Адамтай эн тэнцэх учиртай байв (Ром 5:14; 1 Кор. 15:45). Үүний тулд төгс хүн болж төрөх ёстой болжээ. Яаж ийм юм болох байсан бэ? Габриел гэдэг тэнгэр элч Есүсийн эх Мариад энэ тухай: «Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно» хэмээн тодорхой тайлбарлажээ (Лук 1:35). Есүс бага байхдаа эх Мариагаас өөрийнхөө хэрхэн төрсөн талаарх зарим зүйлийг сонссон бололтой. Тийм ч учраас, нэг удаа Мариа болон өргөсөн эцэг Иосеф нь Есүсийг Бурхны сүмд байхад нь олоход жаал хүү: «Эцгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?» хэмээн асуужээ (Лук 2:49). Есүс бүр бага байхаасаа л өөрийгөө Бурхны Хүү гэдгийг мэддэг байсан нь тодорхой байна. Тэрбээр Бурхны зөвийг батлахыг ихэд чухалчилдаг байжээ.

7. Есүст ямар ямар үнэт хөрөнгө байсан бэ?

7 Есүс Бурхнаа шүтэхээр цуглаанд тогтмол очдог байсан нь сүнслэг зүйлийг өндөр үнэлдэг байсны илрэл юм. Еврей Судраас уншсан, сонссон бүхнээ төгс оюун ухаандаа шингээн хоногшуулж байсан нь лавтай (Лук 4:16). Есүст байсан үнэлж баршгүй бас нэг хөрөнгө нь хүн төрөлхтний төлөө өргөх төгс бие нь байлаа. Тэрбээр баптисм хүртэж байхдаа залбирсан бөгөөд энэ үеэрээ Дуулал 40:6–8-д бичсэн зөгнөлийг бодож байсан байж болох юм​(Лук 3:21; Еврей 10:5–10-ыг уншина уу *).

8. Есүсийг баптисм хүртэх гэхэд нь Баптисм хүртээгч Иохан болиулах гэсний учир юу вэ?

8 Баптисм хүртээгч Иохан Есүсийг баптисм хүртэхийг нь эхлээд болиулах гэжээ. Учир нь Мосегийн хуулийг зөрчин нүгэл үйлддэгтээ гэмшсэн иудейчүүдэд баптисм хүртээж байсан аж. Тэрбээр ойрын хамаатан нь учир Есүсийг зөвт хүн бөгөөд гэмших шаардлагагүйг нь мэдэж байсан байж таарна. Гэвч Есүс баптисм хүртэх зохистойгоо Иоханд батлан хэлж, «Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна» хэмээн тайлбарлажээ​(Мат. 3:15).

9. Есүс баптисм хүртсэн нь юуг бэлгэдэн харуулсан бэ?

9 Есүс төгс хүн байсан учраас өөрийгөө Адамын адилаар эцэг болж төгс үр удам төрүүлэх боломжтой гэж бодож болох л байсан. Гэвч үнэндээ ингэхийг хэзээ ч хүсээгүй юм. Учир нь өөрийнх нь талаарх Еховагийн хүсэл энэ биш байсан. Бурхан амласан Үр буюу Мессиагийн үүргийг гүйцэтгүүлэхээр Есүсийг дэлхий рүү илгээсэн. Есүс төгс амиа тахил болгон өргөх нь энэ үүргийн нэг хэсэг нь байлаа (Исаиа 53:5, 6, 12-ыг уншина уу). Есүсийн хүртсэн баптисм бидний хүртдэг баптисмтай утгын хувьд адилгүй байсан нь ойлгомжтой. Тэрбээр Бурханд өөрсдийгөө зориулсан Израилийн ард түмний дундаас төрсөн тул Еховад өөрийгөө зориулах шаардлагагүй байсан. Харин Мессиагийн талаар Сударт зөгнөсөн ёсоор Бурхны хүслийг биелүүлэхэд бэлэн байгаагаа бэлгэдэн харуулж баптисм хүртжээ.

10. Бурхны хүсэл тааллыг биелүүлэх Мессиагийн үүрэгт юу юу багтаж байсан бэ? Есүс энэ үүргийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

10 Түүнчлэн Ехова Есүсийг Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдээсэй, шавь нараа бас тэр ажилд сургаасай хэмээн хүсэж байсан. Есүсийн хүртсэн баптисм нь Ехова Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхийн төлөө хавчигдаж, тарчлан үхэхэд бэлэн байсныг нь бас харуулдаг. Есүс тэнгэрийн Эцгээ чин сэтгэлээсээ хайрладаг учир хүсэл тааллыг нь биелүүлнэ хэмээн ихэд баярлаж, өөрийн биеийг тахил болгон өргөнө гэдэгтээ туйлын сэтгэл ханамжтай байсан (Иох. 14:31). Түүнчлэн Бурхан өөрийнх нь төгс амийн үнэ цэнээр биднийг нүгэл, үхлийн боолчлолоос худалдан авч чадна гэдэгтээ баяртай байв. Эдгээр агуу үүргийг хүлээж, баптисм хүртэхийг нь Ехова сайшаасан болов уу? Тийм ээ, сайшаасан!

11. Ехова Есүсийг амласан Мессиа буюу Христ хэмээн хүлээн зөвшөөрдгөө хэрхэн илэрхийлсэн бэ?

11 Есүсийг Иордан голоос гарч ирэхэд нь Ехова Бурхан түүнийг сайшаадгаа маш тодорхой хэлснийг Евангелийн дөрвөн номд дөрвүүлэнд нь бичсэн байдаг. Баптисм хүртээгч Иохан: «Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, [Есүс] дээр тогтохыг би харсан. ... Би харсан. Энэ бол Бурхны Хүү мөн гэдгийг би гэрчилж байна» гэжээ (Иох. 1:32–34). Яг тэр үеэр Ехова өөрөө: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» хэмээн тунхаглажээ​(Мат. 3:17; Марк 1:11; Лук 3:22).

Үхэн үхтэлээ үнэнч

12. Есүс баптисм хүртсэнийхээ дараах гурван жил хагасын хугацаанд юу хийсэн бэ?

12 Есүс баптисм хүртсэнээсээ хойших гурван жил хагасын турш хүмүүст Эцгийнхээ тухай зааж сургах, Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөв хэмээн батлах ажилд өөрийгөө бүрэн зориулжээ. Амласан газрыг хөндлөн гулд туулан, эцэж цуцталаа явган аялсан хэдий ч үнэнийг сайтар гэрчлэх ажилд нь юу ч саад болж чадаагүй (Иох. 4:6, 34; 18:37). Есүс хүмүүст Бурхны Хаанчлалын тухай зааж сургаж байлаа. Өвчтэй хүмүүсийг эдгээх, өлссөн олныг хооллох, түүгээр ч барахгүй үхэгсдийг амилуулах зэргээр гайхамшиг үйлдэн, Хаанчлал хүн төрөлхтний төлөө юу хийхийг харуулжээ​(Мат. 11:4, 5).

13. Есүс залбирлын талаар юу заасан бэ?

13 Есүс багшлах, анагаах үйлсээрээ бахархан, өөрийгөө магтан алдаршуулахын оронд даруухан байж, бүх магтаал хүндэтгэлийг Еховад өгсөн нь агуу жишээ болдог (Иох. 5:19; 11:41–44). Түүнчлэн, бидэнд хамгийн гол нь юуны төлөө залбирах ёстойг мэдүүлж өгсөн. Бид залбирахдаа Бурхны Ехова гэдэг нэр «ариунаар дуурсгагдаг», Бурхны хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөж, Сатаны ёс бус удирдлагыг халах болтугай, тэгвэл Бурхны хүсэл «тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх» болно хэмээн гуйж байх хэрэгтэй (Мат. 6:9, 10). Бас тэгж залбирсныхаа дагуу «эхлээд ... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайхыг» Есүс бидэнд уриалсан​(Мат. 6:33).

14. Есүс төгс хүн байсан ч Бурхны санаа зорилготой салшгүй холбоотой үүргээ биелүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байсны учир юу вэ?

14 Амиа тахил болгон өргөх цаг нь ойртох тусам Есүс хүлээсэн үүргээ улам бүр ухамсарлаж байлаа. Хилсээр буруутгагдаж, тарчлан үхэхийг тэсвэрлэж чадах эсэх нь Эцгийнх нь санаа зорилго, нэр хүндэд нөлөөлөх байв. Тэрбээр үхэхээсээ тав хоногийн өмнө: «Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? „Аав аа, энэ цагаас Намайг авраач“ гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн» хэмээн залбирчээ. Эхэндээ жирийн л хүнд төрдөг сэтгэлээр ийнхүү залбирсан ч, дараа нь өөрийгөө бодолгүй, илүү чухал асуудалд анхаарлаа хандуулж, «Аав аа, нэрээ алдаршуулаач» гэж залбирсанд Ехова тэр даруй: «Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна» хэмээн хариулжээ (Иох. 12:27, 28). Уг нь Есүс ямар ч хүний үзээгүй, үнэнч байдлын хүнд бэрх сорилтод ороход бэлэн байсан. Тэгэхдээ тэнгэрийн Эцгийнхээ хариултыг сонсоод, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөж чадна гэдэгтээ бүр ч бат итгэлтэй болсон нь лавтай. Зорилгоо ч амжилттай биелүүлсэн!

Есүс үхлээрээ юуг гүйцэлдүүлсэн бэ?

15. Есүс үхэхийнхээ өмнө: «Гүйцэлдлээ!» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?

15 Есүс тарчлаах шонд хадуулчихаад, зовж шаналан эцсийн амьсгалаа хураах гэж байхдаа «Гүйцэлдлээ!» гэж хэлжээ (Иох. 19:30). Баптисм хүртсэн цагаасаа үхэх хүртэлх гурван жил хагасын хугацаанд Бурхны тусламжтайгаар ямар агуу зүйлийг гүйцэлдүүлээ вэ! Есүсийг үхэх мөчид газар хүчтэй хөдөлжээ. Тэгэхэд, ял гүйцэтгэх ажлыг харгалзаж байсан Ромын цэргийн зуутын дарга: «Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ» хэмээн сэтгэл хөдлөн хэлжээ (Мат. 27:54). Есүс өөрийгөө Бурхны Хүү гэж хэлээд олны элэг доог болж байсныг тэр зуутын дарга харсан биз ээ. Есүс ямар ч зовлонг эс тоон, Бурханд чин үнэнч байж, Сатаныг жигшүүртэй худалч болохыг нь баталсан. Сатан: «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж хэлэн, Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг бүх хүнд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ (Иов 2:4). Есүс үнэнч байж чадсанаараа хавьгүй амархан сорилттой тулгарсан Адам Ева хоёр үнэнч үлдэж чадах байсныг баталсан. Хамгийн чухал нь, амьдрал, үхлээрээ Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөсөн (Сургаалт үгс 27:11-ийг уншина уу). Есүс үхлээрээ өөр юуг гүйцэлдүүлсэн бэ?

16, 17. а) Ехова христиануудаас өмнөх үеийн үйлчлэгчдээ ямар учраас зөвд тооцдог байсан бэ? б) Ехова Хүүгээ үнэнч байсных нь төлөө хэрхэн шагнасан бэ? Эзэн Есүс Христ юу хийж байгаа вэ?

16 Еховагийн олон үйлчлэгч Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан. Бурхан тэднийг зөвд тооцон, дахин амилах найдвар өгсөн (Ис. 25:8; Дан. 12:13). Ариун Бурхан Ехова нүгэлт хүмүүсийг ямар үндэслэлээр ийнхүү ивээх боломжтой байсан бэ? Библид үүнийг тайлбарлаж: «Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан [Есүс Христийг] эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм» хэмээн бичжээ​(Ром 3:25, 26). *

17 Ехова Есүсийг дэлхийд ирэхээс өмнөхтэй нь харьцуулбал илүү дээгүүр байр суурьтай болгон амилуулж шагнасан. Тиймээс Есүс одоо сүр жавхлан төгөлдөр, үхэшгүй мөнхийн сүнсэн бүтээл болчихоод байна (Евр. 1:3). Эзэн Есүс Христ Тэргүүн Тахилч, Хааны хувиар, Бурхны зөвийг батлахад нь дагалдагчдадаа тусалсаар байгаа. Тэнгэрийн Эцэг Ехова маань өөрийг нь дэмжиж, Хүүг нь дууриан үнэнчээр үйлчилдэг бүх хүний Шагнагч болдог гэж бодохлоор талархах сэтгэл төрдөг!​(Дуулал 34:3; Еврей 11:6-г уншина уу).

18. Дараагийн өгүүллээр юу судлах вэ?

18 Абелаас эхлээд бүх үнэнч хүн Еховатай дотно харьцсаар иржээ. Учир нь тэд амласан Үрд итгэж байсан юм. Хүү нь өөрт нь чин үнэнч байж, үхлээрээ «ертөнцийн нүглийг» төгс халхална гэдгийг Ехова мэдэж байсан (Иох. 1:29). Есүсийн үхэл өнөөдөр ч ач тусаа өгдөг (Ром 3:26). Тэгвэл та Христийн золиосноос ямар ямар ач тус хүртэж болох вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр судалъя.

[Зүүлт]

^ Элч Паул Дуулал 40:6–8-ыг грек хэлээр орчуулсан Септуагинт орчуулгаас иш татан, «Та Надад бие бэлдсэн» гэж бичжээ. Одоо байгаа эртний Еврей Судрын гар бичмэлүүдэд энэ үг байдаггүй.

^ Энэ сэтгүүлийн 6, 7-р хуудсанд нийтлэгдсэн «Уншигчдын асуулт»-ыг үзнэ үү (англи).

Хариулна уу

• Бурхныг хэрхэн буруутгасан бэ?

• Есүс баптисм хүртсэн нь юуг бэлгэдэн харуулсан бэ?

• Есүс үхлээрээ юуг гүйцэлдүүлсэн бэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Есүсийн хүртсэн баптисм юуны бэлгэдэл байсныг та мэдэх үү?