Skip to content

Гарчиг руу орох

Зөвт хүмүүс нар мэт гийх болно

Зөвт хүмүүс нар мэт гийх болно

Зөвт хүмүүс нар мэт гийх болно

«Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно» (МАТ. 13:43).

1. Есүс сургаалт зүйрлэлээр, Хаанчлалд хамаатай асуудлын ямар ямар талыг тайлбарласан бэ?

 ЕСҮС ХРИСТ Бурхны Хаанчлалд хамаатай асуудлыг олон талаас нь тайлбарлах зорилгоор сургаалт зүйрлэл буюу ёгт үлгэр их ярьдаг байжээ. Тэрбээр «хурсан олонд сургаалт зүйрлэлээр» айлддаг байсан бөгөөд «сургаалт зүйрлэлгүйгээр юу ч» ярьж байсангүй (Мат. 13:34). Есүс Хаанчлалын үнэний үрийг суулгасан тухай сургаалт зүйрлэл хэлэхдээ, мэдээг хүлээн авахад хүний зүрхний хандлага ямар үүрэгтэй байдгийг, мөн хүнийг сүнслэгээр өсөхөд Ехова ямар үүрэг гүйцэтгэдгийг онцолсон (Марк 4:3–9, 26–29). Бас анх харахад Хаанчлалын үйл хэрэг хэрхэн өргөжин тэлж буй нь тэр бүр анзаарагдахгүй боловч дэлхий дахиныг хамран түгэн дэлгэрэхийг ёгт үлгэрээрээ тайлбарласан (Мат. 13:31–33). Түүнчлэн, сайн мэдээг хүлээн авсан хүмүүс бүгдээрээ Хаанчлалын зохистой албат гэсэн үг биш болохыг онцолжээ​(Мат. 13:47–50). *

2. Есүсийн ярьсан буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлд гардаг сайн үр нь юу вэ?

2 Есүс нэгэн сургаалт зүйрлэлдээ өөртэй нь хамт захирах хүмүүсийг цуглуулах ажлын тухай онцолсон байдаг. Буудай ба зэрлэг өвсний тухай тэрхүү сургаалт зүйрлэл «Матай» номын арван гуравдугаар бүлэгт бий. Есүс өөр нэг сургаалт зүйрлэлдээ, үрийг «хаанчлалын үг» гэж тайлбарласан бол, энэ удаад сайн үрийг​ «хаанчлалын хөвгүүд» гэж өөрөөр тайлбарлажээ (Мат. 13:19, 38). Тэд бол Хаанчлалын харьяат албатууд биш, харин Хаанчлалын «хөвгүүд» буюу өв залгамжлагчид юм​(Ром 8:14–17; Галат 4:6, 7-г уншина уу).

Буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэл

3. Сургаалт зүйрлэлд гардаг хүнд ямар бэрхшээл тулгарсан бэ? Бэрхшээлээ яаж шийдэхээр болсон бэ?

3 Өгүүлэх нь: «Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов. Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд: „Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?“ гэхэд эзэн нь тэдэнд „Дайсан үүнийг хийжээ“ гэв. Боолууд нь: „Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юу?“ гэсэнд тэр: „Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ: «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ“ гэв»​(Мат. 13:24–30).

4. а) Сургаалт зүйрлэлд гарч буй хүн хэнийг төлөөлдөг вэ? б) Есүс үр тарих ажлыг хэзээ, хэрхэн эхлүүлсэн бэ?

4 Талбайдаа сайн үр тарьсан хүн хэн байсан бэ? Есүс ёгт үлгэрийнхээ утгыг шавь нартаа дараа нь тайлбарлахдаа энэ асуултын хариуг өгч: «Сайн үрийг таригч нь Хүний Хүү» гэж хэлжээ (Мат. 13:37). «Хүний Хүү» Есүс дэлхийд гурван жил хагас үйлчлэхдээ тариан талбай бэлдсэн (Мат. 8:20; 25:31; 26:64). Тэгээд сайн үр буюу «хаанчлалын хөвгүүд»-ийг МЭ 33 оны Пентекостын өдрөөс тарьж эхэлсэн. Еховагийн төлөөлөгч Есүс шавь нарынхаа дээр ариун сүнс асган, Бурхны хөвгүүд болгон тосолсноор үр тарих ажил эхэлсэн нь тодорхой * (Үйлс 2:33). Сайн үр нь буудай болон боловсорчээ. Сайн үр тарих ажлын зорилго нь Хаанчлалд Есүстэй хамт өв залгамжлагч, захирагч болох хүмүүсийг цуглуулан, тоог нь гүйцээхэд чиглэж байв.

5. Сургаалт зүйрлэлд гардаг дайсан хэн бэ? Зэрлэг өвсөөр хэнийг дүрсэлсэн бэ?

5 Дайсан гэж хэн бэ? Зэрлэг өвс юуг бэлгэддэг вэ? Есүс: «Дайсан нь диавол» гэж хэлсэн. Зэрлэг өвсөөр «хорон нэгний хөвгүүд»-ийг дүрсэлсэн аж (Мат. 13:25, 38, 39). Есүсийн ярьсан зэрлэг өвс гэдэг нь өлөн цагаан гэдэг хортой ургамал байсан бололтой. Энэ ургамал дөнгөж ургаж эхлэхдээ буудайнаас ялгарах юмгүй харагддаг байна. Өөрсдийгөө Хаанчлалын хөвгүүд гэж хэлдэг хэр нь жинхэнэ үр жимс гаргадаггүй дуураймал христиануудыг ямар оновчтой дүрслээ вэ! Эдгээр хоёр нүүрт христианууд өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг боловч үнэн чанартаа Сатан Диаволын «үрийн» хэсэг юм​(Эх. 3:15, ШЕ).

6. Зэрлэг өвс хэзээнээс бий болсон бэ? «Хүмүүсийг унтаж байхад» гэдэг нь ямар утгатай вэ?

6 Зэрлэг өвс шиг христианууд хэзээ бий болсон бэ? «Хүмүүсийг унтаж байхад» гэж Есүс хэлсэн (Мат. 13:25). Хэзээ ийм явдал болсон бэ? Элч Паулын Ефесийн ахлагчдад хэлсэн үгнээс хариуг нь мэдэж болно. Тэрбээр: «Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» гэжээ (Үйлс 20:29, 30). Паул тэр ахлагчдад сүнслэгээр сэргэг байхыг захисан. Тэрс явдлыг «хязгаарлан барьдаг» байсан элч нарыг нойрссоны дараа олон христиан сүнслэгээр унтсан (2 Тесалоник 2:3, 6–8-ыг уншина уу). «Итгэлээс салах явдал» буюу тэрс явдал энэ үеэс эхлэн гарсан аж.

7. Зарим буудай зэрлэг өвс болсон уу? Тайлбарлана уу.

7 Есүс буудайг зэрлэг өвс болно гэж хэлээгүй, харин зэрлэг өвс буудайн дунд таригдсан тухай ярьсан. Тиймээс энэ сургаалт зүйрлэлд үнэний замыг орхисон жинхэнэ христиануудын тухай өгүүлээгүй. Харин Сатан христиан хурлыг завхруулахын тулд хорон муу хүмүүсийг дотор нь зориуд оруулахыг оролддогийг дүрсэлжээ. Сүүлчийн элч Иоханыг өндөр настай байхад энэхүү тэрс явдал бүр илэрхий болжээ​(2 Петр 2:1–3; 1 Иох. 2:18).

«Ургац хураатал хамтдаа ургаг»

8, 9. а) Есүсийг сонсож байсан хүмүүст боолууддаа хэлсэн Эзний үг ойлгомжтой байсны учир юу вэ? б) «Буудай» «зэрлэг өвс» хоёр яаж хамт ургасан бэ?

8 Боолууд нь эзэндээ болсон явдлыг илтгээд, «Бид явж [зэрлэг өвсийг] зулгааж овоолохыг та хүсээ юу?» гэж асуув (Мат. 13:27, 28). Гэтэл эзэн нь хачирхалтай хариу өгчээ. Тэрбээр ургац хураатал буудай, зэрлэг өвс хоёрыг хамтад нь ургуул гэж хэлсэн. Энэ үг Есүсийн шавь нарт ойлгомжтой байв. Зэрлэг өвсийг буудайнаас ялгахад ямар хэцүү байдгийг тэд сайн мэдэж байжээ. Ер нь, тариа ногоо тарих туршлагатай хүмүүс өлөн цагааны үндэс буудайн үндэстэй орооцолдож ургадгийг мэддэг. * Тэгэхлээр тэр Эзэн боолууддаа хүлээ гэж хэлсэнд гайхах хэрэггүй ажээ!

9 Христ шашны ертөнцийн янз бүрийн урсгал олон зууны туршид их хэмжээний зэрлэг өвс ургуулсан нь дээрх жишээтэй адилхан юм. Эхлээд Ромын католик, үнэн алдартны сүмүүдэд, хожим нь протестантын олон урсгалд зэрлэг өвс ургасан. Яг тэр үед жинхэнэ буудайн цөөн хэдэн үр бас таригджээ. Сургаалт зүйрлэлд гардаг гэрийн эзэн үр ургах сунайсан урт хугацаа дуусаад, харьцангуй богино хугацаагаар үргэлжлэх ургац хураалтын үе эхлэхийг тэвчээртэй хүлээсэн.

Удаан хүлээсэн ургац хураах цаг

10, 11. а) Ургац хураах цаг хэзээ вэ? б) Бэлгэдлийн буудай Еховагийн амбаарт хэрхэн орж байгаа вэ?

10 Есүс: «Ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм» гэж хэлсэн (Мат. 13:39). Ёс бус энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд ялгах ажил өрнөж байгаа бөгөөд Хаанчлалын хөвгүүдийг цуглуулж, зэрлэг өвснөөс ялган тусгаарлаж байна. Энэ тухай элч Петр: «Шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?» гэжээ​(1 Петр 4:17).

11 «Үеийн төгсгөл» буюу эцсийн өдрүүд эхэлсний дараахан өөрсдийгөө жинхэнэ христианууд гэдэг хүмүүсийг үнэхээр «хаанчлалын хөвгүүд» үү, эсвэл «хорон нэгний хөвгүүд» үү гэдгийг шүүх ажиллагаа эхэлсэн. Ургац хураах цаг эхлэхэд «эхлээд» Агуу Вавилон унасан бөгөөд дараа нь Хаанчлалын хөвгүүдийг цуглуулсан (Мат. 13:30). Тэгвэл бэлгэдлийн буудайг Еховагийн амбаарт хэрхэн хийж байгаа вэ? Буудай шиг хүмүүс дахин сэргээсэн христиан хуралд нэгдэж, Бурхны таалалд багтан, хамгаалагдах юм уу тэнгэрийн шагналаа авдаг нь тэднийг Еховагийн амбаарт хийж байгаа хэрэг юм.

12. Ургац хураалт хэр удаан үргэлжлэх вэ?

12 Шүүлт хэр удаан үргэлжлэх вэ? Есүс хэсэг хугацаагаар үргэлжилдэг ургац хураах «цаг»-ийн тухай ярьсан (Илч. 14:15, 16). Тослогдсон хүн нэг бүрийг шүүх ажиллагаа төгсгөлийн цагт болох бөгөөд тэднийг тамгалж дуустал үргэлжлэх аж (Илч. 7:1–4).

13. Зэрлэг өвс хэрхэн бүдрүүлэх саад болдог вэ? Тэд ёс бусыг хэрхэн үйлддэг вэ?

13 Хэнийг Хаанчлалаас гаргаж бөөгнүүлэх вэ? Тэд яаж бүдрүүлэх саад, ёс бусыг үйлдэгч болдог вэ? (Мат. 13:41). Христ шашны ертөнцийн зэрлэг өвс шиг лам хуврагууд олон сая хүнийг хэдэн зууны туршид төөрөлдүүлж, галт тамд мөнх шийтгэх тухай, учир битүүлэг Гурвалын тухай гэх мэтийн «бүдрүүлэх саад» болсон сургаал номлож Бурхныг гутаан доромжилж ирсэн. Шашны олон удирдагч энэ ертөнцтэй найзлан «завхайрч», мөн байж боломгүй ужид самуун явдлаараа сүсэгтэн олондоо муу жишээ үзүүлдэг (Иак. 4:4). Түүнчлэн, христ шашны ертөнц сүсэгтнүүдийнхээ дунд гардаг садар самуун явдлыг хүлцэх нь улам бүр нэмэгдэж байна (Иуда 4-ийг уншина уу). Энэ бүхэн болсоор атал тэд сүсэг бишрэл ихтэй хүний дүр эсгэсээр байна. Харин Хаанчлалын хөвгүүд зэрлэг өвс шиг хортой, бүдрүүлэх саад болдог сургаалаас ангид байдаг нь хэчнээн сайхан бэ!

14. Зэрлэг өвс шиг хүмүүс уйлж, шүдээ хавирна гэдэг нь юу гэсэн үг вэ?

14 Зэрлэг өвс шиг хүмүүс уйлж, шүдээ хавирна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Мат. 13:42). «Хаанчлалын хөвгүүд» энэхүү зэрлэг өвс шиг хүмүүсийг сүнслэгээр хор хөнөөл учруулдаг болохыг нь илрүүлснээс болж «муу нэгний хөвгүүд» уурлан хорсдог. Бас сүмийн гишүүдийнх нь дэмжлэг туслалцаа багасаж, сүсэгтэн олноо алдаж байгаадаа уйлан гашууддаг(Исаиа 65:13, 14-ийг уншина уу).

15. Зэрлэг өвсийг шатаана гэдэг нь юу гэсэн үг вэ?

15 Зэрлэг өвсийг зулгааж, шатаана гэдэг нь юу гэсэн үг вэ? (Мат. 13:40). Зэрлэг өвс эцэстээ юу болохыг хэлж байна. Галт зууханд хаяж байгаа нь зэрлэг өвсийг бүрмөсөн устгахыг бэлгэдсэн хэрэг юм (Илч. 20:14; 21:8). Зэрлэг өвстэй зүйрлэм христиануудыг «агуу их гай гамшгийн» үеэр үндсээр нь зулгааж хаях болно (Мат. 24:21).

Тэд «нар мэт гийх болно»

16, 17. Малахи Бурхны сүмийн тухай юу гэж зөгнөсөн бэ? Тэр зөгнөл хэрхэн биелж эхэлсэн бэ?

16 Буудай шиг хүмүүс хэзээ «нар мэт гийх» вэ? (Мат. 13:43). Малахи, Бурхны сүмийг цэвэрлэх тухай: «„Та нарын хайдаг Эзэн гэнэт өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай, та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. „Гэвч Түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь Тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм. Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Тэр тэднийг алт ба мөнгө шиг цэвэршүүлнэ. Тэгснээр тэд зөв шударга байдал дотор ЭЗЭНд өргөлүүдийг өргөх юм“» хэмээн зөгнөжээ (Мал. 3:1–3).

17 Орчин үед энэ зөгнөл, Ехова болон «гэрээний зууч» Есүс Христийг 1918 онд сүнслэг сүмийг шалгахад биелж эхэлсэн нь тодорхой. Энэ цэвэрлэгээний ажил дуусахад юу болохыг Малахи: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно» гэж хэлсэн (Мал. 3:18). Дахин сэргэсэн жинхэнэ христиануудын үйл ажиллагаа хүчээ авсан нь ургац хураах цаг эхэлснийг харуулдаг.

18. Даниел өнөө үеийн тухай юу гэж зөгнөсөн бэ?

18 Зөнч Даниел өнөөгийн цаг үеийн тухай: «Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно» гэж зөгнөжээ (Дан. 12:3). Тийм хурцаар хэн туяаран гэрэлтэж байгаа вэ? Есүсийн ярьсан буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлд гардаг жинхэнэ буудай нь, мэдээжээр, тослогдсон христиануудаас өөр хэн ч биш юм! Зэрлэг өвстэй зүйрлэм дуураймал христиануудыг «гаргаж бөөгнүүлж» байгаа нь өсөн нэмэгдэж буй хонь мэт үй олон хүнд тодорхой харагддаг. Ирээдүйд Хаанчлалын харьяат албат болох тэд сүнслэг Израилийн үлдсэн гишүүдтэй нэгдэн, өнөөгийн харанхуй ертөнцөд гэрэлтэж явна (Зех. 8:23; Мат. 5:14–16; Флп. 2:15).

19, 20. «Хаанчлалын хөвгүүд» юуг тэсэн ядан хүлээж байгаа вэ? Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?

19 Эдүгээ «хаанчлалын хөвгүүд» тэнгэрийн агуу шагналаа тэсэн ядан хүлээж байна (Ром 8:18, 19; 1 Кор. 15:53; Флп. 1:21–24). Харин тэр болтол үнэнч хэвээрээ байн, нар мэт гийж, «хорон нэгний хөвгүүд»-ээс ялгарах ёстой (Мат. 13:38; Илч. 2:10). Өнөө үед зэрлэг өвсийг бэлгэдлийн утгаар «бөөгнүүлэх» ажлын үр дүнг харах завшаан бид бүгдэд байгаа нь ямар сайн хэрэг вэ!

20 Тэгвэл Хаанчлалын харьяат албат болж дэлхий дээр мөнх амьдрах найдвартай, тоо нь улам бүр өсөн нэмэгдэж буй үй олон хүн Хаанчлалын хөвгүүдтэй ямар холбоотой вэ? Дараагийн өгүүллээр энэ асуултын хариуг үзнэ.

[Зүүлт]

^ Эдгээр сургаалт зүйрлэлийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 7 дугаар сарын 15-ны дугаарын 12–21-р хуудаснаас үзээрэй.

^ энэ ёгт үлгэрт гардаг үр тарих ажил нь тослогдсон христиан болох ирээдүйтэй хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлж, тэднийг Христийн дагалдагч болгох ажил биш юм. Есүс талбайд тарьсан сайн үрийг хаанчлалын хөвгүүд юм гэснээс бус, хөвгүүд болно гэж хэлээгүй. Үр тарих гэдэг нь Хаанчлалын хөвгүүдийг тослохыг хэлж байна.

^ Өлөн цагааны үндэс буудайн үндэстэй орооцолдож ургадаг тул ургац хураахаас өмнө өлөн цагааныг үндсээр нь зулгаах гэвэл буудай хамт зулгаагддаг байна («Судрыг ойлгох нь», І боть, 1178-р хуудас (англи)).

Санаж байна уу?

Есүсийн ярьсан буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлд гардаг дараах зүйлүүд юуг бэлгэддэг вэ?

• Сайн үр

• Үр тарьсан хүн

• Үр тарих ажил

• Дайсан

• Зэрлэг өвс

• Ургац хураах цаг

• Амбаар

• Уйлах, шүдээ хавирах

• Галтай зуух

[Догол мөрийн асуулт]

[20-р хуудасны зураг]

МЭ 33 оны Пентекостын өдрөөр сайн үр тарих ажил эхэлсэн

[23-р хуудасны зураг]

Бэлгэдлийн буудайг Еховагийн амбаарт хийж байна

[Зураг эзэмшигч]

Pictorial Archive (Near Eastern History) Est.