Сүргээсээ төөрсөн хүмүүст туслагтун
Сүргээсээ төөрсөн хүмүүст туслагтун
«Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!» (ЛУК 15:6).
1. Есүс сайн хоньчин гэдгээ хэрхэн харуулсан бэ?
ЕХОВАГИЙН цорын ганц хүү Есүс Христийг «хоньдын Хоньчин» гэдэг (Евр. 13:20). Сударт Есүсийн дэлхийд ирэхийг зөгнөсний зэрэгцээ Израилийн «алдагдсан хонинуудыг» эрж олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан хосгүй Хоньчин байсныг нь тэмдэглэсэн байдаг (Мат. 2:1–6; 15:24). Хоньчин хүн сүргээ хамгаалах гэж яваад заримдаа амиа ч алддаг. Үүнтэй адилаар, Есүс золиосных нь ач тусыг хүртэх, хонь шиг хүмүүсийн төлөө амиа золиосолсон (Иох. 10:11, 15; 1 Иох. 2:1, 2).
2. Зарим христиан идэвхгүй болдог нь ямар шалтгаантай байж болох вэ?
2 Нэгэн цагт Есүсийн золиосыг өндөр үнэлж, Бурханд өөрийгөө зориулсан хүмүүсийн зарим нь христиан хурлаас холбоогоо тасалдаг нь харамсалтай. Сэтгэлээр унах, өвчин эмгэг тусах гэх мэтийн олон шалтгааны улмаас тэдний хичээл зүтгэл суларч, идэвхгүй болсон байж болох юм. Гэхдээ христиан хүн Бурхны сүрэгт байсан цагт л 23-р дуулалд Давидын бичсэн шиг амар тайван, аз жаргалтай байдаг. Давид: «ЭЗЭН [Ехова] бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй» хэмээсэн байдаг (Дуу. 23:1). Бурхны сүрэгт байгаа хүн Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд шаардлагатай бүхнээр элбэг хангалуун байдаг бол сүргээсээ төөрсөн хүн юм юмаар дутдаг. Тийм хүнд хэн туслах вэ? Яаж туслах вэ? Сүрэгтээ буцаж ирэхэд нь туслахын тулд чухам юу хийх хэрэгтэй вэ?
Хэн туслах вэ?
3. Бурхны сүргээс төөрсөн хонийг аврахын тулд чухам юу хийх хэрэгтэйг Есүс хэрхэн тайлбарласан бэ?
3 Бурхны бэлчээрийн хонин сүргээс төөрсөн хонийг аврахад чин сэтгэлийн хүчин зүтгэл зайлшгүй хэрэгтэй (Дуу. 100:3). Есүс үүнийг онцлон тэмдэглэж нэгэн жишээ татсан. «Нэгэн хүн зуун хоньтой байтал, тэднээс нэг нь төөрвөл, тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж үү? Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцгийн тань хүсэл биш юм» хэмээжээ (Мат. 18:12–14). Тэгвэл сүргээсээ төөрсөн хонь шиг хүмүүст хэн туслах вэ?
4, 5. Ахлагчид Бурхны сүрэгт хэрхэн хандах ёстой вэ?
4 Христиан ахлагч төөрсөн хонинд туслая гэвэл «[Бурхны] бэлчээрийн хонин сүрэг» бол Бурханд өөрсдийгөө зориулсан хүмүүсээс бүрддэг хурал бөгөөд эрхэм зүйл гэдгийг юуны түрүүнд санах учиртай (Дуу. 79:13). Төөрсөн хоньдыг халамжлах хэрэгтэй бөгөөд үүний тулд ахлагчид тэдэнд чин сэтгэлийн анхаарал тавих ёстой. Хоньчны эргэлтийг нөхөрсөг байдлаар хийх нь ихээхэн үр өгөөжтэй байдаг. Төөрсөн хүнийг хайрын сэтгэлээр урамшуулбал Еховатай тогтоосон харьцаагаа сэргээж, сүрэгтээ буцаж очихыг хүсэж болох юм (1 Кор. 8:1).
5 Бурхны сүргийг хариулдаг хоньчид төөрсөн хоньдыг эрж олоод, тэдэнд туслах үүрэг хүлээдэг. Элч Паул эртний Ефес хотын христиан хурлын ахлагчдад: «Бурхан Өөрийн [«Хүүгийн», ШЕ] цусаар Өөртөө худалдаж авсан Бурхны чуулганыг [«хурлыг», ШЕ] хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» хэмээн бичиж тэдний үүргийг сануулжээ (Үйлс 20:28). Мөн элч Петр тослогдсон ахлагчдад: «Та нарын дунд байгаа Бурхны хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, хари н сайн дураараа, Бурхны хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул» хэмээн уриалжээ (1 Петр 5:1–3).
6. Бурхны хонин сүрэгт хоньчдын хайр халамж, ялангуяа, өнөөдөр онцгой хэрэгтэй байгаагийн учир юу вэ?
6 Христиан хоньчид «сайн хоньчин» Есүсийг дуурайх учиртай (Иох. 10:11). Есүс Бурхны сүрэгт чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг байв. Тэрбээр Симон Петрт: «Миний хоньдыг хариул» гэж захихдаа анхаарал халамж тавихын чухлыг онцолсон юм (Иохан 21:15–17-г уншина уу). Сүргийг анхааран халамжлах явдал өнөөдөр туйлын чухал болоод байна. Учир нь Диавол Бурханд өөрсдийгөө зориулсан хүмүүсийн үнэнч байдлыг эвдэн бусниулах зорилгоор урьдынхаасаа хүчтэй довтолж байгаа. Сатан Еховагийн хонийг уруу татаж, нүгэл үйлдүүлэхийн тулд сул талыг нь далимдуулах юм уу энэ ертөнцийг ашигладаг (1 Иох. 2:15–17; 5:19). Идэвхгүй болсон христиан ихэд эмзэг байдаг учир «Сүнсээр явах» зөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь заавал туслах хэрэгтэй (Гал. 5:16–21, 25). Төөрсөн хонинд туслахын тулд Бурханд залбиран удирдлага, ариун сүнс гуйж, Бурхны Үгийг чадварлаг ашиглах шаардлагатай (Сур. 3:5, 6; Лук 11:13; Евр. 4:12).
7. Өөрсдөд нь даалгасан хонь шиг хүмүүсийг хариулах нь ахлагчдын хувьд хэр зэрэг чухал бэ?
7 Эртний Израильд хоньчин хүн урт таяг юм уу шилбүүрээр хонио залдаг байжээ. Бас хонио хотлуулах эсвэл хотноос гаргахдаа «шилбүүр доогуураа өнгөрүүлэн» тоолдог байв (Лев. 27:32; Мика 2:12; 7:14). Үүнтэй адилаар, христиан хоньчин өөрт нь даатгасан Бурхны сүргийн гишүүн нэг бүрийг сайн мэддэг байх учиртай (Сургаалт үгс 27:23-тай харьцуулна уу). Тийм ч учраас ахлагчдын зөвлөлийн анхаардаг нэг чухал асуудал бол сүргийг хариулах ажил юм. Энэ ажлын хүрээнд, сүргээсээ төөрсөн хүмүүст туслах олон янзын арга хэмжээ авдаг. Ехова өөрөө ч хоньдоо хайж, тэдэнд шаардлагатай анхаарал халамж үзүүлэхээ хэлсэн байдаг (Езек. 34:11). Тиймээс, ахлагчдыг сүргээсээ төөрсөн хоньдод туслахын тулд өөрийг нь дуурайн хүчин чармайлт гаргахад нь Ехова баярладаг.
8. Ахлагчид төөрсөн хонийг хэрхэн анхаарч халамжлах вэ?
8 Өвдөж зовсон хүн ахлагчийг эргэж ирэхэд нь баярлаж, сэтгэл нь сэргэдэг. Сүнслэгээр өвдсөн хүн ч ахлагчийг эргэж ирэхэд баярлаж, урам зориг авах болов уу. Идэвхгүй болсон хүнийг эргэж очсон ахлагч Библиэс унших, хэвлэлээс ямар нэг өгүүллийг товчхон ярилцах, цуглаанаар үзсэн материалын онцлох санааг дурдах, хамтдаа залбирах зэргээр санаа тавих нь сайн. Бас хурлынх нь бусад гишүүн цуглаанд ирэхийг нь тэсэн ядан хүлээж байгааг хэлж болно (2 Кор. 1:3–7; Иак. 5:13–15). Идэвхгүй хүнийг сэргээхэд эргэж очих, утсаар ярих, захидал бичих зэрэг нь их ач холбогдолтой. Христиан хоньчин сүргээсээ төөрсөн хонинд өрөвч сэтгэлээр туслахдаа өөрөө ч илүү их баяр баясгалантай болдог.
Хамтын хүчин зүтгэл
9, 10. Төөрсөн хоньдод анхаарал тавихыг дан ганц ахлагчдын үүрэг гэж үзэх ёсгүйн учир юу вэ?
9 Хэцүү цагт амьдардаг, зав чөлөө багатай бид итгэл нэгтнээ хурлаас урсаад явж байгааг нь анзаарахгүй байж мэднэ (Евр. 2:1). Гэхдээ Ехова хоньдоо энхрийлэн хайрлаж, анхааран харж байдаг. Хүний биеийн эрхтэн бүр чухал байдгийн адил сүргийн хонь нэг бүр үнэ цэнтэй. Тиймээс бид бүгдээрээ итгэл нэгтнүүддээ чин сэтгэлийн анхаарал халамж үзүүлэх хэрэгтэй (1 Кор. 12:25). Та итгэл нэгтнүүддээ тэгж ханддаг уу?
10 Сүргээсээ төөрсөн хоньдыг эрж олоод, тэдэнд туслах үүргийг, гол нь, ахлагчид хүлээдэг боловч энэ нь дан ганц тэдний ажил биш юм. Хурлын бусад гишүүн ч төөрсөн итгэл нэгтнүүдэд анхаарал тавьж, ахлагчидтай хамтран ажиллах учиртай. Бид сүргээсээ төөрсөн итгэл нэгт ах дүү нартаа сүнслэг тусламж үзүүлж, урамшуулах үүрэгтэй бөгөөд хурлын гишүүн бүр энэ үүргийг биелүүлэх боломжтой. Тэгвэл ийм тусламж үзүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
11, 12. Идэвхгүй болсон итгэл нэгтэндээ туслах ямар сайхан боломж гарч болох вэ?
11 Христиан ахлагчид тусламж авах хүсэлтэй идэвхгүй болсон хүнд Библийн хичээл заахыг төлөвшсөн христианд даалгаж болох юм. Ийм арга хэмжээ нь идэвхгүй болсон хүний «анхны хайрыг» сэргээх зорилготой (Илч. 2:1, 4). Идэвхгүй болсон хүн цуглаанд очихоо больсны улмаас үзэж амжаагүй материалыг уншиж судлаад итгэл нь бэхжиж болох юм.
12 Хэрэв ахлагчид сүнслэг тусламж шаардлагатай итгэл нэгтэндээ Библийн хичээл заахыг танаас хүсвэл Еховагаас удирдлага, тусламж гуйж залбираарай. «Ажил үйлсээ ЭЗЭНд даатга, тэгвэл бодсон санасан чинь биелнэ» (Сур. 16:3). Хичээлийн явцад хэлэлцэх Библийн зүйл болон итгэл бэхжүүлэм санааг эргэцүүлж бодоорой. Бас элч Паулын жишээг анхаарч үзээрэй (Ром 1:11, 12-ыг уншина уу). Тэрбээр Ром дахь христиануудтай уулзахыг ихэд хүсэж байсан нь тэднийг сүнслэгээр бэхжүүлэхийн тулд сүнслэг зарим бэлгийг хуваалцаж, бие биеэ зоригжуулах гэснийх ажээ. Бид ч гэсэн Бурхны сүргээс төөрсөн хоньдод туслахдаа Паулынх шиг сэтгэлтэй байх ёстой биз дээ?
13. Идэвхгүй болсон хүнтэй юуны тухай ярилцаж болох вэ?
13 Хичээлийн явцад: «Та Библийн үнэнийг анх яаж мэдсэн бэ?» гэж асууж болох юм. Идэвхгүй болсон хүнээр цуглаан, дэлгэрүүлэх ажил болон чуулганы тухай сайхан дурсамжийг нь яриулж, баяр хөөртэй байсан мөчийг нь сануулаарай. Хамтдаа дэлгэрүүлсэн сайхан дурсамж байдаг бол та тэр тухайгаа дурсаж болно. Еховатай тогтоосон харьцаагаа зузаатгахын хэрээр баяр баясгалантай болдгоо эвтэйхэн хэлээрэй (Иак. 4:8). Бас Бурхан бидний хэрэгцээг ханган, ялангуяа, зовох цагт маань тайвшруулж, найдвар өгч байдагт талархаж явдгаа яриарай (Ром 15:4; 2 Кор. 1:3, 4).
14, 15. Идэвхгүй болсон хүмүүст юуны талаар сануулах нь тустай байж болох вэ?
14 Христиан хуралтай ойр дотно харьцаатай байхдаа ямар ямар ивээл хүртэж байсныг нь идэвхгүй болсон хүнд сануулбал үр дүнд хүрэх болов уу. Тухайлбал, Бурхны Үг болон санаа зорилгынх нь талаарх мэдлэг нь гүнзгийрч байсныг хэлж болно (Сур. 4:18). «Сүнс дотор явж» байсныхаа ачаар хорхой хүргэм зүйлийг тэвчих хүчтэй байсныг нь дурдаж болох юм (Гал. 5:22–26). Бас цэвэр мөс чанартай байсныхаа үрээр Еховад чөлөөтэй залбирч, «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайвныг» мэдэрч байсныг нь хэлэхэд илүүдэхгүй биз ээ (Флп. 4:6, 7). Иймэрхүү зүйлийг бодож байгаад итгэл нэгт ах дүүдээ чин сэтгэлийн анхаарал тавьж, сүрэгтээ буцаж очихыг нь хайрын сэтгэлээр шаргуу уриалаарай (Филиппой 2:4-ийг уншина уу).
15 Христиан ахлагч идэвхгүй болсон Гэрч хосыг эргэж очих боллоо гэж бодъё. Тэдэнд Библийн үнэнийг анх мэдсэн тэр үеэ эргэн санахыг уриалж болох юм. Тэд үнэнийг мэдээд гайхаж, зөв юм байна гэдгийг ойлгоод баярлаж, бас сүнслэг эрх чөлөөг мэдэрч байсныг сануулж болно (Иох. 8:32). Еховаг хайрын сэтгэлтэй, агуу санаа зорилготой Бурхан гэж мэдээд хэчнээн их баярласныг нь ч дурсаж болох юм (Лук 24:32-той харьцуулна уу). Бурханд өөрийгөө зориулсан христиан хүн Еховатай ойр дотно харьцаатай байж, түүнд залбирах завшаан эдэлдгийг сануулаарай. Жаргалтай Бурхан Еховагийн «алдарт сайн мэдээний дагуу» амьдрахыг идэвхгүй болсон хосод чин сэтгэлээсээ уриалаарай (1 Тим. 1:11).
Үргэлж хайрлагтун
16. Идэвхгүй болсон хүнд сүнслэг тусламж үзүүлэхийг хичээх нь үр дүнд хүргэдгийг харуулах жишээ хэлнэ үү.
16 Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлбэл үр дүнд хүрдэг нь амьдрал дээр батлагддаг. Нэг жишээ үзье. Нэг хүн 12 настайдаа дэлгэрүүлэгч болоод 15 настайдаа идэвхгүй болжээ. Гэвч хожим нь сүнслэгээр сэргэж, бүрэн цагаар үйлчлээд эдүгээ 30 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа аж. Түүнийг сүнслэгээр эдгэхэд нь нэг ахлагч их тусалсан байна. Тийн сүнслэг тусламж үзүүлсэнд тэрбээр их баярладаг ажээ.
17, 18. Бурхны сүргээс төөрсөн хүнд туслахдаа ямар ямар чанар илэрхийлэх хэрэгтэй вэ?
17 Идэвхгүй болсон хүмүүсийг хуралдаа буцаж ирэхэд нь туслах гол шалтгаан бол хайр юм. Есүс шавь нартаа: «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иох. 13:34, 35). Тийм ээ, жинхэнэ христианууд хайраараа танигддаг. Баптисм хүртсэн боловч идэвхгүй болсон христиан хүнийг ч бас хайрлах учиртай. Идэвхгүй болсон хүнд туслахдаа бусад христиан чанарыг ч илэрхийлэх хэрэгтэй.
18 Бурхны сүргээс төөрсөн хүнд туслахдаа ямар ямар чанар илэрхийлэх хэрэгтэй вэ? Тийм хүнийг хайрлахаас гадна өрөвч, энэрэнгүй, дөлгөөн, тэвчээртэй байх хэрэгтэй. Ууч сэтгэлээр хандах хэрэг ч гарч болох юм. Паул: «Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж захисан билээ (Кол. 3:12–14).
19. Хонь шиг хүмүүсийг сүрэгтээ буцаж ирэхэд нь туслах хүчин чармайлт гаргахыг дэмий ажил биш гэж хэлэхийн учир юу вэ?
19 Зарим хүн Бурхны сүргээс төөрдөг нь ямар учиртайг дараагийн өгүүллээр үзье. Бас сүрэгтээ буцаж ирсэн хүмүүст хэрхэн хандах хэрэгтэйг ярилцана. Энэ өгүүллийг бодож байгаад дараагийн өгүүллийг судалбал хонь шиг хүмүүсийг христиан сүрэгтээ буцаж ирэхэд нь туслах бүх талын хүчин чармайлт дэмий өнгөрөхгүй гэдэгт та эргэлзэхгүй болох биз ээ. Ертөнцөд хүмүүс эд баялаг хураах гэж хамаг амьдралаа зориулдаг. Харин ганц ч болов хүний амь энэ ертөнцийн бүх эд баялгаас ч хавьгүй үнэтэй. Есүс төөрсөн хонины тухай жишээгээрээ энэ санааг онцолсон (Мат. 18:12–14). Үүнийг санаж, Еховагийн хайрладаг хонь шиг хүмүүсийг сүрэгтээ буцаж ирэхэд нь туслахын тулд цаг алдалгүй чин сэтгэлийн хүчин чармайлт гаргацгаая!
Хариулна уу
• Христиан хоньчид сүргээсээ төөрсөн хонь шиг хүмүүсийг яах үүрэгтэй вэ?
• Хурлаасаа хөндийрсөн хүмүүст ямар ямар аргаар тусалж болох вэ?
• Сүргээсээ төөрсөн хүмүүст туслахдаа ямар ямар чанар илэрхийлэх хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]
[10-р хуудасны зураг]
Христиан хоньчид Бурхны сүргээс төөрсөн хоньдод хайрын сэтгэлээр туслахыг хичээдэг