Танай гэр бүл «гурамсалж гөрсөн сур» мэт байг
Танай гэр бүл «гурамсалж гөрсөн сур» мэт байг
«Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» (НОМ. 4:12).
1. Анхны хүмүүсийг хэн гэр бүл болгон нийлүүлсэн бэ?
ЕХОВА Бурхан ургамал, амьтныг бүтээснийхээ дараа анхны хүн Адамыг бүтээжээ. Дараа нь түүнийг бөх гэгч нь унтуулаад, нэг хавиргаар нь өв тэгш туслагч бүтээж өгсөн. Адам туслагчаа хараад: «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» хэмээн хэлжээ (Эх. 1:27; 2:18, 21–23). Ехова анхны хүмүүсийг гэр бүл болгон нийлүүлж, адислан ерөөсөн нь бүтээлдээ сэтгэл хангалуун байсны илрэл юм (Эх. 1:28; 2:24).
2. Сатан, Адам Ева хоёрын дунд хэрхэн яс хаясан бэ?
2 Харамсалтай нь, Бурхны бий болгосон гэр бүл хэмээх энэ байгууламж тун удалгүй халдлагад өртөв. Сатан гэдэг нэр зүүх болсон муу сүнс Еваг мэхэлж, хориотой ганц модны жимсийг идүүлж дөнгөжээ. Энэ явдалд Адам эхнэртэйгээ нэгдсэн нь Бурхны захирах эрхийг эсэргүүцэж, удирдлага зааврыг нь дагахаас татгалзсан хэрэг байв (Эх. 3:1–7). Еховаг тэднээс юу хийснийг нь асуухад Адам эхнэрээ буруутган: «Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн» гэж хариулсан. Үүнээс үзэхэд Адам Ева хоёрын харьцаа хэдийнээ муудсан байсан нь тодорхой байна (Эх. 3:11–13).
3. Зарим иудей хүн ямар буруу үзлийг дэвэргэдэг байсан бэ?
3 Тэр цагаас хойш Сатан олон зууны турш гэр бүлийн зөрчлийг хурцатгах янз бүрийн зальт арга хэрэглэсээр ирэв. Тухайлбал, гэрлэлтийн талаарх Бурхны сургаалд харш үзлийг шашны удирдагчдаар хөөрөгдүүлдэг. Иудейн шашны зарим удирдагч хоолны давсыг ихдүүллээ гэх зэргийн үл ялиг шалтгаанаар эхнэрээсээ салахыг нөхрүүдэд зөвшөөрч, Бурхны тогтоосон хэм хэмжээний босгыг намсгадаг байжээ. Гэтэл Есүс: «Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно» хэмээн тодорхой хэлсэн (Мат. 19:9).
4. Өнөөдөр гэр бүл хэмээх байгууламж ямар халдлагад өртөж байна вэ?
4 Сатан гэр бүлийн холбоог салгахыг одоо хэр нь оролдсоор байна. Гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс хамт амьдарч, ижил хүйстнүүд хоорондоо гэрлэн, гэр бүл цуцлуулахад төвөггүй болсон нь Сатан ихээхэн амжилт олж буйн баталгаа юм (Еврей 13:4-ийг уншина уу). Нийгэмд зонхилох болсон гэрлэлтийн талаарх гаж үзлийн нөлөөнд автахгүйн тулд христианууд яах хэрэгтэй вэ? Жаргалтай, бат бэх гэр бүлийн зарим онцлогийг ярилцъя.
Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгагтун
5. «Гурамсалж гөрсөн сур» гэдгийг гэр бүлтэй холбовол ямар утга гарах вэ?
5 Еховагүйгээр гэр бүл жаргалтай байж чадахгүй. Библид: «Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» гэж бий (Ном. 4:12). «Гурамсалж гөрсөн сур» нь бэлгэдлийн утгатай бөгөөд үүнийг гэр бүл гэж үзвэл, хоёр сур нь нөхөр, эхнэр, гурав дахь нь Ехова Бурхан болно. Нөхөр эхнэр хоёр Бурхантай хамт байвал бэрхшээлийг давах хүч авна. Тийм гэр бүл хамгийн жаргалтай байдаг.
6, 7. а) Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур шиг байлгахын тулд христианууд яах шаардлагатай вэ? б) Нэг Гэрч эмэгтэй нөхрийнхөө юуг нь үнэлдэг вэ?
6 Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахын тулд хосууд яах шаардлагатай вэ? Дуулалч Давид: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» гэж дуулжээ (Дуу. 40:8). Бурхныг хайрладаг хүн бүх зүрхээрээ түүнд үйлчлэхийг хүсдэг. Нөхөр эхнэр хоёр дор бүрнээ Еховатай тогтоосон харьцаагаа зузаатгаж, хүслийг нь гүйцэлдүүлэхдээ баярладаг байх хэрэгтэй. Түүнчлэн, Бурхныг хайрлах хайраа бэхжүүлэхэд нь хэн хэндээ тусалдаг байх нь чухал (Сур. 27:17).
7 Бурхны хууль зүрхэнд нь үнэхээр байдаг хүн итгэл, найдвар, хайр гэх зэргийн чанарыг илэрхийлж, гэр бүлийн холбоогоо батжуулдаг (1 Кор. 13:13). Гэрлээд 50 жил болсон Сандра гэдэг христиан: «Нөхөр маань Библийн үндэстэй удирдлага, зөвлөгөө өгч, Еховаг надаас илүү хайрладгийг нь би хамгийн их үнэлдэг» гэж ярьсан юм. Нөхрүүд ээ, эхнэр тань та нарыг бас тэгж үнэлдэг болов уу?
8. Нөхөр эхнэр хоёр «ажил үйлсээ сайнаар эргүүлэхийн» тулд яах хэрэгтэй вэ?
8 Хосууд аа, та нар сүнслэг асуудал болон Хаанчлалын эрх ашгийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг уу? Ханиа Еховад үйлчлэх хамтран зүтгэгчээ гэж үздэг үү? (Эх. 2:24). Мэргэн хаан Соломон: «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно» гэж бичжээ (Ном. 4:9). Нөхөр эхнэр хоёр «ажил үйлсээ сайнаар эргүүлэх» буюу Бурхны ивээлийг хүртэж, гэр бүлийн холбоогоо халуун дотно, бат бэх болгохын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
9. а) Нөхрийн үүрэг юу вэ? б) Колоссай 3:19-д бичсэнээр, нөхөр нь эхнэртээ яаж хандах ёстой вэ?
9 Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахын тулд нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь Бурхны шаардлагыг биелүүлдэг байх ёстой. Гэрийнхнийхээ материаллаг болон сүнслэг хэрэгцээг хангах гол үүрэг нөхрүүдэд оногддог (1 Тим. 5:8). Түүнчлэн, эхнэрийнхээ сэтгэл санааны хэрэгцээг анхаарах шаардлагатай. Колоссай 3:19-д: «Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд» гэж бичсэн байдаг. Нэгэн Библи судлаач «хатуу хандах» гэдгийг «хатуу ширүүн үг хэлэх юм уу зодох, хайрлахгүй, халамжлахгүй, хамгаалахгүй, туслахгүй, хэрэгцээг нь хангахгүй» байхыг хэлнэ гэж тайлбарлажээ. Христиан гэр бүлийн гишүүд бие биедээ «хатуу хандаж» хэрхэвч болохгүй нь ойлгомжтой. Нөхөр нь тэргүүний үүргээ хайрын сэтгэлээс биелүүлдэг бол эхнэр нь нөхөртөө дуртайяа захирагдана.
10. Христиан эхнэрүүд ямар хандлагатай байх ёстой вэ?
10 Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахыг хүсдэг христиан эхнэрүүд ч Бурхны шаардлагыг биелүүлэх ёстой. Элч Паул: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм» хэмээн бичжээ (Ефес 5:22, 23). Сатан, Бурхнаас хараат бус амьдарвал мөнхийн аз жаргалд хүрнэ гэж худал хэлэн, Еваг мэхэлсэн билээ. Хараат бус байх гэсэн хандлага эдүгээ олон гэр бүлд ажиглагдах болсон. Гэвч Бурхны үзэл бодлыг бишрэн хүндэтгэдэг эмэгтэйчүүд тэргүүндээ захирагдахдаа огтхон ч дургүйцдэггүй. Ехова Евад хүндтэй үүрэг оноон, Адамд «тохирох туслагч» болгосныг тэд санаж явдаг (Эх. 2:18). Бурхнаас авсан энэ үүргээ дуртайяа биелүүлдэг христиан эхнэр үнэхээр нөхрийнхөө «титэм» нь болдог (Сур. 12:4).
11. Гэр бүл нь жаргалтай байдгийн учрыг нэг Гэрч юу гэж тайлбарласан бэ?
11 Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахад тус болох бас нэг зүйл нь нөхөр эхнэр хоёр Бурхны Үгийг хамт судлах явдал юм. Гэрлээд, 55 жил жаргалтай амьдарч буй Жеральд: «Библийг хамт уншиж, хамт судлах нь гэр бүлийг жаргалтай байлгах хамгийн чухал нөхцөл болдог» гээд, цааш нь: «Аливаа зүйлийг, ялангуяа сүнслэг зүйлийг хамт хийдэг хосууд бие биетэйгээ ч, Еховатай ч улам дотносдог» хэмээн өгүүлжээ. Библийг гэр бүлээрээ судлах нь Еховагийн хэм хэмжээг тод санаж, түүнтэй тогтоосон харьцаагаа гүнзгийрүүлж, сүнслэгээр улам өсөхөд тустай байдаг.
12, 13. а) Гэр бүлийн хос хамтдаа залбирах нь яагаад чухал бэ? б) Христиан ямар үйл хэрэг гэр бүлийн холбоог бэхжүүлдэг вэ?
12 Хамтдаа залбирах нь гэр бүлийг жаргалтай болгодог бас нэг хүчин зүйл юм. Нөхөр нь «зүрхээ нээн», тухайн нөхцөлдөө тохирсон зүйлийг илэн далангүй хэлж залбирдаг бол гэр бүлийн холбоо улам бэхэжнэ (Дуу. 62:8). Жишээ нь, ханьтайгаа муудалцсан үед хамт сууж байгаад Төгс хүчит Нэгнээс удирдлага, заавар гуйвал эвлэрэхэд илүү амар байх болно (Мат. 6:14, 15). Тэгээд залбирсныхаа дагуу бие биедээ тусалж, «нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучлах» шийдвэр төгс байх хэрэгтэй (Кол. 3:13). Залбирах нь Бурханд найддагийн баталгаа гэдгийг бүү мартаарай. Давид хаан: «Бүхний нүд Тан руу хардаг» гэж хэлсэн байдаг (Дуу. 145:15). Хэрэв Бурханд найдан залбирдаг бол санаа зовох юм бага байна. Учир нь «Тэр [бидний] төлөө санаа тавьдаг» (1 Петр 5:7).
13 Түүнчлэн, гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахын тулд цуглаан, дэлгэрүүлэх ажилд хамт оролцож байх хэрэгтэй. Хосууд гэр бүлийг салгах гэсэн Сатаны «заль мэхтэй» хэрхэн тэмцэх арга замыг цуглаанаас мэдэж авдаг (Ефес 6:11). Бас дэлгэрүүлэх ажилд үргэлж хамт оролцвол «тууштай байж, гуйвж дайвахгүй» байж сурна (1 Кор. 15:58).
Бэрхшээл тулгарвал
14. Гэр бүлийн хосууд юунаас болж зовж шаналж болох вэ?
14 Дээрх зөвлөгөө цоо шинэ юм биш ээ. Гэхдээ ханьтайгаа эдгээр зөвлөгөөний талаар илэн далангүй ярилцаад, юуг илүү анхаарах шаардлагатайгаа олж тогтоогоорой. Гурамсалж гөрсөн сур шиг гэр бүл ч «махан биедээ зовлонтой болохыг» Библи хүлээн зөвшөөрдөг (1 Кор. 7:28). Төрөлхийн төгс бус байдал, ёс бус ертөнцийн муу нөлөө, Диаволын урхи занганаас болоод Бурханд үнэнч үйлчилдэг гэр бүлийн хосууд ч зовж шаналах нь байдаг (2 Кор. 2:11). Гэхдээ тийм бэрхшээлийг давахад Ехова тусалдаг. Танд ч тусална. Бурхны үнэнч үйлчлэгч Иов мал сүрэг, харц боол, үр хүүхдээ алдсаныг бид мэднэ. Гэвч «энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурхныг ч буруутгасангүй» гэж Библид бичжээ (Иов 1:13–22).
15. Бэрхшээл тохиолдоход хүн яадаг вэ? Тийм үед хань нь яавал дээр вэ?
15 Гэтэл эхнэр нь Иовд: «Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурхныг хараагаад, үх» гэж хэлдэг (Иов 2:9). Үнэндээ, хүн гай зовлон, хүнд бэрхийг амсахлаараа сэтгэл нь үймээд, бодлогогүй юм хийчихдэг гэмтэй. «Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулдгийг» мэргэн ухаант нэгэн хүн ажиглажээ (Ном. 7:7). Хэрэв хань тань «хавчлага дарамтаас» болоод, гомдмоор үг хэлбэл тайван байхыг хичээгээрэй. Эс бөгөөс хэн нэг нь юм уу, эсвэл хоёулаа дайран дээр давс нэмж мэднэ (Дуулал 37:8-ыг уншина уу). Уурлаж бухимдан, гуньж гутарсандаа «гоомой үг» хэлбэл битгий тоогоорой (Дуу. 106:33).
16. а) Матай 7:1–5-д бичсэн Есүсийн зөвлөгөөг гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ? б) Дүн нуруутай байх нь яагаад чухал бэ?
16 Гэр бүлийн хосууд асуудалд бодитойгоор ханддаг байх хэрэгтэй. Та ханийнхаа этгээд дадал зуршил, зан авирыг олж харчихаад, «Би өөрчилж чадна» гэж бодож магадгүй. Ханиа хайрлаж, тэвчээртэй байвал яваандаа өөрчлөгдөж болох л юм. Гэхдээ Есүс нэгнийхээ ялимгүй алдааг өлгөж авдаг хүнийг өөрийнхөө нүдэн дэх «дүнзийг» хардаггүй мөртлөө ах дүүгийнхээ нүдэн дэх «үртсийг» анзаардаг хүнтэй зүйрлэснийг бүү мартаарай. Тэрбээр: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү» хэмээн уриалсан (Матай 7:1–5-ыг уншина уу). Энэ нь нэгнийхээ ноцтой дутагдлыг тоох хэрэггүй гэсэн үг биш. Гэрлээд 40 шахам жил болсон Роберт: «Хоорондоо ил тод, илэн далангүй ярилцаж, шударгаар шүүмжлэхэд нь дургүйцэлгүй хүлээн авъя гэвэл хоёулаа юм уу аль нэг нь өөрчлөгдөх шаардлагатай байж болох юм» гэжээ. Дүн нуруутай байгаарай. Ханьд тань таны хүсээд байгаа зан чанар байхгүй бол бүү бухимдаарай. Түүний оронд одоо байдаг сайхан чанарыг нь үнэлж сураарай (Ном. 9:9).
17, 18. Гай зовлонгийн үед хаанаас тусламж эрж болох вэ?
17 Амьдралд янз бүрийн өөрчлөлт гарахад сорилт тулгарч болох юм. Хүүхэдтэй болбол бэрхшээл гарч мэднэ. Хань нь юм уу үр хүүхэд нь хүндээр өвдөж магадгүй. Настай эцэг эхээ асрах хэрэг гарч болно. Хүүхэд нь том болоод гэрээ орхин хол явж магад. Теократ үүрэг хариуцлага хүлээвэл бас өөрчлөлт гарна. Энэ бүхэн эхнэр нөхрүүдэд тодорхой хэмжээгээр сэтгэлийн зовлон шаналгаа дагуулж болох юм.
18 Хэрэв гэр бүлийн зөрчил туйлдаа хүрвэл яах вэ? (Сур. 24:10). Битгий бууж өгөөрэй! Сатан Бурхны үйлчлэгчдээс ганцыг нь ч болов цэвэр шүтлэгээс холдуулахыг хичээдэг. Тэр тусмаа, гэр бүлийн хоёр хоёулаа Еховаг орхивол бүр ч их баярлана. Тийм учраас, гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хүнд сорилттой тулгарсан ч Бурханд үнэнч үлдэж чадсан хүмүүсийн жишээ Библид олон бий. Давид нэг удаа Еховад зүрх сэтгэлээ уудлан: «Бурхан, намайг өрөвдөөч. Хүн ...давшлан дайрч намайг дарладаг» гэж хэлсэн (Дуу. 56:1). Тан руу «хүн... давшлан дайрч» байсан удаа бий юү? Ойр дотнынхоо болон таньж мэдэхгүй хүмүүсээс болж бухимдсан үедээ Давид шиг тэвчиж чадна гэдгээ санаарай. Давид: «Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, бүх айдсаас минь намайг аварсан» хэмээн хэлсэн байдаг (Дуу. 34:4).
Их ивээл
19. Сатаны довтолгооноос өөрсдийгөө хамгаалахын тулд бид яах шаардлагатай вэ?
19 Төгсгөлийн энэ үед нөхөр эхнэр хоёр «нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулж» байх ёстой (1 Тес. 5:11). Сатан биднийг амин хувийн эрх ашигтаа хөтлөгдөн Еховад үйлчилдэг гэж батлахыг оролддогийг битгий мартаарай. Биднийг Бурхнаас урвуулахын тулд гэр бүлийг маань сарниулан бутаргах зэргээр чадах бүх аргаа хэрэглэх болно. Сатаны довтолгооноос өөрсдийгөө хамгаалахын тулд Еховад бүрэн найдах шаардлагатай (Сур. 3:5, 6). Паул: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн бичсэн байдаг (Флп. 4:13).
20. Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгавал ямар ивээл хүртэх вэ?
20 Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгавал их ивээл хүртэнэ. Гэрлээд 51 жил болсон Жоэл үүнийг баталдаг. Тэрбээр: «Надад ийм сайн эхнэр өгсөнд нь, гэр бүлийг маань жаргалтай байлгадагт нь би Еховад байнга талархдаг. Эхнэр минь ёстой л арван хуруу тэгш хүн дээ» хэмээн ярьсан юм. Тэдний гэр бүл жаргалтай байдгийн нууц нь юу вэ? Жоэл: «Бид бие биедээ сайхан сэтгэл, тэвчээр, хайр илэрхийлэхийг үргэлж хичээдэг» гэж хэлсэн. Энэ ертөнцөд эдгээр чанарыг төгс илэрхийлж чадахгүй ч гэсэн Библийн зарчмыг хэрэгжүүлж, гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгахын төлөө хүчин чармайлт гаргацгаая. Тэгвэл гэр бүл маань «тийм ч амар тасрахгүй» (Ном. 4:12).
Санаж байна уу?
• Гэр бүлээ гурамсалж гөрсөн сур мэт байлгана гэж яахыг хэлэх вэ?
• Бэрхшээл тулгарсан үед нөхөр эхнэр хоёр яах хэрэгтэй вэ?
• Яавал гэр бүл маань гурамсалж гөрсөн сур мэт болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[18-р хуудасны зураг]
Бэрхшээл тулгарсан үед нөхөр эхнэр хоёр хамт залбирах нь тустай