Skip to content

Гарчиг руу орох

Ехова үнэнч үйлчлэгчдээ орхидоггүй

Ехова үнэнч үйлчлэгчдээ орхидоггүй

Ехова үнэнч үйлчлэгчдээ орхидоггүй

«[Ехова] Өөрийн бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан» (ДУУ. 37:28).

1, 2. а) МЭӨ Х зуунд Бурхны үйлчлэгчид үнэнч байдлын ямар сорилтод орсон бэ? б) Ехова үнэнч үйлчлэгчдээ ямар гурван нөхцөлд байхад нь хамгаалсан бэ?

 ЕХОВАГИЙН ард түмний хувьд МЭӨ Х зуун шийдвэрлэх үе байлаа. Иргэний дайн гарахын даваан дээр, бухимдаж цухалдсан Израилийн арван овог тусгаар тогтнолоо зарлав. Тулгар улсын хаан болсон Иеробоам эрх ямбаа батжуулахын тулд улс орондоо шинэ шашин нэвтрүүлж, өөрт нь чин үнэнч байхыг албат иргэдээсээ шаардав. Тэр үед Еховагийн үнэнч үйлчлэгчид яасан бол оо? Бурхандаа үнэнч үлдэж чадсан болов уу? Олон мянган хүн чадсан. Ехова ч тэднийг үнэнч байсных нь төлөө харж хамгаалсан (Х.дээд 12:1–33; Ш.дэд 11:13, 14).

2 Орчин үед ч бас Бурхны үйлчлэгчид үнэнч байдлын сорилтод ордог. Библи: «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» гэж сэрэмжлүүлдэг. Бид «бат итгэлээрээ түүнийг эсэргүүцэж» чадах уу? (1 Петр 5:8, 9). МЭӨ 997 онд Иеробоамыг хаан ширээнд залрах үед болсон зарим үйл явдлыг ярилцаж, ямар сургамж авч болохыг бодоцгооё. Еховагийн үнэнч үйлчлэгчид тэрхүү цөвүүн цагт дарлал зовлон амсаж, тэрслэгчдэд уруу татагдах аюулыг сөрөн, амаргүй даалгавар биелүүлж байв. Үнэнч үйлчлэгчдэд нь энэ гурван нөхцөлийн аль нь ч тохиолдсон Ехова тэднийг орхиогүй бөгөөд өнөөдөр ч бас орхихгүй (Дуу. 37:28).

Дарлал зовлон амсаж байхад нь...

3. Давидын хаанчлалын үед ард түмэн нь дарлал зовлон амсаж байгаагүйн учир юу вэ?

3 Эхлээд, Иеробоамыг хаан болох үед нөхцөл байдал ямар байсныг үзье. Сургаалт үгс 29:2-т: «Хар санаатай хүн удирдваас ард олон халаглана» гэж байдаг. Эртний Израилийн хаан Давидын үед ард олон халаглаж байсан удаагүй. Давид хэдий төгс бус ч Бурханд итгэж найддаг үнэнч хүн байв. Түүний хаанчлалын үед ард түмэн нь дарлал зовлон амсаж байгаагүй юм. Ехова Давидтай гэрээ байгуулан, «Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» хэмээн хэлжээ (2 Сам. 7:16).

4. Соломон болон түүний ард түмэн Бурхны ивээлийг үргэлж хүртэх эсэх нь юунаас шалтгаалж байсан бэ?

4 Давидын хүү Соломоны хаанчлалын эхэн үед ард олон амар жимэр амьдарч, улс орон хөгжин цэцэглэж байсан нь Христ Есүсийн Мянган жилийн засаглалын үеийн үлгэр загвар байв (Дуу. 72:1, 17). Тэр үед Израилийн 12 овгийн алинд нь ч бослого үймээн гаргах шаардлага байсангүй. Гэвч Соломон болон түүний ард түмэн нэг болзолтойгоор Бурхны ивээлийг хүртэж байлаа. Ехова Соломонд: «Хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй» хэмээн айлджээ (Х.дээд 6:11–13).

5, 6. Соломон Бурханд үнэнч байхаа больсон нь ямар уршиг тарьсан бэ?

5 Соломон насан өндөр болсон хойноо Еховад үнэнч байхаа больж, хуурамч шашинтай орооцолдож эхэлжээ (Х.дээд 11:4–6). Яваандаа, Еховагийн хуулийг сахихаа больж, ард олноо дарлан зовоох болов. Тийм ч учраас, нас барсных нь дараа ард олон угсаа залгамжлагч Рехобоамд эцгийнх нь талаар гомдол мэдүүлэн, дарлал мөлжлөгөөс чөлөөлж өгөхийг хүсжээ (Х.дээд 12:4). Соломоныг урвахад Ехова яасан бэ?

6 Библид: «Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдсэн» гэж байдаг. Ехова Соломонд: «Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно» хэмээн айлджээ (Х.дээд 11:9–11).

7. Ехова Соломоноос нүүр буруулсан ч үнэнч үйлчлэгчдэдээ хэрхэн санаа тавьсан бэ?

7 Дараа нь Ехова ард олныг дарлал зовлонгоос ангижруулах хүнийг томилуулахаар зөнч Ахиаг илгээжээ. Тэр нь Соломон хаанд хүчин зүтгэж байсан Иеробоам хэмээх авьяас чадалтай нэгэн байлаа. Хэдийгээр Ехова Давидтай байгуулсан Хаанчлалын гэрээндээ үнэнч байсан ч 12 овгийг хоёр хэсэг болон хуваагдахыг зөвшөөрчээ. Арван овгийг Иеробоамын захиргаанд өгч, хоёр овгийг Давидын удмын Рехобоам хааны захиргаанд үлдээсэн байна (Х.дээд 11:29–37; 12:16, 17, 21). Ехова Иеробоамд: «Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана» хэмээн айлджээ (Х.дээд 11:38). Ехова ард түмнийхээ тусын тулд дарлал мөлжлөгөөс ангижрах замыг нь нээж өгсөн.

8. Бурхны орчин үеийн ард түмэн юунаас болж дарлал зовлон амсдаг вэ?

8 Өнөөдөр ч бас дарлал мөлжлөг, шударга бус явдал газар сайгүй байна. «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг» гэж Номлогчийн үгс 8:9-д бичжээ. Сувдаг шунахай бизнес, завхран гажуудсан төр засгаас болж эдийн засгийн байдал муудаж доройтдог. Төр, шашин, бизнесийн удирдагчид ёс суртахууны хувьд муу жишээ үзүүлэх нь олонтаа. Тийм учраас, Бурхны үнэнч үйлчлэгчид зөвт хүн Лотын адилаар «ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагддаг» (2 Петр 2:7). Түүнээс гадна, бид бусдад саад бололгүй, Бурхны хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээх тусмаа ихэмсэг бардам удирдагчдын хавчлагын бай болдог (2 Тим. 3:1–5, 12).

9. а) Ехова ард түмнээ аврахын тулд юу хийсэн бэ? б) Есүсийг Бурханд үргэлж үнэнч байна гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ?

9 Гэхдээ Ехова үнэнч үйлчлэгчдээ орхихгүй гэдэгт итгэлтэй байж болно! Бурхан завхран гажуудсан ертөнцийн удирдагчдыг халах арга хэмжээ авсныг бодоорой! Тэрбээр Есүс Христ тэргүүтэй Мессиагийн Хаанчлалыг аль эрт байгуулчихаад байгаа билээ. Есүс Христ тэнгэрээс захирсаар зуу шахам жилийн нүүрийг үзээд байна. Удахгүй, Бурхны нэрээс эмээдэг хүмүүсийг бүрмөсөн аварна (Илчлэлт 11:15–18-ыг уншина уу). Есүс үхэн үхтэлээ Бурханд үнэнч байсан учраас, ард түмнээ хэзээ ч Соломон шиг дарлахгүй (Евр. 7:26; 1 Петр 2:6).

10. а) Бурхны Хаанчлалыг үнэлэн эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ? б) Сорилттой тулгарвал юунд итгэлтэй байж болох вэ?

10 Бурхны Хаанчлал бол дарлал мөлжлөгийг бүрмөсөн устгах бодит засгийн газар юм. Бид Ехова Бурхан ба түүний Хаанчлалд үнэнч байж, бүрэн найддаг учраас ертөнцийн бусармаг явдлаас хол байн, сайн үйлсийн төлөө зүтгэдэг (Тит 2:12–14). Бас энэ ертөнцөөс толбогүй үлдэхийг хичээдэг (2 Петр 3:14). Ямар ч сорилттой тулгарсан Ехова биднийг сүнслэг аюулаас хамгаална гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 97:10-ыг уншина уу *). Дуулал 116:15-д: «Өөрийнх нь бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнтэйд тооцогддог» гэж байдаг. Үйлчлэгчдийг нь бүхэлд нь устгахыг Ехова хэнд ч зөвшөөрөхгүй. Учир нь тэд түүний мэлмийд үнэтэй юм.

Тэрслэгчдэд уруу татагдах аюулыг сөрөхөд нь...

11. Иеробоам Еховагаас хэрхэн урвасан бэ?

11 Иеробоам хаан Бурхны үйлчлэгчдийг дарлал зовлонгоос тодорхой хэмжээгээр ангижруулах боломжтой байв. Гэсэн ч Иеробоамын хийсэн хэргээс болж тэд Бурханд үнэнч байдлын илүү хүнд сорилттой тулгарчээ. Иеробоам алдар нэр, агуу завшаандаа сэтгэл үл ханан, байр сууриа бэхжүүлэх арга зам хайх болсон. Тэрбээр: «Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам руу эргэнэ. Тэд намайг алаад, Иудагийн хаан Рехобоам руугаа буцаж очно» гэж боджээ. Тэгээд шинэ шашныг үүсгэн байгуулж, хоёр алтан тугалыг гол шүтээн болгосон. «Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив. Ард түмэн алтан тугалд мөргөхөөр Даныг хүртэл явж байсан учир энэ нь нүгэл болов. Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд бунхан босгож, Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгов». Тэр ч байтугай, «Израилийн хөвгүүдэд зориулж баярын» өдрийг дураараа товлон, «тахилын ширээн дээр утлага уугиулахаар» болжээ (Х.дээд 12:26–33).

12. Хойт хаант улсын хаан Иеробоам тугалыг шүтээн болгон тунхаглахад Бурхны үнэнч үйлчлэгчид яасан бэ?

12 Хойт хаант улсад амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгчид яасан бол? Тус улсын нутаг дэвсгэр дэх хотуудаас өв болгон авч, аж төрж байсан левичүүд өвөг дээдсийнхээ нэгэн адил даруй арга хэмжээ авчээ (Ег. 32:26–28; Тоо. 35:6–8; Д.хууль 33:8, 9). Тэд элдэв саадгүйгээр Еховаг шүтэхийн тулд өв хөрөнгөө орхиод, гэр бүлээ аван өмнө зүг, Иуда руу нүүсэн (Ш.дэд 11:13, 14). Харин Иудад түр сууж байсан израильчууд нутаг буцалгүй, тэндээ суурьшихаар шийдсэн (Ш.дэд 10:17). Ехова жинхэнэ шүтлэг рүү ирэх замыг чөлөөтэй орхисон учраас хойт хаант улсад амьдардаг хүмүүсийн үр хүүхэд алтан тугал шүтэхээ больж, Иуда руу очих боломжтой болжээ (Ш.дэд 15:9–15).

13. Бурхны орчин үеийн ард түмэнд тэрслэгчдийн нөлөөнд автах аюул хэрхэн заналхийлж байна вэ?

13 Бурхны орчин үеийн ард түмэнд, тэрслэгчдэд уруу татагдаж, тэдний нөлөөнд автах аюул заналхийлж байна. Төр засгийн зарим удирдагч аль нэг шашныг үндэсний шашин хэмээн зарлаж, ард иргэддээ тэр шашныг шүтэхийг шаарддаг. Христ шашны ертөнцийн лам хуврагууд болон бардам ихэмсэг хүмүүс өөрсдийгөө Библид зөгнөсөн «хаант тахилч нар» хэмээн батлахыг оролддог. Гэтэл «хаант тахилч нарыг» бүрдүүлдэг тослогдогсод жинхэнэ христиануудын дунд л байдаг (1 Петр 2:9; Илч. 14:1–5).

14. Тэрс үзэлд хэрхэн хандах ёстой вэ?

14 Бурхны орчин үеийн үйлчлэгчид МЭӨ Х зууны үеийн үнэнч левичүүдийн адил, тэрс үзэлд автдаггүй. Тослогдогсод болон тэдний хамтран зүтгэгч христианууд тэрс үзлийг эрс эсэргүүцэж, түүнээс үтэр түргэн холдон зайлдаг (Ром 16:17-г уншина уу). Бид Библийн зарчим зөрчигдөөгүй үед төр засгийн эрх мэдэлд дуртайяа захирагддаг ч энэ ертөнцийн зөрчил тэмцэлд төвийг сахин, Бурхны Хаанчлалд үнэнч байдаг (Иох. 18:36; Ром 13:1–8). Бурхныг шүтдэг гэдэг мөртлөө үйл хэргээрээ түүнийг гутаадаг хүмүүсийн хуурамч үгийг үл хэрэгсдэг (Тит 1:16).

15. Бид «итгэмжит, ухаалаг боолд» ямар учраас үнэнч байх хэрэгтэй вэ?

15 Ехова чин сэтгэлтэй хүмүүст бузар муу ертөнцөөс өөрийнхөө бүтээж бий болгосон сүнслэг диваажин руу бэлэгдлийн утгаар нүүх боломж олгосныг бас бодоцгооё (2 Кор. 12:1–4). Бид «эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит, ухаалаг боолд» талархан, тэдэнтэй ойр байдаг. Христ тэр боолд «хамаг эзэмшил хөрөнгөө» даатгасан билээ (Мат. 24:45–47). Тийм учраас, боолын ангийн баримталж буй байр суурийг заримдаа бүрэн ойлгохгүй байлаа ч түүнийг нь эсэргүүцэх юм уу Сатаны ертөнц рүү буцах ёсгүй. Харин үнэнчээ харуулан даруухан байж, Еховаг тухайн асуудлыг тодорхой болготол хүлээх хэрэгтэй.

Амаргүй даалгавар биелүүлэхэд нь...

16. Иудагийн нэгэн зөнч Еховагаас ямар даалгавар авсан бэ?

16 Ехова Иеробоамыг тэрс үйл хийснийх нь төлөө шийтгэсэн. Тэрбээр Иудагаас нэгэн зөнчийг томилсонд зөнч хойт зүгт орших Бетел рүү явж, Иеробоамыг тахилын ширээний дэргэд мөргөл үйлдэж байхад нь очжээ. Зөнч, Иеробоамд шүүх мэдээ хүргэх учиртай байв. Тэр нь амаргүй даалгавар байсан нь ойлгомжтой (Х.дээд 13:1–3).

17. Ехова зөнчөө хэрхэн хамгаалсан бэ?

17 Еховагийн шүүх мэдээг сонссон Иеробоам уурлан хилэгнэж, Бурхны төлөөлөгчийн зүг гар сунган, дэргэдэх хүмүүстээ: «Түүнийг баригтун» хэмээн хашгирчээ. Гэтэл тэр даруй, хэнийг ч юу ч хийж амжаагүй байтал «тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршив. ...Тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав». Иеробоам хатангиршсан гараа Еховагаар эдгээлгэхээс өөр аргагүй болж, өөрийнх нь төлөө залбирч өгөхийг зөнчөөс гуйхад хүрчээ. Зөнч гуйсан ёсоор нь залбирсанд Иеробоамын гар эдгэрсэн. Тийнхүү Ехова зөнчөө хамгаалсан (Х.дээд 13:4–6).

18. Өөрт нь зоригтой үйлчилдэг хүмүүсийг Ехова яаж хамгаалдаг вэ?

18 Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд үнэнчээр оролцож явах үед найрсаг бус, тэр байтугай, дайсагнасан хүмүүстэй тааралдах нь байдаг (Мат. 24:14; 28:19, 20). Гэсэн ч дэлгэрүүлэх идэвхийг маань сулруулах гэсэн аливаа эсэргүүцлээс хэзээ ч айх ёсгүй. Бид Иеробоамын үеийн тэр зөнч шиг, «айдас түгшүүргүйгээр... ариун [«үнэнч», ШЕ] байдал дотор [Еховад] үйлчилдэг» * (Лук 1:74, 75). Эдүгээ Ехова гайхамшиг үйлдэхгүй ч гэсэн Гэрчүүд биднийг ариун сүнс болон тэнгэр элчүүдээрээ хамгаалуулж, тусалсаар байна (Иохан 14:15–17; Илчлэлт 14:6-г уншина уу). Бурхан Өөрийнх нь үгийг зоригтой ярьдаг хүмүүсийг хэзээ ч орхихгүй (Флп. 1:14, 28).

Ехова үнэнч үйлчлэгчдээ хамгаална

19, 20. а) Ехова биднийг хэзээ ч орхихгүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? б) Дараагийн өгүүллээр ямар ямар асуултыг ярилцах вэ?

19 Ехова бол үнэнч Бурхан. Тэрбээр «Өөрийн бүх үйлд энэрэнгүй [«үнэнч», ШЕ]» билээ (Дуу. 145:17). Библид: «Тэр... өөрийнхөө бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийн замыг сэргийлдэг юм» гэж байдаг (Сур. 2:8). Сорилт тулгарах, тэрс үзлийн аюулыг сөрөх, амаргүй даалгавар биелүүлэх зэрэгт нь Еховаг хамгаална, тусална гэдэгт үнэнч үйлчлэгчид нь итгэлтэй байдаг.

20 Тэгэхлээр бид дор бүрнээ: «Сорилт, хорхой хүргэм зүйл тулгарсан ч Еховад үнэнч хэвээрээ байхад минь юу туслах вэ? Өөрөөр хэлбэл, Бурханд үнэнч байх шийдвэрээ яаж улам батжуулах вэ?» гэдгийг бодож үзэх хэрэгтэй болж байна.

[Зүүлт]

^ Дуулал 97:10 (ШЕ): «Еховаг хайрлагчид аа, бузар мууг үзэн яд. Тэр үнэнч хүмүүсийнхээ амийг хамгаалдаг. Тэднийг хорон муу хүмүүсийн гараас авардаг».

^ Иудагийн зөнч Еховад үргэлж дуулгавартай байсан эсэх, түүнд юу тохиолдсон зэргийг дараагийн өгүүллээр ярилцана.

Хариулна уу

• Ехова үнэнч үйлчлэгчдээ орхидоггүй гэдгээ дарлал зовлон амсаж байхад нь хэрхэн харуулсан бэ?

• Тэрслэгчид болон тэдний нөлөөнд хэрхэн хандах ёстой вэ?

• Ехова үнэнч үйлчлэгчдээ дэлгэрүүлэх ажил хийж явахад нь хэрхэн хамгаалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны газрын зураг/зураг]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү.)

ХОЙТ ХААНТ УЛС (Иеробоам)

Дан

ШЕХЕМ

Бетел

ӨМНӨД ХААНТ УЛС (Рехобоам)

ИЕРУСАЛИМ

[Зураг]

Иеробоам тугалыг шүтээн болгон тунхаглахад Ехова үнэнч үйлчлэгчдээ орхиогүй

[3-р хуудасны зураг]

Соломон ба ард олон нэг болзолтойгоор Бурхны ивээлийг хүртэж байв