Skip to content

Гарчиг руу орох

Бурхны гүн юмсад нэвтрэх нь

Бурхны гүн юмсад нэвтрэх нь

Бурхны гүн юмсад нэвтрэх нь

«Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурхны гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу» (1 КОРИНТ 2:10).

1. Эхлэн суралцагчид Библийн ямар ямар сургаалыг мэдээд баярладаг вэ?

 ХРИСТИАНУУД бидний ихэнх нь Библийн үнэнийг анх мэдээд хэчнээн их баярласнаа дурсан санадаг. Бид Ехова гэдэг нэрийн утга учир, ач холбогдол, Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учир, Бурханд үнэнч зарим хүн яагаад тэнгэрт очдог, заримыг нь ямар ирээдүй хүлээж байгаа гэх зэргийг мэддэг болсон. Өмнө нь Библиэс энэ тухай мэдэх гэж оролдсон байж болох юм. Гэвч эдгээр сургаал ихэнх хүнээс нууцлагдсан байдаг шиг бидэнд ч бас нууц байсан. Алсын бараа ширтэн зогсож буй хүн дурангүй бол тэртээх уулын хаяанд бөртөгнөн хөдлөх хоёр бараан юмны хүн амьтан алин болохыг шууд ялгаж чадахгүй. Харин дурангаар харвал өхөөрдөм хөөрхөн янзагаа дагуулсан зүр өнгө алаглах цэцэгсийн дунд идээшлэн байгаа нь тодорч, сэтгэл зүрхийг баясгана. Үүнтэй адил, бид Еховагийн Гэрчээр туслуулаад, «Бурхны гүн юмсын» талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон (1 Коринт 2:8–10).

2. Бурхны Үгийг судлахын баяр баясгаланд төгсгөл байхгүйн учир юу вэ?

2 Библийн сургаалын талаар анхны мэдэгдэхүүнтэй болчихвол болох нь тэр үү? Тийм биш ээ. «Бурхны гүн юмсыг» мэдэх хэрэгтэй. «Бурхны гүн юмс» гэдэгт жирийн хүмүүсээс нууц байдаг атлаа христиануудад ариун сүнсээр илчлэгддэг Бурхны мэргэн ухааны тухай ойлголт ордог (1 Коринт 2:7). Еховагийн мэргэн ухаан судалж баршгүй арвин бөгөөд судлах бүрд баяр бахдал төрдөг. Бурхны мэргэн ухааныг бид хэзээ ч бүрэн гүйцэд мэдэж чадахгүй. Гэхдээ Библийн үндсэн сургаалыг анх мэдэхдээ олж авсан баяр баясгалангаа алдахгүйн тулд «Бурхны гүн юмсыг» тасралтгүй судлах шаардлагатай.

3. Итгэл үнэмшлийнхээ учир шалтгааныг яагаад сайн ойлгох хэрэгтэй вэ?

3 «Бурхны гүн юмсыг» ойлгох хэрэгтэйн учир юу вэ? Юунд итгэдгээ төдийгүй, ямар учраас итгэдгээ ойлгох нь итгэл бэхжүүлэх ач тустай. «Бурхны ...сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын» тулд сайтар эргэцүүлэн бодож байхыг Библи бидэнд зөвлөдөг (Ром 12:2). Ехова хүнд яаж амьдрах хэм хэмжээ тогтоож өгдгийн учрыг ойлговол түүнд захирагдах шийдвэр маань улам батажна. Тийм учраас, «гүн юмсын» тухай мэдлэгтэй бол сорилтыг тэвчих хүч авч, Бурхны хуулийг зөрчихгүй байн, «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» болдог (Тит 2:14).

4. Библи судлах гэж яахыг хэлдэг вэ?

4 Гүн юмсыг ойлгохын тулд судлах хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг гүйлгэж унших төдийг судалж байна гэж үзэх аргагүй. Одоо судалж байгаа зүйл урьд мэддэг байсан зүйлтэй ямар холбоотойг нарийн нягтлах хэрэгтэй (Үйлс 17:11). Бас, тэгж бичсэний учрыг мэдэхээс гадна, сурч мэдсэн зүйлээ ашиглаад хэрхэн ухаалаг шийдвэр гаргах вэ, бусдад яаж туслах вэ гэдгийг эргэцүүлж бодох нь зүйтэй. Түүнээс гадна, «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд ...тустай» учраас «Бурхны амнаас гарах үг бүрийг» судлах шаардлагатай (2 Тимот 3:16, 17; Матай 4:4). Библи судлахын тулд их хүчин чармайлт гаргах хэрэгтэй! Гэхдээ энэ нь баяр баясгалан авчирдаг. Тэгээд ч «Бурхны гүн юмсыг» ойлгоход тийм хэцүү биш.

Ехова даруу хүмүүст ойлгуулдаг

5. «Бурхны гүн юмсыг» ямар хүн ойлгодог вэ?

5 Хэрэв та тааруухан сурлагатай сурагч байсан юм уу, эсвэл сургуульд огт сурч байгаагүй бол «Бурхны гүн юмсыг» ойлгож чадахгүй гэж битгий бодоорой. Есүсийг дэлхийд байхад Ехова санаа зорилгоо ухаант хүмүүс, мэргэдэд бус, эрдэм номгүй, боловсролгүй хүмүүст мэдүүлсэн. Тэд даруу байсан учир Бурхны үйлчлэгчээр дуртайяа заалгасан. Сургууль соёлд сурч боловсорсон хүмүүстэй харьцуулахад тэд балчир хүүхдүүд шиг байжээ (Матай 11:25; Үйлс 4:13). Еховагийн «Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн» юмсын талаар элч Паул итгэл нэгтнүүддээ: «Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурхны гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу» хэмээн бичжээ (1 Коринт 2:9, 10).

6. Бурхны сүнс «гүн юмсыг» яаж нэвтэлдэг вэ?

6 Бурхны сүнс «бүх зүйлийг, тэр байтугай Бурхны гүн юмсыг» яаж нэвтэлдэг вэ? Ехова үнэнийг христиануудад тус тусад нь илчилдэггүй. Харин ариун сүнсээрээ байгууллагаа удирдаж, байгууллага нь Еховад нэгдмэлээр үйлчилдэг хүмүүст нийтэд нь ойлгуулдаг (Үйлс 20:28; Ефес 4:3–6). Дэлхий даяар бүх хурал Библийн сургаалыг бүрэн хэмжээгээр судлах ижилхэн нэг хөтөлбөр мөрддөг. Түүнчлэн, ариун сүнс «Бурхны гүн юмсыг» ойлгоход хэрэгтэй зан чанар хөгжүүлэхэд нь хурлуудаар дамжуулан христиануудад тусалдаг (Үйлс 5:32).

«Бурхны гүн юмс»

7. Ихэнх хүн «Бурхны гүн юмсыг» яагаад ойлгодоггүй вэ?

7 «Гүн юмсыг» ойлгохын аргагүй хэцүү гэж бодох хэрэггүй. «Бурхны гүн юмсын» тухай мэдлэг ихэнх хүнээс нууцлагдсан гэдэг нь Еховагийн мэргэн ухааныг олж авахад хэцүү байдаг гэсэн үг биш ээ. Харин хүмүүс Сатанд мэхлүүлснээсээ болоод Еховагийн байгууллагаараа дамжуулан өгдөг тусламжийг авахаас татгалздаг (2 Коринт 4:3, 4).

8. Паул «Ефес» номын гуравдугаар бүлэгт юуг гүн юмс гэж хэлсэн бэ?

8 «Ефес» номын гуравдугаар бүлэгт элч Паулын бичсэнээр, «Бурхны гүн юмс» гэдэгт амласан Үр хэн байх тухай, тэнгэрийн найдвартай хүмүүсийг хүн төрөлхтний дундаас сонгох тухай, Мессиагийн Хаанчлалын тухай гэх зэрэг Еховагийн ихэнх үйлчлэгчийн сайн ойлгодог олон сургаал ордог. Паул: «Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд ...Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ» гэж бичжээ. Тэрбээр «Бурхны дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэлийн үүрэг нь юу болохыг бүгдэд мэдүүлэх» даалгавар авсан тухайгаа хэлсэн байна (Ефес 3:5–9).

9. «Бурхны гүн юмсыг» ойлгох нь завшаан гэж хэлж болохын учир юу вэ?

9 Бурхны хүсэл таалал бол «чуулганаар дамжуулан ...олон янзын мэргэн ухаан[аа] тэнгэрлэг газар ...мэдэгдэх» явдал гэдгийг Паул цааш нь тайлбарласан (Ефес 3:10). Тэнгэр элчүүд Еховаг христиан хуралтай харьцахдаа мэргэн ухаанаа хэрхэн илэрхийлж байгааг харж, ойлгоод, суралцдаг аж. Бүр, тэнгэр элчүүдийн сонирхдог зүйлийг ойлгоно гэдэг бидний хувьд үнэхээр агуу завшаан мөн! (1 Петр 1:10–12). Паул цааш нь хэлэхдээ, биднийг «бүх ариун хүний хамт [жинхэнэ итгэлийн] ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгохыг» хичээх хэрэгтэй гэжээ (Ефес 3:11, 18). Одоо, ойлголтоо гүнзгийрүүлэхэд тус болох гүн юмсын жишээнээс үзье.

Гүн юмсын жишээ

10, 11. Библид бичсэнээр, Есүс хэзээ Бурхны тэнгэр дэх «эмэгтэйн» «үрийн» гол хэсэг болсон бэ?

10 Есүс бол Эхлэл 3:15-д гардаг, Бурхны тэнгэр дэх «эмэгтэйн» «үрийн» (ШЕ) гол хэсэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд, «Есүс хэзээ амласан Үр болсон бэ? Хүн болохоосоо өмнө үү, хүн болж төрөхдөө юү, баптисм хүртэхдээ юү, эсвэл дахин амилахдаа юу?» гэдгийг бодож үзэж болох юм.

11 Бурхны амласнаар, зөгнөлийн «эмэгтэй» буюу байгууллагынх нь тэнгэр дэх хэсэг могойн толгойг няцлах үр төрүүлэх учиртай байв. Гэвч Бурхны эмэгтэйгээс Сатан болон түүний үйлсийг устгах үр төрөлгүй олон мянган жил өнгөрсөн. Тийм ч учраас, зөнч Исаиа тэр эмэгтэйг «хүүсэр» бөгөөд «сэтгэлээр унасан» гэж хэлсэн (Исаиа 54:1, 5, 6). Гэхдээ нэг л өдөр Бетлехем хотод Есүс төрсөн. Харин Есүсийг баптисм хүртэн, сүнсээр төрж, өөртэй нь онцгой харьцаа тогтоосны дараа л Ехова: «Энэ бол Миний ...Хүү» гэж айлджээ (Матай 3:17; Иохан 3:3). Эмэгтэйн «үрийн» гол хэсэг ийнхүү бий болжээ. Хожим нь Есүсийн дагалдагчид бас ариун сүнсээр төрж, Бурхантай онцгой харьцаатай болсон. Эцсийн эцэст, «хүүхэд төрүүлээгүй» удсан Еховагийн «эмэгтэй» «баярлан хашхирсан» (Исаиа 54:1; Галат 3:29).

12, 13. Дэлхийд байгаа бүх тослогдсон христиан «итгэмжит, ухаалаг боолыг» бүрдүүлдгийг Библийн ямар ямар зүйл баталдаг вэ?

12 Бидэнд илчлэгдсэн гүн юмсын хоёр дахь жишээ хүмүүсийн дундаас 144000 хүнийг сонгох Бурхны санаа зорилготой холбоотой (Илчлэлт 14:1, 4). Дэлхийд байгаа бүх тослогдсон христиан Есүсийн зарц нарт цагт нь «хоол ундыг» өгөх «итгэмжит, ухаалаг боолыг» бүрдүүлдэг гэсэн сургаалд бид итгэдэг (Матай 24:45). Энэ ойлголт зөв гэдгийг Библийн ямар ямар зүйл баталдаг вэ? Есүс ах дүүсийг нь сүнслэг хоол ундаар хангадаг христиануудыг л хэлсэн юм биш үү?

13 Бурхан Израилийн ард түмэнд: «Та нар бол миний гэрчүүд», «миний сонгож авсан миний үйлчлэгч» гэж тунхагласан (Исаиа 43:10, ШЕ). Харин МЭ 33 оны нисан сарын 11-нд Есүс Израилийн удирдагчдад: «Бурхны хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» хэмээн хэлж, Бурхан израильчуудыг үйлчлэгчээ гэж үзэхээ больсныг мэдэгджээ. Мөн олон түмэнд хандан: «Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» гэж хэлсэн (Матай 21:43; 23:38). Еховагийн боол байсан Израиль үндэстэн итгэмжит бөгөөд ухаалаг байж чадаагүй (Исаиа 29:13, 14). Тэр өдрөө Есүс: «Итгэмжит, ухаалаг боол нь хэн бэ?» гэж асуусан нь «Израилийг орлож, Бурхны үнэнч боол болох ухаалаг үндэстэн хэн бэ?» гэсэн утгатай байлаа. Элч Петр тослогдсон христиануудын хуралд: «Та нар бол ...ариун үндэстэн, Бурхны эзэмшлийн ард түмэн» гэж хэлсэн нь уг асуултын хариу байжээ (1 Петр 1:4; 2:9). «Бурхны Израиль» буюу тэр сүнслэг үндэстэн Еховагийн шинэ боол болсон (Галат 6:16). Эртний израильчууд бүгдээрээ нэг «үйлчлэгч» болж байсан шиг, тослогдсон бүх христиан дэлхий дээр байх хугацаандаа нэг л «итгэмжит, ухаалаг боолыг» бүрдүүлдэг. Бурхны боолоос «хоол унд» хүртэнэ гэдэг юутай завшаан бэ!

Бие даан судлахын баяр баясгалан

14. Библийг зүгээр нэг унших бус, нарийн судалбал баяр баясгалан эдэлдгийн учир юу вэ?

14 Библиэс шинэ юм мэдэж авахад итгэл бэхжиж, улмаар баяр баясгалантай болдог. Тэгэхлээр, баяр баясгалан эдлэхийн тулд Библийг зүгээр нэг унших бус, нарийн судлах шаардлагатай. Тиймээс, нийгэмлэгийн ном хэвлэлийг уншихдаа өөрөөсөө: «Энэ тайлбарыг өмнөх ойлголттойгоо харьцуулахад ямар ялгаа байна вэ? Энэ өгүүлэлд бичсэн тайлбарыг батлах өөр ямар ямар Библийн зүйл юм уу баримт байна вэ?» гэх зэргээр асууж байгаарай. Цааш нь нарийн судалгаа хийх шаардлагатай бол хариуг нь мэдэхийг хүссэн асуултаа тэмдэглэж аваад, дараа нь судлаарай.

15. Ямар сэдвээр судалбал баяр баясгалан эдлэх вэ? Яавал удаан хугацааны ач тус хүртэх вэ?

15 Шинийг сурч мэдэхийн баяр баясгалан эдлэхийн тулд ямар ямар сэдвээр судалгаа хийж болох вэ? Хүн төрөлхтний тусын тулд Бурхны байгуулсан янз бүрийн гэрээг нарийвчлан судалж болно. Бас Есүс Христийн тухай зөгнөлүүдийг судлах юм уу Библийн зөгнөлийн номыг зүйл зүйлээр нь нягтлан үзвэл итгэл бэхэжнэ. Түүнээс гадна, Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх итгэл бэхжүүлдэг. * Мөн «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудад гарч байгаа Библийн гүнзгий санааг тайлбарласан өгүүллийг нямбай судлахад шинэ ойлголттой болдог. Библийн ямар ямар зүйлээс тухайн дүгнэлтэд хүрснийг онцгой анхаараарай. Ингэвэл «мэдрэмжээ» дадлагажуулж, «ялгах» чадвараа хөгжүүлж чадна (Еврей 5:14). Судалгаа хийх явцдаа Библи дээрээ юм уу дэвтэртээ тэмдэглэвэл дахин дахин үзэж, бусдад туслахдаа ашиглаж болно.

Библи судалж, баяр баясгалан эдлэхэд нь үр хүүхдэдээ туслагтун

16. Библи судалж, баяр баясгалан эдлэхэд нь үр хүүхдэдээ яаж туслах вэ?

16 Эцэг эхчүүд үр хүүхдэдээ сүнслэг хоол идэх дуршил төрүүлэхийн тулд их зүйлийг хийж чадна. Хүүхдээ гүн юмсыг ойлгож чадахгүй гэж битгий бодоорой. Хэрэв та хүүхдэдээ гэр бүлийн судлалд бэлдэх даалгавар өгсөн бол судалж мэдсэн зүйлийг нь асуугаарай. Бас гэр бүлээрээ судлах явцдаа, итгэлээ хамгаалж, сурч мэдсэн зүйлийнхээ үнэн гэдгийг баталж чаддаг болоход нь туслах үүднээс хүүхэдтэйгээ сургууль хийгээрэй. Түүнээс гадна, «Сайхан газрыг үзэгтүн» («See the Good Land») * товхимлыг ашиглаад, Библид гардаг газар оронтой танилцуулж, хуваарийн дагуу Библиэс уншиж байгаа зүйлээ илүү сайн ойлгоход нь тусалж болно.

17. Бие даан Библи судлахдаа дүн нуруутай хандах хэрэгтэйн учир юу вэ?

17 Бие даан Библи судлах нь сонирхолтой, итгэл бэхжүүлэм байж болох ч, цуглаанд бэлдэх цагаа гаргуунд нь хаяж болохгүй. Цуглаан бол Еховагийн «итгэмжит, ухаалаг боолоороо» дамжуулан биднийг сургах нэг арга хэмжээ юм. Гэхдээ нэмэлт судалгаа хийх нь Ном судлалын цуглаан, Теократ үйлчлэлийн сургуулийн онцлох санааны хэсэг дээр жинтэй тайлбар өгөхөд тустай.

18. «Бурхны гүн юмсыг» судлахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг ч, үр шим нь их гэж хэлж болохын учир юу вэ?

18 Бурхны Үгийг бие даан гүнзгий судлах нь Еховатай тогтоосон харьцааг бэхжүүлдэг. Ингэж судлахын үнэ цэнг Библид: «Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой» гэж бичсэн байдаг (Номлогчийн үгс 7:12). Тийм учраас, сүнслэг зүйлийг гүнзгий ойлгохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг ч, үр шим нь их ээ. Бурхны гүн юмсад нэвтрэхийг үргэлж хичээдэг хүн «Бурхны [тухай] мэдлэгийг олж авна» гэж Библи батлан хэлдэг (Сургаалт үгс 2:4, 5).

[Зүүлт]

^ «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» («Jehovah’s Witnesses—Proclaimers of God’s Kingdom») номыг мэддэг хэлээрээ үзнэ үү.

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

Тайлбарлана уу

• «Бурхны гүн юмс» гэдэгт ямар ямар сургаал ордог вэ?

• «Гүн юмсыг» тасралтгүй судлах хэрэгтэйн учир юу вэ?

• «Бурхны гүн юмсыг» ойлгохын баяр баясгаланг яагаад бүх христиан эдлэх боломжтой вэ?

• «Бурхны гүн юмсаас» яавал илүү их ач тус хүртэж болох вэ?

[Догол мөрийн асуулт]