Еховад найдаж, зоригтой байгтун
Еховад найдаж, зоригтой байгтун
«Еховад найдаж, зоригтой байж, зүрхээ чангал. Тийм ээ, Еховад найд» (ДУУЛАЛ 27:14, ШЕ).
1. Жинхэнэ найдвар хэр зэрэг чухал бэ? Библид энэ үгийг ямар утгаар хэрэглэдэг вэ?
ЖИНХЭНЭ найдварыг хурц гэрэлтэй зүйрлэж болно. Ийм найдвартай бол одоо учирч буй сорилтыг ч, ирээдүйд тохиолдох бэрхшээлийг ч зоригтой, баяр хөөртэй давж чадна. Харин энэ найдварыг гагцхүү Ехова Бурхан өөрийн үг Библиэр өгдөг (2 Тимот 3:16). Ер нь, «найдах, найдвар» гэдэг үг Библид олон удаа гардаг бөгөөд ямар нэг сайн юмыг тэсэн ядан, итгэлтэй хүлээхийг, мөн тэр хүлээж байгаа зүйлийг хэлдэг байна. * Жинхэнэ найдвар бол биелэх боломжгүй, эсвэл биелэх эсэх нь тодорхойгүй жирийн нэг хүслээс илүү юм.
2. Еховад найдах найдвар Есүсийн амьдралд ямар үүрэгтэй байсан бэ?
2 Есүс сорилт бэрхшээлтэй тулгарсан ч ирээдүйгээ бодож, Еховад найдаж байв. «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм» (Еврей 12:2). Есүс Еховагийн эрх мэдлийг зөвтгөж, нэрийг нь ариусгах талаар голлон анхаарч байсан учраас амсах зовлонгоо үл тоон, Бурханд цаг үргэлж дуулгавартай байсан.
3. Бурхны үйлчлэгчдийн амьдралд найдвар ямар үүрэгтэй вэ?
3 Давид хаан: «Еховад найдаж, зоригтой байж, зүрхээ чангал. Тийм ээ, Еховад найд» хэмээн хэлэхдээ найдвар, эр зориг хоёр хоорондоо холбоотойг харуулжээ (Дуулал 27:14, ШЕ). Зүрхээ чангалъя гэвэл найдвараа бөхөөлгүй, оюун ухаан, зүрх сэтгэлдээ үргэлж нандигнах ёстой. Тэгж гэмээнэ, Есүсийг дуурайж, даалгасан ажлыг нь эр зоригтой, идэвх зүтгэлтэй хийж чадна (Матай 24:14; 28:19, 20). Библид бичсэнээр, Бурхны үйлчлэгчдийг итгэл хайр хэмээх хоёр чанар нь бусдаас ялгаруулж байдаг шиг найдвар ч бас чухал үүрэгтэй (1 Коринт 13:13).
Та «найдвараар бялхдаг» уу?
4. Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» юуг тэсэн ядан хүлээж байна вэ?
4 Бурхны ард түмний өмнө сайхан ирээдүй бий. Тослогдсон христианууд Христтэй хамт тэнгэрт үйлчлэхээ, харин «өөр хонинууд» «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны [дэлхий дэх] хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдахаа» тэсэн ядан хүлээж байна (Иохан 10:16, ШГ; Ром 8:19–21; Филиппой 3:20). «Алдрын эрх чөлөөнд авчрагдах» гэдэгт нүгэл болоод нүглийн аймшигт үр дагавраас чөлөөлөгдөх явдал ордог. Үнэндээ, «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» Өгөгч Ехова Бурхан маань үнэнч үйлчлэгчдэдээ хамгийн сайныг бэлэглэдэг билээ (Иаков 1:17; Исаиа 25:8).
5. Яавал «найдвараар бялхах» вэ?
5 Христиан найдвар бидний амьдралд хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Ром 15:13-т: «Ариун сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай» хэмээн бичжээ. Христиан найдвар гэдэг бол харанхуйд сүүмэлзэх лаа биш ээ. Харин ч амьдралыг маань амар тайван, аз жаргал, утга учир, эр зоригоор дүүргэдэг тул өглөөний нарны шижир туяа лугаа адил юм. Бурхны Үгэнд итгэж, ариун сүнсийг нь авч байж сая «найдвараар бялхдаг» гэдгийг анхаарах хэрэгтэй. Ром 15:4-т: «Эрт үед бичигдсэн аливаа зүйл нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» гэж бичсэн байдаг. Тийм учраас өөрөөсөө: «Би найдвараа бөхөөхгүйн тулд өдөр бүр Библи уншиж, сайтар судалдаг уу? Бурхны ариун сүнсийг байнга гуйж залбирдаг уу?» гэж асуугаарай (Лук 11:13).
6. Найдвараа бөхөөхгүйн тулд яах ёстой вэ?
6 Бидний Үлгэр жишээ болсон Есүс Христ Бурхны Үгээр өөрийгөө цэнэглэдэг байсан. Есүсийг дуурайхыг хичээдэг бол «сэтгэлээр унаж, тэнхээгээ барахгүй» байж чадна (Еврей 12:3). Хэрэв Бурхны өгсөн найдварын гэрлийг оюун ухаан, зүрх сэтгэлээсээ бүдгэрүүлэх, эсвэл эд баялгийн хойноос хөөцөлдөж, сүнслэг бус зорилго өвөрлөх зэргээр анхаарлаа өөр юманд сарниулбал сүнслэгээр тамирдаж, эцэстээ Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахиж амьдрах эрч хүч, эр зоригоо алдана. Цаашилбал, «итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт» болно (1 Тимот 1:19). Харин жинхэнэ найдвараа бат хадгалбал итгэл бэхэжнэ.
Найдвар бол итгэлийн салшгүй хэсэг
7. Найдварыг итгэлийн салшгүй хэсэг гэж хэлж болохын учир юу вэ?
7 «Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» гэж Библид бичжээ (Еврей 11:1). Тэгэхлээр, найдвар бол итгэлийн туслах хэсэг биш, харин ч салшгүй чухал хэсэг нь юм. Абрахамын тухай ярилцъя. Өв залгамжлагчтай болгож өгнө гэж Еховаг амлах үед Абрахам Сара хоёр хүүхэд төрүүлэх наснаасаа хэдийнээ хэтэрсэн байлаа (Эхлэл 17:15–17). Гэсэн ч Абрахам яасан бэ? «Олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн» (Ром 4:18). Тийм ээ, Абрахам Бурхнаас авсан найдварынхаа ачаар үр удамтай болно хэмээн бат итгэжээ. Энэ итгэл нь эргээд найдварыг нь бататгаж, бэхжүүлсэн. Абрахам Сара хоёр эх нутаг, элгэн саднаа орхиж, амьдралынхаа үлдсэн хэсгийг харийн нутагт, майханд өнгөрүүлсэн нь үнэхээр гайхалтай!
8. Тэвчээр нь найдварыг хэрхэн бэхжүүлдэг вэ?
8 Хэчнээн хэцүү байлаа ч Абрахам Еховад үг дуугүй захирагдан, найдвараа бөхөөлгүй хадгалж чаджээ (Эхлэл 22:2, 12). Үүний адилаар, бид ч бас Еховад дуулгавартай, тэвчээртэй үйлчилбэл ирээдүйд шагнал хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно. Паул: «Тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй» гэж бичжээ (Ром 5:4, 5). Мөн, «Бидний хүсэл нь та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарга[х явдал юм]» гэж бичсэн байдаг (Еврей 6:11). Еховатай тогтоосон дотно харьцаанд тулгуурласан ийм өөдрөг үзэлтэй бол ямар ч бэрхшээлтэй тулгарсан зоригтой, баяр хөөртэй байж чадна.
«Найдвар дотор баярла»
9. «Найдвар дотор баярлахын» тулд яах хэрэгтэй вэ?
9 Бурхны өгсөн найдварыг энэ ертөнцийн өгч чадах юутай ч харьцуулахын аргагүй. Дуулал 37:34-т: «ЭЗЭНийг хүлээж [«Еховад найдаж», ШЕ], Түүний замаас бүү гар, тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно» гэж бичжээ. Тийм ээ, бидэнд «найдвар дотор баярлах» бүрэн үндэс бий (Ром 12:12). Гэхдээ үүний тулд найдвараа үргэлж бодож байх хэрэгтэй. Та Бурхны өгсөн найдварыг байнга эргэцүүлэн боддог уу? Өөрийгөө Диваажинд эрүүл саруул, санаа зовох зүйлгүй, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж, дур сонирхолтой ажлаа хийж байгаагаар төсөөлдөг үү? Нийгэмлэгийн хэвлэлд дүрсэлсэн Диваажингийн дүр зургийг эргэцүүлж боддог уу? Ингэж байнга бодох нь цонхны шилийг гялалзтал цэвэрлэхтэй адил юм. Хэрэв цонхыг угааж цэвэрлэхгүй бол тоос шороонд дарагдаж халтартаад, байгаль дэлхийн сэтгэл татам дүр зургийг тод харж чадахгүй болдог. Түүн шиг, Диваажингийн дүр зургийг үргэлж эргэцүүлж бодохгүй бол ирээдүйн найдвар маань бөхөж, өөр зүйлд анхаарал татагдаж эхэлнэ. Ингэвэл ямар сайн байх вэ!
10. Ирээдүйд хүртэх шагналаа тэсэн ядан хүлээх нь Еховатай тогтоосон харьцааг ямар учраас бэхжүүлдэг вэ?
10 Бид, хамгийн гол нь, Еховад хайртай учраас түүнд үйлчилдэг (Марк 12:30). Гэхдээ ирээдүйд хүртэх шагналаа ч бас тэсэн ядан хүлээдэг байх учиртай. Угтаа, Ехова биднийг тэгээсэй гэж хүсдэг. Еврей 11:6-д: «Итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан руу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» гэж бичжээ. Ехова биднээс өөрийг нь Шагнагчаа гэж үзээсэй хэмээн хүсдэгийн учир юу вэ? Бид Еховаг Шагнагчаа гэж үздэг бол тэнгэрийн Эцгээ сайн мэддэг гэсэн үг юм. Тэрбээр өгөөмөр сэтгэлтэй, хүүхдүүддээ хайртай Эцэг билээ. Хэрэв Ехова «ирээдүй ба найдвар» өгөөгүй бол бид сэтгэлээр амархан унадаг, уйтгар гунигаар дүүрэн хүмүүс байх байсан шүү дээ (Иеремиа 29:11).
11. Бурхны өгсөн найдварын ачаар Мосе хэрхэн ухаалаг шийдвэр гаргасан бэ?
11 Бурхны өгсөн найдварыг байнга боддог байсан хүмүүсийн нэг нь Мосе юм. «Фараоны охины хүү» тэрбээр Египетэд эрх мэдэл, алдар нэр, эд баялаг гээд юм юмтай байлаа. Харин энэ бүхэндээ найдалгүй, Еховад үйлчлэхээр зориг шулууджээ. «Учир нь тэр шагнал руу харж байлаа» (Еврей 11:24–26). Тийм ээ, Мосе Бурхны өгсөн найдварыг эрхэмлэн үнэлдэг байсан.
12. Христиан найдварыг яагаад дуулгатай зүйрлэдэг вэ?
12 Элч Паул христиан найдварыг дуулгатай зүйрлэсэн байдаг. Бэлэгдлийн дуулга маань ухаалаг шийдвэр гаргаж, чухал зүйлийг эн тэргүүнд тавьж, үнэнч байдлаа хадгалахад туслах гэх зэргээр бидний ухаан санааг хамгаалдаг (1 Тесалоник 5:8). Та бэлэгдлийн дуулгаа байнга өмсдөг үү? Хэрэв өмсдөг бол Мосе Паул хоёр шиг «эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар тавилгүй, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найдна». Нийт олны үзэл бодол, чиг хандлагыг дагахгүй байж, хувийн ашиг сонирхлоо орхиход эр зориг хэрэгтэй ч энэ нь эцэстээ сайн юманд хүргэдэг. Тэгээд ч, Еховаг хайрлаж, түүнд найддаг хүмүүсийн хүсэн хүлээдэг «жинхэнэ амийн» дэргэд юу ч биш зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэг байна гэж үү? (1 Тимот 6:17, 19).
«Би чамайг хэзээ ч орхихгүй»
13. Ехова үнэнч үйлчлэгчдэдээ ямар амлалт өгсөн бэ?
13 «Зовлон» улам нэмэгдэж байгаа учраас өнөөгийн эд юмсын тогтолцоонд найддаг хүмүүс ирээдүйн тухай бодохоосоо айдаг (Матай 24:8, МАБ). Харин Еховад найддаг хүмүүс айдаггүй. Тэд үргэлж «аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» (Сургаалт үгс 1:33). Өнөөгийн ертөнцөд найддаггүй учраас тэд Паулын зөвлөснийг баяр хөөртэй дагадаг. Паул: «Байгаа юмандаа сэтгэл хангалуун байн, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь [Ехова] Өөрөө: „Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй“ гэж айлдсан» хэмээн бичжээ (Еврей 13:5).
14. Христианууд ахуй амьдралдаа яагаад хэтэрхий санаа зовох хэрэггүй вэ?
14 «Хэзээ ч орхихгүй, хэзээ ч мартахгүй» гэснээс харвал, Ехова биднийг үргэлж анхаарч халамжлах нь тодорхой байна. Бурхан биднийг хайрлан, бидэнд санаа тавьдаг гэдгийг Есүс ч бас батлан: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг [ахуй амьдралд хэрэгтэй бүхнийг] та нарт нэмж өгөх болно. Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно» хэмээн хэлсэн (Матай 6:33, 34). Хаанчлалын төлөө идэвх зүтгэл гаргахын хажуугаар амьдралаа авч явахад амаргүй байдгийг маань Ехова мэддэг. Тийм учраас бидний хэрэгцээг хангаж чадна, хангахыг ч хүсдэг гэдэгт нь бүрэн дүүрэн итгэцгээе (Матай 6:25–32; 11:28–30).
15. Христианууд «нүдээ» яаж «цэвэр» байлгадаг вэ?
15 «Нүдээ цэвэр» байлгавал Еховад найдаж байна гэсэн үг (Матай 6:22, 23). Нүдээ цэвэр байлгана гэдэг нь аливаад чин сэтгэлээсээ хандаж, эд хөрөнгө, нэр төрийн хойноос хөөцөлдөхгүй байхыг хэлнэ. Гэхдээ өөрийгөө тэжээх үүргээ умартаж, зориуд ядуу тарчиг амьдарна гэсэн үг биш ээ. Нүдээ цэвэр байлгадаг хүн Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, «биеэ захирч», ухаалаг амьдардаг (2 Тимот 1:7).
16. Нүдээ цэвэр байлгахад итгэл, зориг хэрэгтэй байдгийн учир юу вэ?
16 Нүдээ цэвэр байлгахад итгэл, зориг шаардлагатай. Жишээлбэл, дарга тань таныг цуглааны цагаар ажиллуулах гээд байвал сүнслэг зүйлийг нэгдүгээрт тавих зориг гаргаж чадах уу? Ехова үйлчлэгчдэдээ санаа тавина гэж амласнаа биелүүлнэ гэдэгт нь эргэлздэг бол яах вэ? Сатан үүнийг нь дор нь ашиглаж, дарамт шахалт учруулах бөгөөд яваандаа тэр хүн бүх цуглаанд очихоо больж магадгүй. Тийм ээ, бидний итгэл сул байвал Ехова биш, харин Сатан биднийг удирдаж, амьдралынхаа эн тэргүүнд тавих зүйлийг маань өөрчилнө. Хэрэв ийм юм болбол хэчнээн эмгэнэлтэй вэ! (2 Коринт 13:5).
Еховад найдагтун
17. Еховад найддаг хүмүүс одоо ч ямар ивээл хүртдэг вэ?
17 Ехова өөрт нь итгэж, найддаг хүмүүсийг хэзээ ч орхихгүй гэдгийг Библид олон удаа бичсэн байдаг (Сургаалт үгс 3:5, 6; Иеремиа 17:7). Тийм хүмүүс Хаанчлалын төлөө баян чинээлэг амьдралаа золиосолж, даруухан амьдардаг ч, үүнийгээ ирээдүйд хүртэх шагналын дэргэд юу ч биш гэж үздэг. Ийнхүү «Еховад найддагаа» (ШЕ) харуулдаг бөгөөд Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ «зүрхний хүслийг» нь биелүүлж өгнө гэдэгт итгэдэг (Дуулал 37:4, 34). Тийм учраас тэд одоо ч гэсэн үнэхээр жаргалтай байдаг. Тийм ээ, «шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол хар санаатны найдвар мөхнө» (Сургаалт үгс 10:28).
18, 19. а) Ехова бидэнд хайрын үүднээс юу гэж амладаг вэ? б) Еховаг үргэлж «баруун гар талдаа» байлгая гэвэл яах хэрэгтэй вэ?
18 Аавынхаа гараас хөтлөөд алхаж яваа жаал хүү юунаас ч айдаггүй. Тэнгэрийн Эцэгтэйгээ алхаж байгаа бид ч бас тэр хүүтэй адил юм. Ехова Израильд: «Би чамтай хамт байгаа тул бүү ай! [...] ...Үнэхээр чамд тусална. Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд: „Бүү ай. Би чамд тусална“ гэж айлдаж байна» гэж хэлжээ (Исаиа 41:10, 13).
19 Ехова таны гараас хөтөлдөг гэхлээр сэтгэлд нэг л дулаахан санагдаж байгаа биз? Давид нэгэнтээ: «Би ЭЗЭНийг өөрийн өмнө байхаар үргэлж тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй» гэж бичжээ (Дуулал 16:8). Еховаг «баруун гар талдаа» байлгая гэвэл яах хэрэгтэй вэ? Наад зах нь, хоёр алхам хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, амьдралынхаа бүхий л хүрээнд Еховагийн Үгээр удирдуулах ёстой. Хоёрдугаарт, Еховагийн амласан хосгүй шагналыг бодох учиртай. Дуулалч Асаф: «Би үргэлж Тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, хожим намайг сүр жавхланд угтан авна» гэж дуулжээ (Дуулал 73:23, 24). Ийм баталгаа байгаа учраас бид ирээдүйгээ үнэхээр итгэлтэй угтаж чадна.
«Аврал ойрхон байна»
20, 21. Еховад найддаг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
20 Еховаг баруун гар талдаа байлгах нь өдөр ирэх бүр улам чухал болоод байна. Урьд хожид болж байгаагүй гай гамшиг тун удахгүй Сатаны ертөнцөд нүүрлэх бөгөөд энэ нь хуурамч шашин сөнөх үйл явдлаар эхэлнэ (Матай 24:21). Тэр үед Еховад итгэдэггүй хүмүүс айдаст автан бужигнаж байхад, Еховагийн зоригтой үйлчлэгчид «найдвар дотроо баярлана». «Эдгээр хэрэг бүтэх цагт та нар бат зогсон, толгойгоо өргөгтүн. Юу гэвэл, та нарын аврал ойрхон байна» гэж Есүс хэлжээ (Лук 21:28, МАБ).
21 Тийм учраас Бурхны өгсөн найдварт баярлаж, анхаарлыг маань сарниулах гэсэн Сатаны уран аргад хууртахгүй байцгаая. Мөн итгэл, хайр, Бурхнаас эмээх сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө шамдацгаая. Тэгвэл бид ямар ч үед Еховад дуулгавартай байх зоригтой болж, Диаволыг эсэргүүцэж чадна (Иаков 4:7, 8). Еховад «найдагч бүгд ээ, хүчтэй байн, зүрхээ зоригтой байлгагтун» (Дуулал 31:24).
[Зүүлт]
^ Христиан Грек Сударт «найдвар» гэдэг үгээр гол төлөв тослогдсон христиануудын авах тэнгэрийн шагналыг хэлдэг ч, энэ өгүүлэлд ерөнхий утгаар нь хэрэглэсэн.
Хариулна уу
• Есүс Бурхнаас авсан найдварынхаа ачаар хэрхэн зоригтой болсон бэ?
• Найдвар итгэл хоёр хоорондоо ямар холбоотой вэ?
• Чухал зүйлийг амьдралынхаа эн тэргүүнд тавих зоригтой болоход итгэл найдвар хоёр ямар үүрэгтэй вэ?
• Еховад найддаг хүмүүс ямар учраас ирээдүйгээ итгэлтэй угтаж чадах вэ?
[Догол мөрийн асуулт]