«Өөрсдийгөө батал»
«Өөрсдийгөө батал»
«Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» (2 КОРИНТ 13:5).
1, 2. а) Итгэж үнэмшдэг зүйлдээ эргэлзэх нь ямар уршигтай вэ? б) Нэгдүгээр зууны Коринт хотын хурлын зарим хүн замаа мэдэхгүй хүнтэй адил болсон нь ямар учиртай вэ?
ХӨДӨӨГ зорьсон хүн салаа замын уулзвар дээр иржээ. Аль замаар явбал зорьсон газраа хүрэхээ мэдэхгүй тул замын хүмүүсээс асууж сурав. Гэтэл өөр өөр хариу сонсох нь тэр. Ингээд учраа олохоо больж, хаашаа явахаа мэдэхээ байв. Хэрэв бид итгэж үнэмшдэг зүйлдээ эргэлздэг бол салаа замын эхэнд гацсан хүнээс өөрцгүй болно. Тийм тодорхойгүй байдлын улмаас шийдвэр гаргах чадвараа алдаж, аль замаар явахаа мэдэхгүйд хүрдэг.
2 МЭ І зуунд Грекийн Коринт хотын христиан хуралд бий болсон уур амьсгал зарим хүнийг тийм байдалд хүргэсэн бололтой. Тэндхийн «хамгийн эрхэм... элч нар» элч Паулын эрх мэдлийг үл хүндэтгэн: «Түүний захидлууд үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеийн байдал нь сул дорой бөгөөд үг яриа нь ч зэвүүцмээр» гэж ярьдаг байв (2 Коринт 10:7–12; 11:5, 6). Иймэрхүү ярианаас болоод Коринтын хурлын зарим хүн явах замаа мэдэхгүй хүнтэй адил болсон.
3, 4. Коринтчуудад өгсөн Паулын зөвлөгөө бидний сонирхлыг яагаад татдаг вэ?
3 Паул МЭ 50 онд Коринтод очихдоо христиан хурлыг үүсгэн байгуулжээ. «Тэр тэдний дунд Бурхны үгийг сурган жил зургаан сар амьдрав». «Коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа» (Үйлс 18:5–11). Паул Коринт дахь итгэл нэгтнүүдийнхээ сүнслэг сайн сайханд ихээхэн санаа тавьдаг байв. Коринтчууд өөрсдөө ч зарим асуудлаар зөвлөгөө авахаар Паулд захиа бичиж байжээ (1 Коринт 7:1). Паул сайн зөвлөгөө өгдөг байсан.
4 «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» гэж бичсэн нь нэг чухал зөвлөгөө байлаа (2 Коринт 13:5). Үүнийг хэрэгжүүлбэл Коринтын ах дүү нар явах замаа алдахгүй байх байв. Өнөөдөр энэ зөвлөгөө бидэнд ч мөн ашигтай. Харин яаж хэрэгжүүлэх вэ? «Итгэл дотор байгаа эсэхээ» яаж шалгах вэ? «Өөрийгөө батлах» гэж юу гэсэн үг вэ?
«Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга»
5, 6. «Итгэл дотор байгаа эсэхээ» ямар шалгуураар шалгаж болох вэ? Энэ шалгуурыг төгс гэж үзэхийн учир юу вэ?
5 Шалгах гэдэг нь хүн болон аливаа зүйлийг зохих хэмжээндээ байгаа эсэхийг тодорхой шалгуураар тогтоохыг хэлнэ. Гэхдээ энэ удаа бид үнэн гэж итгэсэн зүйлээ бус, өөрсдийгөө шалгах тухай ярьж байна. Ингэж шалгах төгс шалгуур ч бидэнд бий. Давид нэгэн дуулалдаа: «ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг» хэмээжээ (Дуулал 19:7, 8). Библид Еховагийн төгс хууль, баттай гэрчлэл, зөв сургаал, тодорхой тушаал байдаг. Тэгэхлээр, Библид бичсэн зүйл төгс шалгуур болох нь ойлгомжтой.
6 Библийн тухай элч Паул: «Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай» гэж хэлжээ (Еврей 4:12). Тийм ээ, Бурхны үг бидний зүрх буюу дотор хүнийг шалгах чадалтай. Энэхүү «хурц», «идэвхтэй» үгээр зүрхээ яаж шалгах вэ? «ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгах» хэрэгтэй хэмээн дуулалч тодорхой хэлжээ. Тийм хүн жаргалтай байдаг (Дуулал 1:1, 2). Ехова хуулиа өөрийн Үг буюу Библиэр дамжуулан өгдөг. Бид Еховагийн Үгийг цаг гарган, дуртайяа уншиж, эргэцүүлэн бодох учиртай. Эдгээр алхмыг хийж, Бурхны Үгийн шалгуураар өөрсдийгөө шалгах хэрэгтэй.
7. «Итгэл дотор байгаа эсэхээ шалгах» гол арга юу вэ?
7 Тэгэхлээр, «итгэл дотор байгаа эсэхээ шалгах» гол арга бол Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодохын зэрэгцээ сурч мэдсэнийхээ дагуу биеэ авч явж чаддаг эсэхээ шалгах явдал юм. Бидэнд Бурхны Үгийг ойлгоход туслах гарын авлага олон байдаг нь баярлууштай.
8. «Итгэл дотор байгаа эсэхээ шалгахад» «итгэмжит, ухаалаг боолын» хэвлэл хэрхэн тусалдаг вэ?
8 Ехова биднийг сургаж, удирдан чиглүүлэхдээ «итгэмжит, ухаалаг боолын» гаргадаг, Библийг тайлбарласан хэвлэл ашигладаг (Матай 24:45). Жишээ болгон, «Еховад ойртогтун» номын ихэнх бүлгийн төгсгөлд байдаг «Эргэцүүлэн бодох асуулт»-ыг авч үзье. * Эдгээр асуултын тусламжтайгаар олон зүйлийг нухацтай бодох сайхан боломж гардаг. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд нийтэлдэг олон янзын сэдэвтэй өгүүлэл бидэнд «итгэл дотор байгаа эсэхээ шалгахад» бас тусалдаг. «Харуулын цамхаг» сэтгүүлийн саяхны дугаарт нийтэлсэн «Сургаалт үгс» номыг тайлбарласан өгүүллийн талаар нэг Гэрч эмэгтэй: «Ийм өгүүлэл амьдралд их ойрхон байдгийг би ойлгосон. Үг яриа, биеэ авч явах байдал, үзэл бодол маань Еховагийн тогтоосон хэм хэмжээнд үнэхээр хүрч байгаа эсэхийг шалгахад тусалдаг» гэж хэлжээ.
9, 10. Еховагийн авсан ямар ямар арга хэмжээ «итгэл дотор байгаа эсэхээ шалгахад» тусалдаг вэ?
9 Түүнээс гадна, Ехова цуглаан, чуулганаар дамжуулан бидэнд заавар зөвлөгөө өгч, урам хайрладаг. Энэ бүхэн Бурхнаас үйлчлэгчдэдээ зориулан явуулдаг сүнслэг арга хэмжээний нэгээхэн хэсэг бөгөөд Исаиа тэдний тухай: «Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүн уруу цутгана. Олон ард түмэн ирээд: „Ирцгээ, ЭЗЭНий уул уруу... явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм“ гэцгээнэ» хэмээн зөгнөжээ (Исаиа 2:2, 3). Еховагаар замыг нь заалгана гэдэг үнэхээрийн ивээл буюу.
10 «Итгэл дотор байгаа эсэхээ шалгах» бас нэг арга бол сүнслэгээр төлөвшсөн хүмүүсээс, тэр дундаа, христиан ахлагчдаас зөвлөгөө авах явдал юм. Тэдний тухай Библид: «Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий» гэж байдаг (Галат 6:1). Өөрийгөө засаж залруулахад маань тустай зөвлөгөө өгдөг энэ хүмүүст бид талархах учиртай.
11. «Итгэл дотор байгаа эсэхээ шалгахын» тулд яах шаардлагатай вэ?
11 Ном хэвлэл, цуглаан чуулган, томилогдсон эрчүүд бүгд Еховагаас ирдэг гайхамшигтай бэлэг билээ. Гэхдээ «итгэл дотор байгаа эсэхээ шалгахын» тулд бид өөрсдийгөө шударгаар дүгнэх шаардлагатай. Тиймээс, ном хэвлэл уншихдаа, Библид үндэслэсэн зөвлөгөө сонсохдоо: «Энд миний тухай хэлээд байна уу? Би ингэдэг бил үү? Би христиан сургаалыг чанд баримталдаг уу?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Ном хэвлэлд бичсэн болон бусдын хэлж ярьж байгаа зүйлд хэрхэн хандах нь сүнслэг байдалд бас нөлөөлдөг. «Төрөлх хүн Бурхны Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал... [...] Харин сүнслэг хүн бүхнийг олж хардаг» гэж Библид тэмдэглэсэн байдаг (1 Коринт 2:14, 15). Тэгэхлээр, бид байгууллагынхаа ном сэтгүүл болон бусад хэвлэл уншихдаа, эсвэл цуглаан дээр илтгэл сонсох юм уу ахлагчдаас зөвлөгөө авахдаа талархах сэтгэлээр, Бурхны үзэл бодлоор хандахыг хичээх ёстой.
«Өөрсдийгөө батал»
12. «Өөрсдийгөө батлах» гэж юу гэсэн үг вэ?
12 «Өөрсдийгөө батлах» гэдэг нь сүнслэг байдлаа, өөрөөр хэлбэл, Библийн үнэн амьдралд маань хэр зэрэг өргөн хүрээтэй нөлөөлдөг вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Үүний тулд сүнслэг зүйлийг чин сэтгэлээсээ үнэлдэг, төлөвшсөн христиан гэдгээ батлан харуулах хэрэгтэй.
13. Еврей 5:14-т бичсэнээр, сүнслэгээр төлөвшсөний баталгаа юу вэ?
13 Тэгвэл төлөвшсөн христиан гэдгээ яаж батлах вэ? «Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэж элч Паул бичжээ (Еврей 5:14). Сайн мууг ялгах чадвараа «сургах» буюу хөгжүүлснээр төлөвшсөн гэдгээ батална. Тамирчин хүн байнгын дасгал сургууль хийж, булчин шөрмөсөө хөгжүүлж байж амжилтад хүрдэг шиг, бид Библийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх дадлага хийж байж сайн мууг ялгах чадвараа хөгжүүлнэ.
14, 15. Бурхны Үгийн гүн юмсыг судлахын тулд ердийнхөөсөө илүү хичээх хэрэгтэйн учир юу вэ?
14 Гэхдээ сайн мууг ялгах чадвараа хөгжүүлэхээсээ урьдаар мэдлэг олж авсан байх ёстой. Үүний тулд Библийг бие дааж нямбай судлах шаардлагатай. Бие дааж тогтмол судалдаг бол, ялангуяа, Бурхны Үгийн гүн юмсыг судалдаг бол сайн мууг ялгах чадвар сайжирдаг. Сүүлийн жилүүдэд «Харуулын цамхаг» сэтгүүлд олон сэдвийг гүнзгий тайлбарлаж байгаа. Библийн үнэнийг гүнзгий тайлбарласан өгүүлэл уншихдаа бид яадаг вэ? «Ойлгоход хэцүү зарим зүйл байдгаас» болж халширдаг уу? (2 Петр 3:16). Тэр тусам нь уншиж ойлгохын тулд ердийнхөөсөө илүү их хичээх хэрэгтэй (Ефес 3:18).
15 Бие дааж судлахад хэцүү байдаг бол яах вэ? Дуртай болохыг хичээгээрэй * (1 Петр 2:2). Сүнслэгээр өсөж, төлөвшихийн тулд «бор хоол» буюу Бурхны Үгийн гүнзгий сургаалыг судалж, өөрийгөө сүнслэгээр хооллож сурах шаардлагатай. Эс тэгвээс сайн мууг ялгах чадвараа гүйцэд хөгжүүлж чадахгүй. Гэхдээ бие даан Библи судлаад олж авсан мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх ёстой тул мэдлэгтэй л болчихвол төлөвшсөний баталгаа гэж үзэх нь учир дутагдалтай.
16, 17. «Үгийг хэрэгжүүлэгчид болох» тухайд шавь Иаков ямар зөвлөгөө өгсөн бэ?
16 «Өөрсдийгөө батлах» бас нэг арга бол үнэний төлөө талархах сэтгэлээ илэрхийлэх буюу итгэлээ үйл хэргээр харуулах явдал юм. Шавь Иаков: «Өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг. Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотор ерөөгдөх болно» гэж сонирхолтой жишээ татан бичсэн нь сүнслэг байдлыг тодорхойлоход үйл хэрэг чухал байдгийг онцолсон хэрэг юм (Иаков 1:22–25).
17 Иаковын хэлсэн үгийг сайтар бодож үзвэл: «Бурхны үгэнд өөрийгөө тольдон харж, шалга. Үргэлж ингэж бай. Бурхны үгнээс сурч мэдсэнийхээ дагуу өөрийгөө нарийн шалга. Харсан зүйлээ дор нь мартуузай. Шаардлагатай бол өөрийгөө засаж залруул» гэсэн утгатай ажээ. Энэ зөвлөгөөг дагах тэр бүр амаргүй.
18. Иаковын зөвлөгөөг хэрэгжүүлэх яагаад амаргүй вэ?
18 Жишээ нь, Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд оролцохыг Бурхан биднээс шаарддаг. «Хүн зүрхэндээ итгэн, зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн, авралд хүрнэ» гэж Паул бичжээ (Ром 10:10). «Амаараа хүлээн зөвшөөрөх» буюу сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд бидэнд засаж залруулах юм багагүй байдаг. Дэлгэрүүлэх ажил хүн болгонд амархан байдаггүй. Бас энэ ажлыг чухалд үзэж, хичээл зүтгэлтэй оролцъё гэвэл амьдралдаа олон зүйлийг өөрчилж, өөрийгөө золиослох хэрэг гардаг (Матай 6:33). Гэхдээ Бурхны даалгасан энэ ажлыг хийдэг болбол амьдрал маань баяр жаргалаар бялхдаг. Учир нь энэ ажил Ехова Бурхныг магтан алдаршуулдаг. Тэгвэл бид Хаанчлалын тухай хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг үү?
19. Итгэлээ үйл хэргээр харуулна гэдэгт юу юу ордог вэ?
19 Итгэлээ үйл хэргээр харуулна гэдэгт юу юу ордог вэ? Паул: «Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» хэмээжээ (Филиппой 4:9). Суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан бүхнээ ажил хэрэг болговол, өөрөөр хэлбэл, христиан ёсоор өөрийгөө Бурханд зориулж, Есүсийн шавь байхын утга учрыг бүх талаар харуулбал сая өөрсдийгөө баталж байна гэсэн үг. «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж Ехова зөнч Исаиагаар дамжуулан бидэнд захисан (Исаиа 30:21).
20. Ямар хүмүүс хуралд их хувь нэмэр оруулдаг вэ?
20 Бурхны Үгийг нямбай судалдаг, сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг, Бурханд гуйвшгүй үнэнч байдаг, Хаанчлалыг үнэнчээр дэмждэг хүмүүс христиан хуралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг. Тэд хурлын сүнслэг байдалд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа, олон шинэ хүнд санаа тавьж, тусламж үзүүлдэг. Паулын зөвлөснөөр «итгэл дотор байгаа эсэхээ шалгаж, өөрсдийгөө баталдаг» бол бид ч бас бусдадаа үлгэр жишээ үзүүлж чадна.
Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ баярлагтун
21, 22. Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ баярлая гэвэл яах хэрэгтэй вэ?
21 Эртний Израилийн хаан Давид: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» гэж дуулжээ (Дуулал 40:8). Тийм ээ, Давид Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ баярладаг байв. Яагаад гэвэл, Еховагийн хуулийг зүрхэндээ байлгаж, ямар замаар явахаа мэддэг байсан.
22 Бид ч бас Бурхны хуулийг зүрхэндээ байлгадаг бол явах замаа ч сайн мэднэ, Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ ч баярлана. Тиймд, Еховад чин зүрхнээсээ үйлчлэхийг хамаг чадлаараа хичээцгээе (Лук 13:24).
[Зүүлт]
^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.
^ Библийг хэрхэн бие даан судлах тухай ашигтай зөвлөгөөг Еховагийн Гэрчүүдийн гаргасан, «Теократ үйлчлэлийн сургуулийн ач тус» номын 27—32-р хуудсыг үзнэ үү (англи).
Та санаж байна уу?
• «Итгэл дотор байгаа эсэхээ» хэрхэн шалгах вэ?
• «Өөрсдийгөө батлах» гэж юу гэсэн үг вэ?
• Төлөвшсөн христиан гэдгээ яаж батлах вэ?
• Сүнслэг байдлаа тодорхойлохын тулд итгэлээ үйл хэргээр харуулах нь ямар ач тустай вэ?
[Догол мөрийн асуулт]