Еховагийн агуу байдал хэмжээлшгүй
Еховагийн агуу байдал хэмжээлшгүй
«ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ» (ДУУЛАЛ 145:3).
1, 2. Давид ямар хүн байсан бэ? Бурхны өмнө ямар байсан бэ?
ЗУУН дөчин тавдугаар дууллыг бичигч бол түүхэнд нэр нь мөнхөрсөн хүмүүсийн нэг юм. Тэрээр залуу байхдаа, өвч зэвсэглэсэн аварга биетэнтэй тулалдан устгажээ. Хаан болоод, олон дайсныг байлдан дагуулжээ. Энэ хүн бол эртний Израилийн хоёр дахь хаан Давид юм. Нэр алдар нь насан өөд болсных нь дараа ч цуурайтсаар байсан төдийгүй түүний тухай дуулсан хүн өнөөдөр ч олон байдаг.
2 Давид их амжилтад хүрсэн ч даруу байсан. Тэрээр: «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?» хэмээн Еховагийн тухай дуулжээ (Дуулал 8:3, 4). Давид өөрийгөө агуу гэж бодолгүй, харин Еховагийн ачаар бүх дайснаасаа ангижирсан гэж үзэж, Бурхны тухай: «Та надад... авралын бамбайг өгсөн билээ. Таны тусламж [«дөлгөөн байдал», ШЕ] намайг агуу болгов» хэмээжээ (2 Самуел 22:1, 2, 36). Ехова дөлгөөн учраас нүгэлтнүүдийг өршөөдөг. Давид сайхан сэтгэлийнх нь төлөө Бурханд талархдаг байв.
«Хаан болох Бурхнаа би өргөмжилнө»
3. а) Давид хэнийг Израилийн жинхэнэ Хаан гэж үздэг байсан бэ? б) Еховаг магтан алдаршуулахыг хэр зэрэг хүсдэг байсан бэ?
3 Давид Бурхны томилсон хаан байсан хэдий ч, Еховаг Израилийн жинхэнэ Хаан гэж үздэг байв. Давид: «Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ» гэж хэлсэн (Шастирын дээд 29:11). Тэрээр Бурхныг Захирагчаа хэмээн гүн хүндэтгэдэг байлаа! «Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана» хэмээн дуулжээ (Дуулал 145:1, 2). Давид Ехова Бурхныг өдөр бүр магтаж, үүрд мөнхөд алдаршуулахыг хүсдэг байсан.
4. 145-р дуулал ямар худал үгийг илчилдэг вэ?
4 Сатан Бурхныг бүтээлүүдийнхээ эрх чөлөөг хааж боодог, хувиа боддог захирагч гэж гүтгэснийг 145-р дуулал эрс няцаадаг (Эхлэл 3:1–5). Түүний зэрэгцээ, оюун ухаант бүтээлүүд Бурханд дуулгавартай байдгийн учир нь түүнийг хайрладгийнх бус, ашиг хонжоо хайдгийнх гэсэн Сатаны худал үгийг илчилдэг (Иов 1:9–11; 2:4, 5). Давидын адилаар өнөөдөр жинхэнэ христианууд Диаволын худал үгэнд хариу өгдөг. Тэд Еховаг үүрд магтан алдаршуулахыг хүсдэг учраас Хаанчлалын захиргаан дор мөнх амьдрах найдвараа өндөр үнэлдэг. Эдүгээ олон сая хүн Еховаг хайрладаг учраас түүнд өөрийгөө зориулан, баптисм хүртэж, дуулгавартай үйлчилснээр, мөн Есүсийн золих тахилд итгэснээр Бурхныг магтан алдаршуулдаг болжээ (Ром 5:8; 1 Иохан 5:3 «Бурхны хайр» [«Бурхныг хайрлах хайр», МБОХ, 1996]).
5, 6. Еховаг магтан алдаршуулах ямар ямар боломж байдаг вэ?
5 Еховагийн үйлчлэгч бидэнд Бурхнаа магтан алдаршуулах хэчнээн олон боломж байдгийг бодоод үз дээ. Жишээ нь, Бурхны Үг буюу Библиэс уншиж, сэтгэл догдолсон үедээ Еховад залбирч магтан алдаршуулж болно. Ард түмэнтэйгээ хэрхэн харьцдаг нь, эсвэл ямар нэгэн гайхамшигтай бүтээл нь сэтгэл хөдөлгөвөл Бурхныг магтан алдаршуулах бас нэг боломж гардаг. Түүнчлэн, цуглаан дээр юм уу амин хувийн яриа өрнүүлэхдээ Еховагийн санаа зорилгын тухай итгэл нэгтнүүдтэйгээ хэлэлцэн Бурхныг магтан алдаршуулж болно. Үнэндээ, Бурхны Хаанчлалын үйл хэргийн төлөө хийсэн «сайн үйлс» бүхэн Еховаг магтан алдаршуулдаг (Матай 5:16).
6 Тийм «сайн үйлсийн» саяхны жишээ гэвэл, Еховагийн ард түмэн ядуу буурай улс орнуудад, цуглаан явуулахад зориулан олон танхим барьсан явдлыг нэрлэж болно. Энэ ажлын ихэнхийг бусад орны итгэл нэгтнүүдийнхээ санхүүгийн дэмжлэгтэйгээр хийсэн. Зарим христиан барилгын ажилд туслахын тулд Хаанчлалын танхим барьж буй газар сайн дураараа очиж ажилласан. Гэхдээ хамгийн чухал «сайн үйл» бол Хаанчлалынх нь тухай сайн мэдээ дэлгэрүүлж, Еховаг магтан алдаршуулах явдал билээ (Матай 24:14). 145-р дуулалд цааш нь тэмдэглэснээр Давид хайрын сэтгэлээр захирдгийнх нь төлөө Бурханд талархаж, хаанчлалыг нь өргөмжилсөн (Дуулал 145:11, 12). Та ч гэсэн, Давидын адилаар, Бурханд тийн талархдаг уу? Хаанчлалынх нь тухай бусдад тогтмол ярьдаг уу?
Бурхны агуу байдлын жишээ
7. Еховаг магтан алдаршуулах үндсэн шалтгааныг хэлнэ үү.
7 Дуулал 145:3-т Еховаг магтан алдаршуулах үндсэн шалтгааныг тайлбарладаг. Давид: «ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд түүний агуу байдал хэмжээлшгүй билээ» хэмээн дуулжээ. Еховагийн агуу байдалд хязгаар гэж үгүй. Үүнийг хүн бүрэн ухаарч, ойлгож, хэмжиж чадахгүй. Гэлээ ч гэсэн Еховагийн хэмжээлшгүй агуу байдлын жишээг авч үзвэл бидэнд тустай байх нь лавтай.
8. Орчлонт ертөнц Еховагийн хүч болон агуу байдлын талаар юу илчилдэг вэ?
8 Та хотын гэрлээс зайдуу газар цэлмэг шөнийн тэнгэрийг харж байснаа сана даа. Түнэр харанхуй тэнгэрийн уудамд гялтганан гялалзах үй олон одыг хараад та гайхаагүй гэж үү? Тэнгэрийн тэр олон эрхсийг бүгдийг нь бүтээсэн Еховаг агуу байдлынх нь төлөө магтан алдаршуулах хүсэл төрөөгүй гэж үү? Гэхдээ таны харсан зүйл бол манай Дэлхийг багтаадаг галактикийн үй олон одны өчүүхэн хэсэг нь шүү дээ. Түүнээс гадна, эрдэмтдийн тооцоогоор зуун тэрбум гаруй галактик байдаг бөгөөд тэдгээрээс ердөө гурвыг нь л хүн дуран авайгүйгээр харж чаддаг аж. Үнэндээ, асар уудам орчлонт ертөнцийг бүрдүүлдэг тоо томшгүй олон од, галактик нь Еховагийн бүтээх хүч, хэмжээлшгүй агуу байдлыг гэрчилдэг (Исаиа 40:26).
9, 10. а) Еховагийн агуу байдлын ямар ямар тал Есүс Христтэй холбоотой илэрсэн бэ? б) Есүс дахин амилсан нь бидний итгэлд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
9 Еховагийн агуу байдлын бусад тал буюу Есүс Христтэй холбоотой илрэлийг авч үзье. Ехова Хүүгээ бүтээж, олон зууны туршид хажуудаа «уран дархнаар» ажиллуулж байсан нь агуу байдлыг нь харуулдаг (Сургаалт үгс 8:22–31). Ехова хүн төрөлхтний төлөө «цорын ганц» Хүүгээ золиос болгон өгсөн нь хайрынх нь агууг илтгэдэг (Матай 20:28; Иохан 3:16; 1 Иохан 2:1, 2). Мөн Ехова Есүсийг дахин амилуулахдаа өгсөн үхэшгүй мөнхийн сүр алдарт сүнсэн бие гэж юу болохыг хүний ухаан хүрч ойлгох аргагүй юм (1 Петр 3:18).
10 Ехова Есүсийг дахин амилуулж, хэмжээлшгүй агуу байдлынхаа олон бишрэм талыг харуулсан. Бурхан Есүст үл үзэгдэх болон үзэгдэх юмс буюу бусад сүнсэн бүтээл, орчлонт ертөнц, газар дэлхий, манай гариг дээрх амийн бүх хэлбэрийг бүтээх ажилд оролцсоныг нь сануулсан нь лавтай (Колоссай 1:15, 16). Тэрчлэн, Ехова Хүүдээ, хүн болохоос өмнөх үеийнх нь тэнгэр болоод дэлхийн талаарх бүх мэдлэгийг нь, дээр нь нэмээд, төгс хүн болж амьдрахдаа үзэж туулсан бүгдийг нь сэргээн сануулсан. Тийм ээ, Еховагийн хэмжээлшгүй агуу байдал нь Есүсийн дахин амилснаар илэрдэг. Түүнээс гадна, энэхүү агуу үйл нь бусад хүнийг ч дахин амилуулах боломжтой гэдгийн баталгаа болдог бөгөөд Бурхан төгс ойндоо санаж байгаа, нас барсан олон сая хүнийг дахин амилуулж чадна гэдэгт итгэх итгэлийг маань батжуулах учиртай (Иохан 5:28, «булш» [«дурсамжийн булш», ШЕ], 29; Үйлс 17:31).
Гайхамшигт үйлс болон хүчирхэг үйлдлүүд
11. МЭ 33 оны Пентекостын өдөр Ехова ямар агуу үйл хийж эхэлсэн бэ?
11 Ехова Есүсийг дахин амилуулснаасаа хойш өөр олон агуу, гайхамшигтай үйл хийсэн (Дуулал 40:5). МЭ 33 оны Пентекостын өдөр нэгэн шинэ үндэстнийг бий болгосон нь ариун сүнсээр тослогдсон, Христийн шавь нараас бүрдсэн «Бурхны Израиль» байв (Галат 6:16). Энэхүү шинэ сүнслэг үндэстэн нь тухайн үедээ ихэд хүчирхэгжин өргөжсөн. Есүсийн элч нарыг үхсэний дараа христ шашны ертөнцийг үүсгэсэн тэрс үзлийг үл хайхран, Ехова санаа зорилгоо биелүүлэх баталгаа болгон гайхамшигт үйлс хийсээр байсан.
12. Библийг дэлхийн бүх гол хэлээр орчуулсан нь юуны баталгаа вэ?
12 Жишээлбэл, Библи бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн ба өнөөдрийн байдлаар дэлхийн бүх гол хэлээр орчуулагдаад байна. Библийг гол төлөв их хүнд нөхцөлд, Сатаны талынханд амь насаа ч алдаж болох аюулыг сөрөн орчуулдаг байжээ. Хэмжээлшгүй агуу Ехова Бурхны хүсэл таалал биш байсан бол Библи эдүгээ 2 000 гаруй хэлээр орчуулагдахгүй байх байсан нь лавтай!
13. 1914 оноос хойш Еховагийн агуу байдал Хаанчлалын талаарх санаа зорилготой нь холбоотой хэрхэн илэрсэн бэ?
13 Тэрчлэн, Еховагийн агуу байдал Хаанчлалын талаарх санаа зорилготой нь холбоотой илчлэгдсэн. Жишээлбэл, 1914 онд Хүү Есүст Христээ тэнгэрийн Хаан болгосон. Түүнээс хойш удалгүй Есүс Сатан болон түүний чөтгөрүүдийн эсрэг арга хэмжээ авсан. Тэднийг тэнгэрээс хөөж, дэлхий орчимд хорьсон бөгөөд тэд одоо «ёроолгүй гүнд» хаягдахаа хүлээж байгаа (Илчлэлт 12:9–12; 20:1–3). Тэр цагаас хойш Есүсийн тослогдсон дагалдагчид хавчлага мөрдлөгт илүүтэй өртөх болсон. Гэхдээ Ехова тэднийг Христийн үл үзэгдэх байдлаар залран байгаа өнөө үед дэмжсээр байна (Матай 24:3, «ирэх» [«байх үе» ШЕ]; Илчлэлт 12:17).
14. 1919 онд Ехова ямар гайхамшигтай үйл хийсэн бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?
14 1919 онд Ехова агуу байдлаа харуулсан бас нэгэн гайхамшигтай үйл хийжээ. Сүнслэг идэвхгүй байдалд ороод байсан Есүсийн тослогдсон дагалдагчдыг сэргээсэн (Илчлэлт 11:3–11). Тэр үеэс хойш, тослогдогсод тэнгэрт тогтсон Хаанчлалын тухай сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг болсон. Мөн 144 000-ыг гүйцээх бусад тослогдогсдыг ч цуглуулав (Илчлэлт 14:1–3). Ехова Христийн тослогдсон дагалдагчдаар «шинэ газар» буюу зөвт хүний нийгмийн үндсийг тавьсан (Илчлэлт 21:1). Гэхдээ бүх үнэнч тослогдсон хүнийг тэнгэрт гарсны дараа «шинэ газар» яах бол?
15. Тослогдсон христианууд ямар ажлыг манлайлан хийсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?
15 Энэ сэтгүүлийн 1935 оны наймдугаар сарын 1-ний болон 15-ны дугаарын судлах өгүүлэлд «Илчлэлт» номын 7-р бүлэгт тэмдэглэсэн «үй олон хүний» тухай тайлбарлажээ. Тослогдсон христианууд бүх үндэстэн, овог, ард түмэн, хэлтнээс тэр итгэл нэгтнүүдээ хичээл зүтгэлтэй хайж олоод, өөрсөдтэйгөө нэгтгэж эхлэв. Энэ «үй олон хүн» нь ойртон буй «агуу их гай гамшгийг» (ШЕ) эсэн мэнд даваад, «шинэ газрын» байнгын суугч болж, Диваажинд мөнх амьдрах хүмүүс юм (Илчлэлт 7:9–14). Тослогдсон христианууд Хаанчлалын тухай дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажлыг манлайлан хийсний ачаар эдүгээ зургаан сая гаруй хүн диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай болсон. Сатан болон түүний завхарсан ертөнцийн зүгээс эсэргүүцсээр атал ийн өсөж байгаа нь хэний ач вэ? (1 Иохан 5:19). Гагцхүү Ехова л энэ бүхнийг ариун сүнснийхээ тусламжтай гүйцэлдүүлж чадна (Исаиа 60:22; Зехариа 4:6).
Еховагийн сүр хүчний цог жавхлант яруу алдар
16. Еховагийн «сүр хүчний цог жавхлант яруу алдрыг» хүн нүдээрээ үзэж чадахгүйн учир юу вэ?
16 Еховагийн «гайхамшигт үйлс» болон «хүчирхэг үйлдлүүд» хэзээ ч мартагдахгүй. Давид: «Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана. Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Хүмүүст Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд би ч Таны агуу байдлыг тунхаглана» хэмээн бичжээ (Дуулал 145:4–6). Гэхдээ «Бурхан бол сүнс» бөгөөд хүний нүдэнд харагддаггүй. Тэгвэл Давид Еховагийн цог жавхлант яруу алдрыг хэр зэрэг мэддэг байсан бэ? (Иохан 1:18; 4:24).
17, 18. Давид Еховагийн «сүр хүчний цог жавхлант яруу алдрыг» хэрхэн гүнзгий бишрэн хүндэтгэдэг болсон бэ?
17 Давид Бурхныг хараагүй ч Еховагийн сүр хүчийг бишрэн хүндэтгэх сэтгэлээ хөгжүүлэх боломжтой байсан. Жишээлбэл, эртний ёс бус ертөнцийг Усан галаваар устгасан зэрэг Бурхны «хүчирхэг үйлдлүүдийн» тухай Сударт тэмдэглэснийг уншиж болох байв. Бурхан израильчуудыг боолчлолоос чөлөөлөхдөө Египетийн хуурамч бурхдыг хэрхэн гутаасныг Давид ойлгосон бололтой. Тийм явдлууд Еховагийн сүр хүч болон агуу байдлыг гэрчилдэг.
18 Давид Судрыг зөвхөн уншаад орхилгүй, уншсанаа эргэцүүлэн боддог байсан тул Бурхны сүр хүчийг бишрэн хүндэтгэдэг болсон нь гарцаагүй. Жишээ нь, Ехова израильчуудад Хууль өгөх үед юу болсныг эргэцүүлэн бодсон байж болох юм. Тэгэхэд тэнгэр дуугарч, цахилгаан цахиж, өтгөн үүл бүрхэж, бүрээн дуу асар чанга хүнгэнэсэн. Синаи уул доргиж, утаанд автжээ. Израильчууд уулын бэлд цуглаад, Еховагийн тэнгэр элчээр дамжуулан, гал болон үүлэн дундаас «Арван Хуулиа» айлдахыг сонссон (Дэд хууль 4:32–36; 5:22–24; 10:4; Египетээс гарсан нь 19:16–20; Үйлс 7:38, 53). Ехова агуу байдлаа юутай биширмээр илэрхийлээ вэ! Бурхны Үгийг хайрлаж, эдгээр явдлыг эргэцүүлэн боддог хүмүүс Еховагийн «сүр хүчний цог жавхлант яруу алдарт» өөрийн эрхгүй догдолдог. Өнөөдөр бидэнд, Еховагийн агуу байдлыг илтгэн харуулдаг, сэтгэл хөдөлгөм олон алдарт үзэгдлийг тэмдэглэсэн бүтэн Библи байдаг (Езекиел 1:26–28; Даниел 7:9, 10; Илчлэлт 4-р бүлэг).
19.Еховагийн сүр хүчийг илүү бишрэн хүндэтгэдэг болоход юу туслах вэ?
19 Давид Бурхны сүр хүчийг бишрэн хүндэтгэдэг болсон өөр нэг арга бол израильчуудад өгсөн олон хуулийг нь судалсан явдал байлаа (Дэд хууль 17:18–20; Дуулал 19:7–11). Израильчууд Еховагийн хуулийг дуулгавартай сахисан нь тэднийг өргөмжилж, бусад үндэстнээс ялгаруулсан (Дэд хууль 4:6–8). Бид ч гэсэн Судрыг тогтмол уншиж, гүнзгий эргэцүүлэн бодож, нямбай судалбал Давидын адилаар Еховагийн сүр хүчийг илүү бишрэн хүндэтгэдэг болно.
Бурхны чанарууд юутай агуу вэ!
20, 21. а) Дуулал 145:7–9 Еховагийн агуу байдлыг ямар ямар чанартай нь холбон тодотгодог вэ? б) Энд дурдсан чанарууд Бурхныг хайрладаг хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?
20 Дээр тэмдэглэснээр, 145-р дууллын эхний зургаан зүйлд хэмжээлшгүй агуу байдлыг нь харуулдаг үйл хэргийнх нь төлөө Еховаг магтан алдаршуулах хүндтэй олон шалтгаан байдаг. 7–9-р зүйлд Бурхны сайхан чанаруудыг тэмдэглэн агуу байдлыг нь тодотгосон байдаг. Давид: «Тэд Таны элбэг баян сайн сайхны [«сайхан сэтгэл», ШЕ] дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм. ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» гэж дуулжээ.
21 Давид эхлээд Еховагийн сайхан сэтгэл, зөв шударга чанар буюу Сатан Диаволын үгүйсгэсэн чанарыг онцлон тэмдэглэжээ. Эдгээр чанар Бурхныг хайрлаж, эрх мэдэлд нь захирагддаг хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ? Еховагийн сайхан сэтгэл болон зөв шударга захирдагт үйлчлэгчид нь их баярладаг учир түүнийг магтан алдаршуулж, «хичээнгүйлэн ярихгүй» байж чаддаггүй. Түүнээс гадна, Ехова «бүгдэд» сайхан сэтгэлээр ханддаг. Үүний ачаар улам олон хүн оройтоогүй дээрээ гэмшиж, жинхэнэ Бурхныг шүтдэг болно гэж бид найддаг (Үйлс 14:15–17).
22. Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн ханддаг вэ?
22 Бурхан «[Мосегийн] урдуур өнгөрөхдөө: „ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба хайр энэрэл, үнэнээр бялхам билээ» гэж өөрийнхөө тухай хэлсэн. Давид эдгээр чанарыг ч мөн өндөр үнэлдэг байжээ (Египетээс гарсан нь 34:6). Тиймээс Давид: «ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм» гэж хэлсэн (Дуулал 145:8). Хэдийгээр Ехова хэмжээлшгүй агуу ч өөрт нь үйлчилдэг хүмүүст нигүүлсэнгүй хандаж, тэднийг өргөмжилдөг. Гэмшсэн нүгэлтнийг Есүсийн золих тахилын үндсэн дээр уучлахыг хүсэн, өршөөхөд бэлэн байдаг. Түүнээс гадна, уурлахдаа удаан билээ. Учир нь тэрээр үйлчлэгчдэдээ зөвт шинэ ертөнцөд ороход нь саад болж болох алдаа дутагдлаа засах боломж олгодог (2 Петр 3:9, 13, 14).
23. Дараагийн өгүүллээр Бурхны ямар чухал чанарын тухай авч үзэх вэ?
23 Давид хайр энэрлийнх нь төлөө Бурхныг магтан алдаршуулжээ. Үнэндээ, 145-р дууллын үлдсэн хэсэгт Ехова энэ чанараа хэрхэн илэрхийлж, үнэнч үйлчлэгчид нь үүнд нь хэрхэн ханддагийг харуулдаг. Энэ тухай дараагийн өгүүллээр хэлэлцэнэ.
Та хэрхэн хариулах вэ?
• Еховаг «өдөр бүр» магтан алдаршуулах ямар ямар боломж байдаг вэ?
• Еховагийн агуу байдал хэмжээлшгүй болохыг ямар ямар жишээ харуулдаг вэ?
• Еховагийн алдарт сүр хүчийг хэрхэн илүү бишрэн хүндэтгэдэг болж болох вэ?
[Догол мөрийн асуулт]