Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байгтун
Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байгтун
«Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна» (ГАЛАТ 6:9).
1, 2. а) Бурханд үйлчлэхэд тэвчээр яагаад хэрэгтэй вэ? б) Абрахам тэвчээрээ хэрхэн харуулсан бэ? Тэвчихэд нь түүнд юу тусалсан бэ?
ЕХОВАГИЙН Гэрчүүд бид Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ баяр жаргал эдэлдэг. Түүнчлэн шавь байхын «буулга» биднийг сэргээдэг (Матай 11:29). Гэхдээ Христтэй хамт Еховад үйлчлэх тэр болгон амаргүй. Паул итгэл нэгтнүүддээ: «Та нар Бурхны хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй» хэмээн уриалсан нь үүнийг тодорхой харуулдаг (Еврей 10:36). Бурханд үйлчлэхэд заримдаа бэрхшээл тулгардаг учраас тэвчээр зайлшгүй хэрэгтэй.
2 Абрахамын амьдрал дээр өгүүлсний үнэн болохыг харуулдаг. Абрахам хүнд байдалд орж, хэцүү сонголт хийхэд хүрч байсан нь олон. Тохь тухтай Ур хотоос явах тушаал авсан нь үүний дөнгөж эхлэл байлаа. Удалгүй, өлсгөлөнд нэрвэгдэх, хөрш зэргэлдээх ард түмэн нь түүнд дайсагнан хандах, эхнэрээ алдах шахсан хийгээд төрөл садангийхантайгаа муудалцах, дайнд оролцох зэргээр удаа дараагийн сорилттой тулгарсан. Үүгээр сорилт дуусаагүй. Гэвч Абрахам сайныг үйлдэхдээ хэзээ ч зүрхшээж байгаагүй. Өнөөдрийн бидэнд байдаг шиг бүрэн гүйцэд бичигдсэн Бурхны Үг тэр үед Абрахамд байгаагүйг бодоход гайхмаар! Гэхдээ, «Би чамайг эмэгтэйтэй дайсагнуулж, чиний үрийг эмэгтэйн үртэй дайсагнуулах болно» гэж хэлсэн Бурхны анхны зөгнөлийг Абрахам мэддэг байсан нь эргэлзээгүй (Эхлэл 3:15, ШЕ). Абрахам өөрөөр нь дамжин тэр Үр ирэх ёстой байсан хүмүүсийн нэг байсан учраас Сатаны довтолгооны бай болсон нь зүйн хэрэг. Үрийн өвөг дээдэс болох ёстойгоо ойлгосон нь бүх сорилтыг баяртайгаар даван туулахад Абрахамд тусалсан нь мэдээж.
3. а) Еховагийн ард түмэн өнөөдөр ч гэсэн гай зовлон тохиолдоно гэдгийг мэддэгийн учир юу вэ? б) Галат 6:9 бидэнд ямар урам хайрладаг вэ?
3 Өнөөдөр ч гэсэн гай зовлон тохиолдоно гэдгийг Еховагийн ард түмэн мэддэг (1 Петр 1:6, 7). Сатан тослогдогсдын үлдэгдэлтэй «дайтах» тухай Илчлэлт 12:17-д сануулсан байдаг. «Өөр хонинууд» тослогдогсодтой маш нягт холбоотой байдаг учраас тэд бас Сатаны хилэнт довтолгооны бай болдог (Иохан 10:16, МБОХ, 1996). Христианууд зөвхөн дэлгэрүүлэх ажлаа хийхдээ эсэргүүцэлтэй тулгардаг төдийгүй тэдний хувийн амьдралд ч бас бэрхшээл тохиолддог. Паул бидэнд: «Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна» гэж уриалсан (Галат 6:9). Тийм ээ, хэдийгээр Сатан итгэлийг маань эвдэн бусниулахыг хамаг хүчээрээ чармайдаг ч гэсэн бид хатуу итгэлтэйгээр түүнийг эсэргүүцэх ёстой (1 Петр 5:8, 9). Үнэнч байсны маань үр дүн юу байх вэ? Үүний хариуг Иаков 1:2, 3-аас олж болно. Тэнд: «Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ» гэж бичсэн буй.
Шууд довтолгоо
4. Бурхны ард түмний үнэнч байдлыг эвдэх гэж оролдохдоо Сатан хэрхэн шууд довтолдог вэ?
4 Абрахамын амьдрал бол өнөөдөр христиан хүнд тохиолдож болох «элдвийн сорилтын» жишээ байсан нь тодорхой. Тухайлбал, Абрахам Шинарын булаан эзлэгчдийн довтолгоонд цохилт өгөх шаардлагатай болсон (Эхлэл 14:11–16). Сатан мөрдлөг хавчлагын хэлбэрээр шууд довтолсоор байгаа нь гайхах зүйл биш. Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон орны засгийн газар Еховагийн Гэрчүүдийн гэгээрүүлэх ажлыг хориглосон. 2001 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-д дайснууд Анголын Гэрчүүдтэй хэрхэн харгис хэрцгий харьцаж байсныг өгүүлсэн буй. Тийм улс орнуудад амьдардаг итгэл нэгтнүүд маань Еховад найдан, тэр бүхнийг тэвчин өнгөрөөсөн! Тэд хүчирхийллийн эсрэг хүчирхийлэх буюу эсэргүүцэн босолгүй, харин сонор сэрэмжтэй байж, дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байсан (Матай 24:14).
5. Залуу Гэрчүүд сургууль дээрээ мөрдлөг хавчлагад хэрхэн өртөж болох вэ?
5 Гэвч мөрдлөг хавчлага заавал хүчирхийллээр илэрдэггүй. Эцэстээ Абрахам Ишмаел, Исаак гэдэг хоёр хүүтэй болсон. Нэгэн удаа Ишмаел Исаакийг «дооглосон» тухай Эхлэл 21:8–12-т өгүүлсэн байдаг. Энэ нь зүгээр нэг хүүхдийн томоогүй явдал биш байсныг Паул «Галат» номдоо бичсэн буй. Паул Исаакийг Ишмаел хавчсан гэж бичжээ (Галат 4:29). Тэгвэл ангийн нь хүүхэд дооглож, эсэргүүцэгчид дайрч доромжлохыг мөрдлөг хавчлага гэж зүй ёсоор нэрлэж болно. Райан гэдэг Гэрч залуу ангийн нь хүүхдүүд өөрийг нь хэрхэн элэглэн доромжилдог байсныг дурсан: «Сургууль гэр хоёрын хооронд автобусаар явдаг 15 минутын хугацаа миний хувьд их удаан юм шиг санагддаг байлаа. Учир нь тэд намайг хэл амаар доромжлон, амар заяа үзүүлдэггүй байв. Мөн цаасны хавчаарыг тамхины асаагуураар халааж байгаад түлдэг байв» хэмээн ярьсан билээ. Ингэж хэрцгий балмад хандах ямар шалтгаан байв аа? «Би христиан хүний хэм хэмжээнд биеэ авч явж сурсан учраас сургуулийнхаа хүүхдүүдээс ялгардаг байсан юм» гэж Райан ярьж билээ. Тэрээр эцэг эхийнхээ тусламжтайгаар бүгдийг тэвчин давж чадсан аж. Залуу Гэрчүүд ээ, та нарыг үеийн чинь хүүхдүүд элэглэн доромжилж, урам зоригийг чинь мохоодог уу? Хэрэв тийм бол битгий зүрхшээгээрэй! Тэр бүхнийг тэвчин давах аваас та нар «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! [«жаргалтай яа!», ШЕ]» гэж хэлсэн Есүсийн үг хэрхэн биелэхийг өөрийн биеэр үзэх болно! (Матай 5:11).
Өдөр бүрийн зовнил
6. Өнөөдөр Гэрчүүдийн хоорондын харьцааг юу эвдэж болох вэ?
6 Бидэнд тохиолддог ихэнх сорилт өдөр бүрийн зовнилтой холбоотой байдаг. Абрахам өөрийнх нь болон Лотын малчдын хооронд гарсан маргааныг тэвчин давах хэрэгтэй болсон (Эхлэл 13:5–7). Түүнтэй адил өнөөдөр хувь хүмүүсийн хоорондын санал зөрөлдөөн болон бага зэргийн атаархлаас болоод итгэл нэгтнүүдийн хоорондын харьцаа алдагдаж болзошгүй төдийгүй хурлын эв эед аюул учирч болно. «Хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг» (Иаков 3:16). Абрахам шиг, зүрхшээхгүйгээр, эв эеийг өөрийнхөө бардам зангаас дээгүүр тавьж, бусдынхаа хүсэл сонирхлыг бодох нь маш чухал! (1 Коринт 13:5; Иаков 3:17).
7. а) Итгэл нэгтэндээ гомдсон хүн яах хэрэгтэй вэ? б) Бусадтай сайн харьцаагаа хадгалахын сайхан жишээг Абрахам хэрхэн үзүүлсэн бэ?
7 Хэн нэгэн итгэл нэгт маань бидэнтэй шударга бус харьцах аваас түүнтэй эв эетэй байх амаргүй. Сургаалт үгс 12:18-д: «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» гэж байдаг. Хар буруу санаагүйгээр хэлсэн байлаа ч гэсэн бодлогогүй хэлсэн үг хүчтэй шархлуулж болно. Биднийг гүтгэх юм уу бидний талаар цуу үг тарааж байгаа юм шиг санагдвал бүр ч хэцүү байх болно (Дуулал 6:6, 7). Гэвч христиан хүний тухайд гомдсон зүрх урам зоригийг нь мохоох ёсгүй! Хэрэв та тийм байдалд орсон бол өөрийг тань гомдоосон хүнтэй эв зүйгээр ярилцан бүгдийг хэвийн болгоход санаачилга гаргах хэрэгтэй (Матай 5:23, 24; Ефес 4:26). Хүлцэн уучлахад бэлэн байгаарай (Колоссай 3:13). Хэрэв бид гомдлоо нээн илчилбэл тайвширч, ах дүүтэйгээ эвсэн найрамдах болно. Абрахам Лотод хар буруу санаагүй. Харин ч Лотыг гэр орныхонтой нь аврахаар яаран мордсон шүү дээ! (Эхлэл 14:12–16).
Өөрсдөөс маань болдог сорилт
8. а) Христианууд «түмэн зовлонгоор өөрсдийгөө [хэрхэн] сүлбэж» болох вэ? б) Абрахам эд баялагт дүн нуруутай хандаж чаддаг байсны учир юу вэ?
8 Зарим сорилт өөрсдөөс маань болдог гэдгийг бид хүлээх ёстой. Жишээ нь: Есүс дагалдагчдадаа: «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж» хэмээн тушаажээ (Матай 6:19). Гэвч зарим Гэрч материаллаг сонирхлыг Хаанчлалын асуудлаас түрүүнд тавин, «түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэдэг» (1 Тимот 6:9, 10). Абрахам Бурханд таалагдахын тулд материаллаг тав тухтай байдлаа золиослоход бэлэн байсан. «Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан. Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн» (Еврей 11:9, 10). Ирээдүйн «хот» буюу Бурхны засгийн газарт итгэж байсан нь Абрахамыг эд баялагт найдахгүй байхад тусалсан. Түүнтэй адил байх нь ухаалаг бус гэж үү?
9, 10. а) Нэр төрийн хойноос хөөцөлдөх нь хэрхэн сорилт болж болох вэ? б) Өнөөдөр христиан хүн өөрийгөө хэрхэн «өчүүхэн» байлгаж болох вэ?
9 Өөр нэг зүйлийг авч үзье. Библи: «Хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна» хэмээсэн тодорхой заавар өгдөг (Галат 6:3). Түүнээс гадна: «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухан [бай]» гэсэн зөвлөгөө байдаг (Филиппой 2:3). Зарим Гэрч энэ зөвлөгөөг мөрдөөгүйгээс өөртөө бэрхшээл учруулдаг. Тэд «сайн ажлыг» хүссэндээ бус, харин нэр төрийн хойноос хөөцөлдөөд, хүсэн хүлээж байсан томилолтоо авч чадахгүй болохоороо урам нь хугарч, цухалдаж эхэлдэг (1 Тимот 3:1).
10 Абрахам «өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр» бодохгүй байхын сайхан жишээ үзүүлсэн (Ром 12:3). Тэрээр Мелхизедектэй уулзахдаа Бурхан өөрийг нь бүхнээс дээгүүр болгосон мэт байдал гаргаагүй. Харин ч Мелхизедект олзныхоо дээжээс аравны нэгийг өгч, тахилчийнх нь өндөр байр суурийг хүлээн зөвшөөрснөө харуулсан (Еврей 7:4–7). Өнөөдөр ч гэсэн мөн адил Еховагийн Гэрчүүд «өчүүхэн нь» байхад бэлэн байж, хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татахгүй байхыг хичээдэг (Лук 9:48). Хурлын ахлагч нар танд ямар нэгэн үүрэг даалгавар өгөхөөс зайлсхийгээд байгаа юм шиг санагдвал өөрийгөө шударгаар дүгнэж, зан чанар юм уу үйл хэргийнхээ чухам юуг нь сайжруулах тухайгаа бодох хэрэгтэй. Хуралд хүлээсэн тусгай үүрэг даалгавар байхгүй гэж санаашрахын оронд өөртөө хүлээсэн буюу Еховатай танилцахад нь бусдад туслах даалгавраа бүх боломжоороо хийх хэрэгтэй. Тийм ээ, «Бурхны хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө» (1 Петр 5:6).
Үзээгүй юмандаа итгэх нь
11, 12. а) Зарим Гэрч яагаад тайвшрахад хүрдэг вэ? б) Абрахам бүх л амьдралынхаа турш Бурхны амлалтад итгэж байснаараа бидэнд ямар гайхамшигтай жишээ үзүүлсэн бэ?
11 Энэхүү ёс бус тогтолцооны төгсгөл болохгүй удаад байгаа юм шиг санагдах нь бас нэгэн сорилт болж болно. 2 Петр 3:12-т (ШЕ) бичсэнээс үзвэл христианууд «Бурхны өдөр ирэхийг хатуу санаж, хүлээх» хэрэгтэй. Гэвч энэ «өдрийг» удаан хүлээж байгаа хүн олон бий. Тэр байтугай зарим нь хэдэн арван жил хүлээж байна. Үүнээс болоод зарим нь итгэл алдарч, тайвшрахад хүрдэг.
12 Абрахамын жишээг эргэн харъя. Тэрээр Бурхны амлалт өөрийнх нь амьд ахуйд биелэхгүй гэдгийг мэдэж байсан хэдий ч бүх л амьдралынхаа турш түүнд итгэдэг байсан. Абрахам урт насалж, хүү Исаакаа хэрхэн өсөж өндийхийг харсан. Гэхдээ Абрахамын үр удмыг «тэнгэрийн одод, далайн эргийн элс»-тэй зүйрлэх болтол олон зуун жил хэрэгтэй байлаа (Эхлэл 22:17). Тэглээ ч үүнээс болж Абрахам сэтгэл санаагаар унаж, итгэл алдраагүй. Тийм ч учраас элч Паул Абрахам болон тэр үеийн бусад үнэнч хүмүүсийн талаар: «Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ» гэж хэлсэн (Еврей 11:13).
13. а) Өнөөдөр Еховагийн Гэрчүүд юугаараа «харийн хүмүүстэй» адилхан бэ? б) Ехова энэхүү эд юмсын тогтолцоог ямар учраас устгах вэ?
13 Биелэлийг нь зөвхөн «холоос» харсан амлалтад Абрахам бүх л амьдралынхаа турш итгэж чадсан бол бид өнөөдөр тун удахгүй биелэх болсон амлалтад бүр илүү анхаарах ёстой нь ойлгомжтой! Бид өөрсдийгөө Абрахам шиг Сатаны эд юмсын тогтолцоон дахь «харийн хүмүүс» гэж тооцон, хүсэл тачаалаа зоргоор нь тавихаас зайлсхийх хэрэгтэй. Бид «бүх юмсын төгсгөл» зөвхөн ойрхон байгаасай гэж хүсэх төдийгүй бүр яг одоо болоосой гэж хүсдэг нь ойлгомжтой (1 Петр 4:7). Бид өвчин эмгэгтэй юм уу хөрөнгө мөнгөний талаар бэрхшээлтэй байж болох юм. Гэвч Ехова зөвхөн биднийг эдгээр эмгэнэлт байдлаас чөлөөлөхийн тулд бус, харин өөрийнхөө нэрийг ариусгахын тулд ёс бусыг төгсгөнө гэдгийг санах хэрэгтэй (Езекиел 36:23; Матай 6:9, 10). Төгсгөл бидний хувьд аятай цагт бус, харин Еховагийн санаа зорилго биелэхэд хамгийн тохиромжтой тэр цагт ирэх болно.
14. Бурхан тэвчээртэй ханддаг нь өнөөгийн христиануудад ямар ашигтай вэ?
14 Түүнээс гадна бид «Эзэн удаашралыг тооцдог зарим хүний боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддагийг» санах хэрэгтэй (2 Петр 3:9). Бурхан христиан хурлын гишүүд буюу «та нарт тэвчээртэй ханддаг» гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Бидний зарим нь «амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохуйцаар» засарч, өөрчлөгдөхөд их цаг зарцуулах хэрэгтэй байж магадгүй (2 Петр 3:14). Тэвчээртэй ханддагийнх нь төлөө Бурханд талархах хэрэггүй гэж үү?
Бэрхшээлийг үл харгалзан баяр баясгалантай байх нь
15. Есүс сорилтын үед баяр баясгалангаа хэрхэн хадгалж чадсан бэ? Түүнийг дуурайх нь өнөөгийн христиануудад ямар ач холбогдолтой вэ?
15 Абрахамын амьдрал орчин үеийн христиануудад их зүйлийг хэлж өгдөг. Абрахам итгэлтэй байсан төдийгүй тэвчээр, хэрсүү ухаан, эр зориг болон өгөөмөр хайрын жишээ үзүүлсэн. Тэрээр Еховаг шүтэх шүтлэгийг амьдралынхаа хамгийн тэргүүн зэрэгт тавьдаг байлаа. Хэдий тийм ч бидний хувьд даган дуурайвал зохих хамгийн агуу жишээг Есүс Христ үлдээсэн гэдгийг санах хэрэгтэй. Есүсийн амьдралд бэрхшээл, сорилт бас их тохиолдож байсан хэдий ч тэрбээр баяр баясгалангаа хэзээ ч алдаж байгаагүй. Яагаад гэвэл Есүс өмнөө байгаа найдварт анхаарлаа төвлөрүүлдэг байсан (Еврей 12:2, 3). Тийм учраас Паул: «Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай» хэмээн залбирсан (Ром 15:5). Хэрэв бид зөв «бодол санаатай» байх аваас Сатанаас учруулдаг бэрхшээлийг үл харгалзан баяр баясгалантай байж болно.
16. Бэрхшээлийг сөрөн тэмцэх хүч барагдсан юм шиг санагдах үе гарвал бид яах хэрэгтэй вэ?
16 Бэрхшээлийг сөрөн тэмцэх хүч барагдсан юм шиг санагдах үе гарвал Ехова Абрахамыг хайрладаг байсан шигээ таныг ч бас адилхан хайрладаг гэдгийг санаарай. Ехова таны бүх юм сайн сайхан байгаасай гэж хүсдэг (Филиппой 1:6). Ехова «та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг» гэдэгт итгэн, түүнд бүрэн найдаарай (1 Коринт 10:13). Бурхны Үгийг өдөр бүр уншиж хэвших шаардлагатай (Дуулал 1:2). Тэвчээртэй байхад туслахыг Еховагаас гуйн, байнга залбирах хэрэгтэй (Филиппой 4:6). Тэрбээр «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» (Лук 11:13). Библид үндэслэсэн ном хэвлэл зэрэг та бүхний сүнслэг хэрэгцээг хангахаар Еховагийн өгч байгаа бүхнийг ашиглаарай. Бас итгэл нэгтнүүдээсээ тусламж гуйж болно (1 Петр 2:17). Цуглаанд тогтмол очих хэрэгтэй. Тэндээс алив бэрхшээлийг даван тулахад шаардлагатай урам зориг олж авдаг (Еврей 10:24, 25). Тэвчээр тань Бурхны нүдэнд тааллыг олоход тусалж, итгэл тань түүний зүрхийг баярлуулдаг гэдэгт итгэн, баяр баясгалантай байгтун! (Сургаалт үгс 27:11; Ром 5:3–5).
17. Еховагийн Гэрчүүд цөхөрч санааширдаггүйн учир юу вэ?
17 Бурхан Абрахамыг «анд нөхрөө» хэмээн хайрладаг байсан (Иаков 2:23). Тэглээ ч гэсэн Абрахамын амьдрал сорилт хийгээд зовлон гамшгаар дүүрэн байлаа. Тийм ч учраас Еховагийн Гэрчүүд энэхүү ёс бус «эцсийн өдрүүдэд» өөрсдөд нь мөн л адилхан тийм юм тохиолдоно гэдгийг мэддэг. «Муу хүмүүс, мэхлэгч нар... улам бүр бузар муу болно» гэдгийг Библи бидэнд сануулдаг (2 Тимот 3:1, 13). Цөхөрч санаашрахын оронд бидэнд тохиолдож байгаа энэ зовлон бэрхшээл бол Сатаны ёс бус тогтолцооны төгсгөл ойртсоны тэмдэг гэж бодох хэрэгтэй. «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж Есүс хэлсэн (Матай 24:13). Тийм болохоор «сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байгтун»! Абрахамыг дуурайн, «итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийн» дунд байгтун! (Еврей 6:12).
Та анхаарсан уу?
• Еховагийн ард түмэн өнөөдөр ч гэсэн сорилт хийгээд зовлон гамшигтай тулгардагийн учир юу вэ?
• Сатан шууд довтлохдоо ямар арга хэрэглэдэг вэ?
• Еховагийн Гэрчүүд өөр хоорондын зөрчлөө хэрхэн шийдвэрлэж болох вэ?
• Бардам бөгөөд хувиа хичээсэн зан хэрхэн сорилт болж болох вэ?
• Бурхны амлалтууд биелэхийг хүлээх гайхалтай жишээг Абрахам хэрхэн үзүүлсэн бэ?
[Догол мөрийн асуулт]