УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Уй гашуугаа тайлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Уй гашуугаа тайлахад тус нэмэр болох зөвлөгөө олъё гэвэл өч төчнөөн бий. Зарим нь ч ач тустай байдаг. Нэг хүнд тусаа өгсөн зөвлөгөө нөгөөд тохиромжгүй байж мэдэх юм. Энэ нь хүн болгон өөрөөр гашууддагтай холбоотой.
Хэдий тийм ч олон хүнд ач тустай нь батлагдсан хэзээ ч хуучирдаггүй зөвлөгөө байдаг. Сэтгэл зүйчид ч бас ийм зөвлөгөө дандаа өгдөг. Тэдгээр нь үнэндээ мэргэн ухааны эртний ном болох Библид бичигдсэн байдаг.
1: ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙНХӨӨ ДЭМЖЛЭГИЙГ АВ
-
Хагацал үзсэн хүмүүст эмч мэргэжилтнүүд ч үүнийг чухалчлан зөвлөдөг. Гэвч хүн заримдаа ганцаараа байхыг хүсдэг. Тэр бүү хэл, таныг гээд ирсэн хүнд унтууцаж ч мэдэх юм. Ингэх нь ч аргагүй.
-
Үргэлж хүнээр хүрээлүүлж байх ёстой гэж бүү бодоорой. Бас бусдыг өөрөөсөө битгий түлхээрэй. Хэзээ нэгэн цагт бусдын тусламжийг авах хэрэг гарна шүү дээ. Тиймээс хэзээ дэмжлэг туслалцаа хэрэгтэй, хэзээ хэрэггүйгээ хүмүүст эвтэйхэн хэлээрэй.
-
Өөртөө тохируулаад хэзээ ганцаараа хэзээ хүнтэй хамт байхаа шийдээрэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Нэг нь ойчих аваас нөгөө нь нөхрөө босгож чадна» (Номлогчийн үгс 4:9, 10, ШЕ).
2: ЗӨВ ХООЛЛОЖ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ
-
Уй гашууд автан шаналж байгаа хүнд зөв хооллох их тустай байдаг. Олон төрлийн жимс ногоо түлхүү идэж, уургаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.
-
Ус юм уу биед хэрэгтэй өөр бусад шингэн зүйл сайн уух.
-
Хоол идэх хүсэл төрөхгүй байвал бага багаар ойрхон идэх. Нэмэлт тэжээл, витамин уух талаар эмчээс зөвлөгөө авсан ч болно. a
-
Түргэн алхах юм уу өөр ямар нэг дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг өөдрөг болгох ач тустай. Дасгал хийхлээр хайртай хүнийхээ тухай сайтар бодох цаг ч гарна. Нэг бол бодохгүй төсөөрч хөндийрөх цаг ч гардаг.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» (Эфэс 5:29).
3: САЙН УНТАЖ АМАР
-
Унтаж амрах нь хэзээд чухал байдаг. Ялангуяа уй гашууд автаж, их ядаргаанд орсон хүнд нойр сайн авах бүр ч чухал.
-
Кофейнтэй юм уу согтууруулах ундаа тохируулж уугаарай. Аль аль нь нойр сэргээх үйлчилгээтэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Чардайн зүтгэж хоёр атгаа дүүргэн, салхи хөөцөлдсөнөөс ганц атга дүүрэн, амар жимэр байсан нь дээр» (Номлогчийн үгс 4:6, АБН).
4: УЯН ХАТАН БАЙ
-
Хүн болгон гашуудсан сэтгэлээ өөрөөр илэрхийлдэг. Яавал илүү тайвшрахаар байна, түүгээрээ байгаарай.
-
Зарим хүн гашуудсан сэтгэлээ илэрхийлж дотроо онгойлгохыг хүсдэг байхад зарим нь дотроо хадгалдаг. Хагацсан сэтгэлээ тайвшруулахын тулд яах нь зүйтэй талаар мэргэжилтнүүд янз янзын саналтай байдаг. Та хэн нэгэнд сэтгэлээ уудлан ярья гэхээр нэг л хэцүү байна уу? Дотнынхоо найзад зах зухаас нь ч болов нээж яриарай.
-
Зарим хүн уйлж сэтгэлээ тайтгаруулдаг байхад зарим нь хэр баргийн нулимс унагаагүй хэр нь тайвширчихсан байдаг.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ» (Сургаалт үгс 14:10).
5: МУУ ЗУРШЛААС ХОЛ БАЙ
-
Уй гашууд автсан зарим хүн сэтгэлийн зовлонгоо нимгэлэх гэж архинд дурлах юм уу, эм тан зохисгүй хэрэглэдэг. Ингэх нь хүнд тус болохоосоо ус болно. Түр зуур аргацаасан ийм арга хор уршиг л тарина. Тиймээс зовлон шаналлаа тайлах гэж өөртөө гай болох юм битгий хийгээрэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэцгээе» (2 Коринт 7:1).
6: ДАНДАА БҮҮ ГАШУУД
-
Сэтгэлийн зовлонгоо мартах гэж хэсэг хугацаанд завсарлага авах буюу анхаарлаа өөр юманд хандуулах нь ач тустай байдаг.
-
Шинэ найзтай болох, хуучин найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, шинэ юм сурах, зугаацаж цэнгэхэд хүний сэтгэл түр ч болов сэргэдэг.
-
Яваандаа байнга гашууддагаа болино. Сэтгэл санаа тань бага багаар эдгэрч байгааг та анзаарч магадгүй. Энэ нь гашуудал тайлагдаж байгаагийн шинж юм.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй. ... Уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг» (Номлогчийн үгс 3:1, 4).
7: ӨДРИЙН ДЭГЛЭМ БАРИМТАЛ
-
Аль болох хурдан, хэвийн амьдралдаа эргээд ороорой.
-
Тогтмол цагт унтаж, ажиллаж, бусад үйл хэрэгт оролцдог бол нэг мэдэхэд хэвийн амьдралдаа эргээд орно.
-
Сэтгэл сэргээдэг үйл хэрэгт оролцон завгүй байвал зовлонгоо мартахад тустай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй. Учир нь сэтгэл зүрхийг нь Бурхан баяр баясгалантай байлгадаг билээ» (Номлогчийн үгс 5:20).
8: ЧУХАЛ ШИЙДВЭРИЙГ ЯАРАН БҮҮ ГАРГА
-
Хайртай хүнээ алдсан даруйдаа чухал шийдвэр гаргавал хожим амаа барина.
-
Нүүж суух, ажил албаа солих, нас барсан хүнийхээ эд зүйлсийг хаях гэх мэтийн шийдвэр гаргахаа азнаарай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» (Сургаалт үгс 21:5).
9: ХАЙРТАЙ ХҮНЭЭ ДУРСАЖ БАЙ
-
Нас барсан хайртай хүнээ мартахгүйн тулд ямар нэг юм хийх нь сайн байдаг.
-
Дурсамжтай зураг, сувенирээ цэгцэлж хадгалах юм уу дурсгалын дэвтэр нээгээд сэтгэлд тод үлдсэн үйл явдлаа бичиж тэмдэглэх нь нэг төрлийн эм болдог.
-
Сайхан дурсамж сэргээх эд зүйлээ хаялгүй, сэтгэлээ үймрэхээргүй болсон үедээ нэг гаргаж харж байгаарай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Эртний өдрүүдийг сана» (Дэд хууль 32:7).
10: ОРЧНОО СОЛЬ
-
Амралтаа авах тухай бодоорой.
-
Заавал урт удаан амралт авалгүй ганц хоёр хоног амран ууланд гарах, музей үзэх, машинаар давхих гэх зэргээр сэтгэлээ сэргээж болно шүү дээ.
-
Өдөр тутмын үйл хэргээсээ түр зуур хөндийрөх нь уй гашуугаасаа салахад тустай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүнгүй газар очоод жаахан амар» (Марк 6:31).
11: БУСДАД ТУСАЛ
-
Бусдад тусалж цаг гаргах нь танд ч тустай. Сэтгэл санаа тань нэг л сайхан болсныг мэдэрнэ.
-
Найз нөхөд, ах дүү нар чинь бас, дотнын хүний тань хойноос гашуудаж байгаа шүү дээ. Тэднийхээ дэргэд байж хань болоорой.
-
Бусдад тусалж сэтгэлийг нь тайвшруулахын хэрээр та өөрөө эргээд цог золбоотой болж, утга учиртай амьдарна.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» (Үйлс 20:35).
12: ЧУХАЛ ЗҮЙЛЭЭ ДАХИН ТОДОРХОЙЛ
-
Уй гашууд автсан хүн хамгийн чухал зүйл юу вэ гэдгээ гүн гүнзгий боддог.
-
Одоог хүртэл хэрхэн амьдарч ирснээ дахин нягтлаарай.
-
Шаардлагатай гэж үзвэл, эн тэргүүнд тавьдаг зүйлээ өөрчлөөрэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Найрын өргөө рүү явснаас гашуудагчийн оромж руу очсон нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм» (Номлогчийн үгс 7:2).
Хагацал зовлон үзсэн хүний сэтгэлийг юу ч бүрэн эдгээж чадахгүй нь үнэн. Гэхдээ дээр дурдсан зөвлөгөөг дагах юм уу сэтгэл сэргээх өөр ямар нэг юм хийвэл тайвширдгийг дотнын хүнээ алдсан олон хүний туршлага харуулдаг. Уй гашуугаа тайлах бүх аргыг энд бичсэнгүй. Гэхдээ дээрх зөвлөгөөнүүдээс зарим нэгийг нь хэрэгжүүлээд үзвэл уй гашуугаа тайлахад нэмэр болох болов уу.
a Энэ сэтгүүлд аль нэг эмчилгээг санал болгосонгүй.