Итгэл найдвар үнэхээр чухал уу?
Итгэл найдвар үнэхээр чухал уу?
ДАНИЕЛ аравхан настай мөртлөө бүтэн жил хорт хавдартайгаа тэмцжээ. Эмч нарынх нь ч, ойр дотнын хүмүүсийнх нь ч найдвар тасраад байлаа. Харин Даниелын найдвар тасарсангүй. Тэрбээр том болоод эмч болж хорт хавдрыг эдгээх аргыг олж чадна гэж боддог байв. Даниел нэг эмчтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Тэр эмч Даниелынх шиг тийм төрлийн хавдрыг эмчилдэг учраас түүнд найдаж байв. Гэхдээ уулзах өдөр нь болоход цаг агаар муудсан учраас эмч нь ирэх боломжгүй болжээ. Тэгэхэд Даниел сэтгэлээр унаж анх удаа найдвар тасарчээ. Хэд хоногийн дараа тэр хүү нас барсан.
Итгэл найдвар эрүүл мэнд хоёр ямар холбоотойг судалсан нэгэн эмч Даниелын түүхийг ярьсан юм. Та ч бас үүнтэй төстэй түүх сонссон байх. Жишээ нь, настай хүн нас барахынхаа өмнөхөн ойр дотнынхоо хэн нэгэнтэй уулзахыг эсвэл ямар нэгэн тэмдэглэлт ой болохыг тэсэн ядан хүлээж байж болох юм. Хүлээж байсан зүйл нь болсны дараа удалгүй нас бардаг. Яагаад ингэдэг юм бол? Зарим хүн итгэл найдварыг хүчтэй нөлөөлдөг гэж боддог. Үнэхээр тийм үү?
Итгэл найдвартай, өөдрөг үзэлтэй, сайн сайхан юм бодож байх нь хүний амьдралд болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг эмч мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ бүх хүн үүнтэй санал нийлдэггүй. Зарим эмч мэргэжилтнүүд үүнийг шинжлэх ухааны үндэслэлгүй ам дамжсан яриа гэж үзээд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд бие муудах нь сэтгэл санаанаас биш, вирус болон нянгаас болдог гэж үздэг.
Үнэндээ бол, итгэл найдварын чухлыг үгүйсгэх нь шинэ юм биш. Хэдэн мянган жилийн өмнө итгэл найдвар гэж юу болохыг тодорхойлооч гэж асуухад Грекийн гүн ухаантан Аристотель: «Энэ нь сэрүүн зүүдлэхтэй адилхан» гэсэн. Бас хэдэн зуун жилийн өмнө Америкийн улс төрч Бенжамин Франклин энэ талаар ёжтойгоор: «Итгэл найдвараар тэжээгдэн амьдардаг хүн өлбөрч үхнэ» гэж хэлсэн.
Тэгвэл итгэл найдварын талаарх үнэн гэж юу вэ? Итгэл найдвар гэдэг нь хүний хүсэл төдий зүйл үү, хүмүүсийг тайвшруулдаг хоосон мөрөөдөл үү? Эсвэл итгэл найдварыг бат үндэстэй, жинхэнэ ач тустай, бүх хүнийг эрүүл саруул, аз жаргалтай амьдрахад хэрэгтэй зүйл гэж үзэх үндэс бий юу?