ИТГЭЛИЙН ЖИШЭЭ | ДАВИД
Тулалдаан бол Еховагийнх
ДАВИД зугтан гүйж буй цэргүүдийн өөдөөс явна. Цэргүүд ийш тийш харж айж сандралдан, дайны талбараас бушуухан гарахаар гүйлдэнэ. Тэд яагаад ингэж их айсан юм бол? Нэг хүний нэрийг ахин дахин хэлж хашхиралдах нь Давидад сонсогдов. Хөндийд зогсож буй тийм үлэмж биетнийг Давид урьд нь огт харж байгаагүй ажээ.
Тэр бол Голиат! Цэргүүдийн айсны учрыг Давид сая л ойлголоо. Голиат уул шиг аварга том биетэй хүн байв. Хүнд зэвсгийг нь эс тооцвол, жингээрээ хоёр том хүнээс илүү гарахаар байлаа. Зэр зэвсэг агссан энэ туршлагатай дайчны бяр чадал нь багтаж ядан байв. Тэрбээр халз тулалдаанд дуудан хашхирна. Израильчуудын арми болон Саул хааныг доромжлон бархирах дуу нь толгодын тэртээгээс сонсогдоно. Өөртэй нь халз тулалдаж энэ дайныг дуусгах хэн нэгнийг шаардаж байв (1 Самуел 17:4–10).
Израильчуудын ч, Саул хааны ч зориг мохсон байв. Голиат өдөр бүр дайрч доромжилсоор, израиль филистийн хоёр тал яаж ч чадахгүй зогссоор байлаа. Энэ байдал сар гаран үргэлжилж байгааг Давид олж мэдээд сэтгэл нь ихэд зовов. Израилийн хаан, түүний цэргүүд, гурван ах нь ингэж айн хулчийж байх гэж. Давидын хувьд энэ Голиат, зүгээр нэг израильчуудын армийг айлган сүрдүүлээгүй ажээ. Голиат израилийн Бурхан Еховаг доромжилж байв! Залуу хөвгүүн Давид яах бол? Бид Давидын итгэлийг хэрхэн дуурайх вэ? (1 Самуел 17:11–14).
«ТҮҮНИЙГ ТОСЛОГТУН. ЭНЭ БОЛ ТЭР ХҮН МӨН»
Одоо цаг хугацааг ухрааж хэдэн сарын өмнөх үе дээр очъё. Давид Бетлехемийн ойролцоох толгодын хаа нэгтээ эцгийнхээ хонийг хариулж явахад орой болж байлаа. Тэрбээр арав гаруй настай, улаа бутарсан царайтай, цовоо сэргэлэн нүдтэй, тэгш сайхан биетэй байв. Амсхийх зуураа босоо ятга тоглоно. Бурхны бүтээлийн сайхныг бишрэн ая дуу зохиодог болжээ. Олон цаг дасгал сургууль хийж, гаргууд хөгжимчин болсон нь лавтай. Тэр орой эцэг нь Давидыг дуудуулав. Түүнтэй даруй уулзахыг хүсжээ (1 Самуел 16:12).
Эцэг Иесси дээрээ очтол нэгэн настантай уулзаад зогсож байх юм. Энэ хүн бол үнэнч зөнч Самуел байлаа. Иессигийн хөвгүүдээс нэгийг нь израилийн дараагийн хаанд өргөмжилж, тослохоор Ехова түүнийг илгээсэн байв. Давидыг ирэхэд Ехова Самуелд «Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн» гэж хэлжээ. Ах нарынх нь өмнө, Самуел эвэрт хийсэн тусгай тосыг авч, толгой дээр нь цутгалаа. Ингэж тосолсноос хойш Давидын амьдрал өөрчлөгдсөн юм. Библид «Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув» гэж бичжээ (1 Самуел 16:1, 5–11, 13).
1 Самуел 17:34–36; Исаиа 31:4).
Давид хурдхан шиг хаан ширээнд суух юмсан гэж хүссэн болов уу? Үгүй ээ, Еховагийн ариун сүнсээр удирдуулан хүндтэй үүрэг авах цагаа хүлээж байсан. Тэр болтол хоньчны ажлаа даруухнаар хийж байв. Энэ ажилдаа өөрийгөө бүрэн дайчилж, эр зориг гаргадаг байлаа. Эцгийнх нь сүрэг рүү арслан, баавгай дайрч байжээ. Давид ийм зэрлэг араатанг хөөгөөд явуулж болох л байсан. Гэвч хонин сүргээ хамгаалж, араатантай нэгийгээ үзжээ. Давид гав ганцаараа эдгээр зэрлэг араатанг алсан (Давид дахиад дуудагдав. Түүний нэр алдар Саул хааны сонорт хүрчээ. Хэдий хүчирхэг дайчин байсан ч, Саул Еховагийн зааврыг дагаагүйгээсээ болж сайшаалыг нь алджээ. Ехова Саулаас ариун сүнсээ авсан учраас муу сүнс түүнийг эзэмдэж байв. Өөрөөр хэлбэл ууртай, хардаж сэрдсэн, хүч хэрэглэдэг хүн болжээ. Саул дээр муу сүнс буухад, түүнийг тайвшруулдаг ганц зүйл нь хөгжим байв. Саулын зарим хүн Давидыг сайн хөгжимчин, гарамгай дайчин болохыг мэджээ. Тийм учраас Саул Давидыг ордныхоо хөгжимчин, зэвсэг үүрэгчээ болгожээ (1 Самуел 15:26–29; 16:14–23).
Давидын итгэлтэй байснаас нь өнөөгийн хүүхэд залуус их юм сурч болно. Тэрбээр Еховатай дотносох зүйлийг хийн, чөлөөт цагаа өнгөрөөдөг байв. Тэвчээртэй байж, ирээдүйдээ хэрэгтэй чадвар эзэмшсэн. Хамгийн гол нь Еховагийн ариун сүнсний удирдлагыг дагадаг байсан. Бид бүгдэд ямар сайхан жишээ үлдээгээ вэ! (Номлогчийн үгс 12:1).
«ТЭР ХҮНЭЭС БОЛЖ ХЭН Ч СЭТГЭЛЭЭР БҮҮ УНАГТУН»
Саулд үйлчилж байхдаа Давид үе үе гэртээ харьж хонь хариулдаг байв. Заримдаа гэртээ уддаг байжээ. Нэгэн удаа Иесси Давидыг Саулын армид алба хашиж байгаа гурван ахыгаа ямаршуу байгааг нь мэдээд ир хэмээн явуулдаг. Давид үгэнд нь орж, ах нартаа өгөх зүйлийг аваад Елагийн хөндийг зорьсон байна. Зорьсон газраа иртэл израиль, филистийн цэргүүд тулалдахгүй зогсож байгааг хараад гайхжээ. Тэд хөндийн хоёр талд өөд өөдөөсөө харан зогссон байв (1 Самуел 17:1–3, 15–19).
Голиат Еховаг доромжилж байлаа. Амьд Бурхан Еховагийн арми зүгээр нэг хүн, хуурамч бурхан шүтдэг хүнээс яахлаараа айн чичирдэг байна аа? Давид тэвчиж чадсангүй. Тиймээс Голиатыг дийлж чадна гэж цэргүүдэд урам зоригтой ярьж байлаа. Тэгтэл ах Елиаб нь Давидын ярихыг сонсчихов. Елиаб: «Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ?» гэж дүүгээ хатуу загнадаг. Тэгэхэд нь Давид: «Би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу?» гэж хэлдэг. Тэгээд Голиатыг ялж чадна гэж итгэлтэй хэлсээр байдаг. Энэ үг нь Саулд хүрсэн учир Давидыг дуудуулжээ (1 Самуел 17:23–31).
Давид Голиатын тухай «Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун» гэж хэлэн Саул хааныг зоригжуулдаг. Саул болон түүний цэргүүд Голиатаас айн урам зориг мохжээ. Тэд 1 Самуел 17:32).
өөрсдийгөө аварга биетэнтэй харьцуулж, өндрөөрөө мөрөнд нь ч хүрэхгүй гэж бодон, дорхноо ялагдана гэж төсөөлсөн. Ингэж харьцуулсан нь буруу байв. Харин Давид өөр бодолтой байсан. Асуудлыг өөрөөр харж байв. Тиймээс сайн дураараа Голиаттай тулалдъя гэдэг (Саул: «Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан» гэж хэлжээ. Давид үнэхээр жаахан хүүхэд байсан уу? Үгүй ээ. Гэхдээ цэрэгт явах насанд хүрээгүйн дээр наснаасаа жаахан харагдсан биз ээ. Гэхдээ л хорь хүрэх гэж яваа Давидыг зоригтой дайчин гэдгийг нь хүмүүс мэддэг байсан (1 Самуел 16:18; 17:33).
Давид арслан, баавгай алж байснаа Саулд ярилаа. Онгирч байсан хэрэг үү? Үгүй ээ. Харин яагаад дийлснийгээ сайн мэдэж байв. Давид: «Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна» гэж хэлэхэд нь Саул: «Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай» гэдэг (1 Самуел 17:37).
Танд Давидынх шиг итгэл бий юү? Тэрбээр зүгээр нэг итгэмтгий хүн байгаагүйг санаарай. Харин мэдлэг, туршлагадаа тулгуурлан Бурханд итгэдэг болжээ. Ехова хамгаалдаг, амласнаа биелүүлдгийг Давид мэдэж байв. Түүн шиг бат итгэлтэй болъё гэвэл Библиэс Бурхны тухай сураад л байх хэрэгтэй. Сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлбэл сайн үр дүнд хүрч, итгэл тань улам бэхэжнэ (Еврей 11:1).
«ӨНӨӨДӨР ЭЗЭН ЧАМАЙГ МИНИЙ ГАРТ ӨГНӨ»
Эхлээд Саул Давидад цэргийн өмсгөлөө өгдөг. Голиатынхтай адилхан, зэс хуяг байлаа. Давтсан зэсийг давхарлаж хэлхсэн нүсэр том хуяг өмсөөд Давид хөдөлж чадахгүй байв. Өөрт нь таарахгүйг ойлгожээ. Бэлтгэгдсэн цэрэг байгаагүй учир хуяг өмсөж сураагүй ажээ. Ялангуяа израильчуудаас өндөр биетэй Саул шиг хүний хуягийг өмсөхөд амаргүй байсан биз ээ (1 Самуел 9:2). Тийм болохоор хуягийг тайлж, хонь хариулахдаа өмсдөг, биед эвтэйхэн тэр л хувцастайгаа байхыг хүсжээ (1 Самуел 17:38–40).
Давид хонь хариулахдаа барьдаг таяг, уут, дүүгүүрээ авав. Дүүгүүр нь, харахад жижигхэн ч хүчтэй зэвсэг байлаа. Урт оосортой суран дүүгүүр хоньчин хүний хувьд их хэрэгтэй зэвсэг. Дүүгүүртээ чулуу хийж, толгой дээгүүрээ эргүүлээд оосрынхоо нэг үзүүрийг тавихад чулуу шунгинан нисэж үхлийн цохилт болдог. Энэ зэвсэг их ашигтай учир тухайн үед дүүгүүрчдийн салаа цэрэг хүртэл байжээ.
Ингэж зэвсэглэсэн Давид дайснаа дарахаар яарлаа. Ширгэсэн горхи дээр ирээд таван мөлгөр чулуу шилж авах зуураа шаргуу залбирсан биз ээ. Тийнхүү цааш тулалдааны талбарыг зорин гүйв!
Голиат Давидыг хараад юу гэж бодсон бэ? Библид «Түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв» гэж бичжээ. Голиат: «Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу?» гэж бархирав. Таягийг нь хараад ингэж хэлсэн бололтой. Харин дүүгүүрийг нь анзаарсангүй. Тэгээд Давидыг бурхдынхаа нэрээр харааж, араатан шувуудын хоол болгоно гэж тангараглаж байв (1 Самуел 17:41–44).
Хариулж хэлсэн үгнээс нь Давидын бат итгэл харагддаг. Залуухан хөвгүүн: «Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна» гэж Голиатад хэлж байгааг төсөөл дөө. Хүний хүч, зэр зэвсэг юу ч биш гэдгийг Давид ойлгож байв. Голиат Еховаг гутаан доромжилсон учир Ехова шанг нь хүртээх гэж байлаа. Давидын хэлснээр энэ тулалдаан Еховагийнх байв (1 Самуел 17:45–47).
Давид Голиатыг аварга биетэй, аюулт зэвсэгтэйг мэдэхгүй биш, мэдэж байсан. Гэхдээ үүнээс нь айж сүрдээгүй. Саул болон түүний армийн гаргасан алдааг давтаагүй юм.
Голиатыг өөртэйгөө биш, Еховатай харьцуулж байлаа. Голиат 2,9 метртэй, бусдаас хамаагүй өндөр байв. Гэхдээ орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний хажууд хэр том байсан бол? Еховагийн хувьд, Голиат хорхой шавьж төдий өчүүхэн учир дор нь устгаж дөнгөх байв!Давид дайсныхаа өөдөөс гүйн уутнаасаа чулуу авч дүүгүүртээ хийж, байдаг чадлаараа эргүүллээ. Харин Голиат бамбай баригчтайгаа хамт өөдөөс нь давшилж байв. Энэ удаа өндөр бие нь түүнд гай болжээ. Бамбай баригч нь жирийн өндөртэй байсан учир бамбайгаа дээш нь өргөж, аварга биетийн толгойг хамгаалж чадсангүй. Давид яг толгойг нь онилжээ (1 Самуел 17:41).
Чулуугаа шидэж орхитол нам гүм боллоо. Ехова тусалсан учраас Давид дахиж чулуу шидэх шаардлагагүй байв. Чулуу Голиатын яг духанд зоогджээ. Аварга биетэн нүүрээрээ газар шаан унахад бамбай баригч нь айгаад зугтчихав. Давид Голиат дээр хүрч ирээд сэлмийг нь сугалан авч толгойг нь цавчив (1 Самуел 17:48–51).
Саул болон түүний цэргүүд сая л зориг оров. Цэргүүд уухайлан хашхирч филистчүүдийг элдэн хөөжээ. Тулалдаан яг Давидын «ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө» гэж Голиатад хэлсэн ёсоор болсон юм (1 Самуел 17:47, 52, 53).
Өнөө үед Бурхны үйлчлэгчид дайнд оролцдоггүй. Тэр цаг ард хоцорсон (Матай 26:52). Харин бид Давидын бат итгэлийг дуурайх хэрэгтэй. Түүнийг дуурайж, Еховаг бодит нэгэн гэж үзэн, бишрэн эмээж, зөвхөн түүнд үйлчлэх учиртай. Заримдаа бидний хувьд зовлон бэрхшээл дааж давшгүй том санагддаг. Харин Еховагийн хэмжээлшгүй хүчтэй харьцуулбал зовлон бэрхшээл өчүүхэн шүү дээ. Еховаг Бурхнаа болгож, Давид шиг бат итгэлтэй байвал ямар ч асуудал бэрхшээлээс айх хэрэггүй. Еховагийн хүчийг давж гарах зүйл нэгээхэн ч үгүй!