ОНЦЛОХ СЭДЭВ | ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?
Худалч хүн өөртөө гай тарьдаг
«Жаахан ч гэсэн худал ярихад аргалж болохгүй зүйл гэж байхгүй» —Саманта, Өмнөд Африк
Дээрх үгтэй та санал нийлэх үү? Самантагийн адил, хэцүү асуудал тулгарах үе бид бүгдэд бий. Худал ярихаас өөр аргагүй байдалд орсон үед яахаас ямар хүн бэ гэдэг маань тодорхой болно. Жишээ нь нэр нүүрээ бодохыг чухалд үздэг бол амархан худал ярих байх. Үнэн нь илчлэгдэхлээр худал хуурмаг зан гай дагуулдаг. Ямар гай тарьдаг вэ?
ХУДАЛЧ ХҮНД ИТГЭХ ХЭЦҮҮ
Аливаа харилцаа итгэлцэл дээр тогтдог. Бие биедээ итгэдэг хоёр хүнд эргэлзэх юм байдаггүй. Хүний итгэлийг олно гэдэг амаргүй. Чин сэтгэлээсээ санал бодлоо хуваалцаж, хэн хэндээ хувиа хичээсэн зан гаргалгүй, удаан хамт байх тусам хүмүүс бие биедээ итгэдэг. Харин жаахан ч гэсэн хуурч мэхэлснээс болж хүний итгэлийг алддаг. Итгэлийг нь дахин олох амаргүй.
Сайн найз тань таныг хуурч байсан уу? Танд ямар байсан бэ? Та их гомдсон байх. Ингэх нь ч аргагүй. Худал хуурмаг зан нөхөрлөлийн үндсийг үгүй хийдэг нь гайхах зүйл биш ээ.
ХУДЛААС ХУДАЛ БИЙ БОЛДОГ
Калифорнийн их сургуулийн профессор Робэрт Иннэсийн хийсэн судалгаанаас харахад «худал хуурмаг зан халдварладаг» болох нь тогтоогджээ. Худалч хүнтэй байнга харьцдаг бол танд бас ийм «нян» халдварлана.
Худалч болохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Библи танд тусална. Библийн хэд хэдэн зарчмыг авч үзье.