ЗАЛБИРЛАА ГЭЭД АШИГТАЙ ЮУ?
Бурхан биднийг залбираасай гэж хүсдэгийн учир
Бурхан тантай нөхөрлөхийг хүсдэг
Найзууд бие биетэйгээ харилцан ярилцаж дотносдог. Үүнтэй адилаар Бурхан биднээс өөртэй нь яриасай, дотносон нөхөрлөөсэй гэж хүсдэг. Ехова: «Та нар Над руу дуудаж, ирж, Над руу залбирахад, Би та нарыг сонсоно» гэж хэлдэг (Иеремиа 29:12). Бурхантай ярьснаар та түүнд ойртоно. Бурхан бас «та нарт ойртоно» (Иаков 4:8). Ехова «Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг» (Дуулал 145:18). Бурханд залбирах тусам дотно болно.
«ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг» (Дуулал 145:18).
Бурхан танд туслахыг хүсдэг
Есүс: «Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар ... хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?» гэж хэлжээ (Матай 7:9–11). Бурхан «та нарын төлөө санаа тавьдаг» бас туслахыг хүсдэг учир залбираарай гэдэг (1 Петр 5:7). Санаа зовоосон асуудлаа өөрт нь хэлээсэй гэж Бурхан хүсдэг. «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» гэж Библид байдаг (Филиппой 4:6).
Хүн Бурхныг шүтэх хэрэгцээтэй
Олон сая хүн Бурханд залбирах хэрэгтэйгээ ойлгодог болохыг судлаачид олж мэджээ. Эдгээр хүмүүсийн тоонд Бурхныг үгүйсгэдэг хүмүүс хүртэл багтсан байна. * Энэ нь хүн Бурхныг шүтэх хэрэгцээтэй гэдгийг баталдаг. Есүс: «Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ!» гэж хэлэн хүн Бурхнаас тусламж, удирдлага заавар авах хэрэгтэйгээ ухамсарлах учиртайг тайлбарласан (Матай 5:3). Бурхантай тогтмол ярилцаж байж тэр хэрэгцээгээ хангана.
Бурханд залбирлаа гэхэд ямар ач тустай вэ?
^ д/м 8 Нэгэн судалгааны төвийн 2012 онд хийсэн ажлын дүнд АНУ-д, Бурхныг үгүйсгэдэг хүмүүсийн 11 хувь нь дор хаяж сард нэг удаа залбирдаг гэсэн тооцоо гарчээ. (Pew Research Center)