Skip to content

Гарчиг руу орох

Дотнын хүнээ алдахад

Дотнын хүнээ алдахад

«Ахыгаа гэнэт л алдчихсан. Хэдэн сар өнгөрчихөөд байхад үе үе бодогдож, зүрх сэтгэл минь яг л хутгаар сийчүүлж байгаа мэт болж байсан. Миний ах яагаад үхэх ёстой юм бэ гэж бодон уур хүрдэг. Ахтайгаа дандаа хамт байгаагүйдээ өөрийгөө буруутгадаг»​—Австралид амьдардаг Ванесса

ХЭРЭВ ТА хайртай хүнээ үхэлд алдаж байсан бол ганцаардаж, яах ч аргагүй санагдсан биз ээ. Уур хүрэх, өөрийгөө буруутгах, айж түгших гэх зэргээр сэтгэл санаа өөрчлөгдөх нь энүүхэнд. Ингэж амьдрахын хэрэг юу байна гэж хүртэл бодогдсон байх.

Гашуудах нь сул доройн шинж биш ээ. Хайртай хүн тань эрхэм чухал учраас гашуудах нь аргагүй шүү дээ. Гэхдээ уй гашуугаа тайлж, жаахан ч атугай тайвшрах арга байдаг юм болов уу?

ХЭРХЭН ДАВДАГ ВЭ?

Хэзээ ч дуусахгүй зовлон гэж байхгүй. Дараах зөвлөгөөнүүд тайвшрахад тань нэмэр болох биз ээ.

ГАШУУДМААР ҮЕДЭЭ ГАШУУДААРАЙ

Хүн бүрийн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлэх нь өөр өөр байдаг. Хэр удаан уй гашууд автаж, тайвшрах нь ч бас адилгүй. Уйлмаар үедээ уйлж сэтгэлээ онгойлгож байх нь хэнд ч тустай байдаг. Дээр дурдсан Ванесса: «Би уйлаад л байсан, уйлаад л байсан. Тэгэхгүй бол сэтгэл нэг л хөнгөрч өгөхгүй байсан» гэжээ. Охин дүүгээ гэнэт алдсан София хэлэхдээ «Болсон явдал бодогдоод үнэхээр зовлонтой байсан. Яг л шархаа цэвэрлэх гэж боолтыг нь тайлж дахин дахин хөндөөд байгаатай адил. Тэсэхийн аргагүй өвдөж байсан ч тэгж байж л шарх анина шүү дээ» гэжээ.

СЭТГЭЛ ЗҮРХЭЭ НЭЭЖ ЯРИАРАЙ

Хагацал үзсэн хүн заримдаа ганцаараа байхыг илүүд үздэг. Гэвч ганцаараа байх нь бүр л нэрмээс болно. Аавыгаа алдсан, 17 настай Жаред: «Би тэр үед хүмүүстэй сэтгэл санаагаа хуваалцаж ярилцсан. Өөрийгөө яг зөв илэрхийлж чадаагүй ч тэгж ярьсан нь сайн байсан» гэж дурссан юм. Эхний өгүүлэлд гарсан Жэнис санаа бодлоо хуваалцахын бас нэг сайн талыг хэлжээ. «Хүнтэй ярихлаар үнэхээр тайвширдаг. Яагаад гэвэл хүмүүс намайг ойлгодог юм байна, би ганцаараа биш юм байна гэдгээ мэдэрдэг» гэсэн юм.

БУСДААС ТУСЛАМЖ АВААРАЙ

«Хагацал үзэх угаасаа хэцүү. Хамгийн хүнд үедээ найз нөхөд, хамаатан садныхаа тусламжийг хойшлуулж цааргалалгүй аваарай. Ингэвэл дараа дараагийн хүнд үеийг давахад дөхөм болно» гэж нэг эмч хэлжээ. Юун дээр туслуулмаар байгаагаа найз нөхдөдөө хэлээрэй. Тэгэхгүй бол тэд танд туслахыг хүсэж байгаа ч яахаа мэдэхгүй шүү дээ (Сургаалт үгс 17:17).

БУРХАНТАЙ ОЙР ДОТНО БОЛООРОЙ

Тина: «Нөхөр маань хавдраар өнгөрсөн юм. Түшиг болсон ханиа алдаад Бурхандаа л бүхнээ уудалж байна. Өдөр бүрийг тэсэж гарахад туслаач гэж залбирдаг. Бурхан миний залбиралд хариулж, гуйснаас маань илүү намайг халамжилдаг» гэж ярьсан юм. 22 настайдаа ээжийгээ алдсан Тарша: «Би өдөр бүр Библиэ уншиж тайвширдаг. Ингэхээр сэтгэл сэргээм өөдрөг юм бодогддог» гэжээ.

ХАЙРТАЙ ХҮНТЭЙГЭЭ УУЛЗАЖ БАЙНА ГЭЖ ТӨСӨӨЛӨӨРЭЙ

Тина: «Нөхрөө өнгөрсний дараахан юм даг. Эргээд амилна гэж итгэдэг ч тайвширч чадахгүй байсан. Тэр үед надад хань минь, гурван хүүд маань аав нь үгүйлэгдээд байсан юм. Дөрвөн жил өнгөрчээ. Одоо би энэ найдвартаа бат итгэдэг. Найдварынхаа ачаар амьдрах хүслээ бөхөөлгүй явж байна. Ханьтайгаа эргээд уулзана гээд бодохлоор үгээр хэлэхийн аргагүй баяр жаргалтай, тайван болдог» гэж бас хэлжээ.

Хагацал үзсэн хүн нэг хэсэгтээ тайвширч чадахгүй нь ойлгомжтой. Ванессагийн хэлсэн үг итгэл найдвар төрүүлнэ. Тэрээр: «Дахиж хэзээ ч жаргал үзэхгүй гэж та бодож байж магадгүй. Гэвч сайхан цаг ирэхийг заавал үзнэ» гэжээ.

Хайртай хүнээ үгүйлэн санахаа болино гэж байхгүй. Тэглээ гээд амьдралд бууж өгч болохгүй. Бурхны хайр халамжинд та элэгсэг дотно найз нөхдөөр хүрээлүүлж утга учиртай амьдарч чадна. Бурхан нас барсан хүмүүсийг удахгүй амилуулна. Тэрээр таныг хайртай хүнээ угтан авч уулзаасай гэж хүсдэг. Тэр цагт таны сэтгэлийн шарх үүрд эдгэнэ.