Skip to content

Гарчиг руу орох

Зөгнөл биелдгийг баталдаг гэрч

Зөгнөл биелдгийг баталдаг гэрч

ИТАЛИЙН РОМ ХОТ ДАХЬ ЯЛАЛТЫН НУМАН ХААЛГЫГ ҮЗЭХ ГЭЖ ГАЗАР ГАЗРААС ЖУУЛЧИД ИРДЭГ. УГ ХААЛГЫГ РОМЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ НЭГЭН АЛДАРТАЙ ХААН ТИТИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛЖЭЭ.

Тэрхүү нуман хаалган дээр түүхэн дэх алдартай явдлыг дүрсэлсэн хоёр том зураг бий. Гэхдээ энэ хаалга Библид гардаг зөгнөлтэй холбоотой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Титийн нуман хаалга бол Библийн зөгнөл биелдгийн гэрч юм.

ХОТЫГ СҮЙРНЭ ГЭЖ ЗӨГНӨСӨН НЬ

МЭ I зууны эхэн үед Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэр Британи, Гаулаас (одоогийн Франц) Египет хүртэл байсан бөгөөд хүмүүс нь хэзээ хэзээнээс илүү амар тайван, баян чинээлэг амьдарч байжээ. Харин нэг алслагдсан газар ромчуудын хувьд толгойн өвчин мэт байсан. Тэр нь Иудей муж байлаа.

«Эртний Ромын нэвтэрхий толь»-д «Ромын захирч байсан үндэстнүүдийн дунд иудейчүүд шиг Ромтой харьцаа муутай үндэстэн байгаагүй. Иудейчүүд өөрсдийнх нь уламжлалыг тоож авч хэлэлцдэггүй гэж ромчуудад гомдоллодог байсан бол ромчууд иудейчүүдийг зөрүүд гэдгээр нь шалтаглаж уучилж өршөөгөөгүй» гэсэн байдаг. Олон иудей хүн нэгэн удирдагч гарч ирж зэвүү хүргэсэн ромчуудыг хөөн зайлуулна, Израйл улсыг дахин мандуулна гэж итгэж найдаж байсан. Гэтэл МЭ 33 онд Есүс Христ Иерусалимыг сүйрнэ гэж тунхаглажээ.

Есүс: «Дайснууд чинь шовх оройтой шонгоор бэхлэлт босгоод чамайг бүсэлж, тал бүрээс чинь дайрна. Тэд чамайг, бүх хүүхдийг чинь бүрмөсөн устгаж, нэг ч чулууг нөгөө чулуун дээр үлдээхгүй» гэж хэлсэн (Лук 19:43, 44).

Есүсийн энэ үгийг сонсоод шавь нар нь гайхсан биз ээ. Хоёр хоногийн дараа нэг шавь нь Иерусалимын сүмийг хараад «Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ?» гэж дуу алджээ. Үнэхээр ч сүмийн зарим чулуу 11 метр урт, 5 метр өргөн, 3 метр өндөр байсан гэдэг. Гэхдээ Есүс: «Одоо та нарын харж байгаа энэ бүхэн бүгд нурах өдрүүд ирнэ. Нэг ч чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй» гэж хариулдаг (Марк 13:1; Лук 21:6).

Есүс цааш нь тэдэнд «Харин Иерусалим цэрэгт бүслэгдсэнийг харвал сүйрэх цаг нь ойртжээ гэж мэдэгтүн. Иудейд байгаа хүмүүс уул руу зугтаг. Иерусалимд байгаа нь тэндээс гараг. Хөдөө байгаа нь хот руу бүү орог» гэж хэлдэг (Лук 21:20, 21). Есүсийн үг биелсэн үү?

ХОТ СҮЙРСЭН НЬ

33 жил өнгөрч иудейчүүд ромчуудад дарлуулсаар байв. МЭ 66 онд Иудейг захирдаг Гессий Флор гэдэг ром хүн ариун сүмийн санг дээрэмдэж иудейчүүдийг ихээхэн уурлуулжээ. Төд удалгүй иудей тэмцэгчид Иерусалимд цугларч Ромын цэргүүдийг устгаад өөрсдийгөө тусгаар улс гэж тунхаглав.

Бараг 3 сарын дараа Цести Галлаар удирдуулсан 30 000 гаруй Ромын цэрэг босогчдыг дарахаар Иерусалимд ирдэг. Ромчууд хот руу нэвтрэн орж сүмийн гаднах хэрмийг нурааж эхлэв. Гэвч тэд тодорхойгүй шалтгаанаар Иерусалимыг орхин явдаг. Иудейн босогчид ихэд баярлаж тэднийг араас нь элдэн хөөв. Ромын цэргүүдийг болон Иудейн босогчдыг явсан хойгуур Христийн дагалдагчид Есүсийн захисан ёсоор Иерусалимыг орхин Иордан голыг гатлаад уул руу зугтаж амждаг (Матай 24:15, 16).

Дараа жил нь Ромын цэргүүд жанжин Веспасиан болон хүү Титийнх нь удирдлага дор буцаж иржээ. Гэхдээ МЭ 68 онд эзэн хаан Нерог нас барсны дараа Веспасиан хаан ширээнд суух санаатай Ром руу буцдаг. Ингэхдээ тулалдааныг хүү Тит болон 60 000 орчим цэрэгтээ даатган үлдээдэг.

МЭ 70 оны 6-р сард цэргүүд Титийн тушаалаар Иудейн хөдөө нутгаас мод огтолж, Иерусалимыг тойруулан шовх оройтой шонгоор 7 км урт бэхлэлт босгодог. 9-р сар гэхэд ромчууд хотыг сүмтэй нь тонон дээрэмдэж шатаагаад яг Есүсийн зөгнөсөнчлөн нэг чулууг нөгөө чулуун дээр нь үлдээлгүй нураадаг (Лук 19:43, 44). Багаар бодоход «Иерусалимд болон эзэнт гүрэнд амьдарч байсан 250 000–500 000 хүний амь үрэгдсэн» гэсэн тооцоо бий.

АГУУ ИХ ЯЛАЛТ

МЭ 71 онд Титийг Италид буцаж ирэхэд Ромын ард иргэд хөл хөөрцөг болон угтан авдаг. Нийслэлд урьд өмнө болж байгаагүй асар том ялалтын жагсаал зохион байгуулагдаж, хот даяараа энэ баярт үйл явдлыг тэмдэглэв.

Ром хотын дундуур зөөвөрлөн яваа асар их эд баялгыг цугларсан олон хараад гайхан биширчээ. Олзолсон хөлөг онгоц, дайн тулааныг дүрсэлсэн жүжигчилсэн тоглолт, Иерусалимын сүмээс олзолсон эд хогшил тэдний нүдийг хужирлав.

МЭ 79 онд Тит эцэг Веспасианыхаа хаан ширээг залгамжилжээ. Гэтэл 2 жилийн дараа Тит гэнэт нас барав. Дүү Домициан нь хаан ширээнд суумагцаа ахынхаа дурсгалд зориулж нуман хаалга барьсан гэдэг.

НУМАН ХААЛГА ӨНӨӨДӨР

Ром дахь Титийн нуман хаалга өнөөдөр

Өнөөдөр Титийн нуман хаалга Ромын Форумыг зорин ирдэг олон мянган жуулчны анхаарлыг татдаг. Зарим хүн энэ хаалгыг урлагийн гайхалтай бүтээл, зарим нь Ромын эзэнт гүрний сүр хүчний илрэл гэж үздэг. Бас Иерусалим сүмтэйгээ сүйрсэн эмгэнэлт түүхийг санадаг хүмүүс ч бий.

Харин Титийн нуман хаалга Библийг нямбай судалдаг хүмүүсийн хувьд илүү их утга учиртай. Энэхүү нуман хаалга Библийн зөгнөл тодорхой хэлдэг, баараггүй биелдэг, Бурхнаар удирдуулан бичигдсэнийг гэрчилдэг (2 Петр 1:19–21).