Библи бол үнэний найдвартай эх сурвалж
Олон зууны турш янз бүрийн амьдрал ахуй, хэл соёлтой хүмүүс Библийг үнэний найдвартай эх сурвалж гэж үзсээр иржээ. Өнөө үед олон сая хүн Библийн сургаалыг баримталдаг. Гэхдээ Библийг өөрсдөд нь хамаагүй, үлгэр домгийн ном гэж үзэн, үл тоомсорлодог хүмүүс ч бий. Та юу гэж бодож байна вэ? Библид үнэн юм байдаг юм бол уу?
БИБЛИД ЯАГААД ИТГЭЖ БОЛОХ ВЭ?
Библид үнэнийг бичсэн байдаг гэдэгт яагаад итгэж болох вэ? Жишээ нь та хэзээд үнэнийг ярьдаг найздаа итгэж найдна биз дээ. Итгэл хүлээсэн найзын адилаар Библи үнэнийг өгүүлдэг юм болов уу? Хэдэн жишээг дурдъя.
Үнэнч шударга хүмүүс бичсэн
Библийг бичигчид үнэнч шударга хүмүүс байсан. Тэд алдаа эндэгдлийнхээ талаар ний нуугүй бичжээ. Жишээ нь Иона гэдэг зөнч дуулгаваргүй загнасан тухайгаа бичсэн (Иона 1:1–3). Тэрбээр номынхоо төгсгөлд Бурханд хэрхэн шийтгүүлсэн тухайгаа бичсэн ч үзэл бодлоо хэрхэн өөрчилсөн тухай бичээгүй (Иона 4:1, 4, 10, 11). Библийн бүх бичигч юуг ч нуун дарагдуулаагүйг бодвол үнэн зөв юмыг бичихийг их анхаардаг байсан нь харагдаж байна.
Зөвлөгөө нь амьдралд хэрэгждэг
Библид амьдралд хэрэгжүүлж болохоор зөвлөгөө байдаг уу? Байлгүй яах вэ. Жишээ нь бусадтай яавал сайн харьцаатай байхыг Библи хэлж өгдөг. «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» (Матай 7:12). «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» (Сургаалт үгс 15:1). Библийн зөвлөгөө нь бичигдсэн үедээ ч ач тустай байсан, өнөө үед ч ач тустай.
Үнэн түүхийг өгүүлдэг
Археологийн олдворууд Библид бичигдсэн хүн, газар орон үнэхээр байсныг, мөн уг номд бичигдсэн үйл явдал үнэхээр болсныг баталсаар байна. Жишээ болгон илүү нарийн ширийн зүйлийг авч үзье. Библид Нехемиагийн үед Тирийн худалдаачид (Тирээс ирсэн финикичүүд) Иерусалимд амьдарч «загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж» ирдэг байсан гэж гардаг (Нехемиа 13:16).
Библид бичигдсэн энэ үйл явдал үнэхээр болсон гэдгийг батлах зүйл байдаг уу? Байдаг. Археологичид Израйлаас Финикийн эд зүйлсийг олсон байна. Эндээс харахад энэ хоёр үндэстэн хоорондоо худалдаа хийдэг байжээ. Мөн Газрын дундад тэнгисийн загасны яс Иерусалимаас олдсон байна. Уг загасыг алс холын орноос худалдаачид авчирсан гэж археологичид үздэг. Нэгэн эрдэмтэн баримт нотолгоог шалгаж үзээд «Тирийн хүмүүс Иерусалимд загас зарж байсан гэсэн Нех[емиа] 13:16-д байдаг үг үнэхээр үнэн юм байна» гэж дүгнэжээ.
Шинжлэх ухаантай тохирдог
Библид гол нь шашны сургаал, түүхийн талаар бичсэн. Гэхдээ шинжлэх ухааны хувьд үнэн зөв зүйл бичсэн байдаг. Жишээ авъя.
Дэлхийг «хоосон юм дээр» өлгөгддөг гэж 3 500 орчим жилийн өмнө Библид бичсэн байжээ (Иов 26:7). Энэ нь дэлхийг усан дээр хөвдөг, аварга том яст мэлхийн нуруун дээр тогтдог гэсэн домгоос эрс ялгаатай байгаа биз. «Иов» номыг бичигдсэнээс хойш 1 100 орчим жилийн дараа ч гэсэн хүмүүс дэлхийг агаарт хөвж байдаг гэдэгт итгэлгүй, заавал нэг юман дээр тогтдог байх ёстой гэж бодсоор байжээ. 300 орчим жилийн дараа буюу 1687 онд Исаак Ньютон таталцлын хүчний талаарх бүтээлээ хэвлүүлжээ. Тэр бүтээлдээ дэлхий тойрог замаараа үл үзэгдэх хүчний нөлөөгөөр эргэдэг гэж тайлбарлажээ. Шинжлэх ухааны энэхүү нээлт 3 000 гаруй жилийн тэртээ Библид бичигдсэн үгний үнэнийг баталдаг.
Зөгнөл нь биелдэг
Библийн олон зөгнөл хэр зэрэг үнэн зөв биелдэг вэ? Вавилоны мөхлийн талаарх Исаиагийн зөгнөлийг жишээ болгон авъя.
Зөгнөл: МЭӨ 8-р зуунд Библийн бичигч Исаиа хүчирхэг эзэнт гүрний нийслэл болох гэж байсан Вавилоныг эзлэгдэж, оршин суугчгүй болно гэж зөгнөжээ (Исаиа 13:17–20). Кореш гэдэг нэртэй хүн эзэлж авна гэж Исаиа хэлсэн. Кореш голын усыг «ширгээнэ» гэдгийг бас зөгнөсөн. Мөн хотын хаалганууд нээлттэй байна гэж зөгнөжээ (Исаиа 44:27—45:1).
Биелэл: Исаиаг зөгнөснөөс хойш 200 орчим жилийн дараа Персийн хаан Вавилон руу довтолдог. Тэр хаан нь хэн байсан бэ? Кореш. Вавилон нь сайтар бэхлэгдсэн хот байсан учраас Кореш, хотыг хүрээлэн урсах Евфрат мөрнийг анхааралдаа авчээ. Шуудуу ухаж, урсгалыг нь өөрчлөн намагтай газар луу урсгасан байна. Голын ус татарч, Корешийн их цэрэг өвдгөөр татсан усыг туулан хотын хэрэм рүү ойртон очтол хаалга нь онгорхой байжээ! Ийнхүү тэд хот руу орж эзлэн авчээ.
Вавилон үнэхээр оршин суугчгүй болсон уу? Хэдэн зуун жил хүмүүс тэнд амьдарч байсан. Гэхдээ одоо Вавилоны балгас Иракийн Багдад хотын ойролцоо бий. Библийн зөгнөл биелдгийг ийнхүү баталсан юм. Ирээдүйд болох үйл явдлыг яг таг хэлдэг учраас Библи бол үнэхээр найдвартай ном.