ХИЧЭЭЛ 3
Тэсвэр хатуужил
ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
Тэсвэр хатуужилтай хүн алдаа гаргалаа гэхэд засаж залруулдаг, сэтгэлээр унах юм боллоо гэхэд шантардаггүй. Зүгээр суугаад тэсвэр хатуужилтай болохгүй. Хүүхэд унаж байж хөлд ордог шиг хүн алдаж байж амжилтад хүрэх нь бий.
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Зарим хүүхэд бүтэлгүйтэхээрээ, саад тотгор тулгарахлаар, эсвэл шүүмжлүүлэхээрээ сэтгэлээр унадаг. Зарим нь бүр буугаад өгдөг. Гэхдээ тэд дараах үнэнийг ойлгох учиртай.
-
Хийсэн бүхэн дандаа бүтэмжтэй байхгүй (Яаков 3:2).
-
Бэрхшээл хүн болгонд тулгардаг (Номлогчийн үгс 9:11).
-
Шүүмжлэлийг хүлээж авбал ахиц гаргана (Сургаалт үгс 9:9).
Хүүхэд тэсвэр хатуужилтай бол амьдралд тулгарах бэрхшээлийг амжилттай давна.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Таны хүүхэд алдаа гаргасан бол.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» (Сургаалт үгс 24:16).
Асуудал ноцтой юу үгүй юү гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай. Жишээ нь шалгалтадаа унасан бол яах вэ? «Би юуг ч зөв хийж чадахгүй юм» гэж хэлж мэдэх юм.
Хүүхдээ тэсвэр хатуужилтай болгоё гэвэл дараагийн удаа юун дээр анхаарах ёстойг нь хэлээрэй. Ингэвэл хүүхэд гуньж гутраад байхгүй, асуудлыг шийдвэрлэж сурна.
Мөн хүүхдийнхээ өмнүүр орж асуудлыг нь битгий шийдээрэй. Хүүхэд өөрөө шийдэх хэрэгтэй. Үүнд нь туслаарай. «Энэ хичээлээ илүү сайн ойлгохын тулд чи яах хэрэгтэй вэ?» гэж асууж болох юм.
Санаснаар болохгүй бол.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Та нар маргааш амьд байх эсэхээ мэдэхгүй шүү дээ» (Яаков 4:14).
Амьдралд тохиолдох бүхнийг урьдаас мэдэх аргагүй. Баян хүн ядуурч болох юм. Эрүүл хүн өвчин тусаж мэднэ. Библид «Хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш ... харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай» гэж бичжээ (Номлогчийн үгс 9:11).
Аав ээж л болсон хойно, та үр хүүхдээ болзошгүй аюулаас хамгаалдаг биз ээ. Гэхдээ бүх юмнаас хүүхдээ хамгаалах аргагүй.
Хүүхэд тань жаахан учраас ажлаасаа халагдах, санхүүгийн хямрал гэж юу болохыг мэдэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ найзтайгаа муудалцсан, гэрийнхнээс нь хэн нэг нь нас барсан гэх мэтийн хүнд үеийг давахад нь та тусалж чадна.
Хүүхэд тань загнуулсан бол.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зөвлөгөөг сонс ... Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно» (Сургаалт үгс 19:20).
Юугаа сайжруулах ёстойг нь хүн хэлбэл, тэр нь хүүхдийг тань айлгаж ичээлгэх гэсэндээ биш, засарч сайжраасай гэсэндээ хэлж байгааг ойлгоорой.
Зөвлөгөөг хүлээж аваад сурчихвал хүүхдэд өөрт нь ч, танд ч ач тустай. «Алдаагаа өөрөө засахгүй бол хүүхэд юу ч сурахгүй. Хамгаалж хаацайлаад байвал хүүхэд улам л хэрэг тарина. Энэ нь хүүхдэд ч эцэг эхэд ч зовлон болдог» гэж Жон гэдэг нэгэн аав хэлжээ.
Хүүхэд тань загнуулсан бол яах хэрэгтэй вэ? Сургууль дээрээ эсвэл өөр хаана ч юм, загнуулсан бол битгий өмөөрөөрэй. Харин ингэж асуугаарай.
-
«Чи яагаад загнуулсан гэж бодож байна?»
-
«Алдаагаа засахын тулд яах хэрэгтэй вэ?»
-
«Дараа ийм юм болбол чи яая гэж бодож байна вэ?»
Шүүмжлэл хүүхдэд тань одоо ч, том болсон хойно нь ч тустай гэдгийг санаарай.