СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22
ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ
Еховагийн нэр Есүст маш чухал
«Би ... таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно» (ЁОХ. 17:26).
ГОЛ САНАА
Есүс Еховагийн нэрийг хэрхэн мэдүүлж, ариусгаж, зөвтгөсөн бэ?
1, 2. а) Есүс нас барахынхаа өмнөх шөнө яасан бэ? б) Энэ өгүүллээс ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ?
МЭ 33 оны Нисан сарын 14-ний Пүрэв гаргийн орой Есүс үнэнч элч нартайгаа нэг байшингийн дээд давхрын өрөөнд тусгай зоог барив. Удалгүй Юудас өөрөөс нь урваж, дайснууд нь түүнийг зовоон тарчилгаж, цаазална гэдгийг мэдэж байлаа. Тиймээс зоогийн дараа элч нартаа урам зориг хайрлах олон зүйл хэлжээ. Тэгээд тэндээс явахынхаа өмнөхөн маш чухал зүйлийн тухай залбирсан. Энэхүү залбирал «Ёохан» номын 17-р бүлэгт байдаг.
2 Бид энэ өгүүллээр Есүсийн залбирлаас мэдэж авах зарим зүйлийг ярилцана. Есүс нас барахынхаа өмнө яг юунд санаа зовж байсан бэ? Дэлхийд байх хугацаанд нь түүнд юу чухал байсан бэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авъя.
«БИ ... ТАНЫ НЭРИЙГ ТЭДЭНД МЭДҮҮЛСЭН»
3. Есүс Еховагийн нэрийн талаар юу гэж хэлсэн бэ? Энэ ямар учиртай вэ? (Ёохан 17:6, 26).
3 Есүс: «Би ... таны нэрийг тэдэнд мэдүүлсэн» гэж залбирсан. Бүр хоёр ч удаа (Ёохан 17:6, 26-г уншина). Ийн хэлсэн нь ямар учиртай вэ? Бурхны нэр бол Ехова гэдгийг тэдэнд хэлэх шаардлагатай байсан уу? Шавь нар нь иудей хүмүүс учир угаасаа мэддэг байв. Бурхны нэр Еврей Сударт хэдэн мянган удаа гардаг. Тиймээс Есүс Бурхны нэрийг бус, чухам ямар Бурхан болохыг мэдүүлснээ хэлсэн ажээ. Бурхан дэлхий болон хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготой, урьд нь юу хийсэн, ирээдүйд юу хийх, ямар зан чанартай зэргийг шавь нартаа зааж Еховаг илүү сайн таньж мэдэхэд нь тусалсан. Есүс л Еховаг хамгийн сайн мэддэг.
4, 5. а) Хүний нэрийг мэднэ гэдэг нь чухам юу гэсэн үг болохыг жишээгээр тайлбарлана уу. б) Есүсийн шавь нар Еховаг хэрхэн илүү сайн мэддэг болсон бэ?
4 Дараах жишээг төсөөлөөрэй. Хуралд тань Төмөр гэдэг ахлагч байдаг бөгөөд тэрбээр мэс засалч ажээ. Та түүнийг олон жил мэддэг. Гэтэл нэг өдөр таны амь насанд аюул учирч, та тэр ахлагчийн ажилладаг эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр амийг тань аварчээ. Үүнээс хойш та түүнийг илүү хайрладаг болж, нэрийг нь сонсохлоор таны төлөө юу хийсэн нь санаанд буудаг. Таны хувьд Төмөр нь ахлагч төдийгүй амийг тань аварсан эмч юм.
5 Үүнтэй адилаар шавь нар нь Еховагийн нэрийг мэддэг байсан. Харин Есүстэй хамт үйлчилснээр тэд Бурхны нэрийг илүү их эрхэмлэх болсон. Яагаад ингэж хэлэх вэ? Учир нь Есүс юу ч хэлсэн, юу ч хийсэн Эцгийнхээ зан чанарыг илэрхийлдэг байв. Иймээс элч нар нь Есүсийг хүмүүст хэрхэн зааж, хандаж байгааг ажиглаад Еховаг илүү сайн «мэддэг» болсон (Ёох. 14:9; 17:3).
«НАДАД ӨГСӨН ӨӨРИЙНХӨӨ НЭР»
6. Ехова Есүст нэрээ өгсөн гэдэг нь ямар утгатай вэ? (Ёохан 17:11, 12).
6 Есүс: «Надад өгсөн өөрийнхөө нэрийн төлөө та тэднийг харж хандаач» гэж шавь нарынхаа төлөө залбирсан (Ёохан 17:11, 12-ыг уншина). Эндээс харвал Есүс Ехова гэдэг нэртэй болсон гэсэн үг үү? Үгүй. Есүс Еховад хандан «өөрийнхөө» буюу түүний нэр гэж хэлснийг анхаараарай. Тэгэхээр Ехова гэдэг нэртэй болсон гэсэн үг биш ээ. Тэгвэл Бурхан өөрт нь нэрээ өгсөн гэсэн нь ямар утгатай вэ? Юуны түрүүнд, Есүс Еховаг төлөөлөн ярьдаг байв. Бас нэрийнх нь өмнөөс дэлхий дээр ирж, агуу үйлсийг хийсэн (Ёох. 5:43; 10:25). Түүнчлэн Есүсийн нэр «Ехова бол Аврал» гэсэн утгатай. Тийм ээ, Бурхны нэр Есүсийн нэртэй нягт холбоотой.
7. Есүс Еховагийн нэрийн өмнөөс ярьдгийг жишээгээр тайлбарлана уу.
7 Жишээгээр бодъё. Элчин сайд улсынхаа ерөнхийлөгчийг төлөөлдөг тул түүний нэрийн өмнөөс ярьдаг. Тиймээс элчин сайдын хэлсэн үг нь ерөнхийлөгчийнхтэй дүйцэх юм. Үүнтэй адилаар Есүс Еховаг төлөөлдөг бөгөөд нэрийнх нь өмнөөс үйлчлэгчидтэй нь ярьдаг (Мат. 21:9; Лук 13:35).
8. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө Еховагийн нэрийг хэрхэн «авч явсан» бэ? (Египетээс гарсан нь 23:20, 21).
8 Есүс тэнгэрийн элч нар болон хүмүүст Еховагийн мэдээг хүргэж, зааврыг нь дамжуулдаг тул Библид түүнийг «Үг» гэдэг (Ёох. 1:1–3). Израйлчуудыг Египетээс гарах үед Ехова тэдэнд санаа тавиулахаар нэгэн тэнгэрийн элчийг илгээсэн нь Есүс байсан бололтой. Ехова израйлчуудад түүний үгийг дагаарай гэж хэлэхдээ «Тэр миний нэрийг авч явж байгаа» гэж учирлажээ (Египетээс гарсан нь 23:20, 21-ийг уншина). a Есүс Еховаг төлөөлөн ярьдаг бөгөөд нэрийг нь ариусгаж, хийдэг бүхэн нь зөв шударга гэдгийг хэнээс ч илүү баталдаг нэгэн тул нэрийг нь «авч явж байгаа» хэрэг.
«ЭЦЭГ МИНЬ, НЭРЭЭ АЛДАРШУУЛААЧ»
9. Есүсийн хувьд Еховагийн нэр хэр чухал байсан бэ? Тайлбарлана уу.
9 Дээр үзсэнээр, Есүс дэлхийд ирэхээсээ өмнө Еховагийн нэрийг хамгийн чухалд үздэг байсан. Дэлхий дээр байхдаа ч үүнийгээ баталсан! Тэрбээр үйлчлэлийнхээ сүүл үед Еховад «Эцэг минь, нэрээ алдаршуулаач» гэж хэлдэг. Тэр даруй тэнгэр нижигнэм дуугаар Эцэг нь: «Би нэрээ алдаршуулсан. Дахиж алдаршуулна» гэж хариулдаг (Ёох. 12:28).
10, 11. а) Есүс Еховагийн нэрийг хэрхэн алдаршуулсан бэ? (Бас зургийг үзээрэй). б) Еховагийн нэрийг яагаад ариусгаж, зөвтгөх хэрэгтэй болсон бэ?
10 Бас Есүс Эцгийнхээ нэрийг алдаршуулсан. Яаж? Гайхалтай зан чанар болон үйл хэргийнх нь тухай хүмүүст ярьсан. Гэхдээ ингээд болчихоогүй. Еховагийн нэрийг ариусгаж, зөвтгөх хэрэгтэй байв. b Энэ нь түүний хувьд үнэхээр чухал гэдэг нь залбирлын тухай заахад нь харагдсан. Тэрбээр: «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирахыг захисан (Мат. 6:9).
11 Яагаад Еховагийн нэрийг ариусгаж, зөвтгөх хэрэгтэй болсон бэ? Еден цэцэрлэгт Сатан Диавол Ехова Бурхныг гүжирдэж, нэр хүндэд нь халдсан. Тэрбээр Еховаг худалч бөгөөд Адам Ева хоёроос сайн сайхан юмыг нуудаг гэж гүтгэсэн (Эх. 3:1–5). Мөн Еховагийн аливааг хийх аргыг зөв биш гэсэн. Хожим нь Иовын үед, хүмүүс зөвхөн ашиг харж Еховад үйлчилдэг гээд зогсохгүй түүнийг чин зүрхнээсээ хайрлах хүн нэг ч байхгүй тул сорилт тулгарахад тэд түүнд үйлчлэхээ болино гэж энэ гүтгэгч хэлсэн (Иов 1:9–11; 2:4). Ехова Сатан хоёрын хэн нь худал ярьсныг батлахад цаг хугацаа хэрэгтэй байв.
Есүс дагалдагчдадаа Бурхны нэрийг ариусгахын чухлыг заасан (10-р догол мөрийг үзээрэй)
«БИ АМИА ӨГНӨ»
12. Есүс Еховад хайртай учраас нэрийг нь ариусгахын тулд яахад бэлэн байсан бэ?
12 Есүс Еховад хайртай учир нэрийг нь зөвтгөж, ариусгахын тулд чадах бүхнээ хийхийг хүссэн билээ. Тэрбээр: «Би амиа өгнө» гэжээ (Ёох. 10:17, 18). Тийм ээ, Еховагийн нэрийн төлөө үхэхэд ч бэлэн байв. c Анхны төгс хүмүүс Адам Ева хоёр Еховагаас урваж Сатаны талд орсон. Харин Есүс дэлхий дээр дуртайяа ирсэн бөгөөд хийсэн, хэлсэн бүхэндээ дуулгавартай байж Еховад хайртайгаа харуулсан (Евр. 4:15; 5:7–10). Бүр тарчлаах шонд хадуулж, үхэн үхтлээ үнэнч байсан (Евр. 12:2). Ийнхүү Еховаг хайрладаг, нэрийг нь эрхэмлэдгээ баталжээ.
13. Есүс Сатаны худалчийг батлах хамгийн тохиромжтой хүн байсан гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).
13 Ехова биш, Сатан худалч гэдгийг Есүс бүхий л амьдралаараа ямар ч маргаангүй баталсан! (Ёох. 8:44). Урьд өмнө амьдарч байсан хэнээс ч илүү тэрбээр Еховаг сайн мэддэг. Хэрэв Еховагийн тухай Сатаны ярианд ор үндэстэй ямар нэг зүйл байсан бол Есүс үүнийг мэдэх байлаа. Гэхдээ юу ч байгаагүй учраас Еховагийн нэр хүндийг хамгаалахаар бат шийдсэн. Ехова өөрийг нь хамгаалахаа больсон үед ч хайртай Эцгээсээ урваснаас үхсэн нь дээр гэж үзсэн (Мат. 27:46). d
Ехова биш, Сатан худалч гэдгийг Есүс бүхий л амьдралаараа ямар ч маргаангүй баталсан! (13-р догол мөрийг үзээрэй)
«ДААЛГАСАН АЖЛЫГ ТАНЬ ГҮЙЦЭТГЭСЭН»
14. Ехова үнэнч байсан Есүсийг хэрхэн шагнасан бэ?
14 Нас барахынхаа өмнөх шөнө Есүс: «Даалгасан ажлыг тань гүйцэтгэсэн» гэж залбирчээ. Үнэнч байсных нь төлөө Ехова шагнана гэдэгт итгэж байлаа (Ёох. 17:4, 5). Энэ нь ч талаар болоогүй. Ехова түүнийг булшинд байлгаад байхыг зөвшөөрөөгүй (Үйлс 2:23, 24). Амилуулж, тэнгэрт илүү их эрх мэдэлтэй болгосон (Флп. 2:8, 9). Хожим нь Есүс Бурхны Хаант төрийн Хаан болсон. Энэ Хаант төр юу хийх вэ? Жишээ залбирлын хоёр дахь хэсэгт «Таны Хаант төр захираасай. Таны [Еховагийн] хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж бий (Мат. 6:10).
15. Есүс өөр юу хийх вэ?
15 Есүс ойрын ирээдүйд Бурхны дайснуудтай дайтаж, Хармагедоноор хорон муу хүмүүсийг устгана (Илч. 16:14, 16; 19:11–16). Тэгээд Сатаныг «ёроолгүй нүхэнд» хаях буюу юу ч хийх чадваргүй болгох ажээ (Илч. 20:1–3). Есүс мянган жил захирахдаа амар тайвныг сэргээнэ. Хүн төрөлхтнийг төгс болгож, нас барагсдыг амилуулна. Дэлхийг бүхэлд нь диваажин болгоно. Ийнхүү Еховагийн санаа зорилго биелнэ! (Илч. 21:1–4).
16. Мянган жилийн засаглалын төгсгөлд юу болох вэ?
16 Мянган жилийн засаглалын төгсгөлд юу болох вэ? Нүгэл, төгс бус байдал ор мөргүй арилна. Хүмүүс нүглээ уучлуулах гэж золиосонд үндэслэн гуйх хэрэггүй болно. 144 000 хүн ч тахилчаар, Есүс ч тэргүүн тахилчаар үйлчлэх шаардлагагүй болно. Тэгээд «сүүлчийн дайсан буюу [Адамаас өвлөж авсан] үхэл үгүй болно». Нас барагсад амилах тул булшнууд хоосорно. Дэлхий дээрх бүх хүн төгс болно (1 Кор. 15:25, 26).
17, 18. а) Мянган жилийн засаглалын төгсгөлд өөр юу болох вэ? б) Есүс захирах хугацаагаа дуусахаар яах вэ? (1 Коринт 15:24, 28). (Бас зургийг үзээрэй).
17 Мянган жилийн засаглалын төгсгөлд өөр юу болох вэ? Маш онцгой явдал болно. Ехова бол ариун, шударга Бурхан гэдэгтэй маргах хүн дахин хэзээ ч гарахгүй. Яагаад? Еден цэцэрлэгт Сатан Еховаг худалч, хүн төрөлхтнийг хайрын сэтгэлээр захирдаггүй гэж гүтгэсэн. Тэр цагаас хойш үнэнч үйлчлэгчид нь Бурхны захирах арга хамгийн зөв гэдгийг баталсаар ирсэн. Тэгэхээр Мянган жилийн засаглалын төгсгөлд Еховагийн нэр хүнд бүрэн сэргээгдэнэ. Ехова тэнгэрийн хайр халамжтай Эцэг гэдгээ ямар ч маргаангүй батална.
18 Үүний дараа, Еховагийн тухай Сатаны ярьсан зүйл худлаа байсныг бүх хүн мэддэг болно. Есүс захирах хугацаагаа дуусахаар яах вэ? Тэрбээр Сатаныг дуурайж Еховад тэрслэх болов уу? Үгүй! (1 Коринт 15:24, 28-ыг уншина). Хаант төрийг Эцэгтээ буцаан өгч, өөрөө ч түүнд захирагдана. Тийм ээ, Есүс Сатанаас ялгаатай нь Еховад хайртай учраас энэ бүхнийг дуртайяа хийнэ.
Есүс Мянган жилийн засаглалын төгсгөлд эрх мэдлээ Еховад дуртайяа буцааж өгнө (18-р догол мөрийг үзээрэй)
19. Есүсийн хувьд Еховагийн нэр хэр чухал вэ?
19 Ехова Есүст өөрийнхөө нэрийг дуртайяа өгсөнд гайхах зүйл огт байхгүй! Есүс Эцгийнхээ төгс төлөөлөгч нь гэдгээ баталсан. Тэгэхээр Есүсийн хувьд Еховагийн нэр хэр чухал вэ? Юунаас ч илүү чухал байх нь. Тэрбээр Еховагийн нэрийн төлөө амиа дуртайяа өгсөн, Мянган жилийн засаглалын төгсгөлд эрх мэдлээ дуртайяа буцааж өгнө. Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцана.
ДУУ 14 Бүх юмыг шинэ болгоно
a Зарим тохиолдолд бас өөр тэнгэрийн элч нар Еховагийн нэрийн өмнөөс ярьж, мэдээг нь хүргэдэг байсан. Тийм учраас Библид үнэндээ тэнгэрийн элчийн ярьсныг Ехова ярьж байгаагаар тэмдэглэсэн удаа бий (Эх. 18:1–33). Ехова Мосед Хуулиа өөрөө өгсөн гэж Сударт бичсэн хэдий ч зарим зүйлд тэнгэрийн элчээр өгүүлсэн гэж байдаг (Лев. 27:34; Үйлс 7:38, 53; Гал. 3:19; Евр. 2:2–4).
b ҮГИЙН ТАЙЛБАР: «Ариусгах» гэдгээр гүнээ хүндэтгэх, ариун гэж үзэхийг хэлдэг. «Зөвтгөх» гэдгээр хилс хэргээр гүтгүүлсэн нэгний нэр хүндийг сэргээх, цагаатгах, буруугүйг нь нотлохыг хэлнэ.
c Түүнчлэн Есүсийн үхэл хүн төрөлхтөнд мөнх амьдрах замыг нээсэн.
d «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2021 оны 4-р сарын дугаарын 30, 31-р хуудсан дахь «Уншигчдын асуулт»-ыг уншаарай.