Уншигчдын асуулт
Исаиа 60:1-т хэний тухай гардаг вэ? Хэрхэн «бос[ож], гэрэлтэх» вэ?
Исаиа 60:1-т «Бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна» гэж байдаг. Уг зүйлд Сион буюу тухайн үеийн Иудагийн нийслэл Иерусалимыг хэлдэг (Ис. 60:14; 62:1, 2). Энэ хот Израйлын бүх үндэстнийг төлөөлдөг. Исаиагийн үгнээс дараах хоёр асуулт гарч ирнэ. Нэгд, Иерусалим хэзээ, хэрхэн «босож», бэлгэдлийн утгаар гэрэлтсэн бэ? Хоёрт, Исаиагийн үг илүү өргөн хүрээтэй биелж байгаа юу?
Иерусалим хэзээ, хэрхэн «босож», бэлгэдлийн утгаар гэрэлтсэн бэ? Иудейчүүд 70 жил Вавилоны цөллөгт байхад Иерусалим болон сүм нь сүйрч балгас болсон байв. Гэхдээ хожим нь меде, персүүд Вавилоныг эзлэн авахад эзэнт гүрэн даяарх иудейчүүд эх нутагтаа буцаж ирж, цэвэр шүтлэгийг сэргээх боломж гарсан (Езр. 1:1–4). МЭӨ 537 онд бүх 12 овгийн үлдсэн үнэнч хүмүүс Еховад тахилаа өргөж, баяруудаа тэмдэглэж, сүмийг сэргээн босгож эхэлсэн (Ис. 60:4; Езр. 3:1–4, 7–11; 6:16–22). Еховагийн алдар Иерусалим дээгүүр буюу Бурхны ард түмний дээр ийнхүү дахин гэрэлтэв. Тэд ч Еховаг мэддэггүй үндэстнүүдийн дээр гэрэлтэх бэлгэдлийн гэрэл гэгээ болжээ.
Гэхдээ энэ нь Исаиагийн хэлсэн сэргээхтухай зөгнөл хэсэгчлэн биелсэн хэрэг байв. Ихэнх израйл хүн Еховад дуулгаваргүй болсон (Нех. 13:27; Мал. 1:6–8; 2:13, 14; Мат. 15:7–9). Хожим нь Есүс Христ буюу Мессиаг ч үгүйсгэжээ (Мат. 27:1, 2). МЭ 70 онд Иерусалим болон сүм нь хоёр дахь удаагаа сүйрсэн.
Ехова ийм эмгэнэлт явдал болохыг зөгнөсөн (Дан. 9:24–27). Тэгэхээр Исаиа 60-р бүлэгт бичсэн сэргээх тухай зөгнөл эртний Иерусалимд бүрэн гүйцэд биелээгүй нь тодорхой байна.
Исаиагийн үг илүү өргөн хүрээтэй биелж байгаа юу? Тийм ээ, гэхдээ энэ нь өөр нэг бэлгэдлийн эмэгтэй буюу «тэнгэрт байдаг Иерусалимтай» холбоотой. Элч Паул түүнийг «бидний эх» гэсэн (Гал. 4:26). Тэнгэрт байдаг Иерусалим нь тэнгэрийн элч нараас бүрдсэн Бурхны байгууллагын тэнгэр дэх хэсэг юм. Хүүхдүүдийг нь Есүс болон Паул зэрэг тэнгэрийн найдвартай, агуу хүчээр тослогдсон 144 000 дагалдагч бүрдүүлдэг. Тослогдогсод нь «ариун үндэстэн» буюу «Бурхны Израйл» юм (1 Петр 2:9; Гал. 6:16).
Тэнгэрт байдаг Иерусалим хэрхэн «босож», «гэрэлтсэн» бэ? Дэлхий дээрх тослогдсон хүүхдүүдийнхээ үйл хэргээр. Тэдэнд юу тохиолдсоныг Исаиа 60-р бүлэгт гардаг зөгнөлтэй харьцуулаарай.
МЭ II зуунд тэрс явдал зэрлэг өвс мэт тархаж бэлгэдлийн харанхуй нөмөрсөн (Мат. 13:37–43). Христийн тослогдсон дагалдагчид бүх хуурамч шашин болох Агуу Вавилоны эрхшээлд орж, улмаар энэ нь 1914 онд эхэлсэн «энэ тогтолцооны төгсгөлийн үе» хүртэл үргэлжилсэн (Мат. 13:39, 40). Тиймээс тэд «босох» шаардлагатай байв. Тэгээд удалгүй 1919 онд тэд чөлөөлөгдөж, шууд л Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлж гэрлээ гийгүүлж эхэлсэн. a Олон жилийн хугацаанд бүх үндэстний хүмүүс, тэдний дотор Исаиа 60:3-т «хаад» гэгддэг Бурхны Израйлаас үлдсэн хүмүүс энэхүү гэрэлд гарч ирсэн (Илч. 5:9, 10).
Ирээдүйд тослогдсон дагалдагчид бүр илүү тод гэрэлтэнэ. Яаж? Тэд нас барсныхаа дараа тэнгэрт гарч «шинэ Иерусалимтай» нэгдэх буюу 144 000 хаан, тахилчаас бүрдэх Христийн сүйт бүсгүй болно (Илч. 14:1; 21:1, 2, 24; 22:3–5).
Шинэ Иерусалим нь Исаиа 60:1-д бичсэн зөгнөл биелэхэд гол үүрэг гүйцэтгэнэ (Исаиа 60:1, 3, 5, 11, 19, 20-ийг Илчлэл 21:2, 9–11, 22–26-тай харьцуулаарай). Иерусалим хот нь эртний Израйлын засаглалын төв байсны адил шинэ Иерусалим болон Христ нь шинэ тогтолцооны үеийн засаг төрийг бүрдүүлнэ. Шинэ Иерусалим хэрхэн «Бурхнаас, тэнгэрээс бууж» ирэх вэ? Дэлхий дэх хүмүүс рүү анхаарлаа хандуулж тэдэн дээр гэрлээ түгээнэ. Бурхнаас эмээдэг бүх үндэстний хүмүүс «тэр гэрлээр явна». Тэд нүгэл, үхлээс ч чөлөөлөгдөнө (Илч. 21:3, 4, 24). Ийнхүү Исаиа болон бусад зөнчийн хэлсэн «бүхн[ийг] сэргээх» зөгнөл бүрэн гүйцэд биелнэ (Үйлс 3:21). Бүхнийг сэргээх энэ явц нь Христийг хаан болох цагаас Мянган жилийн засаглалынх нь төгсгөл хүртэл үргэлжилнэ.
a 1919 онд цэвэр шүтлэгийг сэргээсэн талаар бас Езекиел 37:1–14, Илчлэл 11:7–12-т бичсэн байдаг. Урт хугацаанд олзонд байсан Христийн тослогдсон бүх дагалдагч бэлгэдлийн утгаар сэргэхийг Езекиел зөгнөсөн. Харин «Илчлэл» ном дахь зөгнөл, шударга бусаар шоронд хоригдоод түр хугацаанд идэвхгүй байсан удирдах үүрэг хүлээдэг цөөн тооны тослогдсон эрчүүд бэлгэдлийн утгаар дахин сэргэхийг хэлдэг. Тэднийг 1919 онд «итгэмжит, ухаалаг боолоор» томилсон (Мат. 24:45; «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 3-р сарын дугаарт нийтлэгдсэн «Уншигчдын асуулт» булангийн 29–31-р хуудас дахь «Бурхны ард түмэн агуу их Вавилоны эрхшээлд хэр удаан байсан бэ?» гэсэн гарчгийг үзээрэй).