Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21

Ехова залбиралд хэрхэн хариулдаг вэ?

Ехова залбиралд хэрхэн хариулдаг вэ?

«Гуйснаа авна гэдгээ мэддэг» (1 ЁОХ. 5:15).

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

ТОЙМ a

1, 2. Залбирлын талаар заримдаа юу гэж бодогдож магадгүй вэ?

 ЕХОВА залбиралд минь хариулдаг юм уу гэж бодож байсан уу? Хэрэв ингэж бодогдсон бол та ганцаараа биш. Ах дүүс маань ч, ялангуяа бэрхшээл учирсан үед ийнхүү боддог. Бид ч зовлон туулж байгаа үед Ехова залбиралд хэрхэн хариулж байгааг ойлгоход хэцүү байж болох юм.

2 Ехова үйлчлэгчдийнхээ залбиралд хариулдаг гэдэгт бид яагаад итгэлтэй байж болохыг ярилцъя (1 Ёох. 5:15). Мөн дараах асуултыг ярилцана. Яагаад Ехова заримдаа залбиралд маань хариулахгүй байгаа юм шиг санагддаг вэ? Ехова залбиралд маань өнөөдөр хэрхэн хариулдаг вэ?

ХҮССЭНЭЭС МААНЬ ӨӨРӨӨР ХАРИУЛЖ МЭДНЭ

3. Ехова яагаад залбирахыг уриалдаг вэ?

3 Ехова биднийг маш их хайрлаж, эрхэмд үздэгийг Сударт батлан хэлсэн байдаг (Хаг. 2:7; 1 Ёох. 4:10). Тийм ч учраас тусламж гуйн залбирахыг уриалсан (1 Петр 5:6, 7). Тэрбээр бидэнд өөртэй нь дотно байж, бэрхшээлийг давахад туслахыг хүсдэг.

Ехова Давидыг дайснуудаас нь аварч залбиралд нь хариулсан (4-р догол мөрийг үзээрэй)

4. Ехова үйлчлэгчдийнхээ залбиралд хариулдгийг бид хаанаас мэдэх вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Ехова үйлчлэгчдийнхээ залбиралд хариулсан олон тохиолдлыг бид Библиэс уншдаг. Та хэнийг санаж байна вэ? Жишээлбэл Давид хаан аюултай олон дайсантай нүүр тулж байсан бөгөөд Еховагаас нэг биш удаа тусламж гуйн залбирсан. Нэг удаа тэрбээр: «Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож, гуйлтад минь чих тавиач. Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!» хэмээн гуйжээ (Дуу. 143:1). Ехова залбиралд нь хариулж аварсан (1 Сам. 19:10, 18–20; 2 Сам. 5:17–25). Тиймээс Давид итгэлтэйгээр «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, ... ойр байдаг» гэжээ. Бид ч бас түүн шиг итгэлтэй байж болно (Дуу. 145:18).

Ехова Паулд тэвчих хүч хайрлан залбиралд нь хариулсан (5-р догол мөрийг үзээрэй)

5. Ехова урьд нь үйлчлэгчдийнхээ залбиралд үргэлж хүссэнээр нь хариулдаг байсан уу? Жишээ хэлнэ үү. (Бас зургийг үзээрэй).

5 Ехова залбиралд хүссэнээр маань хариулахгүй тохиолдол байдаг. Элч Паулд ч ийм юм тохиолдсон. Тэрбээр Бурхнаас махан биеийнх нь «өргөсийг» авч өгөхийг гуйж 3 удаа залбирсан. Ехова залбиралд нь хариулсан уу? Тийм ээ. Гэхдээ өөрийнх нь хүссэнээр хариулаагүй ээ. Ехова бэрхшээлийг нь арилгахын оронд өөрт нь үнэнч үйлчилсээр байх хүчийг өгсөн (2 Кор. 12:7–10).

6. Ехова яагаад заримдаа залбиралд маань хариулахгүй байгаа юм шиг санагддаг вэ?

6 Бид ч заримдаа хүссэнээсээ өөр хариу авдаг. Ехова бидэнд яаж туслахаа хамгийн сайн мэддэг гэдэгт бид итгэлтэй байдаг. Тэрбээр бүр «гуйж хүсдэг, бодож төсөөлдөг бүхнээс маань илүү ихийг ... хийдэг» (Эф. 3:20). Ийм учраас залбиралд маань бодоогүй цагт, төсөөлж байгаагүй аргаар хариулж болох юм.

7. Залбирлаа яагаад өөрчлөх хэрэг гардаг вэ? Жишээ хэлнэ үү.

7 Бид Еховагийн хүсэл тааллыг ойлгохлоороо залбирлаа өөрчлөх хэрэг гарч магадгүй. Мартин Пөтцингерийн жишээг бодож үзээрэй. Гэрлээд удаагүй байхдаа нацистын хорих лагерьт хоригдож байв. Эхнэртээ санаа тавихын зэрэгцээ дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхийн тулд хорих лагериас гарахад туслахыг эхэндээ гуйж залбирсан. Гэхдээ хоёр долоо хоног өнгөрсөн ч тэндээс гаргана гэсэн ямар нэгэн шинж тэмдгийг Ехова харуулаагүй. Тиймээс «Ехова, та намайг юу хийгээсэй гэж хүсэж байгаагаа мэдүүлээч» гэж залбирч эхэлсэн. Тэгээд лагерьт хоригдож байгаа ах дүүсийнхээ юуг тэсвэрлэж байгааг бодсон. Эхнэр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байгаа хүн олон байв. Мартин: «Ехова, шинэ даалгавар өгсөн танд баярлалаа. Ах дүүсээ хүчирхэгжүүлж, урамшуулахад туслаарай» гэж залбирав. Ийнхүү шинэ даалгавраа 9 жил биелүүлсэн.

8. Бид залбирахдаа ямар чухал зүйлийг санах хэрэгтэй вэ?

8 Ехова тогтоосон цагтаа санаа зорилгоо биелүүлдгийг санах хэрэгтэй. Хүмүүсийг зовоодог байгалийн гамшиг, өвчин, үхэл гэх мэтийг арилгах нь түүний зорилго юм. Ехова энэ зорилгоо Хаант төрийнхөө тусламжтайгаар биелүүлнэ (Дан. 2:44; Илч. 21:3, 4). Гэхдээ тэр цаг болтол энэ ертөнцийг захирахыг Сатанд зөвшөөрсөн (Ёох. 12:31; Илч. 12:9). b Хэрвээ Ехова хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг өнөөдөр арилгачихвал Сатан тодорхой хэмжээгээр сайн захирч байгаа мэт харагдана. Тиймээс бид Еховагийн зарим амлалт биелэхийг хүлээх хэрэгтэй нь үнэн. Энэ нь Ехова биднийг орхисон гэсэн үг биш, харин ч тусалдаг. Зарим аргыг нь авч үзье.

ӨНӨӨДӨР ЕХОВА ЗАЛБИРАЛД ХЭРХЭН ХАРИУЛДАГ ВЭ?

9. Шийдвэр гаргах хэрэгтэй үед Ехова бидэнд хэрхэн туслах вэ? Жишээгээр тайлбарлана уу.

9 Ехова бидэнд мэргэн ухаан өгдөг. Ехова бидэнд зөв шийдвэр гаргахад тустай мэргэн ухаан өгөхөө амласан. Цаашдын амьдралд нөлөөлдөг, тухайлбал ганц бие байх уу, гэрлэх үү зэрэг асуудлыг шийдвэрлэхэд Еховагийн мэргэн ухаан хэрэгтэй (Яак. 1:5). Мариа гэдэг ганц бие Гэрч эмэгтэйн жишээг ярилцъя. c Байнгын эхлэгчээр аз жаргалтай үйлчилж байхдаа нэг Гэрч залуутай танилцжээ. Тэрбээр: «Түүнтэй найзлах тусам нэг нэгэндээ улам бүр татагдаж байв. Би шийдвэр гаргах хэрэгтэй болсноо ойлгоод маш удаан, шаргуу залбирсан. Еховагийн удирдамж хэрэгтэй байсан ч миний өмнөөс шийдвэр гаргахгүйг ч ойлгож байв» гэжээ. Тэрбээр Ехова залбиралд нь хариулсныг мэдэрсэн. Яаж? Байгууллагын хэвлэлийг судлаад, асуултуудынхаа хариуг авчээ. Мөн Еховад үнэнч үйлчилдэг ээжийнхээ зөвлөгөөг дагаж зүрх сэтгэлээ хянаж чадсан. Эцэст нь зөв шийдвэр гаргажээ.

Ехова бидэнд тэвчих хүчийг хэрхэн өгдөг вэ? (10-р догол мөрийг үзээрэй)

10. Филиппой 4:13-т бичсэнээр Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн тусалдаг вэ? Жишээ хэлнэ үү. (Бас зургийг үзээрэй).

10 Ехова бидэнд тэвчих хүч хайрладаг. Ехова элч Паулыг хүчирхэгжүүлсний адил бидэнд ч сорилтыг тэвчих хүч хайрлана (Филиппой 4:13-ыг уншина). Бенжамин гэдэг эрэгтэйд хүнд бэрхшээлийг давахад нь Ехова хэрхэн тусалсныг бодъё. Залуу насныхаа ихэнх үеийг гэр бүлийнхэнтэйгээ Африк дахь дүрвэгсдийн хуаранд өнгөрөөжээ. Бенжамин: «Би Еховад байнга залбирч, түүнд таалагдах юм хийх хүч өгөхийг гуйдаг байв. Ехова миний залбиралд хариулсан. Намайг тайвшруулж, цаашид ч дэлгэрүүлэх эр зоригтой болгосон. Бас өөртэй нь дотносоход тус болох ном хэвлэл өгсөн. Ехова Гэрчүүдэд тэвчээртэй байхад нь хэрхэн тусалсныг бичсэн түүхийг уншаад үнэнч байх шийдвэр минь улам батажсан» гэжээ.

Ехова итгэл нэгтнүүдээр тань туслуулж байсан уу? (11, 12-р догол мөрийг үзээрэй) d

11, 12. Ехова залбиралд хариулахдаа бэлгэдлийн гэр бүлийнхнээр маань хэрхэн туслуулдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Ехова бэлгэдлийн гэр бүлийнхнээр маань туслуулдаг. Есүс амиа золиослохынхоо урд шөнө маш шаргуу залбирсан. Бурхныг доромжилсон гэж яллагдахаас ангижруулахыг гуйсан. Ехова яг энэ гуйлтыг нь биелүүлээгүй ч тэнгэр дэх гэр бүлээс нэг дүүг нь илгээж тэнхрүүлсэн (Лук 22:42, 43). Ехова бидэнд ч иймэрхүү аргаар тусалдаг. Жишээ нь ах дүүсийн маань хэн нэг нь утсаар ярих юм уу гэрт маань ирж урамшуулж болох юм. Бид ч итгэл нэгтнүүдээ ажиглаад «эелдэг үг» хэлж болохгүй нь юу билээ? (Сур. 12:25).

12 Мириам гэдэг Гэрч эмэгтэйн жишээг бодъё. Нөхөр нь нас бараад хэдэн долоо хоногийн дараа гэртээ ганцаараа байжээ. Гунигт автаж, сэтгэл нь хямарч, зогсоо зайгүй уйлж байсан түүнд ярилцах хэн нэгэн хэрэгтэй байв. Тэрбээр: «Би хүн руу залгах ч тэнхэлгүй байсан учраас Еховад залбирсан. Уйлаад залбирч байтал утас минь дуугарав. Нөхөр бид хоёртой найзалдаг нэг ахлагч ярьсан юм» гэжээ. Тэгээд тэр тайвширчээ. Ехова тусалсан гэдэгт Мириам итгэлтэй байв.

Ехова итгэгч бус хүнээр хэрхэн туслуулж болох вэ? (13, 14-р догол мөрийг үзээрэй)

13. Ехова өөрийг нь шүтдэггүй хүмүүсээр туслуулж залбиралд хариулсан жишээ хэлнэ үү.

13 Ехова өөрийг нь шүтдэггүй хүмүүсээр ч туслуулдаг (Сур. 21:1). Ехова заримдаа итгэгч бус хүнээр туслуулж ард түмнийхээ залбиралд хариулдаг. Жишээ нь Нехемиа Иерусалим хотыг сэргээн босгохын тулд тийшээ явахыг хүсжээ. Ехова удирдсан учраас Артаксеркс хаан Нехемиаг Иерусалим руу явахыг зөвшөөрсөн (Нех. 2:3–6). Өнөөдөр ч Ехова өөрийг нь шүтдэггүй хүмүүсээр бидэнд туслуулдаг.

14. Сү Хинд тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ? (Бас зургийг үзээрэй).

14 Ехова эмчээр нь туслуулсныг Сү Хин гэдэг Гэрч эмэгтэй ойлгожээ. Хэд хэдэн сэтгэцийн эмгэгтэй хүү нь аймшигтай осолд ороход тэрбээр нөхөртэйгөө ажлаасаа гарч хүүгээ асрахаар болов. Тиймээс тэднийх мөнгө төгрөгөөр гачигдаж эхлэв. Сү Хинд тэвчих ямар ч хүчгүй болсон мэт санагдсан. Тэрбээр сэтгэлээ уудлан Еховад залбирч тусламж гуйсан. Зөвлөх эмч нь тэдэнд туслах арга хайжээ. Тиймээс тэд засгийн газрын тусламжийг авч, боломжийн үнэтэй байранд орсон. Сү Хин: «Бид Еховагийн мутрыг харсан. Тэрбээр үнэхээр “залбирлыг сонсдог Нэгэн”» гэжээ (Дуу. 65:2).

ИТГЭЛТЭЙ ХҮН ЯМАР Ч ХАРИУГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ

15. Ехова залбиралд хариулдгийг нэг Гэрч эмэгтэй яаж мэдсэн бэ?

15 Ехова бидний залбиралд хариулдаг нь тэр бүр ил тод харагддаггүй. Гэхдээ өгсөн хариу нь тэнгэрийн Эцэгтээ үнэнч байхад яг хэрэгтэй хариу байдаг. Тиймээс залбиралд тань Ехова хэрхэн хариулж байгааг олж харахыг хичээгээрэй. Ёко гэдэг Гэрч эмэгтэйн залбиралд Ехова хариулахгүй байгаа юм шиг санагддаг байжээ. Тэгээд юу юу гуйснаа бичиж тэмдэглэдэг болов. Хэсэг хугацааны дараа тэмдэглэсэн зүйлээ хартал Ехова ихэнх залбиралд нь, тэр байтугай гуйгаад мартсан зүйлд нь ч хариулсныг ойлгосон. Бид ч үе үе цаг гаргаад Ехова залбиралд маань хэрхэн хариулж байгааг эргэцүүлэн бодох хэрэгтэй (Дуу. 66:19, 20).

16. Еховад итгэдгээ хэрхэн харуулах вэ? (Еврей 11:6).

16 Бид Еховад залбираад ямар ч хариу өгсөн түүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Еховад итгэдгийн шинж юм (Еврей 11:6-г уншина). Майк болон түүний эхнэр Крисси хоёрын тухай ярилцъя. Тэд Бетелд үйлчлэх зорилготой байв. Майк: «Бид 7 жилийн турш анкет бөглөсөн. Зорилгоо Еховад дандаа хэлдэг байсан. Гэвч биднийг ерөөсөө уриагүй» гэжээ. Гэхдээ ямар аргаар үйлчлүүлэхээ Ехова хамгийн сайн мэддэгт Майк Крисси хоёр итгэлтэй байв. Тэд хэрэгцээтэй газар байнгын эхлэгчээр үйлчилж, байгууллагын барилгын ажилд оролцон чадах бүхнээ хийсээр байв. Одоо тэд явуулын ажил хийдэг. Майк: «Ехова залбиралд маань тэр бүр бидний хүссэнээр хариулаагүй. Гэхдээ төсөөлөхийн аргагүй сайхан хариу өгсөн» гэжээ.

17, 18. Дуулал 86:6, 7-д бичсэнээр бид юунд итгэлтэй байх вэ?

17 Дуулал 86:6, 7-г уншина. Ехова залбирлыг нь сонсдог бөгөөд хариулдаг гэдэгт Дуулалч Давид итгэлтэй байсан. Та ч итгэлтэй байж болно. Энэ өгүүлэлд гарсан жишээнүүд Ехова тэвчих хүч, мэргэн ухаан өгдгийг баталдаг. Тэрбээр бэлгэдлийн гэр бүлийнхнээр юм уу өөрийг нь шүтдэггүй хүмүүсээр ч туслуулдаг.

18 Ехова залбиралд хүссэнээр маань хариулахгүй байж болох ч заавал хариу өгнө гэдгийг бид мэддэг. Тэрбээр бидэнд яг хэрэгтэй тусламжийг яг хэрэгтэй цагт өгдөг. Ехова танд өнөөдөр санаа тавина, мөн шинэ ертөнцөд «бүх амьтны хүслийг хангана» гэдэгт бат итгэлтэйгээр залбираад л байгаарай (Дуу. 145:16).

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Ехова өөрийнх нь хүсэл таалалд нийцсэн залбиралд маань хариулна гэж батлан хэлсэн. Бидэнд сорилт тулгарахад үнэнч байхад хэрэгтэй бүхнийг өгч тусална гэдэгт бид итгэлтэй байдаг. Ехова залбиралд хэрхэн хариулдгийг ярилцъя.

b Ехова Сатанд энэ ертөнцийг захирахыг яагаад зөвшөөрснийг мэдье гэвэл 2017 оны 6-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтэлсэн «Илүү чухал асуудлыг анхаарч явъя» гэсэн өгүүллийг үзээрэй.

c Зарим нэрийг өөрчлөв.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ээж охин хоёр өөр улсад дүрвэн иржээ. Итгэл нэгтнүүд нь тэднийг халуун дотноор угтан авч, хэрэгтэй тусламж үзүүлэхэд бэлэн байна.