Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

Библийг уншиж ач тусыг нь хүртэцгээе

Библийг уншиж ач тусыг нь хүртэцгээе

«Чи юу гэж ойлгодог вэ?» (ЛУК 10:26).

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

ТОЙМ a

1. Есүс Судрыг чухалчилдаг байсан нь юунаас харагддаг вэ?

 ЕСҮСИЙН сургаал айлдаж байгааг сонсоход ямар байсныг төсөөл дөө. Ариун Судраас хэчнээн олон удаа эш татсан билээ? Бүр цээжээр шүү! Үнэндээ Есүс баптисм хүртсэнийхээ дараа ч, нас барахынхаа өмнө ч Судраас эш татдаг байсан (Д.хууль 8:3; Дуу. 31:5; Лук 4:4; 23:46). b Мөн баптисм хүртсэнийхээ дараах 3,5 жилийн хугацаанд олны өмнө Библи уншиж, эсвэл эш татаж тайлбарладаг байв (Мат. 5:17, 18, 21, 22, 27, 28; Лук 4:16–20).

Есүс амьдралынхаа бүхий л хугацаанд Судрыг унших дуртай байсан бөгөөд уншсанаа ажил болгодог байсан (2-р догол мөрийг үзээрэй).

2. Есүс хүүхэд байхдаа Судрыг хэрхэн сайн мэддэг болсон бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

2 Есүс үйлчлэлээ эхлэхээсээ өмнөх он жилүүдэд Бурхны Үгийг уншиж, сонсдог байсан. Мариа Иосеф хоёр хүүхдүүдтэйгээ өдөр бүр ярилцахдаа Библиэс эш татдаг байсан нь эргэлзээгүй (Д.хууль 6:6, 7). c Амралтын өдөр бүр Есүс гэр бүлийнхэнтэйгээ хамт синагогт очдог байсан бололтой (Лук 4:16). Тэнд Судрыг унших үед анхааралтай сонсдог байсан байх. Яваандаа Есүс Ариун Судрыг өөрөө уншдаг болсон. Тиймээс Судрыг сайн мэдээд зогсохгүй унших дуртай болж, уншсанаа ажил болгодог болсон. Жишээ нь 12 настай байхад нь сүмд юу болсныг санаарай. Мосегийн хуулийг сайн мэддэг багш нар хуулийг «сайн ойлгодгийг, сайн хариулдгийг [нь] гайхан биширч байлаа» (Лук 2:46, 47, 52).

3. Энэ өгүүллээр бид юуны тухай үзэх вэ?

3 Бид ч Библийг тогтмол уншдаг бол Бурхны Үгийг мэддэг болоод зогсохгүй эрхэмлэнэ. Яавал уншсан зүйлийнхээ ач тусыг бүрэн хүртэх вэ? Хуулийн багш нар, фарисайчууд, садукайчууд зэрэг Хуулийг сайн мэддэг хүмүүст Есүс юу гэж хэлснээс сургамж авъя. Иудейн шашны удирдагчид Судрыг уншдаг байсан ч ач тусыг нь хүртдэггүй байв. Яагаад тэр вэ? Гурван шалтгааныг ярилцъя. Тэдэнд хэлсэн Есүсийн үгийг эргэцүүлэн бодвол 1) ойлгож унших, 2) эрдэнэс хайж унших, 3) Бурхны Үгний тусламжтайгаар хэлбэржихэд тустай.

ОЙЛГОЖ УНШИХ НЬ

4. Лук 10:25–29-д бичсэн зүйл Бурхны Үгийг унших талаар юуг ойлгуулдаг вэ?

4 Бид Бурхны Үгнээс уншсанаа ойлгох учиртай. Тэгэхгүй бол бүрэн ач тус хүртэхгүй. Есүс «Хуулийг сайн мэддэг нэгэн хүнтэй» хэрхэн ярилцсаныг жишээ болгон авч үзье (Лук 10:25–29-ийг уншина). Тэр хүн мөнх амьдрахын тулд яах хэрэгтэйг асуухад Есүс Бурхны үгэнд анхаарлыг нь хандуулан «Хуульд юу гэж бичсэн байдаг билээ? Чи юу гэж ойлгодог вэ?» гэж асуудаг. Тэгэхэд тэр хүн Судраас эш татаж Бурхныг болон хөршөө хайрлах ёстой гэж зөв хариулсан (Лев. 19:18; Д.хууль 6:5). Гэхдээ цааш нь юу гэж асуусныг нь анхаараарай. Тэрбээр «Хөрш гэж хэнийг хэлсэн бэ?» гэдэг. Эндээс, уншсан зүйлээ ойлгоогүй нь харагдаж байна. Тэгэхлээр Судраас уншсанаа амьдралдаа яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байсан нь лавтай.

Ойлгож унших чадвараа хөгжүүлэх боломжтой

5. Залбирах, яаралгүй тогтож унших нь ойлгоход яагаад тустай вэ?

5 Яаж уншвал Бурхны Үгийг сайн ойлгох вэ? Танд тус болох хэдэн зөвлөгөөг ярилцъя. Эхлээд, уншихаасаа өмнө залбираарай. Судрыг ойлгоход Еховагийн тусламж хэрэгтэй учраас анхаарлаа төвлөрүүлэхийн тулд агуу хүчийг гуйх нь чухал. Дараа нь яаралгүй тогтож уншаарай. Ингэх нь уншсан зүйлээ ойлгоход тустай. Түүнчлэн нүдээрээ харахаас гадна чангаар дуудаж уншихлаар өөрт нь сонсогдох учраас Бурхны Үг таны оюун ухаан, зүрх сэтгэлд гүн хоногшиход тустай байж болох юм (Иош. 1:8). Уншсаныхаа дараа дахин залбирч ийм бэлэг өгсөнд нь Еховад талархаж, уншсанаа ажил болгоход туслахыг гуйгаарай.

Товч тэмдэглэл хөтлөх нь уншсанаа ойлгоод мартахгүй байхад тустай гэхийн учир юу вэ? (6-р догол мөрийг үзээрэй)

6. Уншихдаа асуулт асууж, товч тэмдэглэх нь яагаад ач тустай вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Библийг ойлгоход тус болох бас хоёр зөвлөгөөг ярилцъя. Уншсан зүйлийнхээ талаар өөрөөсөө ийн асуугаарай. «Хэний тухай өгүүлж байна вэ? Хэн ярьж байна вэ? Хэнд хэлж байна вэ? Яагаад? Үйл явдал хаана, хэзээ болж байна вэ?». Эдгээр асуултын тусламжтайгаар уншсан зүйлээ эргэцүүлэн бодож, гол санааг ойлгож авна. Түүнчлэн уншихдаа товч тэмдэглээрэй. Ингэдэг бол бодол санаа цэгцтэй болж илүү тодорхой ойлгоно. Мөн бичих нь уншсан зүйлээ тогтооход тустай. Та асуултуудаа, судалснаа, гол санааг товч бичиж, уншсанаа өөрөө яаж хэрэгжүүлэх болон бусдад туслахад яаж хэрэглэхээ, эсвэл өөрт ямар санагдсанаа тэмдэглэж болох юм. Уншихдаа ийнхүү тэмдэглэдэг бол Бурхны Үг яг танд зориулсан юм шиг санагдана.

7. Библи уншихад ямар чадвар шаардлагатай вэ? Яагаад? (Матай 24:15).

7 Бурхны Үгнээс уншсанаа ойлгоход ямар чадвар шаардлагатайг Есүс хэлсэн. Энэ бол хэрсүү байх буюу ухаарах чадвар юм (Матай 24:15-ыг уншина). Ухаарах чадвар гэж юу вэ? Нэг санаа нөгөөтэйгөө яаж холбогдож байгааг, ямар ялгаатайг ойлгох болон ил харагдахгүй зүйлийг олж харах чадвар юм. Түүнээс гадна Есүсийн хэлснээс үзэхэд Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг ойлгохын тулд бид хэрсүү байх учиртай. Хэрсүү хүн бас Библиэс уншсан бүхнээсээ бүрэн ач тус хүртдэг.

8. Ухаарах чадвараа дайчлан уншихын тулд яах хэрэгтэй вэ?

8 Ехова үйлчлэгчдээ ухаарах чадвартай болгодог. Тиймээс энэ чадвараа хөгжүүлэхийн тулд Бурханд залбираарай (Сур. 2:6). Залбирсан бол яах вэ? Уншсан зүйлээ сайтар тунгааж, мэддэг зүйлтэйгээ холбож бодоорой. «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» зэрэг хэвлэлийг судалбал уншсан зүйлийнхээ утгыг ойлгож амьдралдаа яаж хэрэгжүүлэхээ мэдэж авна (Евр. 5:14). Ийнхүү ухаарах чадвараа дайчилдаг бол Библийг улам сайн ойлгоно.

ЭРДЭНЭС ХАЙЖ УНШИХ НЬ

9. Садукайчууд Библид байдаг ямар чухал үнэнийг ойлгоогүй вэ?

9 Садукайчууд Еврей Судрын эхний 5 номыг их сайн мэддэг ч Бурхны агуу хүчээр удирдуулан бичүүлсэн чухал үнэнийг ойлгодоггүй байсан. Жишээлбэл садукайчууд Есүсийг сорьж амилалтын тухай асуухад юу гэж хариулсныг анхааръя. Тэрбээр: «Бутны тухай дурдсан Мосегийн номыг та нар уншаагүй юм уу? Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээсэн» гэжээ (Марк 12:18, 26). Хэдийгээр садукайчууд үүнийг олон удаа уншсан ч Библид байдаг чухал үнэн буюу амилах тухай сургаалыг ойлгоогүйг Есүсийн үг баталдаг (Марк 12:27; Лук 20:38 d).

10. Бид Библийг уншихдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

10 Дээр бичсэнийг бодож үзвэл бид уншихдаа юуг анхаарах вэ? Библийн зүйл юм уу түүхээс сургамж болох бүх юмыг анхаарч унших учиртай. Библийн үндсэн сургаалыг мэдээд зогсохгүй Бурхны Үгэн дэх нуугдмал зарчмууд болон үнэнийг олоод цаад учрыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.

11. 2 Тимот 3:16, 17-д бичсэнээр яавал Библиэс эрдэнэс олох вэ?

11 Библи уншихдаа эрдэнэсийг хэрхэн хайх вэ? 2 Тимот 3:16, 17 юу гэж бичсэнийг бодож үзье (уншина). Энд «Судар бүр 1) заах, 2) зэмлэх, 3) залруулах, ... 4) сахилгажуулахад тустай» гэснийг анхаараарай. Тэгэхээр та байнга уншаад байдаггүй Библийн номоос ч дээр дурдсан дөрвөн ач тусыг хүртэх боломжтой. Библиэс уншсан зүйлүүд Ехова, түүний санаа зорилго, Библийн зарчмын талаар юу зааж байгааг сайтар эргэцүүлэн бодоорой. Библийн энэ зүйлүүд өөрийг тань хэрхэн зэмлэхийг эргэцүүлээрэй. Өөрөөр хэлбэл буруу сэдэл хандлагаа мэдэж аваад өөрчлөхөд болон үнэнч хэвээрээ байхад энэ Библийн зүйлүүд ямар ач тустайг бодоорой. Дэлгэрүүлэхэд тааралдсан зэрэг хүний буруу үзлийг залруулахад энэ зүйлүүдийг хэрхэн ашиглахыг бас бодоод судлаарай. Еховатай адил үзэл бодолтой болохын тулд Библийн энэ зүйлийн тусламжтайгаар өөрийгөө хэрхэн сахилгажуулахыг тунгаагаарай. Эдгээр дөрвөн ач тусыг үргэлж боддог бол Библиэс уншсан хэсгээсээ эрдэнэс олж чадна.

БУРХНЫ ҮГНИЙ ТУСЛАМЖТАЙГААР ХЭЛБЭРЖИХ НЬ

12. Есүс яагаад фарисайчуудаас «Та нар уншаагүй юм уу?» гэж асуусан бэ?

12 Есүс Судрын талаарх фарисайчуудын буруу ойлголтыг илчлэхийн тулд бас «Та нар уншаагүй юм уу?» гэж асуусан (Мат. 12:1–7) e. Тэр үед фарисайчууд Есүсийн шавь нарыг амралтын өдрийн хуулийг зөрчсөн гэсэн. Тэгэхэд нь Есүс амралтын өдрийн хуулийг буруу ойлгодгийг болон хүмүүсийг энэрэхийг хүсдэггүйг нь илчлэхийн тулд Библиэс хоёр жишээ дурдаж, Хосеа номоос эш татдаг. Бурхны Үгийг уншдаг тэд яагаад өөрчлөгдөөгүй буюу хэлбэржээгүй юм бэ? Учир нь тэд Библи уншдаг ч бардам зантай, шүүмжлэх хандлагатай хүмүүс байжээ. Тиймээс ч уншсан зүйлээ ойлгодоггүй байв (Мат. 23:23; Ёох. 5:39, 40).

13. Библи уншихдаа ямар хандлагатай байх хэрэгтэй вэ? Яагаад?

13 Есүсийн үгнээс Библийг уншихдаа зөв хандлагатай байх хэрэгтэйг мэдэж авлаа. Бид фарисайчуудыг дуурайлгүй даруу, сурах гэсэн хандлагатай байх учиртай. Бурхан «үгээ сэтгэлд тань хоногшуулахад даруухнаар хүлээж авах» ёстой (Яак. 1:21). Даруу байвал Бурхны Үг зүрхэнд гүн хоногшино. Шүүмжлэх хандлагаа гээж, бардам биш болсон цагт л энэрэл, өрөвч сэтгэл, хайрын тухай бичсэн Библийн зүйл бидэнд нөлөөлнө.

Бурхны Үгийн дагуу өөрчлөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? (14-р догол мөрийг үзээрэй) f

14. Библийн тусламжтайгаар хэлбэржиж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Хүмүүстэй хэрхэн харьцдаг маань Бурхны Үгийг уншаад хэрхэн өөрчлөгдсөн эсэхээ харуулдаг. Фарисайчууд Бурхны Үгийг зүрх сэтгэлээрээ хүлээж аваагүй учраас «гэмгүй хүмүүсийг буруушаа[даг]» байсан (Мат. 12:7). Үүнтэй адилаар бусдыг хэрхэн үздэг, яаж харьцдагаас Бурхны Үгээр хэлбэржсэн эсэх маань харагддаг. Жишээлбэл бид ер нь бусдын сайн талыг ярьдаг уу, эсвэл дутагдлыг нь ярих гээд байдаг уу? Энэрч уучилдаг уу, эсвэл шүүмжилж, гомдлоо тээгээд явдаг уу? Эдгээр асуултаар өөрийгөө шалгавал бодол санаа, сэтгэл мэдрэмж, үйл хэргээ Библийн зүйлээр хэлбэржүүлдэг эсэхээ мэдэж авна (1 Тим. 4:12, 15; Евр. 4:12).

БУРХНЫ ҮГИЙГ УНШДАГ ХҮН ЖАРГАЛТАЙ

15. Есүс Ариун Судрын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

15 Есүс Ариун Судрыг эрхэмлэдэг байсныг Дуулал 40:8 дахь зөгнөлийн үгнээс мэдэж болно. Тэнд «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» гэжээ. Тиймээс тэрбээр аз жаргалтай байж, Еховад үйлчилсээр байсан. Бид ч Бурхны Үгийг уншиж эрхэмлэдэг болбол аз жаргалтай байж, Еховад үйлчилсээр байна (Дуу. 1:1–3).

16. Та Бурхны Үгийг уншиж ач тусыг нь бүрэн хүртэхийн тулд яая гэж бодож байна вэ? ( «Уншсанаа ойлгоход Есүсийн үг тустай» гэсэн хавсралтыг үзээрэй).

16 Есүсийн хэлсэн үг болон үлдээсэн жишээнээс Библийг яаж унших ёстойг ойлгож авлаа. Бид залбирч, яаралгүй тогтон уншиж, асуулт асууж, товч тэмдэглэл хөтөлдөг бол уншсанаа илүү сайн ойлгоно. Библид үндэслэсэн хэвлэлийн тусламжтайгаар уншсан зүйлээ нямбай судалдаг бол ухаарах чадвараа дайчилж байгаа хэрэг. Уншсан зүйлээсээ нуугдмал эрдэнэсийг хайдаг бол тэр болгон уншаад байдаггүй Библийн зүйлийг ч илүү үр дүнтэй ашиглаж чаддаг болно. Бас уншихдаа зөв хандлагатай байвал Бурхны Үг биднийг хэлбэржүүлнэ. Энэ бүхнийг ажил болговол Библиэс уншсаныхаа ач тусыг бүрэн хүртэж, Еховатай улам бүр дотносно (Дуу. 119:17, 18; Яак. 4:8).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

a Бид бүгдээрээ Еховаг шүтдэг учраас Бурхны Үгийг өдөр бүр уншихыг хичээдэг. Библийг уншдаг өөр олон хүн байдаг ч үнэндээ ихэнх нь юу уншиж байгаагаа ойлгодоггүй. Есүсийн үед ч тийм хүмүүс байсан. Есүс Библи уншигчдад юу хэлснийг эргэцүүлэн бодвол уншсаныхаа ач тусыг бүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэйгээ мэдэж авна.

b Есүс баптисм хүртэж агуу хүчээр тослогдохдоо хүн болохоосоо өмнөх үеэ санасан бололтой (Мат. 3:16).

c Мариа Судрыг сайн мэддэг, эш татдаг байсан (Лук 1:46–55). Иосеф Мариа хоёр Ариун Судрын хуулбарыг худалдаж авах боломжгүй байсан бололтой. Тиймээс Бурхны Үгийг ой тойндоо оруулахын тулд синагогт очиж, уншихыг нь анхааралтай сонсдог байсан байх.

d «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005 оны 5-р сарын 1-ний дугаарын «Хэн хэн дахин амилах вэ?» өгүүллийн 1, 2-р догол мөрийг үзээрэй.

e Мөн Матай 19:4–6-г үзээрэй. Тэнд Есүс фарисайчуудаас «Та нар уншаагүй юм уу?» гэж бас асуусан байдаг. Тэд бүтээлийн тухай түүхийг уншсан атлаа гэрлэлтийн талаарх Бурхны үзэл бодлыг ойлгоогүй.

f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Танхимд болж буй цуглааны үеэр дуу чимээ, дүрс бичлэг хариуцаж буй Гэрч эрэгтэй хэд хэдэн алдаа гаргажээ. Гэхдээ Гэрч эрчүүд түүний алдааг анхаарахын оронд хичээл зүтгэл гаргасныг нь цуглааны дараа магтаж байна.