Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 47

Бие биеэ үргэлж халуун сэтгэлээр хайрлахын тулд яах вэ?

Бие биеэ үргэлж халуун сэтгэлээр хайрлахын тулд яах вэ?

«Бие биеэ хайрлаж явцгаая. Яагаад гэвэл хайр нь Бурхнаас эхтэй» (1 ЁОХ. 4:7).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМ a

1, 2. а) Элч Паул хайрыг яагаад «хамгийн агуу нь» гэсэн бэ? б) Ямар асуултуудыг ярилцах вэ?

 ЭЛЧ Паул итгэл, найдвар, хайрын тухай ярихдаа «эдгээрээс хамгийн агуу нь хайр» гэж дүгнэсэн (1 Кор. 13:13). Яагаад? Шинэ ертөнцөд Бурхны бүх амлалт биелэх цагт амлалтад нь итгэж, найдах шаардлагагүй болно. Гэхдээ Еховаг, хүмүүсийг үргэлж хайрлах учиртай. Бид хайраа мөнхөд лавшруулсаар байх болно.

2 Хайр хэзээ ямагт чухал учраас энэ тухай дараах 3 асуултыг ярилцъя. Нэгдүгээрт, яагаад бие биеэ хайрлах ёстой вэ? Хоёрдугаарт, бие биеэ хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ? Гуравдугаарт, үргэлж халуун сэтгэлээр хайрлахын тулд яах вэ?

ЯАГААД БИЕ БИЕЭ ХАЙРЛАХ ЁСТОЙ ВЭ?

3. Нэг нэгнээ хайрлах ямар шалтгаан байдаг вэ?

3 Бие биеэ хайрлах нь яагаад чухал вэ? Олон шалтгаан байдаг. Жишээ нь хайр бол Христийн жинхэнэ дагалдагчдыг таних гол шинж юм. Есүс элч нартаа «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэж хэлжээ (Ёох. 13:35). Бас хайрын ачаар эв нэгдэлтэй байдаг. Паул хайрыг «эв нэгдлийн төгс холбоос» гэсэн (Кол. 3:14). Бас өөр нэг чухал шалтгаан бий. Элч Ёохан итгэл нэгтнүүддээ «Бурхныг хайрладаг хүн ах дүүгээ ч хайрлах ёстой» гэж бичжээ (1 Ёох. 4:21). Бид нэг нэгнээ хайрладаг бол Бурхнаа хайрладгаа батална.

4, 5. Бурхныг, бусдыг гэсэн хайр маань хоорондоо холбоотойг жишээгээр тайлбарлана уу.

4 Бурхныг болон ах дүүгээ хайрлах хайр хоорондоо ямар холбоотой вэ? Үүнийг ойлгохын тулд зүрх маань бусад эрхтэнтэй ямар холбоотойг нэг жишээгээр бодож үзье. Эмч бугуйн судасны цохилт хэр хүчтэй эсвэл сул байгааг шалгаад зүрхний талаар зарим мэдээллийг авдаг. Үүнээс хайрын талаар юу ойлгож болох вэ?

5 Эмч судасны цохилтоос зүрх хэрхэн ажиллаж байгааг мэдэж авдаг шиг бусдыг гэсэн хайраасаа Бурхныг хэр хайрладгаа мэдэж болно. Хэрэв итгэл нэгтнүүдээ гэсэн хайр маань хөрж байгааг анзаарвал Бурхныг хайрлах хайр маань ч хөрж байгаагийн шинж юм. Харин тэднийгээ үргэлж хайрладаг бол Бурхнаа ч халуун сэтгэлээр хайрлаж буйн шинж.

6. Ах дүүгээ гэсэн хайр маань хөрж байвал тоохгүй байж болохгүйн учир юу вэ? (1 Ёохан 4:7–9, 11).

6 Ах дүүгээ гэсэн хайр маань хөрж байвал тоохгүй байж огт болохгүй. Яагаад? Энэ нь Еховагаас холдож буйн шинж юм. Элч Ёохан: «Харж байгаа ах дүүгээ хайрладаггүй бол, харж байгаагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» гэж тодорхой хэлжээ (1 Ёох. 4:20). Үүнээс бид юу ойлгох вэ? Еховад таалагдъя гэвэл бид «бие биеэ хайрлах» ёстой (1 Ёохан 4:7–9, 11-ийг уншина).

БИЕ БИЕЭ ХАЙРЛАДГАА ХЭРХЭН ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

7, 8. Нэг нэгнээ хайрладгаа илэрхийлэх ямар арга байдаг вэ?

7 Бурхны Үгэнд «бие биеэ хайрла» гэсэн тушаалыг олон удаа бичсэн байдаг (Ёох. 15:12, 17; Ром 13:8; 1 Тес. 4:9; 1 Петр 1:22; 1 Ёох. 4:11). Хайр нь зүрхнээс гардаг мэдрэмж бөгөөд нүдэнд ил харагддаггүй. Тэгвэл бие биеэ гэсэн хайраа хэрхэн илэрхийлэх вэ? Үгээрээ болон үйлдлээрээ.

8 Ах дүүгээ хайрладгаа илэрхийлэх олон арга бий. Заримыг нь дурдъя. «Нэг нэгэндээ үнэнийг хэл» (Зех. 8:16). «Бие биетэйгээ эвтэй бай» (Марк 9:50). «Ах дүүгээ өөрөө эхлээд хүндэл» (Ром 12:10). «Бие биеэ хүлээн ав» (Ром 15:7). «Бие биеэ ... уучилж бай» (Кол. 3:13). «Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж бай» (Гал. 6:2). «Бие биеэ тайвшруулж бай» (1 Тес. 4:18). «Бие биеийнхээ урам зоригийг бадраа» (1 Тес. 5:11). «Бие биеийнхээ төлөө залбир» (Яак. 5:16).

Зовлон амсаж буй итгэл нэгтэндээ хэрхэн тус дэм болох вэ? (7–9-р догол мөрийг үзээрэй)

9. Бусдыг тайвшруулах нь хайраа илэрхийлэх чухал арга гэж яагаад хэлж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Дээр дурдсан хайраа илэрхийлэх аргуудаас нэгийг нь бодож үзье. Паул: «Бие биеэ тайвшруулж байгаарай» гэж зөвлөсөн. Бусдыг тайвшруулах нь хайраа илэрхийлэх чухал арга гэж яагаад хэлж болох вэ? Библийн нэгэн судлаачийн бичсэнээр, Паулын ашигласан «тайвшруулах» гэдэг үг нь «хүнд хэцүү сорилтод орсон хүнийг урамшуулахын тулд дэргэд нь байх» гэсэн утгатай. Тиймээс зовж яваа итгэл нэгтнээ тайвшруулбал тэрбээр өндийн босож амийн замаар тууштай явж чадна. Та ах дүүдээ сэтгэлийн дэм өгөх болгонд тэднийгээ хайрладгаа мэдрүүлнэ (2 Кор. 7:6, 7, 13).

10. Өрөвдөх тайвшруулах хоёр хоорондоо ямар холбоотой вэ?

10 Өрөвдөх тайвшруулах хоёр хоорондоо нягт холбоотой. Яагаад? Өрөвч сэтгэлтэй хүн зовлонд унасан нэгнийг тайвшруулж, зовлонг нь нимгэлэхийг хүсдэг. Тиймээс эхлээд өөрийн эрхгүй өрөвдөж, тэгээд тайвшруулдаг. Ехова биднийг хэрхэн өрөвддөг, тайвшруулдаг нь хоорондоо ямар холбоотойг Паул тайлбарласан. Тэрбээр Еховаг «энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан» гэжээ (2 Кор. 1:3). Энд Паулын ашигласан «энэрч өршөөх» гэдэг үг нь өрөвдөх гэсэн утгатай. Тэгэхлээр хүмүүсийг чин сэтгэлээсээ энэрдэг Бурхан маань өрөвч сэтгэлийн Эх булаг юм. Өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн «ямар ч зовлон тохиолдоход» биднийг тайвшруулдаг (2 Кор. 1:4). Булгийн цэнгэг ус цангасан хүнийг сэргээдэг шиг Ехова зовж буй хүнийг тайвшруулж, сэргээдэг. Бид Еховаг хэрхэн дуурайх вэ? Нэг арга нь бусдыг өрөвдөж, тайвшруулахад тустай зан чанарыг хөгжүүлэх юм. Энэ нь ямар зан чанар вэ?

11. Колосай 3:12 болон 1 Петр 3:8-д бичсэнээр бусдыг үргэлж хайрлаж, тайвшруулахын тулд яах хэрэгтэй вэ?

11 Бид үргэлж бие биеэ хайрлаж, «тайвшруулж байхын» тулд яах вэ? Бие биеэ гэсэн сэтгэл, ах дүү шигээ хайрлах хайр, сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй (Колосай 3:12; 1 Петр 3:8-ыг уншина). Эдгээр нь яагаад тустай вэ? Ах дүүгээ өрөвдөж, тэднийгээ гэсэн сэтгэлтэй болбол зовж буй нэгнийгээ тайвшруулах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Есүс: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг. Сайн хүний зүрх сэтгэл сайн юмаар дүүрэн байдаг» гэжээ (Мат. 12:34, 35). Шаардлагатай үед нь ах дүүгээ тайвшруулах нь хайрладгаа илэрхийлэх чухал аргуудын нэг яах аргагүй мөн.

БИЕ БИЕЭ ҮРГЭЛЖ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ХАЙРЛАХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

12. а) Бид яагаад болгоомжлох хэрэгтэй вэ? б) Одоо ямар асуултыг ярилцах вэ?

12 Бид бүгд «бие биеэ хайрлаж явахыг» хичээдэг (1 Ёох. 4:7). Гэхдээ Есүсийн «Ихэнх хүний хайр хөрнө» гэж анхааруулсныг санаж явах нь чухал (Мат. 24:12). Шавь нар нь бие биеэ хайрлахаа болино гэж Есүс хэлээгүй. Харин бид эргэн тойрныхоо хайр илэрхийлдэггүй хүмүүсийн нөлөөнд автахаас болгоомжлох хэрэгтэй. Үүнийг санангаа дараах чухал асуултыг ярилцъя. Ах дүүгээ халуун сэтгэлээр хайрлаж байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ?

13. Ах дүүгээ хайрладаг эсэх маань ямар үед соригддог вэ?

13 Зарим асуудалд хэрхэн хандаж байгаагаас итгэл нэгтнээ жинхэнэ ёсоор хайрладаг эсэх маань мэдэгдэнэ (2 Кор. 8:8). Жишээ нь элч Петр: «Хамгийн гол нь, бие биеэ халуун сэтгэлээр хайрла. Учир нь хайр тоо томшгүй нүглийг далдалдаг» гэж бичжээ (1 Петр 4:8). Тэгэхлээр ах дүүс маань алдаа гаргах юм уу биднийг гомдооход чин сэтгэлээсээ хайрладаг эсэх маань соригдоно.

14. 1 Петр 4:8-д бичсэнээр хэрхэн хайрлах ёстой вэ? Жишээгээр тайлбарлана уу.

14 Петрийн хэлсэн үгийг дэлгэрэнгүй авч үзье. 8-р зүйлийн эхэнд «халуун сэтгэлээр хайрлах» хэрэгтэй гэсэн. Петрийн ашигласан «халуун сэтгэл» гэж орчуулдаг үг нь «сунгах» гэсэн утгатай. Уг зүйлийн дараагийн хэсэгт халуун сэтгэлээр хайрладаг хүн ах дүүсийнхээ нүглийг далдалдаг гэж бичжээ. Маш их толботой ширээг төсөөлөөрэй. Сунадаг материалтай бүтээлгийг хоёр талаас нь татасхийгээд бүтээвэл ширээн дээрх ганц хоёр ч биш, бүх толбыг далдална. Үүн шиг бид итгэл нэгтнээ гэсэн хайраа «сунгавал» нэг хоёр биш, «тоо томшгүй нүглийг далдлах» буюу уучилж чадна.

15. Итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрладаг бол яаж чадах вэ? (Колосай 3:13).

15 Бид итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрлаж, уучилж чадмааргүй санагдсан үед ч уучилдаг байх ёстой (Колосай 3:13-ыг уншина). Бусдыг уучилбал хайр маань чин сэтгэлийнх гэдгийг, мөн Еховад таалагдахыг хүсдэгээ батална. Бусдын алдааг уучилж, дургүйг маань хүргэсэн хүнд гомдохгүй байхын тулд өөр яах вэ?

Сайхан гарсан зургийг хадгалж, муухайг нь устгадаг шиг бид итгэл нэгтнүүдийнхээ талаарх сайхан дурсамжийг нандигнаж, мууг нь мартдаг (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16, 17. Бусдын ялихгүй алдааг хэрхэн тоохгүй байх вэ? Жишээгээр тайлбарлана уу (Бас зургийг үзээрэй).

16 Ах дүүсийнхээ муу талыг бус сайныг нь анхаараарай. Үүнийг жишээгээр бодъё. Та итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, хөгжилдөөд сүүлд нь хамтдаа зургаа авхуулсан. Бүгд сайхан гараасай гэсэндээ 1 удаа бус, 3 удаа зураг дарсан. Тэгсэн нэг залуу хоёр дахь зурган дээр хөмсгөө зангидаад гарчихсан байлаа. Та тийм зургийг яах вэ? Устгах нь ойлгомжтой. Учир нь нөгөө хоёр зураг дээр бүгдээрээ инээмсэглэн сайхан гарчээ.

17 Эдгээр зургийг дурсамжтай зүйрлэе. Бидэнд ах дүүтэйгээ хөгжилдөн өнгөрүүлсэн сайхан дурсамж олон байдаг. Гэхдээ итгэл нэгтэн тань таныг гомдоох юм хэлсэн, эсвэл хийсэн байж болох юм. Ийм дурсамжийг яах нь зүйтэй вэ? Зургийг устгахтай адил мартаж болохгүй нь юу билээ? (Сур. 19:11; Эф. 4:32). Итгэл нэгтнийхээ талаар олон сайхан дурсамжтай учраас ялихгүй алдааг нь мартаж болно шүү дээ. Харин бид сайхан дурсамжуудаа үргэлж санаж, нандигнахыг хүсдэг.

ӨНӨӨДӨР ХАЙР БҮР Ч ЧУХАЛ ГЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?

18. Энэ өгүүллээр бусдыг хайрлах талаар юу мэдэж авсан бэ?

18 Бид яагаад бие биеэ үргэлж халуун сэтгэлээр хайрлахыг хүсдэг вэ? Энэ өгүүллээр үзсэнчлэн ах дүүгээ хайрладаг бол Еховаг хайрлаж байгаа хэрэг. Тэгвэл итгэл нэгтнүүдээ хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ? Нэг арга нь тайвшруулах юм. Өрөвч сэтгэлдээ хөтлөгдвөл үргэлж «бие биеэ тайвшруулж» чадна. Бие биеэ үргэлж халуун сэтгэлээр хайрлахын тулд яах вэ? Ах дүүсийнхээ алдаа дутагдлыг уучлахад амаргүй санагдсан үед ч уучилж байгаарай.

19. Өнөөдөр хайр бүр ч чухал гэхийн учир вэ?

19 Өнөөдөр хайр яагаад бүр ч их чухал вэ? Үүний шалтгааныг Петр ийн хэлсэн. «Бүх юмны төгсгөл ойртжээ. Тиймээс ... бие биеэ халуун сэтгэлээр хайрла» (1 Петр 4:7, 8). Бузар муу энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам бидэнд юу тохиолдох вэ? Есүс дагалдагчдадаа «Миний нэрнээс болж бүх үндэстэн та нарыг үзэн ядна» гэж хэлжээ (Мат. 24:9). Бид үзэн ядагдсан ч Еховад үнэнч байхын тулд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Ингэдэг бол биднийг хагалан бутаргах гэсэн Сатаны оролдлого талаар болно. Учир нь хайр бол «эв нэгдлийн төгс холбоос юм» (Кол. 3:14; Флп. 2:1, 2).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

a Өнөөдөр ах дүүгээ хайрлах нь хэзээ хэзээнээс илүү чухал. Яагаад тэгж хэлж болох вэ? Бие биеэ улам их хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ?