Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Еховагаар замаа заалгаж ирсэн минь

Еховагаар замаа заалгаж ирсэн минь

БИ АНХ 16-тайдаа юу хийж амьдрахаа өөрөө шийдэж, дуртай ажилдаа ороод сайхан байлаа. Гэвч Ехова өөр зам байгааг ойлгуулсан. «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө» гэж надад хэлж байгаа мэт санагдсан (Дуу. 32:8). Еховагаар замаа заалгаж явсаар гайхалтай олон ивээл хүртсэн. Африкт очиж 52 жил үйлчилсэн минь эдгээр ивээлийн нэг юм.

АНГЛИЙН ХАР УТААТАЙ ГАЗРААС «АФРИКИЙН ХАЛУУН ЗҮРХ» РҮҮ

Би 1935 онд Английн «Хар нутаг» гэгддэг газрын Дарластонд төрсөн. Энд цутгамлын болон өөр олон үйлдвэр байдаг байсан учраас нил хар утаа байв. Иймээс ч «Хар нутаг» гэдэг байжээ. Намайг 4-тэй байхад аав ээж маань Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаж эхэлсэн. Би дунд ангийн сурагч байхдаа үнэнд итгэсэн бөгөөд 1952 онд 16-тайдаа баптисм хүртсэн.

Тэр үед би машины моторын сэлбэг болон багаж хэрэгсэл хийдэг нэг том үйлдвэрийн худалдааны хэлтэст дагалдангаар ажиллаж эхэлсэн. Яваандаа намайг үйлдвэрийн нарийн бичгийн даргын ажилд сургасан. Энэ ажил надад их таалагддаг байв.

Гэтэл би нэг чухал шийдвэр гаргах хэрэгтэй болов. Явуулын хариуцагч надад Вилленхолл дахь өөрийнхөө хурлын, ажлын өдөр болдог ном судлалын цуглааныг удирдаарай гэсэн. Тэр үед би гэрээсээ 32 километр хол байдаг Бромсгроувд ажилладаг байв. Тиймээс ажлын өдөр тэндээ цуглаанд сууж, харин амралтын өдөр гэртээ харьж Вилленхолл дахь өөрийнхөө хуралд суудаг байв. Тийм учраас шийдвэр гаргахад амаргүй байлаа.

Еховагийн байгууллагыг дэмжихийг хүсээд би явуулын хариуцагчийн саналыг хүлээж авсан. Тиймээс дуртай ажлаасаа гарах хэрэгтэй болов. Би Еховагаар замаа заалгахаар шийдсэндээ хэзээ ч харамсдаггүй. Харин ч аз жаргалтай амьдрах замд оров.

Бромсгроувын цуглаанд явдаг байхдаа Еховад үйлчлэхийг анхаардаг Энн гэдэг сайхан бүсгүйтэй танилцав. Бид 1957 онд гэрлэж үүнээс хойш хамтдаа байнгын болон тусгай эхлэгчээр үйлчилж, явуулын ажил хийж, бас Бетелд үйлчилсэн. Энн амьдралын минь баяр баясгалан билээ.

1966 онд бид Гилеад сургуулийн 42-р ангид сураад бөөн баяр хөөр болсон. Төгсөөд Малавид томилогдов. Хүмүүс нь маш их сайхан сэтгэлтэй, зочломтгой учраас Малавийг «Африкийн халуун зүрх» гэдэг ажээ. Гэхдээ тэнд удаан үйлчилж чадахгүй гэдгээ мэдээгүй.

ЭГЗЭГТЭЙ ҮЕД МАЛАВИД ҮЙЛЧИЛСЭН НЬ

Малавид явуулын ажил хийж байхдаа унаж байсан жийп машин

Бид Малавид 1967 оны 2 сарын 1-нд ирсэн. Нэг сар хэлээ эрчимтэй заалгаад ажилдаа ханцуй шамлан оров. Хаа сайгүй явдаг, бүр гол туулж чаддаг жийп байгаа гэхээр нь тийм жийптэй болсон. Гэхдээ энэ нь худлаа байлаа. Хамгийн гүехэн газраар л гарна. Борооны улиралд брезентээр хучсан шавар овоохойд заримдаа хононо. Миссионерын ажил маань иймэрхүү янзтай эхэлсэн ч үүндээ үнэхээр дуртай байсан!

Удахгүй Малавид төвөгтэй асуудал гарах гэж байгааг би 4 сард мэдсэн. Малавийн ерөнхийлөгч, доктор Хастингс Банда радиогоор, Еховагийн Гэрчүүд татвар төлдөггүй, засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулдаг гэж мэдэгдсэн. Энэ нь мэдээж худлаа шүү дээ. Бид улс төрийн асуудлаар төвийг сахиж, ялангуяа намын батлах худалдаж авахыг шаардахад авдаггүй учраас ийм асуудал үүссэн.

Ерөнхийлөгч итгэл нэгтнүүдийг маань хаа сайгүй төвөг учруулдаг гэж буруутгасныг би 9 сард сониноос уншсан. Тэрбээр улс төрийн нэг чуулга уулзалтын үеэр засгийн газраас Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаанд хориг тавих тогтоолыг нэн даруй гаргах гэж байгаагаа хэлсэн. Тэгээд 1967 оны 10 сарын 20-нд манай үйл ажиллагааг албан ёсоор хориглов. Удалгүй салбарыг хааж, миссионеруудыг албадан гаргах гэж цагдаагийнхан, гадаадын иргэнийг хариуцсан албаныхан салбар дээр ирсэн.

1967 онд эхнэр бид хоёрыг миссионер хос Жак Линда хоёртой баривчилж Малавигаас албадан гаргаж байгаа нь

Биднийг гурван хоног шоронд хорьсны эцэст Британийн колони байсан Марвики руу албадан гаргасан. Гэвч тэндхийн эрх баригчид нутагт нь хөл тавихыг ч зөвшөөрөөгүй. Тиймээс биднийг Родези, одоогийн Зимбабвед томилсон. Тэнд очтол нэг ширүүн зантай офицер нутагтаа оруулахаас бас татгалзаж, «Та нар Малавигаас хөөгдсөн. Марвикид орж чадаагүй. Тэгээд манайхыг амархан оруулчихна гэж бодоод энд ирж байна уу?» гэсэн. Энн уйлж гарав. Тэр үед хэнд ч хэрэггүй юм шиг санагдсан. Шууд л гэр лүүгээ, Англи руу буцах юм сан гэж бодсон. Тэгж байтал биднийг манай байгууллагын салбарт нэг хонохыг зөвшөөрсөн. Гэхдээ маргааш нь тэдний байгууллагын төв дээр оч гэсэн шаардлага тавив. Бид ядарч туйлдсан ч Еховад бүхнээ даатгасаар байлаа. Гэтэл маргааш үдээс хойш нь жуулчны маягаар Зимбабвед үлдэхийг гэнэт зөвшөөрсөн. Тэр үед ямар санагдсанаа хэзээ ч мартдаггүй. Ехова замыг маань зааж байгаад улам бүр итгэсэн.

ЗИМБАБВЕД БАЙГАА Ч МАЛАВИ ДАХЬ ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУСАЛСАН НЬ

Зимбабвегийн Бетелд Эннтэйгээ (1968 он)

Намайг Зимбабве салбарын Үйлчлэлийн хэлтэст томилж, Малави болон Мозамбик дахь итгэл нэгтнүүдэд туслуулахаар болов. Малави дахь ах дүүс маань ширүүн хавчлагад өртсөн. Миний хийдэг ажлын нэг нь Малави дахь дүүрэг хариуцагчдын илгээсэн тайланг орчуулах байв. Нэг шөнө тайлан орчуулж байхдаа ах дүүс маань ямар их зовж байгааг мэдээд уйлж билээ. * Гэхдээ тэдний үнэнч, итгэлтэй, хатуужилтай байгаа нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн (2 Кор. 6:4, 5).

Малавийн болон хавчлагаас зугтаж Мозамбикт очсон ах дүүсээ ном хэвлэлээр хангахын тулд бид чадах бүхнээ хийсэн. Малавичуудын дийлэнх нь ярьдаг чичева хэлний орчуулгын баг Зимбабве дахь нэг Гэрчийн том ферм рүү нүүсэн. Сайхан сэтгэлтэй тэр Гэрч тэдэнд оффис, амьдрах байрыг барьж өгчээ. Тэд тэнд Библид үндэслэсэн хэвлэлийг орчуулах амин чухал ажлыг үргэлжлүүлж хийсэн.

Малави дахь дүүрэг хариуцагчдыг жил бүр Зимбабвед болдог чичева хэлний мужийн чуулганд суулгахаар болсон. Тэд тэнд очихоороо чуулганы илтгэлийн тоймтой болно. Харин Малави руу буцах замдаа чуулганаас мэдэж авснаа ах дүүстэйгээ хуваалцдаг. Эр зоригтой тэднийг урамшуулахын тулд нэг удаа Зимбабвед ирсэн байхад нь Ахлагч, туслах үйлчлэгчийн сургуулийг зохион байгуулсан.

Зимбабвед болсон чичева, шона хэлний чуулган дээр чичева хэлээр илтгэл тавьж байгаа нь

Малавигаас зугтаж Мозамбикт ирсэн Гэрчүүдийг эргэхээр дүрвэгсдийн хуаранд би 1975 оны 2-р сард очсон. Тэд байгууллагаас өгсөн хамгийн сүүлийн зааврыг дагаж, ахлагчдын зөвлөл байгуулах зэрэг ажлыг хийсэн байв. Ахлагчаар томилогдсон шинэ хүмүүс Библид үндэслэсэн илтгэл тавих, өдөр тутмын зүйл болон «Харуулын цамхаг» сэтгүүлийг хэлэлцэх, бүр дүүргийн чуулган зохион байгуулах зэрэг олон ажил хийсэн. Мужийн чуулганы зохион байгуулалтын дагуу дүрвэгсдийн хуарандаа цэвэрлэгээ, хоол хүнс, аюулгүй байдлыг хангах тасгуудыг бий болгожээ. Үнэнч эрчүүд Еховагийн тусламжаар маш ихийг амжуулсныг хараад би маш их баярласан.

1970-аад оны сүүлчээр Замби салбар Малави дахь хурлуудыг хариуцдаг болсон. Гэхдээ би бусад олон хүний адилаар Малави дахь ах дүүсээ бодсоор, тэдний төлөө залбирсаар байв. Би Зимбабве салбарын хорооны гишүүний хувьд Малави, Өмнөд Африк, Замбийн хариуцлагатай үүрэгтэй Гэрчүүдтэй хамт байгууллагын төвийн төлөөлөгчидтэй хэдэн удаа уулзсан. Тэгэхдээ бид Малави дахь ах дүүстээ өөр яаж туслах вэ гэдэг асуудлын талаар ярилцдаг байв.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хавчлага багассан. Малавигаас дүрвэгсэд аажмаар эргээд нутагтаа очсон. Харин Малавид үлдээд ширүүн хавчлагад өртсөн ах дүүсийн маань байдал дээрдэж эхэлсэн. Хөрш орнууд нь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг албан ёсоор зөвшөөрсөн тул Гэрчүүд чөлөөтэй дэлгэрүүлж, цуглах боломжтой болсон. Ийм боломж Мозамбикт ч 1991 онд бүрдсэн. Харин бид «Малави дахь Еховагийн Гэрчүүдийг хэзээ зөвшөөрөх бол?» гэж бодсон.

ЭРГЭЭД МАЛАВИД ОЧСОН НЬ

Малави дахь улс төрийн байдал яваандаа өөрчлөгдөж, 1993 онд засгийн газар нь Еховагийн Гэрчүүдийн хориог цуцлав. Дараахан нь би нэг миссионертой ярилцаж байтал тэрбээр: «Та Малавид эргээд очих уу?» гэж асуусан. Тэгэхэд нь би 59 настай байсан болохоор «Үгүй ээ, би хэтэрхий хөгшиднө» гэсэн. Гэтэл яг тэр өдөр бид Малавид буцаж очих тухай бичсэн факсыг Удирдах Зөвлөлөөс хүлээж авсан.

Бид Зимбабвед ажиллах дуртай байсан учраас шийдвэр гаргах амаргүй байв. Тэгээд ч энд бүр дассан, олон ч найзтай болсон. Удирдах Зөвлөлийн гишүүд бидэнд санаа тавьж, хэрэв Зимбабвед үлдэх хүсэлтэй бол болно гэж бичсэн. Тиймээс бид өөрсдөө замаа сонгож Зимбабвед үлдэж болох л байв. Гэхдээ би өндөр настай Абрахам Сара хоёр Еховагийн зааврыг дуртайяа дагаж тав тухтай гэр орноо орхиж явсныг эргэцүүлэн бодсон (Эх. 12:1–5).

Бид Еховагаар удирдуулахаар шийдэж, тэнд анх хөл тавьснаасаа хойш яг 28 жилийн дараа 1995 оны 2 сарын 1-нд Малавид эргэж очсон. Салбарын хороо байгуулагдаж, надаас гадна хоёр Гэрч эрэгтэй гишүүд нь болов. Ингээд бид байгууллагынхаа үйл ажиллагааг сэргээх ажилд ханцуй шамлан орцгоов.

ЕХОВАГИЙН АЧААР ГЭРЧҮҮДИЙН ТОО НЭМЭГДСЭН НЬ

Ехова ажлаа түргэсгэж байгааг харах үнэхээр завшаан юм! 1993 онд 30 000 орчим байсан дэлгэрүүлэгчийн тоо 1998 онд 42 000 гаруй болов. * Хийх ажил их болсон учраас шинэ Бетелтэй болох төлөвлөгөөг Удирдах Зөвлөл баталсан. Тэгээд бид Лилонгвед 12 га газар худалдан авсан. Намайг барилгын хороонд ажиллуулахаар томилов.

2001 оны 5 сард шинэ барилгыг Еховад зориулах ёслол болж, Удирдах Зөвлөлийн гишүүн Гаи Пийрс илтгэл тавьсан. Энэ ёслолд 2 000 гаруй Гэрч суусны ихэнх нь баптисм хүртээд 40 гаруй жил болсон байв. Энэ үнэнч ах дүүс маань үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд зовлонг хориотой үед давж гарсан билээ. Тэдэнд эд хөрөнгө гэх юм бараг байхгүй ч Еховатай маш дотно, бат итгэлтэй байсан. Тэд шинэ Бетелтэй танилцаад бөөн баяр хөөр болсон. Бетелийн хаана ч Хаант төрийн дууг Африк маягаар түрэн дуулж байсан. Иймээс энэ ёслол сэтгэлд минь хоногшсон. Сорилтыг үнэнчээр давж гарсан хүмүүсийг Ехова арвин ихээр ивээсэн нь илт байна.

Бетелийг зориулах ёслолоос хойш бас цуглааны танхимыг зориулах олон ёслолд уригдаад баяртай байсан. Цуглааны танхимыг түргэвчилсэн аргаар барих зорилготой ядуу улс оронд хэрэгжүүлдэг программын ач тусыг Малави дахь хурлууд хүртсэн. Урьд нь зарим хурлынхан зэгсэн дээвэртэй, эвкалипт модон сүүдрэвчид цуглаанаа хийдэг байв. Сандал нь шавраар хийсэн урт вандан. Харин одоо ах дүүс маань өөрсдийнхөө хийсэн зууханд тоосго шатаагаад хачин сайхан танхимууд барьж байна. Гэхдээ урт вандан сандал дээр л сууж байгаа. Яагаад гэвэл тэдний ярьдгаар урт вандан сандал дээр бас нэг хүн суух зай үргэлж гардаг.

Бас Еховагийн ачаар төлөвшиж байгаа хүмүүсийг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Африк Гэрч залуус их тусч, Еховагийн байгууллагын зааж байгаа бүхнийг хурдан сурч, сурамгай ажиллаж байгаа нь гайхал төрүүлсэн. Тиймээс ч тэд Бетелд ч, хуралдаа ч илүү их үүрэг гүйцэтгэдэг. Шинэ дүүрэг хариуцагчид итгэл нэгтнүүдийнхээ урам зоригийг сэргээсэн. Тэдний дунд эхнэртэй хүн олон бий. Хүмүүс төдийгүй хамаатан садан нь хүүхэдтэй бол гэж шахаж шаарддаг ч тэд Еховад түлхүү үйлчлэхийн тулд хүүхэдтэй болохоо хойш нь тавьдаг.

ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

Английн Бетелд Эннтэйгээ

Африкт 52 жил болсны дараа бие минь муудсан. Тиймээс Салбарын хороо биднийг Английн салбарт томилох санал дэвшүүлэхэд Удирдах Зөвлөл дэмжсэн. Дуртай ажлаасаа хагацах болсондоо сэтгэлээр унасан. Гэхдээ өндөр настай болсон бидэнд Английн Бетелийн гэр бүлийнхэн санаа тавьж, маш сайн асарч байна.

Еховагаар замаа заалгахаар шийдсэн минь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан гэдэгт би итгэдэг. Хэрэв би өөрийн ойлголтод түшиглэсэн бол амьдрал маань тэс өөр байх байсан. «Зам[аа] шулуун болгоход» минь юу хэрэгтэйг Ехова дандаа мэддэг (Сур. 3:5, 6). Залуудаа том компанид дагалдангаар ажиллахад сайхан байв. Гэхдээ дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг Еховагийн байгууллагаас өгсөн ажил намайг илүү их сэтгэл хангалуун болгосон. Миний хувьд Еховад үйлчлэх нь урьд нь ч, одоо ч, ирээдүйд ч хамгийн аз жаргалтай амьдрахын үндэс юм!

^ Малави дахь Еховагийн Гэрчүүдийн түүх 1999 онд гарсан жил тутмын номын 148–223-р хуудсанд байгаа (англи).

^ Малави одоо 100 000 гаруй дэлгэрүүлэгчтэй.