Уншигчдын асуулт
Тангараг өргөх талаар Библид юу гэж байдаг вэ?
Тангараг гэдгээр «голдуу бурхнаа ... гэрч болгон дуудаж, хэлснээ биелүүлнэ гэж баталсан албан ёсны тунхаг юм уу амлалтыг» хэлнэ. Ам тангараг гэж байдаг. Бас тангаргийг бичгээр үйлддэг.
Есүс: «Ам тангараг бүү өг. ... “За” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай. Үүнээс илүү юм ярих нь хорон муу нэгнээс үүдэлтэй» гэж хэлсэн учраас зарим хүн тангараг өгөхийг буруу гэж үздэг (Мат. 5:33–37). Гэхдээ Мосегийн хуульд бичсэнээр зарим тохиолдолд тангараг өргөх ёстой байсан бөгөөд Бурхны үнэнч үйлчлэгчид тангарагладаг байсныг Есүс мэдэж байсан (Эх. 14:22, 23; Ег. 22:10, 11). Бас Ехова ч тангараглаж байсныг мэдэж байсан (Евр. 6:13–17). Тэгэхээр ерөөсөө тангараг өргөж болохгүй гэж Есүс хэлээгүй. Харин чухал биш, утга учиргүй зүйлийн талаар тангараглаж болохгүйг анхааруулсан. Бид амласан бол биелүүлэх ёстой. Яагаад гэвэл Ехова үүнийг хүсдэг.
Хэрэв танд тангараг өргөх хэрэг гарвал яах вэ? Эхлээд, та амлалтаа биелүүлж чадах эсэхээ магадлаарай. Хэрэв биелүүлж чадна гэдэгтээ эргэлзэж байвал бүү тангараглаарай. Бурхны Үгэнд «Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр» гэсэн сануулга бий (Ном. 5:5). Тэгээд, тангараглах гэж байгаа зүйлтэй холбоотой Библийн зарчмуудыг эргэцүүлэн бодоод мөс чанарынхаа дагуу үйлдээрэй. Библийн ямар зарчмуудыг бодох вэ?
Зарим тангараг Бурхны хүсэл зорилготой нийцдэг. Жишээ нь, Еховагийн Гэрчүүд гэрлэхдээ харилцан тангараг өргөдөг. Сүйт залуу бүсгүй хоёр нэг нэгнээ насан туршдаа хайрлан халамжилж хүндэлж явахаа Бурхан болон хүрэлцэн ирэгсдийн өмнө амладаг (Зарим нь гэрлэх ёслол дээр яг ингэж хэлж тангарагладаггүй байж болох юм. Гэвч Бурханд тангараг өргөдөг). Дараа нь тэр хоёрыг насан туршдаа хамт амьдрах эхнэр нөхөр болсныг зарладаг (Эх. 2:24; 1 Кор. 7:39). Гэрлэлтийн тангараг өргөх нь зөв зохистой бөгөөд Бурхны хүсэлтэй нийцдэг.
Зарим тангараг Бурхны хүсэл зорилготой нийцдэггүй. Христийн жинхэнэ дагалдагчид Бурхны хууль тушаалыг зөрчих тангараг өргөдөггүй. Жишээлбэл буу барин эх орноо хамгаалах, Бурханд итгэх итгэлээсээ няцах зэрэг тангараг өргөдөггүй. Христийн дагалдагчид «энэ ертөнцийнх» биш учир бид энэ ертөнцийн маргаан мэтгэлцээн, мөргөлдөөн тэмцэлд оролцдоггүй (Ёох. 15:19; Ис. 2:4; Яак. 1:27).
Зарим тангараг өргөх эсэхээ мөс чанараараа шийддэг. Заримдаа тангараг өргөх эсэхээ шийдэхээсээ өмнө Есүсийн хэлсэн «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэсэн зарчмыг нухацтай бодох хэрэгтэй (Жишээ нь, Христийн дагалдагч хүн иргэншил юм уу паспорт авахын тулд тус улсад үнэнч байхаа тангараглах шаардлагатайг мэдэж авсан гэж бодъё. Энэ тангараг Бурхны хуультай илт зөрчилдөж байвал Библиэр сургагдсан мөс чанар нь тангараг өргөхийг зөвшөөрөхгүй байх. Гэхдээ засгийн газар нь тангаргийн үгийг өөрчлөхийг зөвшөөрвөл Гэрч хүн мөс чанарынхаа дагуу тангараг өргөж болох юм.
Үгийг нь өөрчилсөн дээрх тангаргийг өргөх нь Ром 13:1-т бичсэн зарчимтай нийцэж болох юм. Тэнд «Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд» гэж байдаг. Тэгэхээр Бурхны тушаалыг биелүүлж байна гэж бодоод тангараг өргөхөөр шийдэж болох юм.
Хэрэв ямар нэг зүйл юм уу дохио зангаа ашиглан тангараглахыг шаардвал бас Библиэр сургагдсан мөс чанартаа захирагдах нь чухал. Эртний ромчууд, скутууд сэлмээрээ тангараглан дайны бурхны хүчийг дуудаж, тангаргаа биелүүлэхээ баталдаг байжээ. Харин грекчүүд нэг гараа тэнгэр өөд өргөөд тангараглан, юу хэлж, хийж байгааг нь хардаг бурханлаг хүч байгаа бөгөөд түүний өмнө амласнаа биелүүлэх ёстойгоо хүлээн зөвшөөрдөг байв.
Еховагийн үйлчлэгч хуурамч шүтлэгтэй холбоотой аль ч үндэстний ямар нэгэн бэлгэ тэмдгээр тангараг өргөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Библи дээр гараа тавьж, үнэнийг гэрчилнэ гэж тангараглахыг шүүх хурал дээр танаас шаардвал яах вэ? Ийм үед та шаардсаны дагуу тангараг өргөхөөр шийдэж болох юм. Яагаад гэвэл ямар нэг үйлдэл хийж тангарагласан эртний үнэнч үйлчлэгчдийн жишээ Библид бий (Эх. 24:2, 3, 9; 47:29–31). Ингэж тангарагласан бол үнэнийг ярина гэж Бурхны өмнө тангарагласнаа умартаж болохгүй. Та бүх асуултад үнэнч шударгаар хариулахад бэлэн байх учиртай.
Бид Еховатай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг учир тангараг өргөхийг шаардвал залбирч байгаад эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ингэхдээ мөс чанар тань өвдөх юм уу Библийн зарчимтай зөрчилдөх эсэхийг магадлаарай. Хэрэв тангараглахаар шийдсэн бол заавал биелүүлэх ёстой (1 Петр 2:12).