Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

Ээжүүд Юникээс суралцах нь

Ээжүүд Юникээс суралцах нь

«Эхийнхээ зааврыг бүү огоор. Чухамдаа [энэ] л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, хүзүүнд чинь чимэг билээ» (СУР. 1:8, 9).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ a

Баптисм хүртэж байгаа Тимотыг ээж Юник, эмээ Лой нь хараад баярлан, бахархаж байна (1-р догол мөрийг үзээрэй)

1, 2. а) Юник гэж хэн бэ? Ямар бэрхшээлтэй тулгарсан бэ? б) Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг тайлбарлана уу.

 ТИМОТЫГ баптисм хүртэж байгааг Библид бичээгүй ч ээж Юник нь тэр өдөр хэчнээн их баяртай байсныг төсөөлөхөд ядах юмгүй (Сур. 23:25). Бүсэлхийгээр татсан усан дотор зогсож буй Тимотыг хараад нүдэнд нь баярын оч гялалзаж байгаа ээж Юникийг төсөөлөөрэй. Мишээж байгаа түүнийг ээж Лой нь тэвэрнэ. Тимотыг бүх биеэрээ усан дотор шумбахад Юник амьсгаа даран харна. Хүү нь уснаас гарч ирэн нүүр дүүрэн инээмсэглэхэд ээж нь нулимсаа барьж дийлсэнгүй. Хэдийгээр амаргүй байсан ч тэрбээр Ехова болон Есүс Христийг хайрладаг болоход нь хүүдээ тусалсан. Юник ямар бэрхшээлийг давсан бэ?

2 Тимот шашны хувьд хуваагдмал гэр бүлд өссөн. Аав нь грек, ээж эмээ хоёр нь еврей хүмүүс байв (Үйлс 16:1). Юник Лой хоёрыг өөр шашинд орж Христийн дагалдагч болох үед Тимот өсвөр насны хүүхэд байсан бололтой. Гэлээ ч тэдний гэр бүл шашны хувьд хуваагдмал хэвээрээ л байв. Тимот аль замаар замнах бол? Тэрбээр өөрөө шийдвэр гаргах насанд хүрсэн байсан бололтой. Эцгийнхээ шашнаар явах болов уу? Багаасаа сурсан еврей ёс заншлыг дагах уу? Эсвэл шинэ шашинд орж Есүс Христэд итгэдэг хүн болох болов уу?

3. Сургаалт үгс 1:8, 9-ийг үзвэл хүүхдүүдээ өөртэй нь найз болоход тусалдаг ээжүүдийн хүчин чармайлтыг Ехова хэрхэн үздэг вэ?

3 Христийн дагалдагч ээжүүд Юникийн адилаар гэр бүлээ хайрладаг. Гэхдээ хүүхдүүдээ Еховагийн найз болгохыг хамгийн их хүсдэг. Ехова ч тэдний хичээл зүтгэлийг маш өндөр үнэлдэг (Сургаалт үгс 1:8, 9-ийг уншина). Өөрийг нь хайрлаж, өөрт нь үйлчлэхийг хүүхдүүддээ заадаг тоолж баршгүй олон ээжид Ехова тусалсан.

4. Өнөөдөр ээжүүд ямар бэрхшээлтэй учирдаг вэ?

4 Ээжүүд, хүүхдүүдээ Еховад үйлчилдэг Тимот шиг хүн болох болов уу гэж өөрийн эрхгүй боддог. Яагаад гэвэл Сатаны энэ ертөнцөд ямар их дарамт шахалт хүүхдүүдэд тулгардгийг эцэг эхчүүд нь мэддэг (1 Петр 5:8). Еховагийн Гэрч ээжүүдийн дунд нөхөргүй эсвэл Еховад үйлчилдэггүй нөхөртэй хүн олон байдаг. Иймээс хүүхдээ хүмүүжүүлэх нь тийм ч амархан биш. Жишээ нь, Кристин b гэдэг Гэрч эмэгтэй: «Миний нөхөр гэр бүлээ хайрладаг сайн аав. Гэхдээ хүүхдүүдээ Еховагийн Гэрч болгохыг эсэргүүцдэг. Хүүхдүүд маань Еховаг шүтдэг болох болов уу гэж бодоод олон ч удаа нулимс унагасан даа» гэжээ.

5. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

5 Хэрэв та Еховагийн Гэрч ээж бол Юникийн адилаар хүүхдүүдээ Еховаг хайрладаг, түүнд үйлчилдэг хүн болгон хүмүүжүүлж чадна. Энэ өгүүллээр үг, үйлдлээрээ хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлсэн Юникийг хэрхэн дуурайхыг, бас Ехова танд яаж туслахыг ярилцана.

ХҮҮХДҮҮДЭЭ ҮГЭЭРЭЭ СУРГАХ НЬ

6. 2 Тимот 3:14, 15-д бичсэнээр Тимот хэрхэн Христийн дагалдагч болсон бэ?

6 Тимотыг жаахан байхад ээж нь «ариун судруудыг» иудейчүүдийн ойлгодог байснаар чадах ядахаараа заасан ч Есүс Христийн тухай юу ч мэддэггүй байсан. Гэхдээ ээжийнх нь сударт үндэслэсэн заасан мэдлэг нь Христийн шашныг хүлээж авахад Тимотод их тус болох байв. Харин сонголт хийх насанд хүрсэн тэрбээр яах бол? Христийн дагалдагч болох болов уу? Тэрбээр Есүст «итгэдэг болсон». Ингэхэд ээжийнх нь хичээл зүтгэл нэмэр болсон нь эргэлзээгүй (2 Тимот 3:14, 15-ыг уншина). Юник бэрхшээлийг даван хүүдээ Бурхны тухай зааж өгсөндөө хэчнээн их баярласан бол оо! Юникийн нэр «ялах» гэсэн утгатай үгнээс гаралтай. Хүүгээ Еховаг хайрладаг, Еховад үйлчилдэг хүн болгоход учирсан бэрхшээлийг үнэхээр ялсан.

7. Баптисм хүртсэнийх нь дараа ч хүүдээ туслах ямар боломж Юникт байсан бэ?

7 Тимот баптисм хүртэж амьдралынхаа чухал зорилгоо биелүүлсэн. Гэвч Юник ингээд болчихлоо гээд сэтгэл амраагүй. Хүү минь цаашид яах бол? Ямар найз нөхөдтэй болох бол? Афинд сургуульд яваад тэндхийн гүн ухаантнуудын сургаалд итгэдэг болчихгүй байгаа? Цаг хүч, залуу насаа дэмий үрж эд баялгийн боол болох юм биш биз? Юник Тимотын өмнөөс шийдвэр гаргахгүй ч түүнд туслах боломжтой байв. Яаж? Хүүгээ Еховаг маш их хайрлаж, тэдний гэр бүлийн төлөө Ехова Есүс хоёрын хийсэн бүхэнд талархах сэтгэлтэй болоход нь цаашид ч тусална. Ингэх нь шашны хувьд хуваагдмал гэр бүлд л амаргүй байдаг юм биш ээ. Эцэг эх нь хоёулаа Еховад үйлчилдэг байсан ч хүүхдүүдээ Еховаг хайрладаг, түүнд үйлчилдэг хүн болгон өсгөхөд бэрхшээл учирдаг. Тэгэхээр эцэг эхчүүд Юникээс юу сурч болох вэ?

8. Хүүхдүүддээ Еховагийн тухай заахад Гэрч нөхөртөө эхнэр нь хэрхэн туслах вэ?

8 Хүүхэдтэйгээ хамт Библи судлаарай. Гэрч эмэгтэйчүүд ээ, хэрэв танай нөхөр Еховад үйлчилдэг бол хүүхдэдээ заахад нь нөхөртөө туслаарай. Үүнийг Ехова хүсдэг. Ингэх нэг арга бол гэр бүлийн хичээлээ тогтмол хийхэд нь туслах явдал юм. Энэ арга хэмжээний ач тусыг ярьж, гэр бүлийн хичээл хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юу хийж болохыг бодоорой. Библийн хичээлийг илүү сонирхолтой аргаар хийх төлөвлөгөө гаргахад нь нөхөртөө туслаарай. Түүнчлэн хүүхдүүдийн тань аль нэг нь «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор хичээл хийж ач тус хүртэх боломжтой гэж үзэж байгаа бол нөхөртэйгөө сайн ярилцаарай.

9. Еховад үйлчилдэггүй нөхөртэй ээжүүд хэнээс тусламж авах вэ?

9 Өрх толгойлсон, эсвэл нөхөр нь Еховад үйлчилдэггүй эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ Еховагийн тухай заадаг. Хэрэв та тэдний нэг бол бүү санаа зовоорой. Ехова танд тусална. Тэрбээр байгууллагаараа дамжуулан үр дүнтэй сургалтын багаж хэрэгслүүдийг өгдөг. Тэдгээрийг ашиглаарай. Гэр бүлийн хичээл заахдаа эдгээр багаж хэрэгслүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар туршлагатай эцэг эхчүүдээс зөвлөгөө авч болохгүй нь юу билээ? (Сур. 11:14). c Хүүхдүүдтэйгээ харьцахад тань бас Ехова тусална. Тэднийхээ оюун ухаан, зүрх сэтгэлд нь юу байгааг мэдэхийн тулд Еховагаас тусламж гуйгаарай (Сур. 20:5). «Сургууль дээр чинь юу хамгийн хэцүү санагддаг вэ?» гэх зэргийн энгийн асуултыг асуугаад үр дүнтэй ярилцах боломжтой.

10. Хүүхдүүддээ Еховагийн тухай заах өөр ямар боломж байдаг вэ?

10 Хүүхдүүддээ Еховагийн тухай заах өөр боломжийг хайгаарай. Еховагийн тухай, бас таны төлөө ямар сайн юм хийснийг нь яриарай (Д.хууль 6:6, 7; Ис. 63:7). Ялангуяа энэ нь, гэртээ байхдаа хүүхдүүддээ Еховагийн тухай тогтмол заах боломжгүй хүнд маш чухал. Дээр дурдсан Кристин: «Тогтмол заах боломжгүй байсан учир хүүхэдтэйгээ байх мөч бүрийг ашигладаг байв. Бурхны бүтээлийн тухай болон Бурхантай дотно болоход тустай юмыг хүүхдүүдтэйгээ ярих зорилгоор бид гадуур хамт явах юм уу завиар зугаалдаг байсан. Хүүхдүүдээ том болохоор нь Библиэ бие дааж судалдаг болоход нь тусалсан» гэж ярьжээ. Түүнчлэн байгууллага, итгэл нэгтнүүдийнхээ тухай сайнаар яриарай. Ахлагчдыг бүү шүүмжлээрэй. Танай хүүхдүүд хэрэгтэй үедээ ахлагчдаас тусламж авах эсэх нь тэдний талаар та юу ярьдгаас шалтгаална.

11. Яаков 3:18-ыг үзвэл гэр бүлдээ амар тайван нөхцөлийг бүрдүүлэх нь яагаад чухал вэ?

11 Тайван таатай нөхцөлийг гэртээ бүрдүүлээрэй. Нөхөртөө, хүүхдүүддээ хайртайгаа үргэлж хэлж байгаарай. Нөхрөө хүндэтгэн сайнаар яриарай. Хүүхдүүддээ бас ингэхийг заагаарай. Ингэдэг бол хүүхдүүдэд тань Еховагийн тухай мэдэх таатай, тайван байдал бүрдэнэ (Яаков 3:18-ыг уншина). Румынд тусгай эхлэгчээр үйлчилдэг Иозефын жишээг бодож үзье. Еховад үйлчлэх нь хүүхэд байсан түүнд, ээжид нь, эгч дүү нарт нь ч их хэцүү байжээ. Яагаад гэвэл аав нь тэднийг эсэргүүцдэг байв. Иозеф: «Ээж минь гэртээ амар тайван, таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж их хичээдэг байсан. Аавыг хатуурхах тусам ээж улам зөөлөн харьцдаг байв. Аавыгаа хүндэлж, дуулгавартай байхад хэцүү болж байгааг маань ээж анзаарахлаараа бидэнтэй Эфэс 6:1–3-ыг ярилцдаг байлаа. Тэгээд аавын сайхан зан чанаруудыг болон яагаад түүнийг эрхэмлэх ёстойг хэлж өгсөн. Ингэж гэр бүл дэх хурцадмал байдлыг намжаадаг байсан» гэж ярьжээ.

ХҮҮХДҮҮДЭЭ ҮЙЛСЭЭРЭЭ СУРГАХ НЬ

12. 2 Тимот 1:5-ыг үзвэл Юникийн үлгэр жишээ Тимотод хэрхэн нөлөөлсөн бэ?

12 2 Тимот 1:5-ыг уншина. Юник Тимотод сайн үлгэр дуурайл үзүүлсэн. Жинхэнэ итгэл үйлсээр илэрдгийг заасан нь лавтай (Яак. 2:26). Еховаг гэсэн ээжийнхээ хайрыг Тимот үйл хэргээс нь олж харсан нь эргэлзээгүй. Ээжийгээ Еховад үйлчлээд аз жаргалтай байгааг Тимот анзаарсан байх. Юникийн үлгэр жишээ Тимотод хэрхэн нөлөөлсөн бэ? Тимот ээж шигээ бат итгэлтэй болсныг Паул бичжээ. Энэ нь санамсаргүй явдал биш юм. Ээж нь сайн үлгэр дуурайл үлдээсэн учраас Тимот ээжийгээ дуурайх хүсэлтэй болсон. Үүнтэй адилаар, өнөөдөр олон ээж «үгээрээ биш, харин биеэ авч явах байдлаараа» гэрийнхнийхээ зүрх сэтгэлийг хөдөлгөдөг (1 Петр 3:1, 2). Та ч ингэж чадна. Яаж?

13. Ээжүүд Еховатай тогтоосон харьцаагаа яагаад эн тэргүүнд тавих ёстой вэ?

13 Еховатай тогтоосон харьцаагаа эн тэргүүнд тавиарай (Д.хууль 6:5, 6). Та бас ихэнх ээжүүдийн адилаар нойр хоол, мөнгө төгрөг, цаг зав болон бусад олон зүйлээ хүүхдүүдийнхээ бие махбодын хэрэгцээг хангахын тулд золиосолдог. Гэхдээ хүүхдүүддээ санаа тавьж байна гээд Бурхантай тогтоосон харьцаагаа бататгах цаг гаргахгүй байж болохгүй. Еховад ганцаарчлан залбирах, Библиэ бие дааж судлах, цуглаандаа суух цагийг тогтмол гаргах ёстой. Ингэдэг бол Еховатай тогтоосон харьцаагаа улам бататгана. Бас гэрийнхэндээ ч, бусдад ч сайн үлгэр жишээ болно.

14, 15. Лиан, Мариа, Жоаогийн жишээнээс та юу ойлгож авсан бэ?

14 Ээжийнхээ үзүүлсэн үлгэр жишээний ачаар Еховаг хайрлаж, итгэж найддаг болсон залуусын жишээг ярилцъя. Кристиний охин Лиан ийнхүү ярьж байна. «Аавыг гэртээ байхад бид Библийн хичээл хийж чаддаггүй байсан. Гэхдээ ээж үнэнч, шийдэмгий байж нэг ч цуглаанаа таслаагүй. Бидний Библийн тухай мэдлэг нимгэн байсан ч ээжийнхээ үлгэр жишээг хараад бат итгэлтэй болсон. Цуглаанд явдаг болохоосоо бүр өмнө энэ бол үнэн гэдгийг ойлгосон».

15 Мариагийн аав гэр бүлийнхнийгээ цуглаанд явсан гээд заримдаа шийтгэдэг байсан. Мариа: «Манай ээж бол миний мэдэх хамгийн зоригтой Гэрч эмэгтэй юм. Хүүхэд байхдаа би хүмүүс юу гэх бол гэж айгаад зарим юмыг хийдэггүй байсан. Гэхдээ эр зориг гаргаад Еховаг амьдралынхаа эн тэргүүнд үргэлж тавьдаг ээжийгээ хараад хүнээс айх айдсаа ялсан» гэжээ. Жоаогийн аав нь гэртээ Ехова юм уу Библийн тухай ярихыг хориглодог байв. Жоао: «Ээж минь аавыг баярлуулахын тулд Еховаг хайрлах хайраас бусад бүх юмаа золиослоход бэлэн байсан нь зүрх сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн» гэжээ.

16. Ээжүүдийн үлгэр жишээ хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?

16 Ээжүүд ээ, үлгэр жишээгээрээ бусдад нөлөөлдгөө санаарай. Яаж нөлөөлдөг вэ? Юник Паулд хэрхэн нөлөөлснийг бодоорой. Тэрбээр хоёргүй сэтгэлээр итгэдэг Тимотын тухай бичихдээ Юник хүүгээсээ өмнө яг тийм итгэлтэй байсныг дурджээ (2 Тим. 1:5). Паул Юникийг итгэлтэй хүн гэдгийг анх хэзээ мэдсэн бэ? Миссионерын анхны аяллаараа Лустрад ирээд Лой Юник хоёртой уулзаж, Христийн дагалдагч болоход нь тэдэнд тусалсан бололтой (Үйлс 14:4–18). 15 жилийн дараа Паул Тимотод захиа бичиж байхдаа Юникийн үнэнч байсныг санаад дуурайвал зохих жишээ гэснийг бод доо! Түүний жишээ элч Паулд, тухайн үеийн итгэл нэгтнүүдэд маш их урам зориг хайрласан нь ойлгомжтой. Та хүүхдээ ганцаараа өсгөдөг нөхөргүй хүн байж магадгүй. Эсвэл шашны хувьд хуваагдмал гэр бүлтэй байж ч болох юм. Аль нь байсан та үнэнч байснаараа эргэн тойрны хүмүүсийн итгэлийг батжуулна гэдэгт бүү эргэлзээрэй.

Хүүхдээ Еховад хайртай хүн болгон хүмүүжүүлэхэд ээжид цаг хугацаа хэрэгтэй. Бүү бууж өгөөрэй! (17-р догол мөрийг үзээрэй)

17. Хүүхдээ сургах гэсэн хичээл зүтгэл тань талаар болж байгаа юм шиг санагдвал яах вэ?

17 Та хүүхдээ сургах гэж маш их хичээдэг. Гэтэл талаар болж байгаа юм шиг санагдвал яах вэ? Хүүхэд сургахад цаг хугацаа их хэрэгтэйг санаарай. Зургийг харна уу. Үр суулгасны дараа хэзээ нэгэн цагт үр жимстэй мод болох болов уу гэж танд бодогдох байх. Харин та жимс ургуулж чадахгүй ч гол нь тогтмол усалж, үр боловсорч ургахад хэрэгтэй юмыг хийсээр байна (Марк 4:26–29). Ээжүүдэд ч хүүхдийнхээ төлөө гаргаж байгаа хүчин чармайлт нь талаар болох байх гэж бодогдож болох юм. Та хүүхдээ хүчилж Христийн дагалдагч болгож чадахгүй. Харин зааж сургахын тулд чадах бүхнээ хийсээр байвал Бурхантай найз болоход нь тусалж байна гэсэн үг (Сур. 22:6).

ЕХОВАГИЙН ТУСЛАМЖИД НАЙДААРАЙ

18. Өөртэй нь найз болоход нь Ехова хэрхэн туслах вэ?

18 Библи бичигдэж байх үеэс эхлэн Ехова тоолж баршгүй олон залуучуудад өөртэй нь найз болоход нь тусалсан (Дуу. 22:9, 10). Танай хүүхэд хүсэж байгаа бол түүнийг ч дэмжинэ (1 Кор. 3:6, 7). Өөрт нь бүхий л зүрхээрээ үйлчлээгүй байгаа хүүхдийг ч Ехова хайрласаар байна (Дуу. 11:4). Хүүхдэд тань «зөв хандлагатай» байгаагийн шинж өчүүхэн төдий илэрвэл Ехова шууд л дэмжинэ (Үйлс 13:48; Ш.дэд 16:9). Та Еховагийн тусламжаар хүүхдэдээ хэрэгтэй үед нь зөв юмыг нь хэлнэ (Сур. 15:23). Эсвэл хурлын итгэл нэгтэнд Бурхан нөлөөлөхөд тэрбээр танай хүүхдийг онцгой анхаарч санаа тавьж болох юм. Та хүүхдэдээ бага байхад нь заасан юмыг Ехова том болсон хойно нь сануулна (Ёох. 14:26). Хүүхдээ үгээрээ, үлгэр жишээгээрээ үргэлж зааж сургадаг таныг Ехова арвин их ивээнэ.

19. Ехова таныг сайшаана гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

19 Танай хүүхдийн сонголтоос болж таныг гэсэн Еховагийн хайр хөрөхгүй. Яагаад гэвэл та Еховаг хайрладаг учир Ехова ч таныг хайрладаг. Хэрэв та хүүхдээ ганцаараа өсгөдөг ээж бол Ехова танд Хамгаалагч нь, хүүхдэд тань Эцэг нь болохоо амласан (Дуу. 68:5). Та хүүхдээ албадаж байгаад Еховад үйлчлүүлж чадахгүй. Гэхдээ та Еховагийн тусламжид найдан чадах бүхнээ хийдэг бол Еховагийн сайшаалыг хүртэнэ.

ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй

a Энэ өгүүллээр, Христийн дагалдагч ээжүүд Тимотын эх Юникийн жишээг үзээд хэрхэн ач тус хүртэхийг болон Еховаг таньж мэдээд хайрладаг болоход нь хүүхдүүддээ хэрхэн туслахыг үзнэ.

b Зарим нэрийг өөрчлөв.

c Жишээлбэл, «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 50-р хичээлийг үзээрэй.