СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 47
Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг
«ЭЗЭН, би Танд итгэдэг» (ДУУ. 31:14).
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
ТОЙМ a
1. Ехова бидэнтэй дотносох хүсэлтэйг яаж мэдэх вэ?
ЕХОВА бидэнд өөртэй нь дотносохыг уриалдаг (Яак. 4:8). Тэрбээр Бурхан маань, Эцэг маань, Найз маань байхыг хүсдэг. Тиймээс хэцүү цагт залбиралд маань хариулдаг, бас тусалж дэмждэг. Түүнчлэн байгууллагаараа заавар өгүүлж сургадаг, хамгаалдаг. Бурхантай дотносохын тулд яах ёстой вэ?
2. Бурхантай хэрхэн дотносох вэ?
2 Бид залбирч, Үгийг нь уншиж эргэцүүлэн боддог бол Еховатай дотносож, түүнийг хайрлах, түүнд талархах сэтгэл оргилдог. Бас дуулгавартай байх, магтаал өргөх хүсэл бадардаг. Ингэх нь ч зүйн хэрэг (Илч. 4:11). Еховагийн тухай илүү сайн мэдэх тусам түүнд болон байгууллагад нь улам бүр итгэнэ.
3. Диавол биднийг Еховагаас холдуулах ямар арга хэрэглэдэг вэ? Гэхдээ яадаг бол Бурхан болон байгууллагаас нь хэзээ ч холдохгүй вэ? (Дуулал 31:13, 14).
3 Гэхдээ Диавол, нэн ялангуяа бэрхшээл учирсан үед биднийг Еховагаас холдуулахыг оролддог. Яаж? Тэрбээр Еховад, байгууллагад нь итгэдэг бидний итгэлийг зугуухан эвдэхийг оролддог. Гэхдээ бид Диаволыг эсэргүүцэж чадна. Хэрэв бид Еховад бат итгэж, тууштай байдаг бол Еховагаас болон байгууллагаас нь хэзээ ч холдохгүй (Дуулал 31:13, 14-ийг уншина).
4. Бид энэ өгүүллээр юу үзэх вэ?
4 Энэ өгүүллээр хурлынханд гаднаас нөлөөлж болох 3 сорилтыг ярилцана. Аль нь ч Бурхан болон байгууллагад нь найдсан итгэлийг эвдэх аюултай. Эдгээр сорилт биднийг Еховагаас хэрхэн холдуулж болзошгүй вэ? Сатаны оролдлогыг няцаахын тулд бид яах вэ?
БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХАД
5. Бэрхшээлээс болоод Ехова болон байгууллагад нь итгэхээ больж магадгүй гэхийн учир юу вэ?
5 Заримдаа биднийг гэр бүлийнхэн маань эсэргүүцдэг, эсвэл бид ажилгүй болдог. Ийм бэрхшээлээс болоод байгууллагад нь итгэхээ больж, Еховагаас холдож болзошгүй гэхийн учир юу вэ? Бид удаан хугацаагаар зовж зүдэрвэл сэтгэлээр унаж, юунд ч найдахаа больж магадгүй. Сатан ийм үеийг ашиглан Ехова биднийг хайрладаг гэдэгт итгэхэд саад болохыг хичээдэг. Тэр битгий хэл Ехова юм уу байгууллагынх нь буруугаас болж зовж байна гэсэн ойлголт төрүүлэхийг оролддог. Египетэд амьдарч байсан израйлчуудад үүнтэй төстэй юм тохиолдсон. Тэд эхлээд ард түмнээ боолчлолоос чөлөөлөхийн тулд Мосе Аарон хоёрыг Ехова томилсон гэдэгт итгэж байсан (Ег. 4:29–31). Гэвч хожим нь амьдралыг нь улам хүнд болгосон фараоныг биш Мосе Аарон нарыг буруутган «Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа» гэжээ (Ег. 5:19–21). Тийм ээ, тэд Бурхны үнэнч үйлчлэгчдийг буруутгасан. Ямар харамсалтай хэрэг вэ! Хэрэв та удаан хугацаагаар зовж зүдэрч байгаа бол Ехова болон байгууллагад нь итгэсэн хэвээрээ байхын тулд яах хэрэгтэй вэ?
6. Бэрхшээлийг давах талаар зөнч Хабаккукаас юу мэдэж авах вэ? (Хабаккук 3:17–19).
6 Еховад сэтгэлээ уудлан залбирч, тусламж гуйгаарай. Зөнч Хабаккукт янз янзын бэрхшээл учирсан. Тэрбээр Ехова өөрт нь санаа тавьдагт эргэлзсэн бололтой. Тиймээс түүнд сэтгэлээ уудлан залбирч «ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? ... [Та] юунд бузар мууг харуулна вэ?» гэжээ (Хаб. 1:2, 3). Ехова үнэнч үйлчлэгчийнхээ чин сэтгэлийн залбиралд хариулсан (Хаб. 2:2, 3). Бурхан ард түмнээ хэрхэн аварч байсныг эргэцүүлэн бодсоны дараа Хабаккук дахин баяр хөөртэй болсон. Тэрбээр өөрт нь санаа тавьж, ямар ч бэрхшээл тулгарсан тэвчихэд тусална гэдэгт итгэсэн (Хабаккук 3:17–19-ийг уншина). Эндээс юу мэдэж авах вэ? Бэрхшээл тулгарвал Еховад залбирч ямар байгаагаа хэлээрэй. Тэгээд тусламжийг нь хүлээгээрэй. Ехова танд тэсвэрлэх хүчийг өгнө. Бас тусламжийг нь авахаараа түүнд улам бүр итгэнэ.
7. Шэрлигийн хамаатан нь юуг ойлгуулахыг оролдсон бэ? Еховад итгэсээр байхад нь юу тус болсон бэ?
7 Еховатай дотно байхад тустай бүхнийг хийгээд л байгаарай. Энэ нь хүнд бэрхийг туулж явсан Шэрлид хэрхэн тус болсныг ярилцъя. b Тэрбээр Папуа Шинэ Гвинейд амьдардаг Гэрч эмэгтэй юм. Тэднийхэн ядуу, заримдаа юухан хээхнээр хоног өнгөрөөдөг байв. Нэг хамаатан нь: «Чи Бурхан агуу хүчээрээ тусалдаг гээд байсан. Яаж тусалсан юм бэ? Ядуу хэвээрээ л байна шүү дээ. Дэлгэрүүлж байна гээд хий дэмий цагаа үрээд л» гэж хэлэн Еховад итгэхгүй болгохыг оролдож байлаа. Шэрли: «Би өөрөөсөө “Бурхан үнэхээр бидэнд санаа тавьдаг юм болов уу?” гэж асуухад хүрч билээ. Тэгээд тэр даруй Еховад залбирч, бодож байгаа бүхнээ хэлсэн. Библи болон хэвлэлээ уншиж, дэлгэрүүлж, цуглаанд яваад л байсан» гэжээ. Тэрбээр Ехова гэр бүлийг нь халамжилж хоолгүй хонуулж байгаагүйг, баяр хөөртэй болгосныг удалгүй ойлгосон. Шэрли: «Ехова залбиралд минь хариулж байгааг мэдэрсэн» гэжээ (1 Тим. 6:6–8). Хэрэв та Еховатай дотно байхад тустай бүхнийг хийгээд л байвал бэрхшээл тулгарах юм уу эргэлзээ төрөхөд Еховагаас холдохгүй.
ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ ЭРЧҮҮДИЙГ БУРУУТГАХАД
8. Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүдэд юу тохиолдож болзошгүй вэ?
8 Дайснууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүдийн талаар худал юм уу буруу ойлгосон мэдээллийг тараадаг (Дуу. 31:13). Заримыг нь баривчилж гэмт хэрэгтэн мэт ханддаг. Нэгдүгээр зууны Христийн дагалдагчдад ийм явдал тохиолдсон. Тэр үед элч Паулыг хилс хэргээр баривчилсан ажээ. Тэд яасан бэ?
9. Элч Паулыг шоронд байхад нь Христийн зарим дагалдагч яасан бэ?
9 Христийн I зууны зарим дагалдагч Ромд шоронд байгаа элч Паулаас нүүрээ буруулсан (2 Тим. 1:8, 15). Яагаад? Олон нийт түүнийг гэмт хэрэгтэн гэж үзсэн учраас ичсэн юм болов уу? (2 Тим. 2:8, 9). Эсвэл Паултай адилаар хавчигдах вий гэж айсан болов уу? Аль нь ч байсан Паулд ямар санагдсаныг төсөөлөөрэй. Тэрбээр янз бүрийн бэрхшээл тохиолдсон ч итгэл нэгтнүүдийнхээ төлөө амиа өгөхөөс буцаагүй (Үйлс 20:18–21; 2 Кор. 1:8). Хэцүү цагт нь Паулыг орхисон хүмүүстэй бид хэзээ ч адил байх ёсгүй! Хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүд хавчигдвал бид юуг санах ёстой вэ?
10. Удирдах үүрэг гүйцэтгэдэг эрчүүдийг хавчихад бид юуг санах ёстой вэ? Яагаад?
10 Биднийг яагаад хавчдагийг, цаана нь хэн байдгийг бүү мартаарай. 2 Тимот 3:12-т «Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдах нь гарцаагүй» гэж байдаг. Тиймээс Сатан удирдах үүрэг гүйцэтгэдэг эрчүүдийг бай болгодогт гайхах ёсгүй. Тэрбээр тэднийг Еховад үнэнч бус болгох, биднийг айлгах зорилготой (1 Петр 5:8).
11. Онесифорын жишээнээс юу мэдэж авах вэ? (2 Тимот 1:16–18).
11 Ах дүүсээ дэмжиж тэдэндээ үнэнч байгаарай (2 Тимот 1:16–18-ыг уншина). Христийн I зууны дагалдагч Онесифор шоронд байсан Паулд өөрөөр хандсан. Онесифор хоригдол болсон Паулаас ичээгүй. Аюултай байсан ч Паулыг хайж олоод түүнийг дэмжих тухай бодсон. Эндээс бид юу мэдэж авах вэ? Хүнээс айх айдсаас болж хавчигдаж байгаа ах дүүсээ дэмжихээс хойш сууж болохгүй. Тэднийгээ хамгаалж тусалж байцгаая (Сур. 17:17). Тэдэнд бидний хайр, дэмжлэг хэрэгтэй шүү дээ.
12. Орос ах дүүсээсээ бид юу сурах вэ?
12 Орос ах дүү нар маань хоригдож буй хайртай итгэл нэгтнүүдээ хэрхэн дэмждэгийг бодоорой. Олон хүн шүүх хурал дээр ирж тэднийгээ дэмждэг. Эндээс бид юу сурах вэ? Хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг ах дүүсийг маань гүтгэж, баривчилж, хавчвал бүү айгаарай. Тэднийхээ төлөө залбирч гэр бүлийнхэнд нь санаа тавьж, дэмжиж туслах арга зам хайгаарай (Үйлс 12:5; 2 Кор. 1:10, 11).
БИДНИЙГ ШООЛОХОД
13. Хүмүүс биднийг шоолоход Ехова болон байгууллагад нь хэрхэн эргэлзэж магадгүй вэ?
13 Бурханд итгэдэггүй хамаатнууд, ажлынхан эсвэл сургуулийнхан дэлгэрүүлдэг эсвэл Бурхны хэм хэмжээний дагуу амьдардгаас маань болоод биднийг шоолж магадгүй (1 Петр 4:4). Тэд: «Уг нь чи гайгүй хүн л дээ. Гэхдээ танай шашин хэтэрхий хатуу, бас бодит амьдралаас тасархай» гэж хэлж болох юм. Түүнчлэн зарим нь биднийг хурлаас хасагдсан хүмүүстэй харьцахгүй байгааг хараад «Чи бусдыг хайрладаг гэж яаж хэлж чадна вэ?» хэмээн шүүмжилж магадгүй. Иймэрхүү юм сонсохоор эргэлзээ төрж болох юм. Тэгээд «Еховагийн шаардлага хатуу юм биш үү? Байгууллага нь хэтэрхий их дүрэмддэг юм уу?» гэж бодож ч магадгүй. Танд ийм юм тохиолдвол Ехова болон байгууллагаас нь холдохгүй байхын тулд яах хэрэгтэй вэ?
14. Еховагийн хэм хэмжээний дагуу амьдардаг гээд хүмүүс биднийг шоолбол яах нь зүйтэй вэ? (Дуулал 119:50–52).
14 Еховагийн хэм хэмжээг дагахаар бат шийдээрэй. Өөрийг нь шоолсон ч Иов Еховагийн хэм хэмжээг дагадаг байсан. Түүний хуурамч найзуудын нэг нь, хэм хэмжээг нь дагадаг чинь Бурханд ерөөсөө падгүй гэж итгүүлэхийг оролдсон (Иов 4:17, 18; 22:3). Гэхдээ Иов энэ худал үгэнд итгээгүй. Тэрбээр сайн муугийн талаарх Еховагийн хэм хэмжээ зөв гэж мэддэг учраас дагахаар бат шийдсэн байв. Тийм учраас хүмүүс юу гэж ярьсан ч үнэнч хэвээрээ байсан (Иов 27:5, 6). Түүнээс бид юу сурах вэ? Хүмүүс биднийг шоолоход Еховагийн хэм хэмжээ зөв гэдэгт бүү эргэлзээрэй. Тэдгээр нь зөв, ач тустай гэдгийг та дахин дахин мэдэрсэн биз дээ. Тиймээс Еховагийн хэм хэмжээг дэмждэг байгууллагад үнэнч байхаар бат шийдээрэй. Ингэдэг бол хүмүүс биднийг яаж ч шоолсон бид Еховагаас хэзээ ч холдохгүй (Дуулал 119:50–52-ыг уншина).
15. Бризитийг яагаад доромжилж шоолдог байсан бэ?
15 Энэтхэгийн Бризит гэдэг Гэрч эмэгтэйд тохиолдсон явдлыг ярилцъя. Гэрийнхэн нь түүнийг итгэл үнэмшлээс нь болоод доромжилж шоолдог байв. 1997 онд баптисм хүртсэний дараахан нь Бурханд итгэдэггүй нөхөр нь ажилгүй болжээ. Тиймээс тэрбээр эхнэр 3 охинтойгоо хамт өөр хотод байдаг эцэг эхийндээ нүүж очив. Бризитийн бэрхшээл үүгээр дууссангүй. Нөхөр нь ажилгүй болсон учраас гэр бүлээ тэжээхийн тулд тэрбээр бүрэн цагаар ажиллах ёстой болов. Үүнээс гадна хамгийн ойрхон байдаг цуглааны танхимд очъё гэхэд 350 километр газар явах ёстой байв. Даарин дээр нь давс гэгчээр хадмууд нь итгэл үнэмшлээс нь болж түүнийг эсэргүүцдэг байлаа. Эсэргүүцэл маш ширүүсэхэд Бризитийнхэн нүүхээс өөр аргагүй боллоо. Дараа нь нөхөр нь гэнэт нас барав. Хожим нь нэг охин нь хорт хавдар тусаад 12-хон настайдаа нас барсан. Хамаатнууд нь энэ бүхний бурууг Бризитэд тохсон нь бүр хэцүү байв. Хэрэв Еховагийн Гэрч болоогүй сон бол ийм гай тохиолдохгүй байх байсан гэж хэлсэн байна. Гэхдээ тэрбээр Ехова болон байгууллагад нь итгэсэн хэвээр л байсан.
16. Ехова болон байгууллагад нь үнэнч байсан Бризит ямар ивээл хүртсэн бэ?
16 Бризит цуглаан болдог газраас хол амьдардаг байсан учраас дүүрэг хариуцагч түүнд ойр орчимдоо дэлгэрүүлж, гэртээ цуглаан хийх санал тавив. Эхэндээ чадах болов уу гэж эргэлзэж байсан ч зааврыг нь дагасан. Сайн мэдээ дэлгэрүүлж, охидтойгоо гэр бүлийн хичээл болон гэртээ цуглаан хийдэг болсон. Тэгээд ямар үр дүнд хүрсэн бэ? Тэрбээр Библийн олон хичээлтэй болсон бөгөөд олон хүн баптисм хүртжээ. Бризит 2005 оноос байнгын эхлэгчээр үйлчилсэн. Ехова болон байгууллагад нь итгэж, үнэнч байсан тэрбээр их ивээл хүртсэн. Охид нь Еховад үнэнчээр үйлчилж, нутагт нь 2 хурал байгуулагдсан! Бэрхшээлийг давж, доог тохууг тэвчих хүч тэнхээг Ехова өгсөн гэдэгт Бризит бат итгэдэг.
ЕХОВА БОЛОН БАЙГУУЛЛАГАД НЬ ҮНЭНЧ ХЭВЭЭРЭЭ БАЙГААРАЙ
17. Бид яахаар бат шийдэх ёстой вэ?
17 Бэрхшээл тохиолдоход Ехова биднийг хаяж явдаг бөгөөд байгууллагыг нь дэмжсэн ч амьдрахад улам хүнд болдог гэж итгүүлэхийг Сатан оролддог. Бас хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүдийг гүтгэж, хавчиж, шоронд хорихыг хараад айдаст автаасай гэж хүсдэг. Мөн биднийг шоолж тохуурхан Еховагийн хэм хэмжээ болон байгууллагад нь итгэх итгэлийг маань эвдэхийг оролддог. Гэхдээ бид хорон муу аргыг нь сайн мэддэг, бас хууртахгүй (2 Кор. 2:11). Сатаны худал үгийг няцааж, Ехова болон байгууллагад нь үнэнч байхаар бат шийдээрэй. Ехова хэзээ ч таныг орхихгүй гэдгийг санаж яваарай (Дуу. 28:7). Тиймээс Еховад үнэнч байхад тань юу ч бүү саад болог! (Ром 8:35–39).
18. Дараагийн өгүүллээр юуг үзэх вэ?
18 Энэ өгүүллээр хурлынханд гаднаас нөлөөлөх ямар бэрхшээл учирдгийг үзлээ. Гэхдээ Ехова болон байгууллагад нь итгэх итгэл маань хурал дотроосоо ч соригдоно. Ийм бэрхшээлийг хэрхэн давах вэ? Энэ талаар дараагийн өгүүллээр үзнэ.
ДУУ 54 Бат итгэлтэй явъя
a Эцсийн өдрүүдэд амьдардаг бид тэвчээртэй, үнэнч байхын тулд Ехова болон байгууллагад нь итгэсээр байх ёстой. Диавол итгэлийг маань эвдэхийг оролддог. Тэрбээр зорилгоо биелүүлэхийн тулд ямар 3 арга хэрэглэдгийг, харин бид Ехова болон байгууллагад нь үнэнч байхын тулд яах ёстойгоо энэ өгүүллээс мэдэж авна.
b Зарим нэрийг өөрчлөв.